| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0230/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Анармаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09177 0050 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Т, 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтбй, мэргэжилгүй, ам бүл 4, 102 дугаар дунд сургуульд 11 г ангийн сурагч, Чингэлтэй дүүрэг 16 хороо Согтоотын 70 гудамж, 9636 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Өлзийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Өсвөр насны шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр сагс тоглож бид хоёр хоорондоо муудалцаад би цохисон. Ингээд би хохирогчид 150.000 төгрөг өгсөн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, их зүйлийг ойлгосон, намайг уучлаарай” гэв.
Хохирогч Д.Бат-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны 19 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуурын сэрвээ” нэртэй дэлгүүрийн гадаа явж байхад манай сургуулийн 11г ангийн сурагч Ч.Т нь ардаас хөөе гээд дуудаад мөрнөөс татсан ба эргээд харсан чинь шууд миний баруун хөмсөг рүү хоёр удаа гараараа цохисон, мөн газар унасаны дараа нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед надтай цугтаа хамт бэлтгэл хийсэн н.Сүхбат, н.Төгөлдөр 2 явж байсан ба тэр 2 намайг салгасан. Би хөөе гэж дуудахад нь эргэж харсан ба тэр үед л Ч.Т-г танисан. Би гар бөмбөгийн дугуйланд явдаг ба уг маргаан болохын өмнө сургуулийн спорт зааланд бэлтгэлд орсон юм. Тэр үед би бөмбөг өнхөрөөд явахаар нь н.Сүхбатыг бөмбөгөө аваад ир гэж хэлсэн чинь Ч.Т өөрийг нь хэлж байна гэж бодоод газар байсан бөмбөгийг аваад миний цээж рүү шидсэн, тэгээд хүрч ирээд хоолой боосон юм. Тухайн үед зааланд байсан ч Элбэгзаяа салгасан юм. Тэнд бол бид 2 маргалдаж зодолдоогүй. Тэгээд тараад явж байсан чинь ардаас хүрч ирээд шууд л цохисон. Бид хоёрын дунд өөр ямар нэгэн маргалдах шалтгаан байхгүй. Миний баруун хөмсөг сэтэрсэн ба гэмтлийн эмнэлэг дээр очиж дөрвөн оёдол тавиулсан. Ч.Т нь гараараа миний баруун хөмсөг рүү 2 удаа, хөлөөрөө нэг удаа нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 6-10/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13404 дугаартай дүгнэлт:
1. Д.Бат-Өлзийгийн биед баруун хөмсөгний гадна хэсэгт шарх, тархи доргилт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохой зүйлийн үйлчлэлээр хэрэг үүсгэгдэх байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 16/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-25/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, Мөрдөгч Б.Баттулга нь өсвөр насны яллагдагч Ч.Тэмүүлэнгийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Өлзийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Бат-Өлзийн “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны 19 цаг 13 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуурын сэрвээ” нэртэй дэлгүүрийн гадаа явж байхад манай сургуулийн 11г ангийн сурагч Ч.Т нь ардаас хөөе гээд дуудаад мөрнөөс татсан ба эргээд харсан чинь шууд миний баруун хөмсөг рүү хоёр удаа гараараа цохисон, мөн газар унасаны дараа нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Бат-Өлзий нь хавтаст хэрэгт эмчилгээний талаарх 137.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба гэм буруутай этгээд түүнд 150.000 төгрөгийг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хуульд заасан үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнийг хүмүүжүүлэх үүргийг эх Ч.Туулд даалгасугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР