Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01862

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01862

 

“ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02875 дугаар шийдвэртэй,

 

            “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Эд холбогдох,

 

            Тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.Э нь “ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 17,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Хайес маркийн - УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

1.2. Зээллдэгч зээлийг эргэн төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар  зээл 17,000,000 төгрөг, хүү 4,009,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,000 төгрөг, нийт 21,741,580 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3. Э.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг болон гэрээг цуцалж байгаа талаар удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.

1.4. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд заасан Тоёота хайес маркийн - УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Эгийн эзэмшлээс бодитойгоор гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 06-нд сайн ломбард банк бус санхүүгийн байгууллагад Тоёота Хайес - УНУ улсын дугаартай машиныг барьцаалан 17,000,000 төгрөгийн зээл авсан.

2.2. Зээл эргэн төлөх хугацаанд биеийн байдлын улмаас БНСУ руу эмчилгээнд явж эргэн төлөлгүй байснаар ийм байдалд хүрсэн. Одооноос биеийн байдал болон ажил орлого хэвийн байгаа тул зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүтэй, үндсэн зээлээ төлж барагдуулж машинаа нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлтэй байна.

2.3. Уг тээврийн хэрэгсэл өнөөгийн зах зээлийн ханшаар 45,000,000 төгрөг бүхий эд хөрөнгө үүнийг 50 хувь хүрэхгүй үнээр өгөх боломжгүй. Үндсэн авсан зээлээ хугацаа хэтэрсэн хоногийн хүүтэй төлж барагдуулан уг байгууллагыг хохиролгүй болгох болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Эгаас зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох - УНУ улсын дугаартай, Тоёота хайес /Toyota Hiace/ автомашиныг бодитоор гаргуулах тухай “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, 17,000,000 төгрөгийн зээл авсан болон зээлийн тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйлийг бодитоор шаардах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуцагч “гэрээний үүргийг мөнгөөр тооцож төлж барагдуулна” гэх тайлбарыг өгсөн гэдэг үндэслэлээр тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулах тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02875 дугаар бичгээр гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэн уншиж танилцуулсан шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлээс эрс зөрүүтэй гарсан.

Тухайлбал, “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эд холбогдох 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шиилжүүлэх фидуцийн гэрээнд заасан - УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулах тухай хэргийг шүүх хуралдаанаар уншиж сонсгосон шүүхийн шийдвэрээр “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар “ББСБ” ХХК нь фидуцийн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж үзэж, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй фидуцийн гэрээний зүйл болох - УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэрийг хариуцагч Э.Эд шилжүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн.

Гэтэл бичгийн хэлбэрээр гаргасан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Эгаас зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох - УНУ улсын дугаартай, Тоёота хайес автомашиныг бодитоор гаргуулах тухай “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж эрс зөрүүтэй үндэслэж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5: Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч “ББСБ” ХХК-ийн хариуцагч Э.Этай байгуулсан фидуцийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснааар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар фидуцийн зүйл болох - УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Эгийн нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгах” гэжээ. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/16045 дугаар захирамжаар оруулсан өөрчлөлтөөр тогтоогдож байна. /хх48-49, 53/

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар танилцуулсан шийдвэрийн агуулгыг эхээр нь бичгээр  үйлдэхдээ  шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Эгаас зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох - УНУ улсын дугаартай, Тоёота хайес /Toyota Hiace/ автомашиныг бодитоор гаргуулах тухай “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж уншиж танилцуулсан шийдвэрээс өөр агуулгаар тусгасан нь алдаатай болжээ.

Өөрөөр хэлбэл, шийдвэрийн тогтоох хэсэг, шүүх хуралдааны тэмдэглэл хоёр хоорондоо эрс зөрүүтэй байгаагаас хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02875 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар “ББСБ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА