Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 288

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,                           

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Л.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08659 0167 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.Ч, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 65-765-д тоотод оршин суух, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Л.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко” март дэлгүүрийн гадна иргэн Т.Амартувшинтэй “... таксины мөнгөнөөс ...” үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.Ч нь шүүх хуралдаанд: “Би өөрийн болчимгүй зангаасаа болж хохирогчтой таксиний мөнгөнөөс болж маргалдсан үнэн. Хохирогчид хохирол төлбөр гэж 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй. Гэм бурууд маргахгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчмоос такси бариад “Эко” маркет дэлгүүрийн урд буусан. Тэгээд таксины мөнгө гээд надаас их мөнгө нэхэхээр нь миний уур хүрээд тийм их мөнгө гарах ёсгүй. Чи юугаа нэхээд байгаа юм бэ" гээд маргалдсан. Гэтэл тэр жолооч намайг согтуу пизда минь мөнгө өгөхгүй бол яах гэж суусан юм бэ” гээд хэсэг хэрэлдсэн. Тэгээд гэнэт миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Одоо дээд талын үүдэн шүд хүндүүртэй, уруулан дотор хавдартай, бага зэргийн өвчтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12/,

            Гэрч Э.Мөнхдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Т.Амартүвшинтэй найз нөхдийн холбоотой. Хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Амартүвшин болон манай бас нэг найзын хамт хоолны газар орж хоол идэж нэг шил конъяак, хэдэн пиво хувааж уучихаад тэр газраасаа гараад нэг найз маань яваад өгсөн. Т.Амартүвшин бид хоёр манай гэрийн гадаа таксигаар иртэл Т.Амартүвшингийн утас нь дуугараад хүмүүс хүрээд ир гээд дуудаад байх шиг байсан. Тэгэхээр нь би “чи маргааш ажилтай байж дахиж өөр тийшээ яваад хэрэггүй” гэж хэлээд манай байрны урд талын зам дээр зогсож байгаад гараа өргөтөл нэг машин ирээд зогссон. Тэгээд би Т.Амартүвшинг таксинд суулгаад тээврийн хэрэгслийн дугаарыг нь тухайн үед цээжилж байсан боловч одоо дугарыг нь санахгүй байна. Тэрнээс хэд хоногийн дараа Т.Амартүвшинтэй утсаар холбогдоход “намайг авч явсан таксины жолооч илүү мөнгө нэхээд намайг зодчихсон" гэж байсан. Намайг Т.Амартүвшинг таксинд суулгаж өгөөд явуулах үед биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би Т.Амартүвшинг ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг тийш явж байсан риүс маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж өгсөн. Суулгаж өгөөд цаашаа хэрхэн явсан талаар нь мэдэхгүй байна. Гэхдээ манай найз Т.Амартүвшингийн баруун гар нь тохойгоороо мухар байсан болохоор хүнийг зодож цохиж чадахгүй зодуулсан байх....” гэх мэдүүлэг/хх-ийн 34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12622 дугаартай дүгнэлт:

1 Т.Амартүвшингийн үүдэн дээд зүүн нэгдүгээр шүдний сулрал, цээжний зүүн хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор талын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-41-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 67/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко” март дэлгүүрийн гадна иргэн Т.Амартувшинтэй “... таксины мөнгөнөөс ...” үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ч нь хохирогчид хохирол төлбөрт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Ч нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг арилсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ч-ийг торгох ялаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР