| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0231/Э |
| Дугаар | 289 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Анармаа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00331 0176 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Т, 1993 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 67 дүгээр гудамж, 917 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудлын орчим иргэн Б.Аззаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019.01.03-ны шөнө 01-02 цагийн орчим такси бариад харихаар явж байсан. Тэгтэл офицеруудын ордны автобусны буудал дээр танил Баянаа, Аагий хоёр машинтайгаа зогсч байхаар нь таксигаа зогсоогоод буугаад очсон тэгээд тэр хоёртой гар бариад мэндэлтэл хажуу талаас огт танихгүй нэг залуу “чи юу юм бэ зайл пизда минь” гэхээр нь би юу гэнээ гэхэд шууд нүүрэн тус газар буюу ам руу гараараа нэг удаа цохиод үргэлжлүүлээд хэд хэд цохьсон. Тэгтэл Аагий, Баянаа хоёр салгахад миний куртикний малгайнаас зуураад толгой руу гараараа дахиад 4-5 удаа цохиод авсан.Би халааснаасаа утсаа гаргаж ирээд эхнэр рүүгээ ярих гэтэл утас цохьж унагаад самсунг ]5 маркын 4 сарын өмнө 280,000 төгрөгөөр монтелоос авсан утасны дэлгэц хагалсан утас асахгуй байгаа.Намайг зодсон залуугийн сууж явсан таксины жолооч цагдаа дуудсан. Тэр залуу намайг очиход мөн такси бариад ирж байсан юм. Би харж байгаагуй танихгүй ямарч шалтгаангүй намайг хүмүүстэй мэндэлж байхад ирээд зодсон. Тухайн залуу архи уусан халамцуу байсан бич гэсэн халамцуу байсан. Автобусны буудал дээр ирэхээс өмнө 0,5 граммын архи 3-лаа хувааж уугаад дээрээс 2 шил пиво уусан байсан. Гомдолтой байна тухайн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэх мэдүүлэг /хх-9/,
Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Аззаяа нь автомашины газар ажиллаж байсан дүү бид хоёр машинаа янзлуулж байсан танина. Тэмүүжин бол хааяа офицеруудын ордны автобусны буудлаар явж байдаг зүс мэднэ. Миний төрсөн дүү Баянбаатар бид хоёр Улиастай чиглэлд хүн зөөдөг. Тухайн өдрийн орой цагаа сайн мэдэхгүй байна 01-02 цагийн орчим боловуу Улиастай чиглэлд явахаар дүүгийн машин дотор зорчигч хүлээгээд юм яриад сууж байтал машины ард түс тас хийх чимээ гарахаар нь хоёулаа буугаад хартал Тэмүүжин, Аззаяа хоёр нэг нэгнээ заамдаад зогсч байсан. Хоёр тийш нь бид хоёр юу болоод байгаа юм боль гээд хоёр тийш нь татаад салгасан.Тэгтэл Т нэг таксигаар ирсэн бололтой хоёр залуу “наад ах чинь арын хаалга хонхойлгосон цагдаа дуудчихсан гэж хэлж байсан. Тэгээд би хөдлөөд явчихсан нэг хүн дутуу байсан нэг хүн ирээд би явчихсан намайг хөдөлж байхад цагдаа ирж байсан. Дүү бид хоёртой энэ хоёр залуу юм яриагүй ард чимээ гарахад нь буугаад очиход барилцаад зогсч байсан хоёулаа нэлээн согтуу байсан. Нэг нэгнээ цохьсон талаар хараагүй бид хоёрыг буугаад очиход цохилцсон зүйл байхгүй. Ил харагдах гэмтэл харагдаагүй би анзаараагүй. Би Аззаяад гар утас байсан талаар хараагүй тэр хоёрын гар утасаа унагаасан цохьсон талаар хараагүй. Сүүлд нь дүү Баянбаатар “Аззаяа гар утасны дэлгэц хагарчихаж гээд яваад байсан гэж байна лээ гэх мэдүүлэг /хх-13/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №994 дугаартай дүгнэлт:
1. Б.Аззаяагийн биед дээд, доод уруул, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохой зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-43/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудлын орчим иргэн Б.Аззаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Аззаяагийн “...2019.01.03-ны шөнө 01-02 цагийн орчим такси бариад харихаар явж байсан. Тэгтэл офицеруудын ордны автобусны буудал дээр танил Баянаа, Аагий хоёр машинтайгаа зогсч байхаар нь таксигаа зогсоогоод буугаад очсон тэгээд тэр хоёртой гар бариад мэндэлтэл хажуу талаас огт танихгүй нэг залуу “чи юу юм бэ зайл пизда минь” гэхээр нь би юу гэнээ гэхэд шууд нүүрэн тус газар буюу ам руу гараараа нэг удаа цохиод үргэлжлүүлээд хэд хэд цохьсон” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Алтангэрэлийн: “...Улиастай чиглэлд явахаар дүүгийн машин дотор зорчигч хүлээгээд юм яриад сууж байтал машины ард түс тас хийх чимээ гарахаар нь хоёулаа буугаад хартал Т, Аззаяа хоёр нэг нэгнээ заамдаад зогсч байсан. Хоёр тийш нь бид хоёр юу болоод байгаа юм боль гээд хоёр тийш нь татаад салгасан. Тэгтэл Т нэг таксигаар ирсэн бололтой хоёр залуу “наад ах чинь арын хаалга хонхойлгосон цагдаа дуудчихсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Т нь хохирогч Б.Аззаяад хохирол төлбөрийг төлж хохирогч гомдол, саналгүй гэж шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Т-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Т-г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР