Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 224/МА2020/00023

 

 

 

 

 

 

 

Д.Эийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн  даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 15-02 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар............., Б овогтой Д-гийн Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эийн ажлын байрыг Санхүү, ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар тушаалын Д.Эийг үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилогдон ажилласан бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Энхболд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах замаар намайг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж, улмаар менежер гэх ажилд томилж, эрх зүйн байдлыг дордуулсан тул шүүхэд хандаж байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээд татан буугдаагүй,  мөн тамгын газрын даргад энэ албыг татан буулгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд нэхэмжлэгч миний ажил, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. 

Хүний нөөцийн удирдлагатай холбогдох шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй түр орлон гүйцэтгэгч нь хууль бусаар тушаал гарган намайг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж, менежерийн ажилд томилсноор миний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс буурч, эрх зүйн байдал дордсон. Иймд миний Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын :аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэснийг, тушаалын “ аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт “менежер” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хувааж, Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваасан нь эрх зүйн зөрчилтэй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болжээ. Учир нь Нийтлэг үйлчилгээний алба байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаар захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог дарга, ажилтан нарын төрийн үйлчилгээний албан хаагч 35 байхаар тогтоожээ. Нийтлэг үйлчилгээний албыг байгуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд тус албаны даргаар Д.Баттулга, Б.Жаргал, Д.Э нарын хүмүүс ажиллаж байсан байсан байна. 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү аж ахуйн алба, ордны үйлчилгээний алба болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээгүй.

1.2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТҮ-9-1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг менежер болгож, ТҮ-8-1 ангилал, зэрэглэл, шатлалд хамааруулснаас цалингийн зөрүү гарч, уг зөрүүний хэмжээгээр ур чадварын нэмэгдэл буурч тооцогдон нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх нь зөрчсөн.

1.3 Нийтлэг үйлчилгээний албаны улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь Засаг даргын зөвлөх, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, сахиул, засварчин, цахилгаанчин, слесарь, жолооч, үйлчлэгч, жижүүр зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хүний нөөцийн шийдвэр гаргах эрхтэй, төсвийн шууд захирагч, Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллагын удирдлага юм. Гэтэл хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох замаар нэхэмжлэгч Д.Э-ийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваах замаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож, эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргахыг шаарддаг. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй, Д.Этэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй, эрх зүйн зөрчилтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т : Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ.

Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээд татан буугдаагүй, нэхэмжлэгч Д.Э-ийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажил, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т:  Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Мөнх-Оргилыг төрүүлсэн, гурван нас хүрээгүй байхад түүний ажлын байрыг хадгалахын оронд Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн нь хуулийн дээрх хориглолтыг зөрчиж байна. 

3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Э-ийг үйлчилгээний албаны менежерээр томилсныг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгчтэй Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй болно. Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус тул нэхэмжлэгчийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр томилсон шийдвэр хууль бус юм.

4. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар татан буугдсан Санхүү, аж ахуйн тасгийг сэргээн байгуулжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-т: Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

5. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-т: хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлахыг Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээнд хамааруулжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн тасаг, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасаг болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээ байхгүй.

6. Нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоохыг хүсье.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн тооцуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүсье.

8. Д.Э өмнө нь ТҮ-9-1 гэсэн ангиллаар цалинжиж байсныг ТҮ-8-1 болгож өөрчилсөн. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1.365.028 төгрөг, мөн нэмж 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах   өдөр хүртэлх хугацааны цалингийн олговрыг нэмж, нийт 8,628,178.52 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна, мөн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж эрх олгосны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай А/02 дугаар тушаалаар бүтцийг баталж, нэхэмжлэгч Д.Э-ийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн даргаар ТҮ-8 ангилал зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын хавсралтын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу “Тасгийн дарга” гэсэн хэсгийг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалтын "Тасгийн дарга" гэсэн хэсгийг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тооны 1 дэх заалтын "Тасгийн дарга" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу “Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч” гэсэн хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу “Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.263.150,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсний зөрүү 1.365.028 /нэг сая гурван зуун жаран таван мянга хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраар төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эийн ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, цалингийн зөрүү 1.365.028 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36.790 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-ээс гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж төрийн сангийн 100150000941 тоот дансанд, 36.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах маргааныг шүүх гомдлоор хянан хэлэлцэх маргаан байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хууль тогтоогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй байх баталгааг хуульчилжээ. Ийм байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гомдлыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э-ийн урьд эрхэлж байсан ажил нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчаас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, Д.Э-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах гомдлыг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч тал ер нь л шүүх хуралдаанд биечлэн оролцдоггүй. Миний хувьд энэ хэрэг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирснээс хойш Увс аймагт 10 гаруй удаа ирж, энэ хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн юм байна лээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын дээрх маргаан бүхий тушаалуудын зөвхөн өөрт холбогдох хэсгийг л хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд тодорхой үндэслэлүүдээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан ажиллагаануудыг анхан шатны шүүх хийж гүйцэтгэсэн.

Монгол улсын Засгийн газар аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд Нийтлэг үйлчилгээний алба байгуулах шийдвэрээ өөрчлөөгүй бөгөөд 20 аймаг болон дүүргүүдийн тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний алба хэвийн үйл ажиллагаатай байгаа. Харин ганцхан Ховд аймагт л нийтлэг үйлчилгээний алба байхгүй байгаа.

Мөн анхан шатны шүүхээс өмнө нь нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нутгийн удирдлагын менежер гэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг гаргуулж хэрэгт хавсаргасан. Гэтэл дээрх тодорхойлолтод өмнө нь Д.Э-ийн эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг хуулаад тавьчихсан байсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүх  хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдээгүй. Миний шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчиж, мэтгэлцэх эрхийг хангаагүй.

2. Анхан шатны шүүх нь “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Нийтлэг үйлчилгээний бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Засаг даргатай зөвшилцөөгүй байгаа нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4 дэх заалтуудыг зөрчсөн байна" гэж дүгнэжээ. Ховд аймгийн Засаг дарга Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар "Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай" тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний бүх албан тушаалтны бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэ тушаалаар зөвхөн нэхэмжлэгч Д.Э-ийн эрх ашиг хөндөгдөөгүй. Гэтэл анхан шатны шүүх уг тушаалыг бүхэлд нь хууль зөрчсөн байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэгчийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн томилсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Засаг даргын ажлын алба нь Тамгын газар” байхаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 33.2-т "Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох" гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлагуудыг тогтоож өгчээ. Хууль болон Засгийн газрын тогтоолд нийцүүлэн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоох тухай” А/421 дүгээр захирамжаар Тамгын газрын бүтцийг тогтоосон.

Засгийн газрын тогтоол болон түүнд нийцүүлэн гаргасан Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт “Нийтлэг үйлчилгээний алба” гэсэн бүтэц батлагдаагүй болно. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасаг"-тай байхаар хуульчилжээ.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоох тухай" А/421 дүгээр захирамжаар Тамгын газрын бүтцийг тогтоохдоо “Нийтлэг үйлчилгээний алба”-ны бүтцийг батлаагүй тул Засаг даргатай зөвшилцсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

3. Ховд аймгийн Засаг дарга Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198, мөн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалууд нь зохицуулж буй харилцаа, харилцаагаа зохицуулж буй хууль тогтоомжийн хувьд захиргааны акт юм. Хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ тогтоосон акт, Ховд аймгийн Засаг даргын захирамжид үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын маргаан бүхий тушаалууд нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны ангилалд хамаарах бүх албан тушаалтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан эрх зүйн акт тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлага хангасан эсэхэд бүхэлд нь дүгнэлт хийх ёстой бөгөөд харин зөвхөн нэхэмжлэгч Д.Эийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан "шүүх өөр хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүх нь дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 100 дугаар зүйлийн 100.1дэх хэсэгт заасныг хариуцагч баримтлаагүй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь хэсэгт зөвхөн маргааны зүйлийг л тогтоож өгсөн зохицуулалт байгаа. Мөн анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д.Э нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч тул энэ маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалах маргаан мөн байна” гэж дүгнэсэн байгаа. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч юм бол хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг хариуцагч  зөрчсөн гэж үзсэн тал дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс зөвхөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль нь захиргааны эрх зүйн харилцааг зохицуулдаг хууль байгаа юм. Хариуцагч нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг өөрчлөхдөө Ховд аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй байна гэж анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тушаалуудыг хүчингүй болгосон боловч хариуцагч нь дээрх тушаалуудыг гаргахдаа Ховд аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй гэдгийг яаж нотолж байгаа тал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоосон бөгөөд дээрх Засаг даргын захирамжийг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь тамгын газрынхаа бүтцэд өөрчлөлт хийсэн. Энэ нь хариуцагчийн Ховд аймгийн Засаг даргатай зөвшилцсөн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол улсын Засгийн газрын хүрээний асуудал байгаа юм гэж яриад байгаа. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээдийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга үүсгэн байгуулсан учир хариуцагч нь үүсгэн байгуулсан хуулийн этгээдээ өөрчлөн байгуулах эрхтэй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Засгийн газрын өөрчлөн байгуулах ёстой хуулийн этгээдийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга өөрчлөн байгууллаа гэж тайлбарлаж байгаа бол энэ нь жинхэнэ захиргааны эрх зүйд хамаарах маргаан болох юм. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан бол уг акт нь илт хууль бус захиргааны акт болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “намайг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг шүүх хангаагүй” гэсэн гомдлын шаардлагын хувьд санал нэг байгаа бөгөөд би анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн нэмж хэлэхэд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд одоо Ховд аймгийн засаг даргын тамгын газрын санхүү аж ахуйн тасаг нь бүхэлдээ ажиллах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгааг хэлэх нь зүйтэй байх. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох агуулга бүхий 8 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн Засаг даргын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт, мөн тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Аймгийн Засаг даргын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо” гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт нийт 7.263.150,52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.   

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.  

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилон, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ / хугацаагүй / байгуулан ажиллуулсан байх ба тухайн албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч, ТҮ-ийн 9 зэрэглэлийн 1-р шатлалаар цалин хөлсийг тогтоосон, мөн ажил олгогчоос  Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг баталж гүйцэтгэх ажлын чиг үүрэг, тавигдах шаардлагыг тодорхойлсон  болох нь  ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт / 1-р хх-ийн 3-12, 53, 69-77-р тал/ -оор нотлогдсон.

Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/05 дугаар тушаал / 3-р хх-ийн 66-68-р тал /-аар  Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг 35 орон тоотой байхаар баталж, Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж, ТҮ-9-1–ээр цалинжуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан байна.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 1,  2 дугаар хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог дахин шинэчлэн баталсантай холбоотойгоор, мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалаар Тамгын газрын нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/198 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд албан хаагчдыг шинээр томилсон байна.

Ингэхдээ Ховд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба 35 орон тоотой байсныг өөрчилж, Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба, Тамгын газрын үйлчилгээний ажилтнууд гэж 3 хуваан, нийт 41 орон тоотой байхаар  баталсан байх бөгөөд энэ өөрчлөлтөөр нэхэмжлэгч Д.Э-ийг Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж, шинээр байгуулсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер гэсэн албан тушаалд томилж, ТҮ-ийн 9-1 зэрэглэлээр цалинжиж байсныг ТҮ-ийн 8-1 болгон бууруулсан байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу  анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Ховд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  “ Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай”  А/02 дугаар тушаалаар өмнөх тушаалаар баталсан Санхүү аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба гэснийг тус тус тасаг болгон, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер гэснийг тасгийн дарга гэж өөрчилсөн, мөн тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “ Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай”  А/192 дугаар тушаалаар Санхүү аж ахуйн тасгийн дарга, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн дарга гэж тус тус баталсныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч шаардлагаа нэмэгдүүлжээ.  

Нэхэмжлэгч Д.Э-ийн ажиллаж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь Засаг даргын тамгын газарт харьяалагдаж, тухайн тамгын газрын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээ үзүүлдэг нэгж байх бөгөөд тус албаны даргын албан тушаал нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилж байх үеийн дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т : Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т : Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан Д.Э-ийг ажлаас буруу  халсан, шилжүүлсэнтэй холбоотой гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.  

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаал болон өөр ажилд шилжүүлэн томилсон 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/198 дугаар тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолын 2, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны А/421 дүгээр захирамж / 1-р хх-ийн 54-р тал/-ийг тус тус үндэслэсэн байх ба дээрх Засгийн газрын тогтоол болон Засаг даргын захирамжид Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тооны талаарх зохицуулалт тусгагдаагүй. Түүнчлэн дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргаас Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг өөрчлөх болон орон тооны талаар Тамгын газрын даргад тодорхой чиглэл өгсөн талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, мөн Д.Э-ийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх болсон хуулийн үндэслэл тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь хуульд  нийцээгүй гэж дүгнэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж эрх олгосны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай А/02 дугаар тушаалаар бүтцийг баталж, нэхэмжлэгч Д.Эийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн даргаар ТҮ-8 ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч  тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх  хэсэгт “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд Тамгын газрын дарга нь Засгийн Газраас тогтоосон бүтэц, орон тоонд багтаан ажилтнуудыг шилж сонгон томилох, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилох мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар сонгох болон Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээ, жишгийг баримтлан ажилтнуудын цалингийн хэмжээг тогтоох зэрэг эрхтэй байна.  Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тухайн тамгын газрын бүтцийг бие даан тогтоох эрх хуулиар олгогдоогүй байна. 

Түүнчлэн Нийтлэг үйлчилгээний албыг хувааж, нэхэмжлэгч Д.Э-ийг  Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний менежерээр томилохдоо ямар зарчим, шалгуур, шаардлагад үндэслэсэн нь тодорхойгүй, мөн хуучнаар Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, тавигдах шаардлага нь шинээр бий болсон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер / тасгийн дарга/ гэсэн албан тушаалд хэвээр хадгалагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан, Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт / 1-р хх-ийн 8-12-р тал/, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр баталсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт/ 4-р хх-ийн 177-180-р тал/-оор тус тус нотлогдож байна.  Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, тухайн албан тушаалд тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй тохиолдолд тухайн албан тушаалын зэрэглэлийг бууруулах үндэслэлгүй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэлийг бууруулж ТҮ-8 гэж тогтоосон үндэслэлээ мөн нотлоогүй байна. 

Нөгөөтээгүүр, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн  “ Ажилд томилох тухай” А/198 дугаар тушаалд тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдийг тус тус баримталсан байх ба хуулийн 27.2.3-т: “ төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан/ нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал / ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал / ажлын байр/ -ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан ба хэдийгээр энэхүү  зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар заасан байх боловч нэхэмжлэгч Д.Э нь төрийн албан хаагчийн хувьд ажиллах нөхцөл, баталгаагаар төрөөс хангагдах учиртай.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, төрийн албаны үндсэн зарчмыг баримталж, хуулийн үндэслэл, шаардлагад нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.  

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлж, шинээр байгуулсан Нутгийн удирдлагын ордын үйлчилгээний тасгийн менежер / дарга /-ийн албан тушаалд томилсон шийдвэрүүд хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын : “ анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гомдлыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчаас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, Д.Э-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв. Учир нь : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,263,150.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шинээр гаргахдаа хуульд заасан шаардлага хангаагүй буюу нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т “ мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох” –оор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т : эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж тооцох”-оор тус тус хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,263,150.52 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй буюу хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатнаас шүүхээс буруутгах боломжгүй гэж үзлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Миний шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчиж, мэтгэлцэх эрхийг хангаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг түүний эзэмшдэг гар утас /мессежээр/-аар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын тэмдэглэл, мессеж хүргүүлсэн байдал / 4-р хх-ийн 187-188-р тал/ -аар  нотлогдож байх ба ийнхүү шүүх хуралдааны товыг гар утсаар дамжуулан хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасантай нийцсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцсон, мөн шүүхээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байх тул хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                         Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                           Л.АЛТАН