Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч К.Манлай,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус С.М-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Д.Э-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт С.А нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806064431677 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн С.М, 1998 оны 07 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хороолол 401 байр 2-34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай 

          2. Монгол Улсын иргэн Д.М, 1997 оны 08 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэ Шинэ Өргөө ХХК-д барилгын цахилгааны туслах ажилтай, Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 2-126 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай 

          3. Монгол Улсын иргэн М.А, 1998 оны 03 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 20-108 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай 

          Шүүгдэгч С.М, Д.Э нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр байрны 1-4 тоот орон сууцанд насанд хүрээгүй Б.Дэлгэрмөрөнгийн гарыг хүлж, нүдийг боох зэргээр хүч хэрэглэн довтолж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч 965.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

          Шүүгдэгч С.М, М.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд голын гүүрний орчим иргэн Ү.Мөнхсанаагийн 560.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Булаалтын хэрэг дээр хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Булаалтын хэргийг би мэдээгүй. Утсыг нь проматалж өгөхдөө мэдсэн. Мөнгийг хувааж авахад нь би аваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. С.М тухайн утасны хэргийг мэдээгүй байсан. Би эмээтэйгээ хамт байдаг болохоор миний санаа зовж байна. Би утас авч зугтаасан нь үнэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Дэлгэрмөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний 01 цагийн үед хаалгаа түгжээд хөшгөө хаагаад унтсан. Тэгээд унтаж байхад хаалга тогшсон. Орой ээжтэй ярихад шөнө ирж магадгүй гэж хэлсэн болохоор би шөнө хаалга онгойлгосон. Тэгтэл зүс танихгүй 20 орчим настай нэг эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би шууд хаалга хаах гэтэл нөгөө эрэгтэй хаалга татаад онгойлгосон. Намайг доош дараад бид нарын царайг харж болохгүй доошоо бол гэсэн. Тэгээд миний нүдийг боосон. Миний нүдийг боочихоод дараа нь миний гарыг боосон. Тэр 2 миний аманд юм чихээд ам таглаад байсан. Юм асуух болохоор авчихаад бусад үед ам таглаад байсан. Тэр хоёр бид 2 шоронгоос оргосон мөнгөний хэрэгтэй байна гэж байсан. Удалгүй түрүүлж орж ирсэн залуу нь намайг ариун цэврийн өрөө рүү оруулсан. Тэр залуу нь манай гэрээс юм авч гарсан байна лээ. Ариун цэврийн өрөөнд байсан залуу нь намайг дуугарах юм бол ална шүү цохиод унагаачихна шүү гэж байсан. Тэр 2 миний нөүтбүүк, цэнэглэгч 2 чинь хаана байна гэж асуусан. Тэгээд миний гар утасны кодыг асуугаад байсан. Тэгээд би гар утасныхаа кодыг хийж өгсөн. Удалгүй тэр 2 залуу гарч явсан ба гарахдаа “за би нөүтбүүк, гар утас, ээмэг бөгж авсан, өөр зүйл аваагүй” шүү гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх 26-29/

Гэрч Ө.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө унтаж байтал гэнэт манай хүү хөрш айлынхаа утсаар яриад гэртээ байж байгаад дээрэмдүүлчихлээ гээд гэртээ 03 цагийн үед иртэл цагдаа нар ирсэн байсан. Хүүхдийнхээ өмнөөс уучлалт гуйж 1.750.000 төгрөг өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх 30-31/

Хохирогч Ү.Мөнхсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” констракшны 84-р байрнаас гараад Сэлбийн гүүрний далан дагаад Багшийн дээд орох гээд явж байгаад цементэн блокон дээр суугаад “Самсунг Жи-7” гар утсаараа мессэж бичээд сууж байтал гэнэт 3 залуу оюутны хотхон орчмоос гарч ирээд миний гар утсыг булаагаад Натурын гүүрний доод тал руу зугтаасан. Араас нь хөөгөөд гүйцээгүй. Өндөр залуу миний гар утсыг булаасан. Араас нь харахад нэг нь нилээн өндөр, нөгөө нь дунд зэргийн нуруутай хоёр залуу байсан. Би 2 хүн гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед бичихдээ андуурч бичсэн байж магадгүй юм." гэх мэдүүлэг /хх 157-161/

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Мэндбаяртай 2018 оны 05 дугаар сарын 30-ны орой 00 цаг болж байхад Сүхбаатарын талбай дээр уулзсан юм. Тэгээд М-ын гэрт очихоор Баянмонгол хороолол руу алхаад явж байтал Буян компанийн тэр хавьд нэг эгч чулуун дээр суугаад гар утсаа оролдож байсан юм. Тэгээд би энэ хүний гар утсыг нь авъя гэхэд М тэгье гэсэн юм. Тэгээд тэр эгчийн хажуугаар нь бид 2 гүйж гарахдаа гарт байсан гар утсыг нь би булаагаад цаашаа бид 2 гүйж гүүрэн доогуур ороод парк хүртэл гүйсэн. Бид хоёр утсыг нь булааж авахад нөгөө эгч араас нэлээн гүйж байгаад алга болсон. Бид хоёрын араас утсаа авъя утас өг гээд орилоод дагаад гүйгээд байсан. Тэгээд маргааш нь М-ын фейсбүүкэд зар тавьж байгаад нэг танихгүй 25 насны орчим залууд хорооллын Тэди төвийн ард 320000 төгрөгөөр зараад мөнгөө хувааж аваад би нийтийн байр түрээслэж байсан учраас төлбөртөө өгсөн. Би цэнхэр өнгийн малгайтай цамцтай байсан. М улаан өнгийн малгайтай цамцтай байсан..." гэх мэдүүлэг /хх 183-184/

Яллагдагч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 30-ны 20-21 цагийн үед “Дэнжийн 1000”-д Анх-Эрдэнэтэй уулзсан юм. Тэгээд А бид хоёр уулзаад “Дэнжийн 1000”-ийн хуучин эцсээс автобусанд сууж багшийн дээд орж буусан. Тэгээд багшийн дээд сургуулиас хойш байдаг "ASE" гэсэн нэртэй пс тоглоомын газрын ард сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад дуусаад Арслантай гүүр рүү гараад цаашаа нэвт яваад “Баянмонгол” хороолол руу явж байсан юм. Тэгээд Абид хоёр хамт явж байтал урд нэг эмэгтэй хүн гар утсаа оролдоод явж байсан юм. Тэгээд А бид хоёр хамт явж байсан боловч нэг мэдсэн чинь Анх-Эрдэнэ алга болчихоод хэсэг хугацааны дараа Аараас гүйж ирсэн. Э хоёулаа айл руу орж үзэх үү гэж асуухаар нь би сайн мэдэхгүй жоохон эргэлзсэн. Тэгээд шууд бид хоёр Американ дэнж хотхоны урд талын 5 давхар хуучны байр руу ороод 1 давхарт байх нэг айлын хаалгыг Э догшиход гэрт байсан хохирогч хүүхэд хэн бэ гэж хаалганы цаанаас асуусан. Тэгтэл Э хажуу айлын ах нь байна юм асууя гэсэн. Тэгтэл тэр айлын хүүхэд гэрийн хаалгыг онгойлгоод бид хоёрыг харчихаад буцаагаад хаалга хаах гэтэл Э хаалганы завсарт гараа хавчуулж хаалгыг татаж онгойлгосон. Тэгээд уг хүүхэд бид хоёрын хажуугаар зөрөөд гарах гэхээр нь бид хоёр барьж гэрт нь оруулаад Энхманлай доош нь харуулаад уях юм надаас асуухаар нь ойрхон байсан сул гуталны үдээсийг Энхманлайд авч өгтөл Э гарыг нь ард нь хүлсэн. Тэгээд би цаашаа том өрөөнд нь орж компьютерийн ширээн дээр байсан “самсунг эс-7” гар утсыг нь аваад, жижиг өрөөнд нь орж шүүгээнд нь байсан хар өнгийн нэрийг нь хараагүй хар өнгийн цүнхтэй зөөврийн компьютер аваад, шүүгээний дээд талын тавиур дээр байсан 3,3 хос шаргал өнгөтэй харахад монетэн эдлэл шиг харагдсан ээмэг бөгжний хослолыг нь авсан.” гэх мэдүүлэг /хх 96/,

Дамно ХХК хөрөнгийн үнэлгээнүүд /хх 47-48, 171-172/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-10/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 14-20/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 22/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийн талаар улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс тусгайлсан санал гаргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Иймд шүүгдэгч С.М-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.М, Д.Э нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр байрны 1-4 тоот орон сууцанд насанд хүрээгүй Б.Дэлгэрмөрөнгийн гарыг хүлж, нүдийг боох зэргээр хүч хэрэглэн довтолж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч 965.160 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.Дэлгэрмөрөнгийн: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний 01 цагийн үед хаалгаа түгжээд хөшгөө хаагаад унтсан. Орой ээжтэй ярихад шөнө ирж магадгүй гэж хэлсэн болохоор би шөнө хаалга онгойлгосон. Тэгтэл зүс танихгүй 20 орчим настай нэг эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би шууд хаалга хаах гэтэл нөгөө эрэгтэй хаалга татаад онгойлгосон. Намайг доош дараад бид нарын царайг харж болохгүй доошоо бол гэсэн. Тэгээд миний нүдийг боосон. Миний нүдийг боочихоод дараа нь миний гарыг боосон. Тэр 2 миний аманд юм чихээд ам таглаад байсан. Юм асуух болохоор авчихаад бусад үед ам таглаад байсан. ...Тэр 2 миний нөүтбүүк, цэнэглэгч 2 чинь хаана байна гэж асуусан. Тэгээд миний гар утасны кодыг асуугаад байсан. Тэгээд би гар утасныхаа кодыг хийж өгсөн. Удалгүй тэр 2 залуу гарч явсан ба гарахдаа “за би нөүтбүүк, гар утас, ээмэг бөгж авсан, өөр зүйл аваагүй” шүү гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээ 965.160 төгрөг /хх 47-48/,

Шүүгдэгч С.М, М.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд голын гүүрний орчим иргэн Ү.Мөнхсанаагийн 560.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь

Хохирогч Ү.Мөнхсанаагийн: "...2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” констракшны 84-р байрнаас гараад Сэлбийн гүүрний далан дагаад Багшийн дээд орох гээд явж байгаад цементэн блокон дээр суугаад “Самсунг Жи-7” гар утсаараа мессэж бичээд сууж байтал гэнэт 3 залуу оюутны хотхон орчмоос гарч ирээд миний гар утсыг булаагаад Натурын гүүрний доод тал руу зугтаасан. Би 2 хүн гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед бичихдээ андуурч бичсэн байж магадгүй юм." гэсэн мэдүүлэг, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээ 560.000 төгрөг /хх 171-172/, болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд ТС.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх  гэмт хэрэг,

Д.Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

С.А-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Дэлгэрмөрөнд нийт 965.160 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 47-48 дугаар талд авагдсан Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хавтаст хэргийн 138 дугаар талд шүүгдэгч Д.Энхманлайгаас 1.750.000 төгрөгийг хохирол төлбөрт шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт авагдсан тул шүүгдэгч Д.Э, С.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж,

Мөн хохирогч Ү.Мөнхсанаад 560.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 171-172 дугаар талд авагдсан Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 180.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөд 380.000 төгрөг нийт 660.000 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.М, Д.Э, М.А нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.М, Д.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Харин шүүгдэгч М.А-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос С.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. С.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх  гэмт хэрэг,

Д.Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

М.А-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, Д.Э нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар М.Анх-Эрдэнэд өөрийн зан үйлээ засах үүрэг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.М, Д.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, Д.Э нарын тус бүр цагдан хоригдсон нийт 100 /нэг зуу/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.А, С.М, Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, М.А 22 /хорин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.М, Д.Э нарт цагдан хорих, М.А-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР