Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 224/МА2020/00024

 

 

 

 

 

 

 

 

Р.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэртэй,

Р.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-т холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр /цахимаар/, хариуцагч Д.М, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Б нь Д.М-тай 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ноолуур худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Р.Б нь дээрх гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 450.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл хариуцагч Д.М нь нийт 373.628.000 төгрөгийн ноолуурыг нийлүүлж, үлдэгдэл 76.372.000 төгрөгийн үнийн дүнд ноолуур нийлүүлээгүй болно. Хариуцагчийн нийлүүлсэн нийт ноолуур: 2019.03.26-ны өдөр 896.2 кг, нэгжийн үнэ 134.000 төгрөг, нийт үнэ 120.090.000 төгрөг, 2019.04.23-ны өдөр 1036.6 кг, нэгжийн үнэ 124.000 төгрөг, нийт үнэ 128.538.000 төгрөг, 2019.05.10-ны өдөр 1096.5 кг, нэгжийн үнэ 114.000 төгрөг, нийт үнэ 125.000.000 төгрөг, бүгд ноолуурын хэмжээ 3029.3 кг, бүгд үнэ 373.628.000 төгрөг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хэлэлцэн тохиролцсон үнэ болох нийт 450.000.000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн боловч худалдагч Д.М нь 373.628.000 төгрөгийн ноолуурыг нийлүүлж, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ноолуур шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Улмаар уг хугацаанаас эхлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж гэрээг цуцалсан тул урьдчилан шилжүүлсэн 76.372.000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан.  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосон боловч үлдэгдэл 46.372.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд Д.М-аас ноолуур худалдан авах зорилгоор урьдчилан шилжүүлсэн 46.372.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Д.М-аас ноолуур худалдан авахаар харилцан тохиролцож, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд нийт 5 удаагийн гүйлгээгээр 450.000.000 төгрөгийг хариуцагч Д.М-ын данс уруу шилжүүлсэн байдаг.

Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээр М-аас 3 удаа ноолуур хүлээж авсан. Нийт 3,029,3 кг ноолуур авсан бөгөөд нийт үнэ нь 373.628.000 төгрөг болсон ба үүнийг М-ын данс уруу шилжүүлсэн 450.000.000 төгрөгөөс хасч, 76.372.000 төгрөг үлдсэн . Үүнээс Д.М нь 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн тул үлдсэн 46.372.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа болно” гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Б-аас над руу шилжүүлсэн мөнгө болон нийт ноолуурын кг-ын хувьд маргаангүй. Харин Р.Б-т худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000 төгрөгөөс түүнд зарж борлуулсан махны үнэ 20.000.000 төгрөг, ноолуурыг хот руу тээвэрлэсэн тээврийн зардал 1.515.000 төгрөг, ноолуурын ханшийн зөрүү 8.392.800 төгрөг, нийт 29.907.800 төгрөгийг хасаад үлдэх 10.000.000 орчим төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2019 онд түүхий эдийн ченж Р.Б-тай хөдөөнөөс түүхий эд түүний хэлсэн үнээр авч, хамтран ажиллахаар манай найз Ж.Амарсанаа бид 3 ярьж тохиролцсон юм.

Ж.Амарсанаа бид 2 тохирсон ёсоороо Р.Б-ын хэлсэн үнээр ноолуураа Увс аймгаас авч Улаанбаатар хот руу ачуулж Р.Б-т өгөхөд тэрээр бидний авсан ноолуурыг анх тохирсон үнэдээ тооцож авахгүй, хэлсэн үнээсээ доогуур үнээр авсан юм. Бид нийт 566.000.000 төгрөгийн мах, арьс, нэхий бэлтгэж Р.Б-т явуулсан. Р.Б нь дээр авсан мах, арьс нэхийнээс гадна хүний 20 тонн мах хотын үнээр нь зарж өгнө гэхээр нь Ж.Амарсанаа бид хоёр Р.Б-тай яриад аваад очиход Р.Б 1000 төгрөгийн доогуур өөрийнхөө авсан ханшаар авсан.

Тэгээд зөрүү мөнгө нэхэхэд за болно, тэгж байгаад ноолуур дээр ажиллахдаа тооцъё гэсэн. Бид 2 нэгэнт хамтарч ажиллаж байгаа юм чинь дараагийн ноолуур дээр тооцох юм байна гэж ойлгосон. Тэрээр ноолуурт явах баг бүрдүүлж ир гэхэд нь бид хоёр өөр 2 залуу дагуулж дөрвүүлээ 3 машинтай очоод хотод 20 хоноод Сүхбаатар аймаг руу яваад бөөн зардал гаргаж очоод 3 хоног ноолуур авч байхад ноолуурын ханш уналаа гэж Р.Б дуудсан ба тухайн үед 896,2 кг ноолуурыг кг-ыг 135000 төгрөгөөр худалдаж авсан байсан бөгөөд уг ноолуураа авч ирж өгөхөд кг-ыг нь 134000 төгрөгөөр тооцож авсан. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас авсан 134.000.000 төгрөгийн ноолуураа хотод өгсөн.

Дараа нь Увсад ирээд 1036,6 кг ноолуур 127.000 төгрөгөөр авч явуулахад Р.Б 124.000 төгрөгөөр тооцсон. Хэдэн хоногийн дараа Тэс сумаас 118.000 төгрөгөөр ноолуур аваад Р.Бт явуулахад 114.000 төгрөгөөр зарсан гэсэн. Ийнхүү 3 удаагийн ноолуур авч явуулахад Р.Б бидэнд хэлж авахуулсан үнээсээ доош нь оруулж авахад ноолуурын зөрүүнээс болж 10.000.000 орчим төгрөгөөр шатсан. Мөн ноолуурыг хот руу 1 кг-ийг нь 500 төгрөгөөр ачуулдаг байсан. Эдгээр зардлуудыг 46.372.000 төгрөгөөс хасуулах саналтай байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.М-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.810 /гурван зуун наян есөн мянга найман зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 389.810 /гурван зуун наян есөн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Р.Б-тай  хамтарч наймаа хийгээд гурван жил болж байна. Р.Б нь ноолуурын бизнес хамтарч хийе, санхүүжилтийг би өгч, ноолуурыг иргэдээс хэдэн төгрөгөөр авахыг та нарт хэлнэ гэж тохирсон бөгөөд ноолуур худалдах-худалдан авах гэрээг амаар хийсэн юм. Тэрээр надад ноолуурын санхүүжилт болох 450.000.000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Би тохиролцсоноороо Б-ын хэлсэн үнээр ноолуураа Увс, Сүхбаатар аймгаас нийт гурван удаа авч, Улаанбаатар хот руу ачуулж Б-т өгөхөд тэр миний авсан ноолуурыг анх тохирсон үнэдээ тооцолгүй, хэлсэн үнээсээ доогуур үнээр авсан юм. Үүнээс болж Б бид хоёрын дунд ноолуурын ханшны зөрүү болох 8.392.000 /найман сая гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг, өмнө нь Б-т зарсан махны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөг, гурван удаа иргэдээс худалдан авсан ноолуурыг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн тээврийн зардал 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөг, нийт 29.907.800 /хорин есөн сая есөн зуун долоон мянга/ төгрөгийн тооцоо байгааг тэрээр мэдсээр байж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Б ер нь иймэрхүү замаар хүнийг зальдаж ашиг олдог гэдгийг манай аймгийн ченж Цогоо, Анхбаяр, Батхуяг нар хэлж ярьж байсан.  Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Р.Б бид хоёрын хооронд амаар худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж надаас 46.372.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн үед хот руу ноолуурыг хүнээр ачуулж, тээвэрлэлт хийж хүргэж, тохирсон ханшнаас доогуур үнээр авснаа Р.Б мэдэж байсан бөгөөд тэрээр дараа нь хасаж тооцно гэж хэлсэн боловч энэ талаараа бичгээр баримт үйлдээгүйг далимдуулж надаас 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар болсонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Р.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.М нь махны үнэ болох 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хасаж тооцуулна гэсэн тайлбар гаргаж байгаа нь ноолуур худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлд хамааралгүй асуудал юм. Энэ талаар нотлох баримтаа бүрдүүлээд тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ноолуурын ханшны зөрүү болох 8.392.000 /найман сая гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг, махны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөг, Улаанбаатар хот руу ноолуур тээвэрлэсэн зардал 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөг, нийт 29.907.800 /хорин есөн сая есөн зуун долоон мянга/ төгрөгийг тус тус хасаж тооцуулна гэжээ. Гэвч эдгээр шаардлагуудаа нотлох үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.М-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-т олгох шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ үү” гэв.

Хариуцагч Д.М-ын өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Б, Д.М нар өмнө нь түүхий эдийн наймаа хийж хамтарч ажиллаж байсан. Нэхэмжлэгч Р.Б өөртэй нь амаар хийсэн хэлцлийн дагуу тухайн үеийн ноолуурын зах зээлийн үнэлгээг тухай бүр Д.М-т хэлж, Д.М нь нэхэмжлэгч Р.Б-ын хэлсэн үнээр иргэдээс ноолуур худалдаж аваад, Улаанбаатар хотод хүргэж өгөхөд нэхэмжлэгч “ноолуурын ханш унасан байна” гэсэн шалтгаанаар анх тохирсон үнэдээ тооцож авахгүй, хэлсэн үнээсээ доогуур үнээр авдаг байсан. Тиймээс талуудын хооронд ноолуурын ханшийн зөрүү гардаг байсан ба энэ талаар хариуцагч Д.М түүнд хэлэхэд “за болчихноо, хоёулаа дараа нь тооцчихно гэж” хэлсэн байдаг. Хариуцагч Д.М ноолуурын зөрүү үнийг Р.Б дараа нь тооцчих юм байна гэж ойлгоод явж байсан.  Гэтэл Р.Б дээрх ноолуурын ханшийн зөрүү үнэ 8.392.000 /найман сая гурван зуун ерэн хоёр мянга/, Д.М-аас авсан махны үнэ 20.000.000 /хорин сая/, Д.М-ын Улаанбаатар хот руу гурван удаа ноолуур ачиж тээвэрлэлт хийсэн замын зардлын үнэ 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөгийг тус тус тооцолгүй орхиж, ноолуур худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл болох 46.372.000 /дөчин зургаан сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг Д.М-аас нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч Р.Б байнга итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүх хуралдаанд оролцуулдаг боловч өөрөө биечлэн ирж, хийсэн аман хэлцлийнхээ талаараа тайлбарлаж ярьдаггүй. Гэтэл талуудын хооронд байгуулсан аман хэлцлээ хэрхэн хийсэн нь нарийн тодорхой биш байдаг.

Д.М Б-т өмнө нь зарсан махны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөг, иргэдээс худалдан авсан ноолуурыг Улаанбаатар хот руу гурван удаа тээвэрлэсэн тээвэрлэлтийн зардал 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөг, нийт 29.907.800 /хорин есөн сая есөн зуун долоон мянга/ төгрөгийг ноолуур худалдах худалдан авах гэрээний үлдэгдлээс хасаж тооцуулах шаардлагыг гаргаж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Р.Б хариуцагч Д.М-т холбогдуулан ямааны ноолуур худалдан авахаар шилжүүлсэн 450.000.000  төгрөгөөс үлдсэн 46.372.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь 46.372.000 төгрөгөөс түүнд худалдан борлуулсан махны үнэ 20.000.000 төгрөг, мөн ноолуурын ханшийн зөрүү 8.392.800 төгрөг, ноолуурыг УБ хот уруу тээвэрлэсэн зардал 1.515.000 төгрөг, нийт 29.907.800 төгрөг хасч, үлдэх мөнгийг төлнө” гэж тайлбарлан маргажээ.

Зохигчид 2019 оны 3 дугаар сард ноолуур бэлтгэн нийлүүлэхээр амаар тохиролцож, нэхэмжлэгч Р.Б нь үнийг төлөхөөр, хариуцагч  Д.М ноолуур нийлүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 450.000.000 төгрөгийг Д.М-ын ХААН банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн, хариуцагч Д.М  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 896.2 кг ноолуур, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1036.6 кг ноолуур, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1096.5 кг ноолуур, нийт 3029.3 кг / үнэ 373.628.000 төгрөг/ ноолуурыг Д.Бт нийлүүлсэн, мөн Д.М нь 30.000.000 төгрөгийг буцаан төлсөн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байх ба зохигчид энэ талаар маргаангүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 29.907.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Талуудын тайлбараас үзэхэд үүрэг гүйцэтгэх газар буюу ноолуур нийлүүлэх газар нь Улаанбаатар хот байх бөгөөд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж заасны дагуу ноолуурыг бэлтгэсэн орон нутаг /өөр өөр орон нутгаас бэлтгэсэн/-аас  Улаанбаатар хот уруу тээвэрлэхтэй холбогдох зардлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч Р.Б хариуцах үүрэгтэй боловч хариуцагч  3 удаагийн тээвэрлэлтийн зардалд  хичнээн төгрөг зарцуулснаа шүүхэд баримтаар нотлоогүй.

Мөн түүнчлэн талууд анх ноолуурын 1 кг тутмын үнийг ноолуур нийлүүлэх үеийн зах зээлийн ханшаар тодорхойлохоор тохиролцсон гэх боловч талуудын амьдарч  байгаа болон ноолуур бэлтгэж буй орон нутаг бүрд ноолуурын зах зээлийн үнэ өөр өөр байсан нь үнийн маргаан гарах нөхцөл болсон байх хэдий ч хариуцагч ноолуурын үнийн зөрүүнээс болж 8.392.800 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Д.М шүүхэд “Б-т өмнө нь зарсан махны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна” гэх тайлбарыг гаргасан байх боловч энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, түүнчлэн өмнө нь талуудын хооронд ямар гэрээ, хэлцэл хийгдэж байсан талаар, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох  үүрэгтэй талаар танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 46.372.000.0 төгрөг гаргуулах тухай Р.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.810 /гурван зуун наян есөн мянга найман зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.810 /гурван зуун наян есөн мянга найман зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН