Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 90

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                             

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0883 52041 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Б, 1980 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто таун 307-69 тоотод оршин суух, Камдер ХХК-д талбай хариуцсан менежерээр ажилладаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто таун” хотхонд иргэн Ж.Наранхандыг "түлхүүр дураараа авлаа" гэсэн шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие хэргийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 270.000 төгрөгийг нөхөн төлсөн.” гэв.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхонд ажиллаж байгаад 13 давхарын цахилгааны шийдний түлхүүрийг авч онгойлгоод цахилгаанчин залууг орж юм янзлуулаад буцаж цоожилсон. 1 давхарын текэн дор түлхүүрээ хийж байхад хяналт хариуцсан ажилтан Б ирээд түлхүүр дураараа авлаа гэж над руу уурлаж дайрсан. Тэгээд миний хувцасны энгэрээс зуурч зулгааж чирч буцаж хүзүүний шил хэсгээс зулгааж үүд хэсэг рүү чирсэн. Үс зулгаасан. Би халааснаасаа утасаа гаргаж ирэхэд гар руу цохиж унагаагаад утасны дээрээс гишгэж эвдсэн. Б энэ миний талбай одоо л чамайг зайлуулна гээд чирээд байсан. Тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-10-11/

Гэрч Г.Өнөрсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто таун”-ын байранд Б, Наранханд нар цахилгааны өрөөний түлхүүрний асуудлаас болоод маргалдаад байсан. Б миний хариуцсан барилга би эднээс зайл гээд Наранхандыг гарнаас нь татаж лифт рүү чирээд байсан. Би голоор нь орж салгасан. Наранханд буцаад явахад Ба хүзүүний ар хэсгээс нь бариад нөгөө хаалгаар гаргах гээд байсан. Ноцолдож байхад Наранхандын гар утас унчих шиг болсон. Б газар унасан гар утсан дээр нь хальт гишгэсэн. Дээрээс нь албаар дэвсээд байсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13115 дугаартай дүгнэлт:

  1. . Ж.Наранхандын биед хүзүүнд зулгаралт, дагзны төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  
  2. . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-19/ иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто таун” хотхонд иргэн Ж.Наранхандыг "түлхүүр дураараа авлаа" гэсэн шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох  нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид 270.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР