Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2020/00025

 

 

 

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 15-12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар.........., Т овогтой Ж-гийн Б-ын нэхэмжлэлтэй  ,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат /цахимаар/, шүүх хуралдааны  бичгийн дарга М.Булгаа нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр миний бие Капитал банкинд зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас биелүүлэх нэрийдлээр Ж.Б миний эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 840 метр квадрат газрын үнэлгээг зах зээлийн үнээс багаар тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал: Ж.Б би газар дээрээ 4 тал хашаатай, бусад хашааны газартай харьцуулахад хэмжээ томтой, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байхад 5.000.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Манай хашаатай зэргэлдээ жижиг газартай хашаанууд хамгийн багадаа 12.000.000 төгрөгөөр зарагдаж байхад миний хашаа 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Ж.Б миний Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох гомдлыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 метр квадрат газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Саран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч Ж.Б-аас 12.530.270 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Саран би төлбөр төлөгчийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 6-21 тоот дахь 840 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 17210363/03 дугаартай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, үл хөдлөх хөрөнгө хураах ажиллагааг төлбөр төлөгчийг байлцуулан 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 14:29 цагаас 14:57 цагийн хооронд явуулж, төлбөр төлөх хугацаа тогтоон мэдэгдэл гардуулсан. Мэдэгдлийн хугацаа дуусахад төлбөр төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас хураагдсан хөрөнгийн үнэлгээ гаргуулахад үнэлгээний тухай харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Ж.Б-т хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу танилцуулж, үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор  “хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргах, мөн хөрөнгийн үнэлгээний талаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”-г тус тус танилцуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Дээрх хугацаанд хөрөнгийн үнэлгээн дээр төлбөр төлөгчөөс санал, гомдол гаргаагүй. Иймд төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй эрх зүйн үндэслэлүүд:

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-т “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй.

Энэ эрхийнхээ дагуу миний бие анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 08 цаг 7 минутад Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудан uvs [email protected] хаяг уруу monkhbatseedorf10 @gmail.com-ooc хүргүүлсэн. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хүсэлтийг хүргүүлсэн баримтыг хавсаргав.

Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах болсон үндэслэл, шалтгаан нь : өмгөөлөгч Б.Мөнхбат би 2020 оны 10 дугаар сарын 26, 27, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Н, Р.А, Ш.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.А-ы өмгөөлөгчөөр оролцож байсан болно. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зарыг хавсаргав.

Уг эрүүгийн хэрэг нь олон оролцогчтой, шинжлэн судлах нотлох баримт ихтэй, маргаантай тул гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан нь 3 өдөр явагдсан тул Ж.Б-ын нэхэмжлэлтэй Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон.

Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахгүйгээр, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргах хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгааг нотлох боломжийг хязгаарлаж, зөвхөн хариуцагч талыг оролцуулж, хариуцагч талаас гаргасан нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцэх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ч Үндсэн хуулиар  баталгаажуулсан иргэний газар өмчлөх эрх зөрчигддөг. Уг зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргадаг. Шүүхэд гомдол гаргалгүй хугацаа хожимдсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг сэргээж болдог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  Ж.Б-ын гомдолтой Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.  

Талуудын хооронд үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой  маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар  Ж.Б нь  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12.423.407,59/ арван хоёр сая дөрвөн зуун хорин гурав мянга дөрвөн зуун долоо төгрөг, тавин ес мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхөөр зөвшөөрснийг баталж,  барьцаа болох Увс аймаг Улаангом сумын 9 дүгээр баг 6-21 тоотод байрлах Ү-0260586 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар, мөн Увс аймаг Улаангом сум 1-р 60 айлын 4-48 тоотод байрлах чацарганы тоног төхөөрөмж зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Капитал банк ХХК хүсэлт гаргасныг тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1209 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 240 дугаар гүйцэтгэх хуудас олгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар тогтоолоор  дээрхи шүүхийн 240 дүгээр гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Ж.Б-т холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч талд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулах, төлбөр төлөгчтэй уулзаж шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоох, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөх хугацаа тогтоох, битүүмжилсэн хөрөнгийг хурааж, төлбөр төлөх хугацаа тогтоох зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд заасан дэс дарааллаар авч хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Төлбөр төлөгч Ж.Б 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “ Миний бие Увс аймаг Улаангом сумын 9 дүгээр баг 6-21 тоотод байрлах Ү-0260586 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар /4тал хашаатай/ -ыг доод үнэ 25 сая төгрөгөөр үнэлж байна. Төлбөр авагч Капитал банк миний эзэмшлийн газар хашааг 4 сая төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж, үнэлгээ тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3/03 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээч Д.Ганбаатарыг шинжээчээр томилсон байна.    

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатарын 2020 оны 4 дүгээр 13-ний өдрийн дүгнэлтээр Увс аймаг Улаангом сумын 9 дүгээр баг 6-21 тоотод байрлалтай, Ү-0260586 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 5.050.000 / таван сая тавин мянга/ төгрөгөөр тогтоожээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б-д хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ны танилцуулж, тэмдэглэл хөтлөн, уг үнэлгээг эс зөвшөөрвөл  ийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласан нь хуульд нийцсэн байх ба энэ талаархи баримт хэрэгт авагдсан байна.

Харин төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “ талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа тасарсан болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байна.   

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон болон энэхүү хөрөнгийн үнэлгээ тогтоох дүгнэлт гаргах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан,  хууль зөрчсөн гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Дээрхи үндэслэлүүдээр Ж.Б-ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын   давж заалдах журмаар гаргасан : “ Анхан шатны шүүх “ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж,  шүүх хуралдаан явуулсан, миний бие 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа үндэслэл, шалтгаанаа бичиж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ явуулсан байхад хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Мөн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргах хугацаа сэргээлгэх, хүндэтгэн үзэх шалтгаан байгааг нотлох боломжийг хязгаарлаж, зөвхөн хариуцагч талыг оролцуулан шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2156 дугаар захирамжаар тус иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагт хэлэлцүүлэхээр тов тогтоож, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, улмаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан “өмгөөлөгч авах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгчөөр Б.Мөнхбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасны дагуу тухайн өдөр шүүхээс өмгөөлөгч Б.Мөнхбатад тухайн иргэний хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 194, 195 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө хүрэлцэн ирж, өмгөөлөгч Б.Мөнхбат Ховд аймагт өнөөдөр 14 цагаас шүүх хуралд оролцох учир өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлүүлэх эрхийг хангаж өгнө үү гэх хүсэлт гаргасан, мөн өмгөөлөгчөөс хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаж, өмгөөлөгч Б.Мөнхбатад шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний гар утсаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. 2

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 10 минут / шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талыг 10 минут хүлээсэн талаар тусгасан байна/-д эхэлсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар ирээгүй байх ба тэдний хэн альнаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэг хүсэлт ирүүлсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхэд урьдчилан мэдэгдсэн гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “  нэхэмжлэгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул  хэргийг тэдний эзгүйд шийдвэрлүүлэх саналтай байна” гэх хүсэлтийг шүүх хэлэлцэж, 2288 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг удаа дараа  хойшлуулсан боловч нэхэмжлэгч тал товлосон хугацаанд шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн нэхэмжлэгч болон өмгөөлөгч Б.Мөнхбат нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан нь Баян-Өлгий аймагт болох шүүх хуралдаантай  давхцаж байгаа талаар шүүхэд урьдчилан мэдэгдээгүй, хойшлуулах хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан,  оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат  давж заалдах гомдолдоо: “шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 08 цаг 7 минутад Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангаар хүргүүлсэн” гэж тайлбарлан, Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов, шүүх хурал хойшлуулах хүсэлт, хүсэлтийг цахимаар хүргүүлсэн гэх баримтыг давж заалдах гомдлын хамт ирүүлсэн байх боловч уг хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө явуулсан, хүсэлт хүргүүлсэн талаараа  шүүхэд мэдэгдсэн гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН