Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 224/МА2020/00026

 

2020 оны 12 сарын 21 өдөр    Дугаар 224/МА2021/00026

Баянцагаан зам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэртэй,

Баянцагаан зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ж-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Баянцагаан зам ХХК-ийн захирал М.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ хийж, Баянцагаан зам ХХК-ийн өмчлөлийн 000142838 тоот гэрчилгээтэй, Ү-1520003234 тоот улсын бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууцны хаягт байрлах, 47 м.кв хэмжээтэй, пудволын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Г.Ж-д шилжүүлсэн. Иргэн Г.Ж нь тухайн үед надад банкнаас зээл авах гэхээр нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай байна. Таны нэр дээр байгаа эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалаад зээлээ төлж дуусангуут эргүүлээд өөрийн тань нэр дээр шилжүүлж өгье гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд эд хөрөнгө бэлэглэж байгаагаар гэрээ хийж нотариатаар батлуулж Баянцагаан зам ХХК-ийн нэр дээрх уг пудволын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Г.Ж-гийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулсан юм.

Баянцагаан зам ХХК нэг гишүүнтэй, миний өөрийн эзэмшлийн компани учраас би захирлын хувьд уг гэрээг байгуулсан. Г.Ж нь уг эд хөрөнгийг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан барьцаалж, Хас банкнаас 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 36 сарын хугацаатай зээл авсан. Миний хувьд компанийхаа тухайн эд хөрөнгийг анхнаасаа Г.Ж-д бэлэглэх, Г.Ж-д надаас бэлэг хүлээн авах гэсэн хүсэл зориг, эрмэлзлэл байгаагүй, харин Г.Ж-д уг эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавиад буцаан авах зорилготой байсан юм. Г.Ж анх надад хүсэлт гаргахдаа 3 жилийн хугацаатай зээл авч байгаа, зээлээ төлж дуусгаад шилжүүлж өгнө гэж тохирсон. Би 3 жилийн дараа гэрчилгээгээ авахаар уулзахад зээлээ төлж дуусгаагүй байгаа, удахгүй дуусгаад шилжүүлж өгье гэсэн боловч өгөхгүй өнөөдөр хүрсэн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний Баянцагаан зам ХХК-ийн нэрийн өмнөөс Г.Ж-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр М.Б-той бэлэглэлийн гэрээ байгуулж Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах, 47 м.кв хэмжээтэй, пудваль зориулалттай эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан үнэн боловч би өөрийн биеэр түүнд хүсэлт гаргаж байсан зүйл байхгүй. Тухайн үед Хас банкны эдийн засагч Ж.Төгсжаргал надад зээл гаргуулж өгөх зорилгоор өөрөө хөөцөлдөж уг гэрээг байгуулсан. Надад М.Бийн үл эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах бодол байгаагүй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь М.Бийн өмчлөлийн хөрөнгө мөн тул эргүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Э.Н анхан шатны шүүхэд болон шүхү хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк ХХК нь Г.Ж, Г.З нарт холбогдуулан зээлийн төлбөрт 14.148.240,83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрч тус шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Мөн тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1781 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, төлбөр авагч Хас банк ХХК-д 363 дугаартай гүйцэтгэх хуудас олгосны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байна.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх үүргийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох, өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрхийг хөндөхгүй, хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу төлбөр гаргуулахад саад болох үндэслэлгүй талаар шүүхээс гарах шийдвэрт тухайлан дурдаж өгнө үү гэжээ.

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Жд холбогдох, нэхэмжлэгч Баянцагаан зам ХХК-ийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Баянцагаан зам ХХК-ийн захирал М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо : Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Г.Ж нь 2012 оны 4 дүгээр сарын 10-ны үед Хас банкин дээр надтай таараад /2 -уул зээл хөөцөлдөж байсан/ банкнаас зээл авах гэхэд нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай байна. Таны нэр дээр байгаа эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалаад зээлээ төлж дуусангуут эргүүлээд өөрийн тань нэр дээр шилжүүлж өгье гэсэн хүсэлт тавьсан.

            Тэгээд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ хийж, Баянцагаан зам ХХК-ийн өмчлөлийн 000142838 тоот гэрчилгээтэй, Ү-1520003234 Улсын бүртгэлийн дугаартай Увс, Улаангом, 3-р баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах 47 м/кв пудволын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгө бэлэглэх гэрээ хийж нотариатаар батлуулж, Баянцагаан зам ХХК-ийн нэр дээрх уг пудволын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Г.Ж-гийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулсан юм.

Г.Ж нь уг эд хөрөнгийг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан барьцаалж, Хас банкнаас 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 36 сарын хугацаатай зээл авсан байдаг. Тэгээд 3 жилийн дараа Г.Ж-гаас гэрчилгээгээ шилжүүлж авах гэтэл банкны зээлээ төлөөгүй байсан учраас манай компанийн нэр дээрх тухайн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлж өгөөгүй өдийг хүрсэн. Надад компанийхаа тухайн эд хөрөнгийг анхнаасаа Г.Ж-д бэлэглэх, Г.Ж-д надаас бэлэг хүлээн авах гэсэн хүсэл зориг, эрмэлзлэл байгаагүй, харин Г.Ж-д уг эд хөрөнгөө зээлийн барьцаанд бариулаад буцаан авах зорилготой, өөрөөр хэлбэл энэ гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан юм.

            Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгадаа дүр үзүүлсэн хэлцэл байсан гэсэн агуулгыг бүрэн ойлгомжтой бичсэн боловч техникийн алдаа гарган хуулийн заалтаа Иргэний хуулийн 56.1.1 гэж буруу бичсэн байна. Гэсэн ч нэхэмжлэлийн агуулгаас харахад ямар ч хуульч хүнд дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа.

            Гэтэл шүүх нэхэмжлэлийн агуулгад анхаарал хандуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, иргэний хуулийн 56.1.1-ийг тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Анхнаасаа уг гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан учраас шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэсэн эдгээр заалтуудыг тайлбарлах ч шаардлага байхгүй. Хуулийн эдгээр заалтууд нь хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээнд л хамаарна.

Мөн шүүх зохигчид тухайн үед Г.Ж нь банкнаас зээл авах гэхэд нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн тул Баянцагаан зам ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг Г.Жгийн нэр дээр шилжүүлээд банкны зээлийн барьцаанд тавиад зээлээ төлж дуусангуут буцаагаад Баянцагаан зам ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө гэх болзолтой бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх боловч энэ талаар бэлэглэлийн гэрээндээ тусгаагүй тул Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ заалт нь мөн л хүчин төгөлдөр гэрээнд хамаарахаас гадна бэлэглэгчид буцааж өгнө гэсэн болзолтой бол энэ нь бэлэглэлийн гэрээ биш ээ.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно. Гэтэл Банкны барьцаанд тавиад буцааж бэлэглэгчийн нэр дээр шилжүүлж өгнө гэж байгаа нь уг гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл буюу болзол биш юм.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Энд эрхийн маргаан үүсээгүй. Энэ тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 зүйлийг хэрэглэх ёстой байсан. Шүүх гуравдагч этгээд болох банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө, ипотекийн зүйл байна гэдэг байдлаар шүүх хуралдаан зарласан.

Ипотек буюу үл хөдлөх хөрөнгийн барьцаа гэдэг нь тухайн үл хөдлөх хөрөнгөөс тэргүүн ээлжид шаардлагаа биелүүлэх эрхийг хэлж байгаа. Магадгүй, энэ бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлаас шалтгаалаад тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч Г.Ж-гаас нэхэмжлэгч Баян цагаан зам ХХК-д шилжсэн тохиолдолд энэ барьцааны эрх тэргүүн ээлжинд шаардлагаа хангах эрх хөрөнгөө давхар дагалдаад явна. Энд банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Бид барьцааны эрхийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих тохиолдолд давхар дагалдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 дугаар зүйлд зохигч эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 2, 3 дахь заалтуудын хувьд маргаантай хэргийн зохицуулалт байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбартаа Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэх хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаар маргаангүй гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр буруу. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болох зохицуулалтыг хэрэглэж шийдсэн байдаг. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэл гаргаагүй. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчингүйд тооцуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах нь эрх зүйн үр дагаврын хувьд өөр ойлголт байдаг. Мөн үндэслэлийн хувьд ч өөр байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн үндэслэл гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийг үндэслэж шийдвэрлэх боломжгүй. Хууль хэрэглээний алдаа байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн зүйлийг шийдсэн. Хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н: Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан хөрөнгөд хамааралтай, хөрөнгөд дагалдах эрх гэж байдаг. Баян цагаан зам ХХК өөрсдийн нэр дээр хөрөнгийг шилжүүлж аваад Г.Ж-гийн өр төлбөрийг төлж барагдуулах эсэх нь ойлгомжгүй. Эвлэрэх боломжгүй байна гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Баян цагаан зам ХХК болон хариуцагч Г.Ж нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянцагаан зам ХХК-ийн өмчлөлийн 000142838 тоот гэрчилгээтэй, Ү-1520003234 тоот улсын бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах, 47 м.кв талбай бүхий, пудволын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх гэрээ хийгдсэн, уг гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3-т нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэсэн байна.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байгаа, Г.Ж нь уг эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавьж, зээл аваад 3 жилийн дараа зээлээ төлж дуусаад буцааж шилжүүлж өгнө гэж надтай тохирсон. Гэвч одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй гээд буцааж өгөөгүй. Иймд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж, хариуцагч мөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвшөөрч байгаа гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэхүү бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1/ 56.1.1-56.1.10/-т заасан үндэслэлүүд, мөн түүнчлэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т заасан нөхцөл бий болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдоогүй байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан Нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Энд эрхийн маргаан үүсээгүй. Энэ тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь: хариуцагч Н.Ж бэлэглэлээр хүлээн авсан Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах, 47 м.кв талбай бүхий, пудволын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд барьцаалан баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Хас банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Баян цагаан зам ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбараар нотлогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас банкны Увс салбараас М.Б, Г.Ж нарт холбогдох иргэний хэрэгт Хас банкны эрх ашиг хөндөгдөж байгаа учир гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасантай нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан уг баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянцагаан зам ХХК-ийн захирал М.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                   Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                  Л.АЛТАН