Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 184

 

                                          Б.С, Т.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Т.Х-ны өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.С-ий өмгөөлөгч С.Намжилмаа,  нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1490 дүгээр магадлалтай Б.С, Т.Х нарт холбогдох эрүүгийн 201725020252 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ч овогт Б-ийн С,

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, хэрэгт холбогдох үедээ “Нийслэлийн статистикийн газар”-т төсөв, нийгмийн даатгал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй Я овогт Т-ын Х.

Б.С нь Т.Х-тай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир /гантель/ дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х.С нарын хүсэл сонирхлыг ашиглан өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг Т.Х-аар дамжуулан В.Т, Х.С нарт нийт 49,700,000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Т.Х-тай хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

Т.Х нь Б.С-тэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир /гантель/ дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х.С нарын хүсэл сонирхлыг ашиглан өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг В.Т,, Х.С нарт нийт 49,700,000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Б.С-тэй хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С, Т.Х нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ийг 2 жилийн хорих,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-ыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 1490 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соёл-Эрдэнийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Т.Х-ны өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.          

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Х гаргасан гомдолдоо: “2016 оны 08 сард Б.Соёл-Эрдэнэ 25,000,000 төгрөгийг маань зээлээд 65,000,000 төгрөг болгож өгнө гэсэн үгэнд нь итгэж, зээлсэн 25,000,000 төгрөгөө /нотлох баримттай/ авахдаа үгэнд итгэж түүний арга мэхэнд автаж, хууль бус үйлдэлд нь ашиглагдаж бусдад хохирол учруулсандаа чин санаанаасаа гэм буруугаа ухаарч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Би өөрөө цагдан хоригдсон учир тодорхой төлбөрийг миний нөхөр Г.М төлж эхэлсэн байгаа. Б.С-д 25,000,000 төгрөг зээлийн гэрээгээр өгч бодитой хохирсон. Нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, Б.С-ний өөрийн мэдүүлэг байгаа. Би одоо учруулсан хохирлоо төлж байгаа бөгөөд төлж дууссанаар өөрөө би давхар хохирч харин Б.С нь үндэслэлгүй хууль бусаар хөрөнгөжиж, завшиж байгааг та бүхэн анхааралдаа авч Б.С-д өгсөн 25,000,000 төгрөгийг түүнээс нэхэмжлэн авах эрхийг маань шүүхийн тогтоолд тусгаж өгнө үү.

Эх орондоо ихийг бүтээх залуу чадварлаг боловсон хүчин нь байх ёстой атал гэмт хэрэгтэн болоод хорих ял эдэлж байгаадаа туйлын их гэмшиж, гутарч, сэтгэлээр унаж, маш их харамсаж байна. Миний нөхөр Г.М-д “Ред пад” ХХК-д уурхайчнаар ажилладаг. Бид 2013 онд гэр бүл болсон цагаасаа хүүхэдтэй болох чин хүсэлтэй байсан боловч, өдий хүртэл хүүхэдтэй болж чадаагүй. Олон жил, олон газраар явсны эцэст “Өөжин мед” эмнэлгийн үр шилжүүлэн суулгах арга манай гэр бүлд тохиромжтой болохыг олж мэдэн тус эмнэлэгт удаан хугацаанд эмчилгээнд явж үр шилжүүлэн суулгах байсан боловч хууль эрх зүйн мэдлэггүй, танихгүй хүнд итгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаж, бусдыг хохироогоод өөрөө цагдан хоригдсон. 2013 оноос үр шилжүүлэн суулгах ажилбарт бэлдсэн нь үр дүнгүй болж манай гэр бүлийн хүүхэдтэй болох хүсэл биелэх боломжгүйд хүрэх вий гэхээс айж байна. Үр шилжүүлэн суулгах нь цаг, хугацаа их шаарддаг төдийгүй санхүү мөнгө ч их ордог. Энэ бүхэн маань бүгд талаар болж байгаад харамсаж байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч би Т.Х-ны гэм буруутай эсэх талаар огт маргахгүй бөгөөд зөвхөн шүүх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй талаар гомдол гаргаж байгаа болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүх Т.Х-ны зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаар шийтгэж болох бөгөөд хорих ял нь эдгээр сонгох ялаас хамгийн хүнд юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” байгаа л тохиолдолд тухайн тусгай ангид заасан зүйл заалтын хүрээнд тохирох ял, ялын хугацаанд ялыг хүндрүүлж болдог. Гэтэл шүүх хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 8.1, 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Т.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 3 дахь хэсэгт зааснаар өөрийн гэм буруутай үйлдлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдсэн эд зүйлийг гарган өгсөн. Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авч, цаашид ч авахаа илэрхийлж, уучлалт гуйж гэмшиж байгаа зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал юм.

2020 оны 07 дугаар сараас эхлэн “Өөжин мед” эмнэлгийн хяналтад орж, эмэгтэйчүүдийн үргүйдэл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд эмчилгээний үр дүнд үр шилжүүлэн суулгах ажиллагаа нь амжилттай болж эхэлсэн. Лабораторийн аргаар үр хөврөл явагдаж Т.Х-ны биед үр хөврөлийг суулгаж, жирэмслэлт нь ердийн байдлаар явагдахад бэлэн болж, үр хүүхэдтэй болох нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Хохирлыг нөхөн төлөх боломжтой түүний нөхөр Г.М нь “Ред пад” ХХК-д гүний уурхайчин ажилтай, сарын цалин 2,500,000 төгрөг авдаг. Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн 2 өрөө байр, автомашинтай, гэр бүлийн хэрэгцээний бизнес эрхэлдэг. Т.Х-ны хувьд төрийн байгууллагад ажилладаг болохын хувьд өөрийн гэсэн цалин орлоготой бөгөөд гэр бүлийн хөрөнгө орлого өөрийн орлогоос дээрх гэмт хэргийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой юм. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл Т.Х-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэх арга хэмжээг авч болох бүрэн боломжтой хэдий ч гэм буруутай этгээд болохыг шүүх нэгэнт тогтоосон учир хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль” нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай 12 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлт гарснаар Т.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ гарч байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хорих ялын доод хэмжээ нь 06 сараас дээш хугацаатай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоогоогүй байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг нэмж, хорих ялын доод хэмжээ нь 06 сараас дээш тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 3 жил болгон нэмсэн. Өөрөөр хэлбэл 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн гэм буруугүйд тооцох зарчим үйлчлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Т.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч нь нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш 7 жилийн хугацаанд үр хүүхэд тогтоогүй, цаашилбал хэзээ үр хүүхэдтэй болохгүй байх эрсдэл тулгарч байгаа бөгөөд нөхрийн хамт “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвд тогтмол эмчийн хяналтанд үзлэг шинжилгээнд хамрагдаж, үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэн жирэмслэх чухал цаг хугацаа тохиосон боловч бусдад итгэн, тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хорих ял шийтгүүлэн, шүүхээс ялыг биечлэн эдлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээснээс шалтгаалан, хэзээ ч үр хүүхэдтэй болох боломжгүй болох туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг хүлээн авч, үнэн зөвөөр дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож буй эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдож байгаа зэргийг харгалзан үзэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

 Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч С.Намжилмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Т.Х нь Б.С эрхшээлд орж гэмт хэрэг үйлдсэн гэдэг тайлбар гаргаж байх шиг байна. Гэвч Б.С-ийн хувьд түүнийг эрхшээлдээ оруулсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.Х нарын хүмүүс Б.С-ээс өмнө энэ үйл ажиллагааг явуулж байсан байдаг. Б.С-ийг Улан-Үдэ рүү явуулсан хүн бол Т.Х юм. Б.С-ийн хувьд хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Т.Х-ны хувьд хохирол төлбөрийг төлөх боломж байсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулж хохирол төлбөрийг төлөх боломж байгаа бөгөөд Ц өмгөөлөгч биднээс хохирол төлбөрөө төлчхөөч, та нарт ял шийтгэлийн хувьд хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг. Т.Х нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Б.С-ийн хувьд эрүүл мэндийн байдлын хувьд сахартай, хорих ангид биеийн байдал нь муу байгаа, хорих ангийн эмнэлэгт 2-3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Б.С-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлсөн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Прокурорын  яллах дүгнэлтэнд тусгасан 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.С, Т.Х нар бүлэглэн бусдын 49,700,000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болохыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Уг хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь хохирогч В.Т, Х.С нарын иргэний гүйлгээнд байдаггүй эд зүйлийг (улаан мөнгөн ус агуулсан төмөр туухай) худалдан авах гэсэн хүсэл сонирхлыг ашиглан тэдгээрийн хайж буй зүйлийг борлуулж буй мэтээр худал хэлэн хуурч дээрх мөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хоёр шатны шүүх залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдэхэд тэдний гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үндэслэлтэй тогтоон хууль буцаан хэрэглэх замаар хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилжээ.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хэм хэмжээг удирдлага болгон шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр, хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд багасган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлагыг хөөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялтай холбогдуулан тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон байна.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т.Х-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах 173 дугаар тогтоол (хэргийн 2 дахь хавтас, 190-191 дэх тал) гаргасан байх бөгөөд дээрх зүйл, хэсэгт хорих ялын дээд хэмжээг 8 жил хүртэл гэж заасан тул мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байжээ.

Уг тогтоолд прокурор нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 296 дугаар тогтоолоор (хэргийн 3 дахь хавтас, 103-104 дахь тал) нэмэлт, өөрчлөлт оруулсан ба ингэхдээ хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй тул дээрх хөөн хэлэлцэх хугацаа хэвээр үргэлжилсэн байна.

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаар прокурорын тогтоолоор  (хэргийн 3 дахь хавтас, 156-157 дахь тал) дээрх тогтоолд өөрчлөлт оруулан Т.Х-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд 1.5 дахь заалтыг хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмснийг мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэхүү шинэ зохицуулалтанд Т.Х-д сүүлд ял сонсгосон мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарч байх боловч дээрх зүйлийн 2 дахь  хэсэгт хууль тогтоогч өөрчлөлт оруулан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн зохицуулжээ.

Прокурор нь Т.Х-ыг анх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар татсан тул эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтаар түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн сонгон хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх болно.

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Дээрхээс гадна Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 6 сар,  дээд хэмжээг 3 жил байхаар тогтоосон байх бөгөөд  давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээний тавин хувиас доогуур буюу Б.С-ийг 1 жил 2 сар, Т.Х-ыг 1 жил хорих ялаар шийтгэснийг ялыг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хоёр шатны шүүх Б.С, Т.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх” талаар шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Т.Багахүү, “хорих ялыг тэнсэх”-ийг хүссэн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Т.Х-ны гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хүлээн авах үндэслэлгүй” гэж магадлалын тодорхойлох хэсэгт (хэргийн 4 дэх хавтас, 98-99 дэх тал) дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1490 дүгээр магадлалын 2 дахь заалтад “шүүгдэгч Т.Х-ны ...” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ