Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 025

 

К.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух Ители овогт Кишатын Нурланбек, 2 дугаар багт оршин суух Хурман овогт Көкений Турарбек, 3 дугаар багт оршин суух Ители күйик овогт Болатханы Роза нарын нэхэмжлэлтэй, Магнай Трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Алтай, Магнай трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ...Магнай трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбарын түгээгч болон харуул хамгаалалтын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: К.Турарбек, Б.Роза нар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, К.Нурланбек 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Магнай трейд ХХК-ийн 145 дугаар ШТС-ын салбарт түгээгчээр үндсэн ажилтнаар ажилд орсон. Бид гуравтай хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд гэрээг жил болгон шинэчлэн сэргээж хийж байсан. Хамгийн сүүлчийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Магнай трейд ХХК-ийн өмнөөс Б.Роза, К.Нурланбек нартай Магнай трейд Баянгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэнүүн гэдэг хүн, харин харуул хамгаалалт хариуцаж түгээгчээр ажиллаж байсан К.Турарбектэй Магнай трейд ХХК-ийн харьяа Магнай трейд Секюрити ХХКомпаны гүйцэтгэх захирал Г.Ганболд гэдэг хүн тус тус гэрээ хийж, тэмдэг дарж, гарын үсэг зуралцсан байгаа. Энэ гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар нэг жилийн хугацаатайгаар хийсэн байсан. Бид ажилласан хугацаанд албан ажилдаа зөрчил дутагдал гаргаагүй, захиргааны хариуцлага хүлээж байгаагүй ажилдаа гологдолгүй ажил олгогчийн итгэлийг алдаагүй билээ. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гурван шатахуун түгээх станцын салбарт ажилладаг нийт 14 ажилчдыг 145 дугаар шатахуун түгээх станцын салбарт хуралтай гэж цуглуулж Улаанбаатар хотоос ирсэн Магнай трейд ХХК-ийн хуулийн зөвлөх Энхжавхлан та нарыг ажлаас халсан гэж хэлээд ямар ч үндэслэлгүйгээр нийт 12 хүнийг бөөнөөр нь ажлаас чөлөөлсөн. Бид ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тухай ямар ч тушаал аваагүй. Мөн ажиллахаар очиход бидний оронд өөр 12 хүнийг авч ажиллуулсан байсан ба ажлын байранд оруулахгүй хөөсөн. Иймд К.Турарбек, К.Нурланбек, Б.Роза нарыг Магнай трейдХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь шатахуун түгээх станцын 145 дугаар салбарт урьд эрхэлж байсан түгээгч болон хамгаалагчийн ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ю.Болдбаатар миний бие нь иргэн К.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нарыг ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд тус компанийн ажил олгох эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд Магнай трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй юм. Иймд К.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нарыг Магнай Трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь шатахуун түгээх станцын 145-р салбарт түгээгч болон харуул хамгаалалтын ажилд эгүүлэн тогтоосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Магнай трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбарын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Б.Роза, К.Нурланбек нар нь Магнай трейд Баянгол ХХК-нд, К.Турарбек Магнай трейд Секьюрити ХХК-нд ажиллаж байсан гэдгээ дурдсан бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт мөн дурдсан байна. Эдгээр хүмүүс Магнай трейд ХХК-нд ажиллаж байгаагүй гэдэг нь тодорхой байхад Магнай трейд Баянгол ХХК-ийн ажилтан Ю.Болдбаатар гэдэг хүнийг хүчээр хариуцагчаар татаж, Магнай трейд ХХК-ийг төлөөлүүлж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Хэрэв анхан шатны шүүх манай компанийг хариуцагчаар татаж байгаа бол бидэнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэж, мэтгэлцэх боломжоор хангаж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Магнай трейд ХХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд сүүлийн 6 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд компаний бүх удирдлага уг хаягт байрлан ажиллаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хэргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны /хуучин нэрээр/ шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэвч тодорхой шалтгаангүйгээр хэргийг тус шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

К.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нар нь нэхэмжлэлдээ Магнай Трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбар /эрхлэгч Ю.Болдбаатар/-ыг хариуцагчаар тодорхойлжээ. Хэрэгт авагдсан баримтуудас үзвэл, ажилтан К.Нурланбек, Б.Роза нар нь МТ Баянгол ХХК-тай, ажилтан К.Турарбек нь МТ Секьюрити ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй буюу Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг анхаараагүйгээс гадна нэхэмжлэлд дурдсан этгээд болох Магнай Трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбар нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдсоор байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-т заасан журмыг хэрэгжүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгч нарт танилцуулан тайлбарлаагүй, тэдгээрийн саналыг аваагүй нь хуульд заасан журамд нийцээгүй байна.

 

Шүүх дээрх ажиллагаа явуулаагүй атлаа Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хэрэг шилжүүлэх тухай 968 дугаар шүүгчийн захирамжаар Хариуцагч Магнай трейд ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь ШТС-ын 145 дугаар салбар нь тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа боловч тус компанийн удирдлага буюу Магнай трейд ХХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамжинд байршилтай байна. гэж нотлох баримтад үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.1.2.-т зааснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23246 дугаар шүүгчийн захирамжаар шилжүүлсэн хэргийн харъяалал тогтоолгохоор К.Нурланбек, К.Турарбек, Б.Роза нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүний 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний хэргийн харьяалал тогтоох тухай 427 дугаар захирамжаар тус иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон байна.

 

Гэтэл, дээр дурдсанаар Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүний захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьаллыг тогтоосон байхад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34566 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, зохигчид Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг, маргааныг харъяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2.-т зааснаар хэргийг дахин Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. гэсэн журам зөрчигдөн байна. Энэ талаарх Магнай трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хэрэг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсний дараагаар МТ Бянгол ХХК-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35/15 дугаар болон МТ Баянзүрх ХХК-ийн захирлын мөн өдрийн 78/15 дугаар тушаалууд хэрэгт авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ үед мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-т заасан журмыг анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхтэй хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулаагүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон дээрх журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК