Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

      Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг

      нарт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Гэрэлбадрах,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарт холбогдох 201601070071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цал овгийн Ганбаатарын Ариунжаргал, 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, “Шинэ хороо”-ны 15-2 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 8-1318 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ГЮ97042906/

 

2. Боржигон овгийн Сүхбаатарын Золжаргал, 1998 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4; эцэг, эх, ах нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг, Төв наран хороо, 6 дугаар гудамжны 19 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 8-1318 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ГД98022001/

 

3. Боржгон овгийн Цэрэнбатын Уранбилэг, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4; эцэг, ах, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 11-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ГИ96111103/

 

Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Э.Баярсайханы виза картыг хулгайлж, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Соронз” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн үйлдлээр 240,000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүдэгч нар цагдан хоригдоогүйг дурдаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Гэрэлбадрах бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“1. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Г.Ариунжаргал С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг, түүний “ХААН” банкны 5750594399 дугаартай дансны хуулга, гэрч А.Алтангэрэл, Г.Мөнхтүшиг нарын мэдүүлгээр нотлогдсон болно.

Шүүхийн тогтоолын заалтын тухайд: 1. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нийт хэмжээ нь гэмт хэрэг гарах үеийнхээр 192,000 төгрөг, одоогийнхоор 240,000 төгрөг ба түүнээс дээш байгаа тохиолдолд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй. Харин 240,000 төгрөгт хүрэхгүй байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхээр тусгажээ. Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгон өөрчилсөн нь хэрэгжиж байгаа, картаас мөнгийг авахдаа бүгдийг бус бага хэмжээгээр авсан зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир гэмт хэрэгт тооцохгүй байх нь зохимжтой” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

2. Шүүхийн цагаатгах тогтоолд “... шүүгдэгч нар нь үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан нь хулгайлсан гэх 240,000 төгрөгийг найз нартайгаа наргих, хоол авах, хот руу буцаж хүргүүлэх, шатахуун зэрэгт зарцуулсан нөхцөл байдлаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хэмжээний хохиролд тооцно” гэж заасны дагуу 240,000 төгрөг нь бага бус хэмжээнд хамаарагдаж байна. Иймд Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна...” гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нар картаас мөнгийг авахдаа бүгдийг бус бага хэмжээгээр авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир гэмт хэрэгт тооцохгүй байх нь зохимжтой гэж” хоёр өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлага хангахгүй байна.

3. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн үндсэн шинж болох Эрүүгийн хуульд заагдсан, нийгэмд аюултай, хэргийн субъект гэм буруутай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн, Эрүүгийн хууль зөрчсөн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг шинжүүдийг бүрэн хангасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нар хохирлыг тэр даруйдаа төлсөн гэж гэмт хэрэг гарах үеийн шинж чанарт дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг гарсны дараах үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэснээс хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

            Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй хэмээн дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нар нь Э.Баярсайханы банкны картыг хулгайлж автомат мөнгөний машинд уншуулан данснаас нь 2 удаагийн үйлдлээр 240,000 төгрөг авсан байх ба тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулжээ.

 

“Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлон хуульчилсан боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгэмд аюулгүй, ялимгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлд заасан байна.

 

Гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийн үнэ цэнэ, хохирлын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээр тодорхойлогдоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан хэдий боловч бусад онцгой эрх ашиг: тухайлбал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээс дээгүүр авч үзэж болохгүй.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлоход хохирлын хэмжээ, шинж чанар буюу өмчлөх эрх зөрчигдсөн цар хүрээ чухал ач холбогдолтой.

 

Түүнчлэн ялимгүйн учир нийгэмд аюулгүй гэж үзэхдээ учирсан хохирлын хэмжээ, шинж чанараас гадна шүүгдэгч нарын гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн байдал буюу гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг шүүх тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд уг хохирол нь гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлэхээр хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн заавал байх шинж болсон учирсан хохирол нь хууль тогтоомжид заасан хэмжээнд хүрээгүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болно.

 

Шүүгдэгч Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын бусдад учруулсан хохирол нь хэрэг үйлдэгдсэн тухайн цаг үед ч, гэм буруугийн асуудлыг шүүхээр  хэлэлцэж буй энэ мөчид ч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцэж байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэхэд хүргэв.

 

Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нар нь хохирогч Э.Баярсайханы банкны цахим карт доторх мөнгийг бүгдийг авах боломжтой байсан боловч тухайн үед үүссэн хэрэгцээгээ хангаж бага бус хэмжээтэй аван, картыг байсан газарт нь буцааж тавьсан хэргийн нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо даруй төлж барагдуулсан бөгөөд тэдний нас, цаашид сурч боловсрохоор их дээд сургуульд суралцаж байгаа хувийн нөхцөл байдал зэргийг харьцуулан судалсны эцэст уг үйлдэл ялимгүйн учир нийгэмд аюулгүй байна гэж үзлээ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

   Иймд давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН