| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00004/э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 04
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Б хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 1724000570001 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, *, * боловсролтой, байгаль, аялал зуучлалын менежер мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *аймгийн *сумын * багийн * тоот хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Б. Г. /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч Б.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 02-оос 2017 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 4-56 тоотод байрлах иргэн Т.Б гэрт Д.Т баруун бугуй, Ж.Б хэвлийн тус газарт хутгалж тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны орой 22:00 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах гэртээ амарч байхад Ө, С манай нөхөр Б 3 ирсэн. Ө “Манайд очъё найзуудаараа нэг орой сайхан сууя” гээд архи үнэртүүлчихсэн байсан. Тэднийд очиж 2 ширхэг 2 литрийн “Сэрүүн” пиво, 1 шил “Соёрхол” архи уусан. ...Г болон түүний эхнэр нь архи ууж согтчихоод хоорондоо шалихгүй зүйлээс болоод муудалцах гээд байсан. ...Г-ын эхнэр О нь “С, Г 2 яасан гэнээ” гээд дахин дахин босч ирээд хэрэлдэх гээд байхаар нь би түүнийг “Чи зүгээр суугаад хүүхдээ хөхүүлээ, энэ 2 бага байх үеийнхээ юмыг ярьж байна” гэж эвтэйхэн хэлээд гараараа зангатал Г-ын эхнэр “Чи хойшоо байж бай” гээд миний гарыг самардчихсан, тэгэхээр нь би гараараа түүний нүүр рүү түлхтэл Г “Чи миний эхнэрийг зодлоо” гээд над руу дайрч, намайг үсдээд, гараараа толгойн тус газарт 3-4 удаа цохисон. Тэр үед Ө, С 2 гаднаас орж ирээд салгахаар нь би Б, Б 2-ын араас гараад “Г намайг зодоод байна” гэж хэлээд буцаж ороод гал тогооны өрөөнд байж байтал Б, Б 2 зочны өрөөнд ороод Г муудалцаад байсан. ...Г дахин над руу дайрч “Д шээс чамайг ална” гээд үснээс гартаа ороож зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд тэд салгасны дараа Г “Би та нарыг бүгдийг нь хутгалж ална” гээд гартаа хутга бариад над руу хүрээд ирсэн. Г хутгаа далайхаар нь би хажууд байсан цагаан савыг бариад өөрийгөө хамгаалах үед миний баруун гарын бугуй хутганд нь зүсэгдсэн. Би шууд гараа дараад гарч гүйгээд цагдаа руу дуудлага өгсөн. ..Цагдаа нар ирээд Г, Б хоёрыг аваад явсан. Г нь Б-гийн хэвлийн хэсэгт нь 1 удаа 5 см гүнтэй хутгалсан байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-35 дугаар хуудас/
- Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны орой Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах найз Б гэрт эхнэрийн хамт очиж найзуудаараа архи уусан юм. Шөнийн 01 цагийн үед гадаа гараад тамхи татаж байтал манай эхнэр Т гарч ирээд “Г намайг зодоод байна” гэж хэлсэн. Эргээд ортол Г нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн нөгөө гартаа хутга барьчихсан зогсож байсан. Т миний урд явж байтал Г нь Т руу дайрахад Т цагаан төмпөн өргөх шиг болтол Г гарыг нь хутгалчихсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж авах гэж ноцолдоход Б, С 2 салгасан. Тэр үед Г миний хэвлийн зүүн хэсэгт 5 см гүнтэй 1 удаа хутгалчихсан байсан. ...Дотогшоо нэвтрээгүй байна гэж эмч хэлсэн. ...Тэгээд сууж байтал цагдаа нар ирсэн. ...Г тухайн үед согтуу байсан, эхнэрээ өмөөрч манай эхнэрийг зодсон гэж хэлээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 29-30, 37 дугаар хуудас/
- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.Т гэх эмэгтэйтэй би муудалцсан. Тэгтэл миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн намайг зодож цохиогүй. Гэтэл манай нөхөр босч ирээд Т-д хандаад “Миний хүүхдийг газар унатал нь зоддог хэн юм бэ” гэж хэлж байсан. Би хүүхэд уйлаад байхаар нь цаад өрөө рүү хүүхдээ аваад орчихсон юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 43 дугаар хуудас/
-Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны орой Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах найз Б очиж найзуудаараа архи уусан. Тэгээд Ө бид хоёр хамт байсан 2 хүнээ хүргэж өгөхөөр явсан. Бид хоёрыг гарах хүртэл хэрүүл, маргаан болоогүй. Харин эргээд иртэл Т, О хэрэлдээд байж байсан. ...Хэрэлдэж байснаа Т О-ийг 1 удаа алгадахад О хүүхдээ газарт унагахад хүүхэд нь уйлсан. Энэ үед О Т-ыг гараараа 1 удаа цохиод хоорондоо үснээсээ зулгаалцсан. Тэр хоёрыг салгах үед Г Т-ыг өшиглөөд үснээс нь атгаад татсан. Би хүүхдүүдээ хараад зочны өрөөнд нь байсан болохоор Т, Б хоёрыг хэн хутгалсныг хараагүй. Б.Г хутга барьчихсан урд нь зогсож байсан. Т-ын гараас нь цус гарчихсан Г намайг хутгалсан гээд байсан. Мөн Б-ийн гэдэс орчмоос нь цус гарчихсан суугаад байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 45 дугаар хуудас/
-Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны орой манайд Г, О, О, Д, С, Б, Т бид нар архи уусан. ...Би гэртээ сууж байгаад гражаа галлачхаад ороод иртэл Т, О, Б, Т нар хэрэлдээд маргалдчихсан, Т-ын гараас нь цус гарчихсан бололтой байсан. Би ямар шалтгааны улмаас маргалдаж, муудалцсаныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 48 дугаар хуудас/
-Гэрч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найзуудаараа архи уусан. ...Тэгээд Т, О хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ алгадаад зогсож байсан чинь Г уурлаж босож ирээд Т-ыг алгадаж унагасан. ...Т, Б хоёр намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Т-ын гарын бугуй орчимд харин Б-ийн бөөрөн тус газар нэг удаа хутгалсан байсан. Гэхдээ би хутгалж байгааг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 49 дүгээр хуудас/
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-ын гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 172132 дугаартай: “Д.Т-ын биед гэмтэл учирсан байна. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Т-ын биед учирсан гэмтэл нь гэмтэл зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-ын гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 172133 дугаартай: “Ж.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хэвлийн зүүн доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтэл зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 56 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
П.Б-ийн гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201740141 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Б.Г-ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Г гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2,3 промиль илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” Гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 71 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Т-ийн гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6632 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцанд 25 мм, богино ханцуйтай улаан өнгийн цамцанд 50 мм, 30 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт, ногоон өнгийн ноосон цамцанд 8 мм, богино ханцуйтай улаан өнгийн цамцанд 12 мм, 27 мм, 20мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалтууд, ногоон өнгийн цамцанд 10 мм, богино ханцуйтай улаан өнгийн цамцанд 15 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна. Дээрх зүсэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн шар эрээн өнгийн эвхдэг хутгаар үүссэн байж болно.” Гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 83 дугаар хуудас/
- Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны орой найз Т.Б-ынд манай эхнэр О, О, Д, С, Б, Т бид нар архи уусан. ...Манай эхнэр О, Т хоёр муудалцаад Т зочны өрөөнөөс гарахдаа О-ийн нүүрэн тус газарт алгадчихаад гарсан. Би Т-т хандан “Манай эхнэрийг яагаад алгадаж байгаа юм бэ” гэхэд эргэж ирээд намайг түлхээд унагачихсан. Энэ үед миний уур гэнэт хүрээд ...өдөр мах идэхдээ хэрэглэсэн хутга халаасанд байсныг гаргаж ирээд ажлын хэсгийг нь нээж Т-ыг айлгах гээд очсон. Тэгтэл урдаас Т ирж таараад хутгаараа би гарыг нь санаандгүй зүссэн. Надад хутгалах санаа зорилго байгаагүй. Т гараа зүсүүлчхээд “Хутга барьчихсан байна” гэж орилох үед нөхөр Б нь миний барьж байсан хутгыг булааж авах гэж гараас барьж авсан. Тэгээд бид газарт унаж ноцолдож байхад Т.Б салгасан. Б-г гараараа 2-3 удаа цохисон. Б ноцолдож байх үедээ хутгалчихсан байсан. Тухайн үед Б-ийн биед хутга орсон гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дугаар хуудас/,
- Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 02-ны орой найз Т.Б-ынд гэр бүлийн найзууд цугларсан. ... Т манай эхнэр О нар хоорондоо маргалдаж байгаад Т манай эхнэрийг цохиод эхнэр маань хүүхдээ газарт унагасан. Т өрөөнөөс гарахдаа манай эхнэрийг алгадчихаад гараад явсан. Тэгээд миний уур хүрээд өдөр мах идэж байсан хутгаар түүнийг айлгах гээд халааснаасаа гаргаж ирээд Түвшинбаярын гарынх нь бугалга орчим санаандгүй зүсчихсэн. Т “Г хутга барьчихсан байна” гэж орилоход Б ирээд миний хутгыг булааж авах гээд ноцолдсон. ...Б-г гэмтээснээ маргааш өглөө нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 99-100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Цагаатгах талын нотлох баримт болох /хавтаст хэргээс/:
-Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.Г нь манай байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа Б.Гтухайд хүмүүстэй дотно нөхөрлөдөг, сэргэлэн цовоо хүүхэд. Ажлын газрын хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай залуу. Байгууллага болон сум орон нутгаас зохион байгуулж буй нийтийг хамарсан ажил, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцдог. Архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслолын үеэр хэрэглэсэн харагддаг. Өөр ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй. Б.Г эхнэр 2 хүүхэдтэйгээ боломжийн сайхан амьдардаг. Өмнө нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна гэж сонсогдож байгаагүй. Манай байгууллагад анх нярвын албан тушаалд томилогдож байсан, одоо эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажиллаж байгаа. Ажилдаа идэвх санаачлага гарган ажилладаг залуучуудын нэг байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ж.Б, Д.Т нарт учирсан хохиролд 1000000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,
“Б.Гнь урьд өмнө ял шийтгүүлж байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 104 дүгээр хуудас/ болон Б.Г-ын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/, Б.Г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар томилсон тушаалын хуулбар /ХХ-ийн 105 дугаар хуудас/, хохирогч Д.Т шүүхэд гаргасан: “...Гантулгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
2017 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын * багийн *тоот хаягаар байрлах иргэн Т.Б амьдардаг байшинд өөрийн эхнэр Б.О алгадсан гэдэг шалтгаанаар маргаан үүсгэж Д.Т баруун гарын бугуйн хэсэгт 1 удаа, түүний гараас хутгыг нь салгах гэж ноцолдсон Ж.Б зүүн хэвлий хэсэгт ноцолдох явцдаа 1 удаа хутгалсан үйл баримт нь:
- Хохирогч Д.Т, хохирогч Ж.Б, гэрч Б.О, гэрч Г.С, гэрч Т.Б, гэрч Т.Ө нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Б гаргасан 201740141 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Т гаргасан 6632 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Г хутгалуулсны улмаас хохирогч Д.Т, Ж.Б нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь:
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гаргасан 172132, 172133 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Иймд Б.Г дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Т шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Г нь эрхэлсэн тодорхой ажилтай, төлбөрийн чадвартай болох нь түүнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар томилсон тушаалын хуулбар, хувьд оногдох эд хөрөнгийг нь битүүмжилсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул сарын тогтмол цалингийн орлогоосоо төлөх боломжтой гэж үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бариултай 1 ширхэг эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаантолгой овогт Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулга торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бариултай 1 ширхэг эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гөмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН