Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 224/МА2022/00026

 

 

 

 

 

 

 

 

2022        12          20                                  224/МА2022/00026

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн

Засаг даргын Тамгын газарт холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00477 дугаар шийдвэртэй,

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгуулах тухай шаардлагатай хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 6, 7, 8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг, нийт 3.296.508 төгрөг гаргуулах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11,3 жил ажиллаж байна. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан. Гэтэл надад зөвхөн 5 хувийн нэмэгдэл олгож байгаа . Иймд  2022 оны 6, 7, 8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг нэхэмжилж байна.

2.2. Надад Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй. Миний бие уг сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхэд хандсан.

Ингээд Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул миний бие сахилгын шийтгэлгүй болсон тул үр дүнгийн урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна. 

 2.3. Б.Ч миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд эгүүлэн тогтоохдоо уг чадварын нэмэгдэл олгоогүй. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж байна.  

Иймд 2022 оны 6-8 дугаар сарын үндсэн цалин 895.945 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /5 хувь/ 44.797 төгрөг, нийт 134.391 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирал үндсэн цалин 784.647 төгрөг, үр дүнгийн урамшуулал 306.012 төгрөг, нийт 612.024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 13 сарын үндсэн цалин 784.647 төгрөг, ур чадвар /25 хувь/ 196.161 төгрөг, нийт 2.250.093 төгрөг, бүгд 3.296.508 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалын 2-р хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудын ажилласан хугацааны нэмэгдлийг тусгасан байх бөгөөд Б.Ч-д төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5% олгох шийдвэр гарч, сар бүрийн үндсэн цалинтай хамт олгогдсон байна. Тодруулбал, 2022 оны 6 дугаар сард алба хаасан хугацааны нэмэгдэл 5% буюу 44.797 төгрөг, 7 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд ажлын өдөрт ноогдох 30.798 төгрөг, 8 дугаар сард ээлжийн амралтын дуусгаад ажилд орсон өдөрт ноогдох 11.686 төгрөг тус тус олгогдсон нь санхүүгийн баримтад байна. Мөн Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Журам батлах тухай Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгоход ээлжийн хуваариар ажил үүрэг гүйцэтгэсэн байх гэж нэмсэн бөгөөд Б.Чийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хамаарахгүй байна.

3.2. Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.2-т: чиг үүргийн дагуу нэгжийн төлөвлөгөө боловсруулан тухайн оны 01 дүгээр сарын 05-ны дотор батлуулах, 2.3-т: улирал бүр төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж тайлагнах, 2.4-т: төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн ажилтнуудад журмын дагуу улирал бүр урамшуулал олгоно гэж заасан байдаг.

Гэтэл  Б.Ч нь 2022 онд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, 2022 оны эхний 1, 2 дугаар улирлын ажлын тайлан гаргаж өгөөгүй тул гэрээг дүгнэх боломжгүй, журамд зааснаар урамшуулал тооцогдоогүй байна.

3.3. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачлагыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгохоор, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр тус тус заасан байдаг. Мөн ажилтны ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах, олгохгүй байх тухай зохицуулалттай.

Б.Ч нь удирдлагын зүгээс өгч байсан аливаа үүрэг, даалгавар, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа улирал бүр тайлагнаагүй, ажлын үр дүн буурсан тул үр дүнгийн урамшуулал олгогдоогүй ” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00477 дугаар шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг, нийт 746.415 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 67.694 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Чид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.751 төгрөг гаргуулан улсын орлогод буюу төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч Б.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00477 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

        Миний бие төрийн хууль журмын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь авдаг байсан. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан байх шаардлагыг би хангасан байтал Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалаар миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож шийдвэр гаргаагүй. Бусад албан хаагчдын нэмэгдлийг хуулийн хүрээнд олгосон мөртлөө миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь болгож нэмэгдүүлээгүй байдал нь хууль зөрчсөн, ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.

Миний бие 2022 оны үр дүнгийн урамшуулал нэхэмжилсэн байтал иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцох боломжгүй хэмээн үзсэн байна. Би ажилгүй байсан хугацааны биш, ажилтай байсан хугацааны үр дүнгийн урамшуулал нэхэмжилсэн.  Тухайн үед сахилгын шийтгэлтэй гээд урамшуулал олгоогүй. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хүчингүй болсон. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч гаргаж батлуулдаг гэж ойлгож байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг нийт 746.415 төгрөгийг нэхэмжилж гомдол гаргасан.

Би ажлаасаа чөлөөлөгдөж 2021 оны 7 дугаар сарын 05-нд ажилдаа буцаж орсон. Ажилд буцааж авсан тушаал шийдвэр гаргахдаа миний урьд авч байсан цалин хөлсийг бууруулж гаргасан. Би хуулийн дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10% авах нөхцөл болзлыг хангасан. Гэтэл ажилласан жилийн нэмэгдлийг 5%-иар олгож, 5 хувийг нэмж олгохгүй байна. Мөн 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг тооцож олгоогүй. Мөн үр дүнгийн урамшуулал авах нөхцөл болзлыг хангасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ур чадварын нэмэгдлийг тогтоож өгсөн. Би Засаг даргын Тамгын газрын даргын 52 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргаагүй. Харин би төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл олгохгүй байна гэж гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс ур чадварын нэмэгдлийг тогтоосон атлаа төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй” гэсэн тайлбар бичсэнийг уншаад ойлгохгүй байна. Би ажлаа хийгээд явж байсан. Мөн миний төрийн алба хаасан хугацааны 5%-ийн нэмэгдлийг нэмж тогтоосон шийдвэрийг гаргаагүй.

Аливаа хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх субъект нь шүүх гэж ойлгодог. 2021 оны 12 дугаар сарын 08-нд надад сахилгын шийтгэл оногдуулж, 2022 онд надад ердөө үр дүнгийн урамшуулал олгоогүй. Уг сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. 3 шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг. Иймээс би урамшууллаа авмаар байна гэж Засаг даргын Тамгын газрын даргад хэлсэн. Мөн хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.З даргатай орж уулзаж, үр дүнгийн урамшуулал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ авмаар байна гэхэд намайг шүүхэд ханд гэж хэлсэн.

2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 52 тоот тушаал нь хавтаст хэрэгт байгаа байх гэж бодож байна. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн намайг дуудаж уулзаад таны төрийн албанд ажилласан жил 11.1 жил байна. Ажилласан жилийн нэмэгдэл 10 хувь, 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах болзол шаардлага хангасан байна гэж хэлсэн. Үүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулсан. Шаардлагатай гэж үзвэл үүнийг хүний нөөцийн мэргэжилтнээс тодруулж болно” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа : “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Чид 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тухай шүүхийн маргаан Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дүгээр тогтоолоор эцэслэгдэн сахилгын шийтгэлгүйд тооцогдсон тул ур чадварын нэмэгдэл 2.250.093 төгрөгийг олгох нь зүйтэй гэжээ. Б.Ч нь дээр дурдагдсан хугацааны хооронд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд сахилгын шийтгэлтэй учир ур чадварын нэмэгдэл олгогдоогүй биш, ажлын идэвх санаачлага гаргадаггүй, үр бүтээлтэй ажилладаггүй, тайлан тооцоо гаргаж өгдөггүй тул Засгийн газрын 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагчийн шийдвэрээр олгогдоогүй байдаг.

Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын 4 дэх хэсэгт: Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.3-т ажилтны цалин хөлсийг тогтоохдоо ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулсан байх зарчим баримтлан ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хавтгайруулан олгохыг хориглосон заалтын дагуу төсвийн шууд захирагчид олгогдсон.

Анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр Б.Ч-д ур чадварын нэмэгдэл олгохоор тооцож байгаа эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлоо дэмжиж байна.

...Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам нь сахилгын шийтгэл оногдуулахтай холбоогүй.

Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоол нь төрийн үйлчилгээний албан хаагчийн үйл ажиллагаа, ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвхи санаачилгыг дэмжиж үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө гэж заасан. Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно гэж заасан.

Мөн ажлын шалгуур үзүүлэлтийн дагуу гэж заасан байдаг. Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур, үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно. Ур чадварын нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно гэж тус тус заасан. 1996 оны Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 63/104 дүгээр хамтарсан тушаалд тодорхой зааж өгсөн.

Эрхэлсэн ажлаа тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи, санаачилга, өндөр ур чадвар, үр бүтээлтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараах шалгуур үндэслэлийн дагуу нэмэгдэл олгоно гэж заасан. Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн сарын үндсэн цалингийн 25 хувиас ихгүй байна.

Ур чадварын нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт нь ногдох цалингаас тооцож сар бүр олгоно. Ажлын үр дүнг буурсан тохиолдолд ур чадварын нэмэгдлийг бууруулах, эсхүл олгохгүй гэж заасан. Ажилтанд олгосон ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтааж бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. 1996 оны Хүн амын бодлого хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 63/104 дүгээр хамтарсан тушаал болон Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоолоор тодорхой заасан байна.

Мөн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/80 тоот тушаалаар баталсан дотоод журмын 2.2-т:  хэлтсүүд нь Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж чиг үүргийнхээ дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан тухайн оны 01 дүгээр сарын 05-ны дотор, төсвийн шууд захирагчаар батлуулж хэрэгжүүлнэ. Хэлтэс нь улирал бүр төлөвлөгөөнийхөө биелэлтийг дүгнэж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор төсвийн шууд захирагчид тайлагнана гэж заасан. Ийм шийдвэрүүд байхад анхан шатны шүүх нь сахилгын шийтгэлд хамааруулж уг урамшууллыг олгох ёстой гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч Б.Ч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00477 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан

- 2022 оны 6,7,8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг,

- 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг,

- 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг, нийт 3.296.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч Б.Чид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5% олгох шийдвэр гарч олгож байгаа, харин Б.Ч нь 2022 оны ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ биелүүлж төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, улирлын ажлын тайлан гаргаж өгөөгүй тул дотоод журамд заасны дагуу үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй, мөн ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн захирагч шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь удирдлагын зүгээс өгч байсан үүрэг, даалгаварыг биелүүлээгүй, ажлын үр дүн буурсан тул үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамжлуулал 612.024 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг, нийт 746.415 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.Ч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгохыг хүссэн давж заалдах гомдол тус тус гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1. Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх “ хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх явдал байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрхи шаардлагыг хангаагүй байна.

5.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэл хэрхэн нотлогдож буй талаар дүгнээгүй,

тухайлбал, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчийн мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдсэн болохыг тус тус дүгнээгүй,  нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар хууль зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэт өгөөгүй байна.      

Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчид ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг олгох болсон хууль зүйн үндэслэлийн талаар, мөн нэхэмжлэлийн зарим шаардлага буюу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь, үр дүнгийн урамшуулал олгохгүй байх хууль зүйн үндэслэл, нотолгооны талаар тус тус дүгнээгүй,

түүнчлэн маргаанд эрх зүйн ямар хэм хэмжээг хэрхэн хэрэглэж байгаа талаараа тайлбарлаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан  шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хуульзүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээрийн талаар шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгана” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

5.3. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Хэрэгт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/152 дугаар “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал, уг тушаалын хоёрдугаар хавсралт, нэхэмжлэгч Б.Чийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтууд авагдсан ба уг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар, тухайлбал тухайн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж буй, эсхүл үнэлээгүй, тэдгээр нь нотолгооны шаардлага хангасан, эсхүл хангахгүй байгаа, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эсхүл холбогдолгүй талаар шүүх үнэлж дүгнээгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.464 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.464 төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ