Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч С.М,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Ганчимэг,

Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нд холбогдох эрүүгийн 1838007710430 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мэзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мэзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ хэрэг 2015 оноос үүдэлтэй асуудал байгаа. 2015 онд манай нөхөр С.Мбайшинг барьж өгч байсан. Үүнээс хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн. Манай нөхөр, С.Мхоёрын харилцааг хүн болгон мэдэж байсан... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Мгэрт очих болсон шалтгаан нь манай нөхөр охины маань хажууд С.Мтай яриад намайг муулж байсан. Охин маань очиж уулз гэж хэлсэн. Тэр яриаг сонссон хүү маань аавдаа гомдоод мэгширтэл уйлсан. Тэгээд би С.Мгэрт очихоор шийдсэн...Би өөрийгөө хамгаалж С.Мтай ноцолдсон. Маргах явцад хөхрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Гэртээ 2 хүүхдийн хамт унтаж байтал гэрийн хаалга хүн тогшсон. Тэгэхээр нь би босч очоод хаалга тайлж өгтөл нэг эмэгтэй хүн орж ирээд ерөөсөө үгийн зөрөөгүй шууд намайг үстэж дараад чи ямар янхан бэ? 2 хүүхдээ дагуулж ирж нөхрийнхөө толгойг залгичихаад нөхөртэй явдаг ямар их янхан банзал, гичий вэ чамайг алсан ч чадна гээд үснээс дугтарч зулгаасан...Намайг дахиж үстэж чирээд гадагшаа гарч дайрч давшиж доромжилсон…Зурагтыг маань Л.Н гараараа цохиж гэмтээсэн. Зурагт маань одоо ажиллахгүй байгаа. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд гарсан зардал болон эд материалд гарсан зардлаа нэхэмжилнэ...Эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой бичиг баримтууд маань бүгд эмнэлгийн картан дээр маань бичигдсэн байгаа...Би зурагтны үнэ, гарсан эмчилгээний зардал мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даваадорж бид хоёрыг уг дуудлаган дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусч байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Даваадорж юу болсон талаар асуухад нэг эмэгтэй нь нөхөртэйгээ хардаад хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн...хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйгийн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос бараг 2 сарын өмнө яг сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна намайг гэртээ байж байхад Самбуухүү гуай манай гэрт ирээд зурагт үзэж байгаад явсан. Явахдаа манай зурагт гарахаа больсон. танай гэрт ирж зурагт үзлээ гэж хэлж байсан. Тэр үед л би тэдний гэрийн зурагт нь эвдэрсэн байгаа гэдгийг нь мэдсэн...Л.Н, С.Мхоёрыг хоорондоо маргалдсан талаар хүмүүсийн ам дамжсан ярианаас л сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэгэхээр нь би юун эмэгтэй хүн ороод ирэв гэж бодоод байж байхад түүний араас С.Морж ирсэн. Тэр орилж байсан хүүхэн нь Мөнхжаргалыг янхан банзал, гичийгээр нь дуудаад байсан. Тухайн үед миний даралт ихсээд би Мөнхжаргалыг цагдаа дуудаарай наад хүүхнээ аваад гараарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгээ орж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд удаагүй байхад гаднаас С.Морж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь Мөнхжаргалыг янхан гичий банзал дээгүүр доогуураа худалдаж иддэг гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30, 113-114 дүгээр хуудас/,

Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажлаа тараад гэртээд ирэхэд хашаан дотор С.Мзогсож байсан. Тэгээд гэрлүүгээ ороход танихгүй эмэгтэй хүн манай гэрт орилж хашгираад уйлаад сууж байсан. Миний төрсөн дүү Ариунзаяа түүнийг тайвшруулаад байж байсан. Тэр эмэгтэй гараад Мөнхжаргалтай хамт гэрлүү нь орсон байх үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг маань нэг танихгүй эгч үстээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг маань хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжилөө нөмөрч нуугдаад завсараар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч манай зурагтыг гараараа цохичихоод гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг танихгүй эмэгтэй намайг чи охиныхоо бөгсийг худалдаж иддэг хар архичин гэх мэтээр харааж доромжилоод байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэй охиныг маань зодсон байсан. Мөн хоёр зээг маань айлгасан байсан...Намайг ороход гэрийн маань зурагтыг цохисон гэмээр бололтой эвдчихсэн байсан. Тэр эмэгтэй зурагтыг маань гэмтээснээс хойш гарахаа больсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 116-117 дугаар хуудас/,

Гэрч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би багш нарын баярын арга хэмжээнд оролцох зорилгоор Мөрөн суманд орж ирсэн. Ингэж орж ирсэн байхдаа найз Мөнхжаргалын гэрт байсан. Тэдний гэрт 29, 30-ны өдрүүдэд хоносон. Намайг тэдний гэрт очих үед С.Мгэртээ 2 хүүхэдтэйгээ л байсан. Намайг очих үед тэдний зурагт хэвийн ажиллаж байсан. Тухайн үед хүүхдүүд нь зурагтаараа хүүхэлдэйн кино үзээд л байцгааж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 122-123 дугаар хуудас/,

Гэрч З.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө С.Мбагш сургуульд дээр ирэхдээ толгой нь өвдсөн, бөөлжсөн байдалтай ирсэн. Тухайн үед би түүнийг Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг бариач эмээ дээр дагуулж очиж толгойг нь бариулсан. С.Мтолгойгоо бариулсныхаа дараа толгойгоо даавуугаар боолгосон. Надад тухайн үед түүнтэй хамт авахуулсан гэрэл зураг байгаа...С.Мбагш хэлэхдээ хүнд зодуулсан л гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 125-126 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбасүрэн бид хоёрыг уг дуудлаган дээр очиход орон дээр нэг хүүхэд хөнжлөө нөмөрчихсөн, Мөнхжаргал, Л.Н гэх хоёр хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Би тухайн үед зөрчил гаргасан Л.Н гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад энэ эмэгтэй манай нөхөр болон манай гэр бүлийг үймүүлээд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 128-129 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ ажлаа хийж байхад үдээс хойш байхаа / яг цагийг нь санахгүй байна/ С.Мгэх эмэгтэй хүнд зодуулсан гээд ирж үзүүлж байсан. Түүнийг үзэхэд толгой өвдөнө, бөөлжсөн, хүзүү хөдлөхгүй, чихээр хатгуулж өвдөнө, юм сонсохгүй байна гэсэн зовиуртай байсан. Тархины доргилт гэсэн оношийг тавиад яаралтайгаар мэс заслын тасагт үзүүлж тархины зураг авахуулахыг зөвлөж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 131 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 498 тоот дүгнэлтэд:

1. С.М биед тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

3. С.Мбиед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 45 дугаар хуудас/,

      Зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 100-101 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007710430 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст авагдсан телевизорын зураг, 70-86, 153-159 дүгээр хуудаст авагдсан фээсбүүкийн чатууд, 137 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Мтолгойгоо бариулсан үеийн гэх гэрэл зураг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгч Л.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 67 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заасан байх тул шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч С.Мнь зурагтны үнэ 812.500 төгрөг, эмчилгээний зардал 351.200 төгрөг нийт 1.163.700 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх бөгөөд зурагтны үнэ 812.500 төгрөг, Онош үүдэн эмнэлгийн КТГ-ын оношилгооны төлбөр 55.000 төгрөг, Үлэмж агар эмийн сангаас эм авсны үнэ 259.200 төгрөг, Хүмүүн эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, Хүмүүн эмнэлгийн шинжилгээний төлбөр 17.000 төгрөг нийт 1.163.700 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Наас 1.163.700 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд олгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Мнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Наас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838007710430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Л.Нхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар зааснаар шүүгдэгч Л.Наас 1.163.700 /нэг сая нэг зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч С.М-д олгосугай.

      6. Эрүүгийн 1838007710430 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч С.Мнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Наас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР