| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00035/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Цогт-Эрдэнэ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 09
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н хөтлүүлэн,
Улсын яллагч Д.Ц,
Насанд хүрээгүй хохирогч П.Р,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П,
Шинжээч П.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн 1724000130021 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, *, * боловсролтой, малчин мэргэжилтэй, * аймгийн * суманд хувиараа мал малладаг, ам бүл -4, аав, ээж, дүүгийн хамт *аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, З овогт Р. Э /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч Р.Э нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт зохион байгуулагдсан овооны баярт насанд хүрээгүй П.Р хурдны морь унуулахдаа “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2011 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлээгүй, өөрөө дур мэдэн соёолон насны морины уралдааны замаас гарч хадуурсан морийг азарган насны уралдаанд уралдуулсны улмаас дахин хадуурч унаач хүүхэд П.Р эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч П.Р, түүний
хууль ёсны төлөөлөгч Д.П, шүүгдэгч Р.Э, шинжээч П.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээч П.Бадамаагаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд холбогдох 1 хуудас баримт, мөн хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П, гэрч Д.Н, Г.Ж, Г.С, Б.Ц, Г.М, Г.Б, Д.Б, И.Э, Д.Д, Д.Б, С.Г, Д.Ч, Б.Г, Д.Ц, яллагдагч Р.Э, шинжээч П.Б нарын мэдүүлэг, моринд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Б иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, хохиролд холбогдох 4 ширхэг баримтын хуулбар, 4 ширхэг баримт, Р.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, насанд хүрээгүй хохирогч П.Р өвчний түүхийн хуулбар, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Г.Б нь өөрийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдийн хамтаар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт байдаг Ц Овоо толгой гэдэг газрыг тахиж хурдан морины уралдаан зохион байгуулсан болох нь:
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт Монгол улсын гарьд Б.Г нь Овоо толгой гэх газрыг тахиж баяр хийсэн. Уг баярт Б гэдэг хүн манай хүү Р хурдан морь унуулах гэсэн юм гэж гуйгаад, номхон морь байгаа гээд байхаар нь хүүхдээ өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,
-Яллагдагч Р.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Завхан аймгийн Хонгор багийн нутаг Овоо толгой гэх газрын овоог тахих тахилгын баяр наадмыг 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хонгор багийн иргэн Г.Б нь өөрийн хүүхдүүдийн хамт зохион байгуулсан. Би тэр овооны баяр наадамд өөрийн бор цоохор зүсмийн адууг уяж, сойж уралдуулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,
-Гэрч Д.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн Ц Овоо толгой гэдэг овооны тахилга болсон юм. Уг баярыг Монгол улсын гарьд Г нь аав Г.Б, төрөл садангуудын хамт зохион байгуулсан. Би багийн даргын хувьд уг наадмын зохион байгуулалтын ажлын хэсэгт орж морины комисст ажилласан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
-Гэрч Г.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Овоо толгой гэх газрын овоо тахилгын баяр наадмыг 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хонгор багийн иргэн Г.Б болон түүний хүү Монгол улсын гарьд Б.Г нар зохион байгуулж баяр наадам хийсэн юм. Г.Б гуайн хүүхэд Д гэдэг залуу баяр наадам болохоос 2 хоногийн өмнө надтай сумын төвд уулзаад “Манай ах дүү нар Овоо толгойн овоог тахиж баяр наадам хийх гэж байгаа. Тэр үеэр 6 насны хурдан морины уралдаан болно. Та тэр үеэр эмчээр ажиллаад өгөөрэй” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “Хонгор багийн нутаг Овоо толгойн овооны тахилгын баяр наадмыг манай аав Г.Б бид 2 голчилж баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тэр үеэр Хонгор багийн иргэн Р.Э гэдэг залуу өөрийн эзэмшлийн соёолон насны морио азарган насны морьдтой уралдуулаад нөгөө морь нь уралдааны замаас гарч хадуураад унаж явсан хүүхэд нь мориноосоо унаад биедээ гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас/,
-Гэрч Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Овоо толгой гэдэг газрын овоо тахилгын баяр наадмыг би өөрийн хүүхдүүдийн хамт тахиж баяр наадам хийсэн. ...Морины комисст багийн дарга Н, Г.Б, С.Ч, манай хүүхэд Ц, Б нар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 67 дугаар хуудас/,
-Гэрч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед би Улаанбаатар хотод байж байгаад нутгийн тахилгат овооны наадам болох үеэр буюу 2016 оны 5 дугаар сарын дундуур хурдан морьдын медаль, бай шагналын эд зүйлсийг аваад наадам болох өдрийн өмнөх өдөр Завхан аймгийн Их-Уул суманд очсон. ...Соёолон насны морь уралдах үед Б гэдэг хүн цоохор зүсний соёолон үрээг бүртгүүлж уралдуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Баяр наадам зохион байгуулагч нар нь хурдан морины уралдаан зохион байгуулахдаа Монголын морин спорт уяачдын холбооны төв орон нутгийн алив нэгэн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, оролцуулаагүй болох нь:
-Гэрч Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүүхэд Ц дээрх уяачдын холбооны дарга Б уулзсан гэсэн. Гэхдээ тухайн овооны баярын үеэр уяачдын холбоо хамтарч ажиллаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх овооны баяр болохоос 10 гаран хоногийн өмнө Б даргатай утсаар яриад “Манайх овоо тахиж баяр хийх гэж байгаа. Та баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд Б дарга “Хувь хүмүүсийн баяр наадам дээр ажиллах төвөгтэй байдаг юм байна лээ. Та нар өөрсдөө сайн зохион байгуулахгүй юу” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас,
-Гэрч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Баяр наадмыг зохион байгуулсан хүмүүсээс морин спорт уяачдын холбоотой хамтарч ажиллах талаар хүн надтай уулзаагүй, санал тавиагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 73 дугаар хуудас/,
-Гэрч И.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:
“...Овоо тахилгын баяр наадмыг зохион байгуулахад орон нутгийн удирдлагуудад
мэдэгдэж, тодорхой хэмжээний зөвшөөрөл авах ёстой. Хонгор багийн иргэн Г.Б гуай овооны баяр наадам болохоос өмнө надтай уулзсан. Хонгорын Овоо толгойн овоог тахиж баяр хийх гэж байгаа. Сум орон нутгийн зүгээс хамтран ажиллах талаар хэлсэн. Тухайн үед Г.Б гуайд сумын ЗДТГ-аас хурдан морины гарааны төхөөрөмжийг өгье, мөн мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ц, танай багийн дарга Н нарыг хурдан морины комисст оруулж ажиллуулъя гэсэн хариуг өгсөн. Тэгсэн Ц ажиллах гээд очиход Хонгор багийн засаг дарга Н морины комиссыг нутгийн иргэдээс бүрдүүлж авсан байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75 дугаар хуудас/,
-Гэрч Д.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр овооны баяр дээр морины комисст ажиллахаар очоогүй. Хүүхэд мориноос унаснаас хойш хэдэн зайрмаг зарах гэж л очсон. Ийм төрлийн баярт миний зүгээс ямар ч үүрэг оролцоо байхгүй, хувь хүмүүс зохион байгуулж байгаа болохоор тэнд ажиллаад байх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Уг баяр наадмын хурдан морины уралдаанд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн иргэн Р.Э нь соёолон насны буурал /бор/ цоохор морио бүртгүүлэн уралдуулсан боловч морийг унаж явсан хүүхэд нь мориноосоо унасны учир морь барианд ирээгүй болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч П.Р шүүх хуралдаанд өгсөн: “...Р.Э гэдэг хүний соёолон насны үрээг унаж уралдсан. Гараанаас гарангуутаа тэр морь хадуураад голын тэнд очиход би морьтойгоо хамт унасан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Б уясан адуу соёолон адуу байсан. Соёолон адууны уралдаан болоод бүх морьд барианд ороход миний хүүхдийн унасан морь барианд орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,
-Яллагдагч Р.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх морио соёолон настай уралдуулж чадаагүй юм. Уг нь соёолон настай уралдуулах гээд гаргатал гараанаас сайн гарч чадахгүй доороо эргэлдээд байж байтал хажуугаар нь машинтай хүн эргүүлэх гэж ортол шууд хөндлөн давхиад хатуу хучилттай зам дээгүүр гараад гол руу чиглээд давхисан. Тухайн үед би үрээгээ П.Р гэдэг хүүхдээр унуулсан байсан. Миний үрээг хадуураад давхихад П.Р амыг нь хүчрэхгүй яваад байхаар нь би морьтойгоо араас нь барьж авах гээд давхитал миний үрээ явсаар байгаад голын захад очоод өөрөө унаад боссон. Тэгэхэд П.Р мориноос унаж хоцроод, морь гол гараад давхисан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,
-Гэрч С.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би Р.Э тэр бор цоохор зүсний үрээгээ тухайн овооны баярын соёолон насанд уралдуулах гээд морины комисст ажиллаж байсан П шүдлүүлж байхыг харсан. Харин тэр адууг соёолон насанд уралдуулахад хадуурсан сураг байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 94 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Р.Э буурал цоохор зүсний үрээг соёолон насанд уралдуулсан. Тэр үрээ гараанаас гараад хадуураад хойшоогоо зам хөндлөн гараад гол руу явсан. Би хадуураад явахыг нь харсан. Б.Г тэр үрээг зам руу оруулах гээд машинаараа шахаад хүч хүрээгүй, тэгээд орхичихсон юм” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 97 дугаар хуудас/,
-Гэрч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Гэтэл тэр морь нь соёолон насны морины уралдаанд хадуурч замаасаа гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Р.Э нь соёолон насны хурдан морины уралдаанд уралдаад барианд ирээгүй өөрийн буурал /бор/ цоохор зүсний соёолон үрээгээ азарган насны уралдаанд бүртгүүлэхгүйгээр дахин уралдуулж, уг уралдааны явцад морийг унаж явсан насанд хүрээгүй П.Р нь мориноосоо унасан болох нь:
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн: “Уг адуу нь хондлойгоороо цоохор, шингэн сүүлтэй, бага зэргийн дэлтэй, буурал цоохор зүсний адуу байв...” гэсэн моринд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 104 дүгээр хуудас/,
-Насанд хүрээгүй хохирогч П.Р шүүх хуралдаанд өгсөн: “...Би Б гуайн морийг унах дургүй. Аав уна гэсэн болохоор нь унасан. Намайг соёолон насны мориноос унасныхаа дараа овооны баяр дээр явж байтал Б гуай дуудаж уулзаад “Азарган насанд дахиад уралдаадахаач” гэсэн. Би “Морь чинь ааштай” гээд зөвшөөрөхгүй байтал “Одоо зүгээр номхорчихсон” гэж гуйсаар байгаад дахиад унуулж уралдуулсан. Азарга гараанаас гарах үед Б гуай морио барьж байгаад гаргаж өгсөн. Гэтэл нөгөө морь дахиж хадуураад давхисан. Би амыг нь хүчрэхгүй байсан. Яг мориноос унаснаа санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Яллагдагч Р.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Буцаад баярын талбай дээр морио хөтлөөд очтол миний морийг унасан П.Р миний урдаас гараад ирэхээр нь би П.Р “Ахын дүүгийн бие зүгээр үү” гэсэн чинь “Зүгээр” гэсэн. Би П.Р дахиад нөгөө бор цоохор зүсний үрээн дээрээ мордуулаад морио хөтлөөд явж байтал азарган насыг туучихсан хүмүүс гараад ирсэн. Тэгээд азарган нас эргээд явахаар нь би нөгөө бор үрээгээ азарган настай дахиад уралдуулчихсан юм. Би азарган насанд өөрийн морийг уралдуулахдаа морины комисст бүртгүүлээгүй уралдуулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Азарганы уралдаан болохоор гарааны зурвас дээр уралдааны азарганууд ирсэн байхад Б нь азарганы уралдаанд бүртгүүлээгүй, соёолонгийн уралдаанд уралдаад хадуурсан буурал үрээг уралдааны зурвасаас биш, уралдааны замын хажуугаас зөвшөөрөлгүй тавих гэж байхад нь би “Чи наад морио уралдуулж болохгүй шүү. Чамайг хасна шүү” гэж орилсон. Түүнийг Б сонссон эсэхийг мэдэхгүй. Нөгөө адууг уралдаж байсан азарга руу тавьж уралдуулсан боловч мөн л хадуураад уралдааны замаас гарч байхыг нь би харсан. ...Уралдааны дараа тухайн адууг унаж байсан хүүхэд адуунаасаа унаж гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн сураг байсан... гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
-Гэрч Г.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Лгийн машинд суугаад азарга гараанаас гарахаар нь дагаад явсан. Тэгтэл 2-3 морь хадуураад уралдааны замаас гараад явчхаар нь би “За 2-3 морь хадуураад явчихлаа шүү. Хүүхэд унах вий, хараад өгөөрэй” гэж машины кабин дотор явсан хүмүүст хэлсэн. Тэгтэл удалгүй Овоо толгойн урд харалдаа хатуу хучилттай замын ойролцоо 400-500м орчим зайд Цохиотын гуун дотроос хүүхэдгүй морь гараад давхичхаар нь “За эндээс хүүхэдгүй морь гараад явчихлаа. Тэр гуу руу яваарай” гэж би хэлсэн. Тэгээд бид нар машинтайгаа гууны хажууд очоод эрэг дээр нь зогстол юм харагдахгүй байсан. Тэгтэл машинд сууж явсан Б гэдэг залуу машинаас буугаад тэр гуу руу гүйгээд орсон юм. Намайг машинаас буугаад байж байтал нөгөө Б толгойноос нь цус гоожсон, ухаан алдсан хүүхэд тэвэрчихсэн “Миний дүү үхчихсэн байна ш дээ” гээд уйлчихсан тэврээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55 дугаар хуудас/,
-Гэрч Г.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тэр хүүхдийн унаж уралдсан морь нь гараанаас гарах үедээ хадуурч явсаар байгаад хатуу хучилттай урд талаас гуун дотроос хүүхэдгүй гараад ирсэн. Тухайн үед би өөрийн нөхөр Л, багийн эмч Ж, Б, М нарын хамт машинтай явж байсан. Гууны хажууд очиж зогсоход Б машинаас буугаад явснаа гуун дотроос П.Р гэдэг хүүхдийг тэвэрчихсэн гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
-Гэрч Г.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Азарган насны морьдын уралдааны үеэр Р.Э гэдэг залуугийн буурал зүсний адуу уралдааны замаас гарч хадуураад нэг гуу руу орсноо хүүхэдгүй гараад ирсэн. Тэр үед би Л гэдэг хүний машинд сууж явсан. Гууны наад талд очоод зогстол Б буугаад нөгөө гуу руу гүйж ороод удаагүй нэг ухаан алдсан хүүхэд тэвэрчихсэн “Манай дүү үхчихсэн байна ш дээ” гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,
-Гэрч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би Л гэдэг хүний машин дотор сууж явсан. Бид нар гууны хажууд очоод, би машинаас буугаад яваад очтол миний төрсөн дүү Д.П хүүхэд П.Р толгойноос их цус гарч, ухаан алдсан байсан. Тэгээд би П.Р дүүгээ тэврээд машин дотор тэвэрч суугаад сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/,
-Гэрч Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тэр морины эзэнд азарган насны морьдтой тэр соёолон үрээг уралдуулах зөвшөөрөл хэн нэгэн хүн өгөөгүй. Яагаад гэвэл азарга эргэх гэж байхад тэр Р.Э наанаас нь морио хөтөлчихсөн, толгой руу нь ташуураар цохиж аваад байх шиг харагдсан, азарга эргээд хөдлөхөд наанаас нь амдуулаад давхиулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас,
-Гэрч Д.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Азарга эргэх гэж байхад Р.Э нөгөө хадуурсан үрээгээ хөтлөөд ирчихсэн байсан. Тэгээд азарга эргэх үед Р.Э нөгөө үрээгээ уралдуулаад тэр үрээ нь дахиж хадуураад Хонгор багийн нутаг Цохиотын гуу руу ороод хүүхдээ унагаачхаад гараад ирсэн. Би тэр үед хүүхэд унасан газарт багийн эмчийг авч очсон. Тэр хүүхэд ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 97 дугаар хуудас/,
-Гэрч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:
“...Соёолон морь ирсний дараа нөгөө уяач Б гэх хүн ямар ч бүртгэлгүйгээр нөгөө соёолон морио азарган насны морины уралдаанд оролцуулсан юм. Гэтэл нөгөө соёолон морь нь азарган насны морины гарааны газар очиж морьд гарааны зурхайгаас гарах үед хадууран гарч өөр тийш давхиад 200-300м газар яваад унаач хүүхэд нь мориноосоо унасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Р.Э нь насанд хүрээгүй П.Р хурдны морь унуулахдаа “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2011 стандарт”-д заасны дагуу хамгаалалтын хувцас өмсүүлээгүй болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч П.Р шүүх хуралдаанд өгсөн: “...Б гуай надаар хурдан морь унуулахдаа хамгаалалтын хувцас өмсүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Шүүгдэгч Р.Э шүүх хуралдаанд өгсөн: “...П.Р хурдны морь унуулахдаа соёолон насанд ч, азарга насанд ч хамгаалалтын хувцас өмсүүлээгүй. Комисс хамгаалалтын хувцас өмсүүл гэж шаардлага тавиагүй. Шаардлага тавьсан бол өмсүүлэх л байсан байх...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч Д.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Комиссын зүгээс хамгаалалтын хувцас өмсүүлэх шаардлага тавьж байсан. Тухайн үед зарим уяачид хамгаалалтын хувцас өмсгөсөн байсан. Зарим нэг цөөн тооны хүүхэд хамгаалалтын хувцас өмсөөгүй уралдсан. Б гэдэг уяач буурал морийг унаж байсан хүүхдэд хамгаалалтын хувцас өмсүүлээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
-Гэрч Г.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...П.Р гэдэг хүүхэд хамгаалах малгай, хамгаалалтын хувцас өмсөөгүй, толгой нүцгэн байсан. Энгийн өмд, цамц өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 58 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед мориноос унаж гэмтэл авсан хүүхэд хамгаалалтын хувцас өмсөөгүй, толгой нүцгэн байсан. Зүгээр энгийн цамц, өмдтэй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас/,
-Гэрч Г.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Мориноос унаж биедээ гэмтэл авсан хүүхэд хамгаалалтын хувцас өмсөөгүй, толгой нүцгэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,
-Гэрч Д.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...П.Р мориноос унах үедээ хамгаалалтын хувцас өмсөөгүй, толгой нүцгэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 98 дугаар хуудас/,
-Гэрч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...П.Р мориноос унаж бэртэх үедээ хамгаалалтын хувцас өмсөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Насанд хүрээгүй П.Р нь мориноос унасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь:
-2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр П.Р биед үзлэг
хийсэн, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.С 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /ХХ-ийн 20 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.У2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7794 дугаартай: “П.Р биед суурь яс, зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн, бяцарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, комын байдал, баруун гар, хөлийн сул саажил, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх суурь яс, зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн, бяцарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, комын байдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,
-П.Р Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /ХХ-ийн 139-154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Р.Э нь насанд хүрээгүй хохирогч П.Р унуулж уралдуулсан буурал цоохор зүсний морь нь ааш зан муутай адуу болох нь:
-Гэрч Д.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх овооны баяр болохоос 7-8 хоногийн өмнө Хонгор багийн Цохиотын Наранбулаг гэдэг газар хурдан морь уяад сойж байхад Р.Э дээрх цоохор зүсний үрээгээ өөрийнхөө өсгий цагаан хүрэн морины хамт авчраад үсэргэх гэсэн чинь Р.Э цоохор үрээг унах хүүхэд олдоогүй. Тэгээд Р.Э өөрөө унаад, би тэр үрээг нь морин дээрээсээ хөтлөөд үсэргэхээр авч явсан. Тэгж явахад Р.Э надад “Та наадахаа сайн барьж хөтөлж явахгүй бол хамаагүй давхиад өгдөг юм шүү” гэж надад өөрөө хэлсэн. Тэгтэл нөгөө үрээ надад хүчрэгдэхгүй шууд давхичихсан. Би тэр үед цулбуураас нь алдаад хоцорсон. Ер нь бол айхтар хүнд толгойтой, хатуу амтай, их омголон зантай адуу шиг санагдсан. Тэр үед нөгөө үрээ давхисаар байгаад уулын ар өөд гарахад Р.Э өөрөө зогсоож авсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80 дугаар хуудас,
-Гэрч Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тэр нэлээн ааштай адуу харагдсан. Азарган насны морьд эргэх гэж байхад эзэн нь хөтөлчихсөн. Толгой руу нь цохиод байх шиг байсан. Алсаараа нэлээн догшин байрын адуу байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас,
-Гэрч Д.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Тэр үрээ соёолон насандаа хадуураад, дахиад азарган насанд хадуурсан адуу юм. Тэгэхээр их ам хатуутай адуу болж таараад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 97 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.Э шүүх хуралдаанд өгсөн:...”Миний буурал цоохор морь нь их хөөрүү морь байгаа юм...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны
тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч П.Р эмчлүүлэхэд 1,829,550 төгрөгийн зардал гарсан талаар хавтаст хэрэгт 8 ширхэг баримт нотлох баримтаар авагдсан ба шүүгдэгч Р.Э нь хохиролд 5,900,000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Д.П, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 79,100 төгрөгийг шинжээч П.Б өгсөн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын өсөн мэдүүлгээр нотлогдож байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/.
“Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”-ийн 1.1 дэх зүйлд: “Хурдан морины уралдааныг морин спорт уяачдын холбооны төв, орон нутгийн алив нэгэн байгууллагын зөвшөөрөл, оролцоотойгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс зохион байгуулж болно” гэж, 1.10 дахь зүйлд: “Хурдан морины уралдаан нь улсын шигшмэл буюу Их хурд, улсын, бүсийн, сумын болон бусад мөн сонгомол гэсэн зэрэглэлтэй байна” гэж, 1.16 дахь зүйлд: “Бусад уралдаан гэдэг нь байгууллага, аж ахуй нэгж, хувь хүний санаачлагаар зохион байгуулсан уралдааныг хэлнэ” гэж зааснаас үзвэл Г.Б нь өөрийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хамтаар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт байдаг Овоо толгой гэдэг газрын овооны тахилгын баяр дээр морь уралдуулах эрхтэй байна. Гэхдээ морины уралдааныг морин спорт уяачдын холбооны төв, орон нутгийн алив нэгэн байгууллагын зөвшөөрөл, оролцоотойгоор зохион байгуулах ёстой байсан боловч зөвшөөрөл аваагүй, оролцуулаагүй байгаа нь тэдний зохион байгуулсан морин уралдааныг “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”-ийг зөрчиж зохион байгуулсан морин уралдаан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч энэ нь насанд хүрээгүй П.Р мориноос унаж хүнд гэмтсэн үйл баримттай шууд шалтгаант холбоогүй юм.
Учир нь “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”-ийн 4 дүгээр бүлэгт хурдан морины уралдаанд хориглох зүйлсийг тусгасан бөгөөд 4.2 дахь зүйлд: “Уралдааны замаас морь оруулах”, 4.4 дэх зүйлд: “Бүртгүүлээгүй буюу унасан хүүхэд нь дугаар зүүгээгүй морийг уралдуулах” гэж заасан. Мөн 5 дугаар бүлэгт уяачдын эрх, үүргийн талаар тусгасан ба 5.5 дахь зүйлд: “Бүртгүүлсэн морио уралдуулахгүй байх эрхтэй...” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Э нь азарган насны морины уралдаанд бүртгүүлээгүй соёолон насны морио азарган насны морины уралдаанд дур мэдэн уралдуулсан нь Овоо толгойн овоог тахих хурдан морины уралдааны зохион байгуулалтаас гадуурх үйлдэл юм. Мөн морин уралдаанд морио уралдуулах эсэх нь тухайн уяач буюу Р.Эын өөрийн хүсэл зоригтой холбоотой асуудал юм.
Харин шүүгдэгч Р.Э нь өөрийн буурал /бор/ цоохор зүсний хязаалан үрээг зан ааш муутай гэдгийг мэддэг, соёолон насны морины уралдаанд уралдуулахад замаасаа хадуурч, унаж явсан унаач хүүхдээ унагасан гэдгийг мэдсэн бөгөөд дахин уралдуулахад уг морь хадуурч, унаач хүүхдийг унагах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тийм зүйл болохгүй гэж хөнгөмсөгөөр найдаж, азарган насны уралдаанд дахин уралдуулсан үйлдэл нь насанд хүрээгүй П.Р нь мориноос унаж хүнд гэмтсэн үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Р.Э нь “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2011 стандарт”-д заасан шаардлагын дагуу хурдны морийг нь унасан насанд хүрээгүй П.Р хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй эс үйлдэхүй нь насанд хүрээгүй П.Р нь мориноос унаж хүнд гэмтсэн үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Р.Эын дээрх гэмт үйлдэл болон эс үйлдэхүйг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.Э холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Р.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч П.Р эмчлүүлэхэд гарсан зардал 1,829,550 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан, мөн 4,070,450 төгрөгийг илүү төлсөн, насанд хүрээгүй хохирогч П.Р эмчилгээнд гарсан бусад зардлын баримт бүрдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай бүрт нь уг хохирлыг төлж барагдуулахаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, бичгээр баталгаа гаргасан байх ба анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэйг болон шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Р.Э үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй ч шалтгаан нь шүүгдэгч хурдан морины уралдааны дүрэм болон унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах үүрэг, энэ талаар тогтоосон стандарт дүрэм журмыг мэддэггүйгээс үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Э тэнссэн хугацаанд “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2011 стандарт”-ыг судалж мэдэх үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй юм.
Мөн шүүгдэгч Р.Э нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй тул шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П нь насанд
хүрээгүй хохирогч П.Р эмчлүүлэх зардалд буюу хохиролд 10 гаруй сая төгрөг зарцуулсан гэж шүүх хуралд мэдүүлсэн ба шүүгдэгчээс 5,900,000 төгрөгийн хохирлыг барагдуулан авсан, одоо 5,400,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч хохирлын талаар нарийн тооцоо гаргаагүй, хохиролд холбогдох баримтуудыг бүрэн ирүүлээгүй, 1,829,550 төгрөгийн 8 ширхэг баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчид өгч, хэрэгт хавсаргуулан ирүүлсэн байгаа бөгөөд бусад баримтуудаа тухайн үед нь авч чадаагүй, цуглуулж байгаа гэх ба шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна.
Мөн Д.П нь өөрийн хүү П.Р цаашид эмчилгээ сувилгаа хийлгүүлэх шаардлагатай, уг эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг нэхэмжилж гаргуулна гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч ирээдүйд зардал гарах эсэх, түүний дүнг тооцоолох боломжгүй байна.
Иймд Д.П иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, хохиролд холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П нь шүүгдэгч Р.Э гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний хүү П.Р эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст иргэний журмаар шүүхэд хандаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн үг юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нь “Г.Б болон түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулсан морины уралдаан нь дүрэм зөрчиж зохион байгуулагдсан уралдаан учраас иргэний хариуцагч Г.Б зарим хохирлыг төлүүлэх шаардлагатай” гэж мэтгэлцэж байх ба “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”-ийн 1.7 дахь зүйлд:”Тухайн уралдаанаас үүсч болох элдэв маргаан, хохирлыг уралдаан зохион байгуулагч хариуцан барагдуулна” гэж заасан хэдий ч Р.Э азарган насны морины уралдаанд соёолон насны үрээгээ дур мэдэн уралдуулсан нь зохион байгуулалтаас гадуур үйлдэл учир хохирлыг морин уралдаан зохион байгуулагч нарт хариуцуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Р.Э иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг, мөн шүүгдэгч Р.Э нь шинжээч П.Б нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 79,100 төгрөгийг шүүх хуралдааны явцад сайн дураараа төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Заан овогт Р Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э тэнссэн хугацаанд “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2011 стандарт”-ыг судалж мэдэх үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Р.Энхболдод анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.Э нь насанд хүрээгүй хохирогч П.Р хууль ёсны төлөөлөгч Д.П хохирол 5,900,000 төгрөгийг, шинжээч П.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 79,100 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан бөгөөд шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хэргийн хамт шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч П.Р хууль ёсны төлөөлөгч Д.П нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Р.Э нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохирлын хэмжээний асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг зааж, Д.Б иргэний хариуцагчаар татсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.