Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01886

 

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01886

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02625 дугаар шийдвэртэй,

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Пид холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаяр, П.Батчулуун, хариуцагч Н.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Г" ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.Птой 2018/12/28-214 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр захиалагч Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 2 дугаар орцны - -од байрлах 113,54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан төлбөр 562,045,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөх, гүйцэтгэгч орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Манай компанийн зүгээс орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.

Н.П нь худалдан авсан - орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг төлөх үндсэн үүргээ ноцтойгоор зөрчиж байна.

1.2. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хуваарьт заасан хугацааг 20 хоногоос дээш хугацаагаар хоцроосон болон төлбөрөө хугацаанд нь хийх талаар тавьсан гүйцэтгэгчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй нөхцөлд гүйцэтгэгч тал нь нэг талын санаачилгаар дангаар гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан. Манай компанийн зүгээс Н.Пид удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд бидний зүгээс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тасалбар болгон гэрээг цуцалсан бөгөөд захиалагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар нэг санал, санаачилга гаргаагүй байгаа учир өөрсдийн өмчлөлийн орон сууцаа захиалагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Г” ХХК-д орон сууцны төлбөрт 216,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өөрийн болон банк, банк бус санхүүгийн байгууллагын санхүүжилтээр төлж барагдуулна. Гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа тул байрыг чөлөөлөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Пийг Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 2 дугаар орц, -, - хаягт байрлах 113,54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Н.П нь Б.Нандин-Эрдэнэ намайг өмгөөлөгчөөр сонгон авсан бөгөөд шүүх хуралдаан болох өдөр миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан тул энэ талаарх баримтыг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт өгч тус шүүхэд хүргүүлсэн боловч уг хүсэлтийг харгалзалгүйгээр хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.2. Хариуцагч орон сууцны төлбөрт 216,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Гэтэл хариуцагчийн төлсөн төлбөрийг хэрхэх талаар дүгнэлт хийж, шийдвэрлээгүйгээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хэрхэх нь тодорхойгүй үлдсэн байна. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон бол энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт тусгайлан дүгнүүлэх зэргээр шийдвэрлүүлэх талаар шүүхэд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд хариуцагч нь цаг авах зорилготой байдаг. Бид тухайн орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлж, дараагийн арга хэмжээ авах хүсэлтэй байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Н.Пид холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Г” ХХК болон Н.Пийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2018/12/25-214 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр гүйцэтгэгч “Г” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 2 дугаар орц, - - хаягт байрлах 113,54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, захиалагч Н.П төлбөрт 562,045,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Улмаар талууд мөн өдрөө 2018/12/28-214-НГ-01 дугаар нэмэлт гэрээ байгуулан, уг гэрээгээр захиалагч орон сууцыг өөрийн эзэмшилд авах, төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулан, үндсэн төлбөр дээр нэмж сар бүр нэмэгдэл төлбөр төлөх, гүйцэтгэгч орон сууцны өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж байгаа, орон сууцны үнэд 562,045,000 төгрөг төлөхөөс 216,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.  

 

5. Хариуцагч Н.П гэрээний үүргээ зөрсөн, нэхэмжлэгч “Г” ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон хэдий ч үр дүн гаргаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 116,045,000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр тайлбар гаргасан боловч үнийг төлөөгүй байна.  

Иймд нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, улмаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох орон сууцны эзэмшлийг хариуцагч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэхдээ хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 216,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагчид олгох талаар шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөх нь зүйтэй байна. 

 

6. Анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/06079 дугаар захирамжаар хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын хүсэлтийг хангаж шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/06993 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Иймд хариуцагчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болсон тул хангахгүй орхив.

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 2 дугаар орц, -, - хаягт байрлах 113,54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Пийн эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д, нэхэмжлэгч “Г” ХХК-аас 216,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Пид тус тус буцаан олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Поос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ                                

                                                  ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА