Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 10

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Э.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 1824000050010 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э И /регистрийн дугаар: */.

 

Шүүгдэгч Э.И нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэн А.М эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэлж, дотогш нэвтрэн орж “Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, бэлэн 26,000 төгрөг хулгайлж, нийт 84,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цоож түлхүүр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн архинууд эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч А.М, гэрч С.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.М, гэрч Г.Ц, С.О, Л.Д, Ч.М, Ш.Б, Н.Б, Г.О, Б.Ц, С.Г, яллагдагч Э.И нарын өгсөн мэдүүлэг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201810015 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч А.М хэсгийн төлөөлөгчид гаргасан хүсэлт, Э.И ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрладаг, хохирогч А.М, түүний нөхөр С.О нарын эзэмшлийн байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь:

-2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрладаг, иргэн С.О байшинд үзлэг хийсэн: “...байшингийн хаалгаар ороход шууд гал тогооны хэсэг, 7 цагийн чигт том өрөө ордог хаалга, 12 цагийн чигт унталгын өрөө ордог хаалга байлаа. Том өрөөнд орж цагийн зүүний дагуу үзлэг хийхэд 03 цагийн чигт цонх, 12 цагийн чигт буйдан, 09 цагийн чигт ханын стенк байх бөгөөд бүх зүйл эмх цэгцтэй байсан. Унталгын өрөөнд орж үүдэн талаас нь цагийн зүүний дагуу үзлэг хийхэд 9 цагийн чигт ханын пийшин, 12 цагийн чигт улаан хээтэй 3 ширхэг авдар зэрэгцүүлж тавьсан, арын хананд нь хээтэй 2 улаан хивс зэрэгцүүлж хадсан байв. ...03 цагийн чигт цонх, 05 цагийн чигт улаан шарга модон ор шар хээтэй бүтээлэгтэй, ар хананд нь шар хээтэй хивс өлгөсөн, шаланд нь цайвар хөх, цэцэгэн хээтэй хивс дэвссэн байлаа. Гал тогооны өрөөнд орж үзлэг хийхэд 07 цагийн чигт нүүр гар угаадаг гоожуур, 11 цагийн чигт гал түлдэг төмөр зуух, 12 цагийн чигт цагаан бүтээлэгтэй ширээ, 08 цагийн чигт, бор, шар өнгийн 2 ширхэг гал тогооны шүүгээ... зэрэг байлаа” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/,

-“С О, А М нар 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүр дээрээ худалдаа хийж байгаад 16 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Манай хаалганы цоож онгойхгүй сонин болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын09-ний өдөр Асгат сумын төвөөс хөдөө явсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ирэхэд манай эхнэр А.М гэрт хулгайч ороод гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

-Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байтал Асгат сумын иргэн А.М ирээд манай гэрийн цоожийг юмаар цохиод эвдсэн бололтой байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Э.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би айлд орж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Э.И нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч А.М, түүний нөхөр С.О нарын эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орсон болох нь:

-2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрладаг, иргэн С.О байшинд үзлэг хийсэн: “...цонхны урд ширээн дээр гэр цоожилсон байсан гэх цагаан никель өнгөтэй, 2 бөөрөндөө EXTRA SANTIAO TOP SEKURITY гэсэн бичигтэй, түлхүүр нь цоожинд зоолттой, түлхүүр дээрээ SANTIAO гэсэн бичигтэй , дээд хэсгийн ирмэг, доод талын ирмэг хэсэгт ямар нэгэн зүйлээр цохигдож гэмтсэн, цоожны гогцоо хойшоо тахийсан,гогцоо төмөр дээрээ HARDENEDгэсэн бичигтэй цоож байсныг тэмдэглэлд тусган хураан авав...  ” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/,

-2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цоож түлхүүр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх байшингийнхаа таамбарын хаалгыг ил цоожоор цоожилдог юм. Хулгайч орохдоо манай хаалганы цоожийг юмаар цохиж орсон байсан. Цоож түлхүүрээрээ онгойхгүй гацаж, энд тэндээ цохигдсон гэмтэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...С.О ахын хашаагаар ортол тэднийх эзэнгүй, байшин нь цоожтой байхаар нь хураасан түлээнийх нь хажуу талаас төмөр аваад байшингийн таамбарын хаалгыг цоожилсон байсан цагаан өнгийн никель цоожийг нөгөө төмрөөрөө цохиж онгойлгоод тэдний гэрт орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Шүүгдэгч Э.И нь хохирогч А.М, түүний нөхөр С.О нарын эзэмшлийн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж “Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, бэлэн 26,000 төгрөг хулгайлж авсан болох нь:

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи алга болсон байсан Манай суманд Ерөөл архи 8,000, Болор архи 22,000 төгрөгийн үнэтэй байдаг. Бэлэн мөнгө 26,000 орчим төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед намайг дэлгүүртээ байж байтал Э.И манай дэлгүүрт орж ирээд надаас 4,000 төгрөгийн юнителийн нэгж, 1000 төгрөгөөр 1 боодол бохь аваад гарсан. ...Задгай 5 ширхэг 1000 төгрөг авч явсан. Тэгээд 4000 төгрөгөөр нь нэгж, 1000 төгрөгөөр нь боодол бохь авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

-Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед намайг дэлгүүртээ байж байтал Э.И манай дэлгүүрт орж ирээд надаас 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 8000 төгрөгөөр худалдаж аваад гарсан. Гаднаас орж ирэхдээ 1 ширхэг 10,000-тын дэвсгэрт барьж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

-Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед намайг дэлгүүртээ байж байтал Э.И манай дэлгүүрт орж ирээд  2 литрийн Сэрүүн нэртэй пиво 1 ширхэг, том кола ундаа 1 ширхэг, дээлийн эмжээр хоргой 1 ширхэг, нийт 13,500 төгрөгийн худалдаа хийгээд гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би М яваад хашааных нь хаалгаар ортол хашааны арын хаалгаар Э.И гараад зугтаахаар нь би араас нь хөөж барьж аваад О гэрт оруулаад өвөр доторхи юмыг нь гаргуултал 2 шил 0,5 литрийн Ерөөл архи, 1 ширхэг саатай, ногоон өнгийн, дээлийн эмжээр гарч ирсэн. Тэр үед М эгч И тааралдахад манай 0,75литрийн Болор архийг өвөртөлчихсөн байхаар нь авчихсан юм гээд дээрээс нь жаахан уучихсан Болор архи гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...И дээлийнхээ өвөр дотроос 1 шил 0,5 литрийн ерөөл нэртэй архи, 1 ширхэг дунд зэргийн кола ундаа гаргаж ирээд энэ архийг хувааж уучихаад гарья гэхээр нь би жаахан дургүйцсэн... И, О ах 2 хувааж уугаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 11 цагийн үед Асгат сумын төвд С.О ахын гудамжаар айлд орох санаатай явж байтал Э.И,С.О ахын хашаанаас гараад ирсэн. Тэгээд над дээр ирсэн. Амандаа Ерөөл архины улаан өнгийн хүзүүвчний лац зуучихсан байсан ба та хаачих гэж байгаа юм? Гэхээр нь У ахынд орох гэж байна гэтэл хамт орсон. ...И дээлийнхээ өвөр дотроос 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй, дээрээс нь 2 хуруу орчим уучихсан архи, 1,25 литрийн кола ундаа гаргаж ирээд шараа тайлна гээд надтай хувааж уусан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би унтлагын өрөөнд орсон 3 авдар байсан. Тэр авдарнуудын дунд талын авдар цоожгүй онгорхой байхаар нь тагийг нь онгойлгоод үзтэл дотор нь 1 ширхэг 0,75 литрийн Болор нэртэй архи байхаар нь авч өвөртөлөөд, нөгөө авдарыг тагалчихаад эргээд хартал цонхны тавцан дээр 7000 төгрөг байхаар нь авсан. Орны урд талд хайрцагтай Ерөөл нэртэй 0,5 литрийн архинууд байхаар нь тэндээс 4 ширхэгийг бас өвөртөө хийгээд гал тогооны өрөөнд ортол эрэгнэгийн хулдаасан доороос мөнгө цухуйж байхаар нь тэр мөнгөнүүдийг бас авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Шүүгдэгч Э.И дээрх үйлдлийн улмаас хохирогч А.М 84500 төгрөгийн хохирол учирсан болох нь:

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи алга болсон байсан Манай суманд Ерөөл архи 8,000, Болор архи 22,000 төгрөгийн үнэтэй байдаг. Бэлэн мөнгө 26,000 орчим төгрөг байсан. Хаалгаа хулгай орохын өмнөх өдөр дэлгүүртээ зарж байсан шинэ цоожоор цоожилсон байсан. Тэр цоожийг 4500 төгрөгөөр зардаг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201810015 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Шүүгдэгч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Шүүгдэгч Э.И нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч А.М учруулсан 84500 төгрөгийн хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь:

-Хохирогч А.М хэсгийн төлөөлөгчид гаргасан: “Э овогтой И нь надад учруулсан хохирол болох 84500 төгрөгийг төлж барагдуулсан, одоо надад нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолт /ХХ-ийн 62 дугаар хуудас/-оор нотлогдож байна

6. Хавтаст хэргийн материалд эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн ажлын хөлсөнд 10000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх хавсаргагдсан боловч уг мөнгийг шүүгдэгч Э.Ишжамц барагдуулсан болох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хэлсэн: “...Шүүгдэгч Э.И гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зкардалгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтийг авахдаа уг мөнгийг төлсөн...” гэсэн тайлбар /Шүүх хуралдааны тэмдэглэлд/-аар нотлогдож байна.

Иймд Э.И дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Э.И холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э.И хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.И ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон учруулсан хохиролыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.И гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй байхаар тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Э.И хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч орсон үйлдэл болон прокуророос энэ хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн тухайд маргах зүйл байхгүй. Харин шүүгдэгч нь 21 насанд хүрээгүй байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, шүүх хуралдаан болж байгаа энэ өдрийн байдлаар ч 21 насанд хүрээгүй байгаа учир эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүднээс түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтын дагуу 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналтай байна...” гэж мэтгэлцсэн ба шүүх шүүгдэгч Э.И эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаас үзвэл 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Э.И Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй байхаар тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордохгүй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Э.И гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч нь хохирогч А.М учруулсан хохирол 84500 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 10000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэснийг, мөн шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 литрийн шилтэй, хагас Болор архи мөрдөн шалгах ажиллагааны явцад асгарсан, шилийг цаашид хэрэглэхгүй, мөн хохирогчийн байшингийн таамбарын хаалгыг цоожилсон байсан гэх цоож, түлхүүр цаашид хэвийн байдлаар ашиглагдах боломжгүй болсон, хохирогч хохирол төлбөрөө барагдуулан авсан учир эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Мөн хэргийн хамт шүүгдэгч Э.И иргэний бичиг баримт шүүхэд хэргийн хамт  шилжин ирээгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э И хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.И  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.И нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Э.И нь хохирогч А.М учруулсан хохирол 84500 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 10000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэснийг, мөн шүүгдэгчийн хувьд онгдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн Болор архины шил 1 ширхэг, EXTRA SANTIAO TOP SEKURITY гэсэн бичигтэй,  цоожийг түлхүүрийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

7. Шүүгдэгч Э.И иргэний бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН