Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 190

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч түүний өмгөөлөгч Ө.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А ” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ зохион байгуулсан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим дугаар авах үйл ажиллагаанд оролцож, эхний 120 компаниас 52 дугаар байранд орж өргөдлийн дугаар авсан билээ.

Энэхүү өргөдлийн дугаараар Төвийн аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумын Баян 888 нэртэй, солбицлуудтай NE-026... дугаарт бүртгэгдсэн 2677.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. 

Дээрх өргөдлийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэсийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6/4654 дугаартай шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай компанид Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн. 

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эхний жилийн төлбөр 388,291.15 төгрөг болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс 3,000000 төгрөгийг тус тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хураах үүрэгтэйг мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэний дагуу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэлд бичсэн банкны харилцах данс руу төлбөрүүдийг төлсөн билээ.

Эдгээр төлбөр, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг тухайн өдрөө Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн бөгөөд уг мэргэжилтэн танай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл ажлын 3 хоногийн дараа гарна, тэгэхээр нь ирж аваарай гэж хэлсэн. Ингээд ажлын 3 хоногийн  дараа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авахаар ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн хариуцсан мэргэжилтэнтэй очиж уулзахад, хайгуулын тусгай зөвшөөрөл хэвлэх үнэт цаас дууссан болохоор тусгай зөвшөөрөл чинь гарч амжаагүй  байна, 2016 оны сарын ихээр хүрээд ир, тэгэхэд тусгай зөвшөөрөл чинь хэвлэгдэж батлагдаад гарсан байна гэж мэдэгдсэн. Мөн л заасан хугацаанд нь тусгай зөвшөөрлөө хүлээн авахаар дахин ирэхэд, кадастрын хэлтсийн дарга  солигдож байгаа, бас тамга хураасан байгаа тул тусгай зөвшөөрөл олгох ажил хойшлогдож байна гэж хариу хэлсэн. 

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Кадастрын хэлтэст ирж, тусгай зөвшөөрлөө дахин сураглаж асуухад, ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс дарга нь томилогдчихсон байсан тул шинэ томилогдсон Кадастрын хэлтсийн дарга Д.М тай уулзсан ба Д.М дарга “би ажлаа аваад удаагүй байна, иймээс танай компанид олгох шинэ хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар судлаад хариу мэдэгдье” гэсэн. 

Үүнээс хойш холбогдох хариуцсан мэргэжилтнээс хэд хэдэн удаа лавлаж асууж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад “Манай компанийн шинэ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү” гэсэн албан бичиг хүртэл өгсөн боловч хэзээ тусгай зөвшөөрлийг олгох талаар тодорхой хариу хэлэхгүй нилээд хугацаа өнгөрсөн. 

Ингээд тусгай зөвшөөрлийг маань хэзээ өгөх эсэх талаар хариу хэлэхгүй байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Б.Б од гомдол гаргахад, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2480 дугаартай албан бичгээрээ манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу мэдэгдсэн билээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, түүнчлэн мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлсөн тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ажлын 3 өдөрт багтаан 3 жилийн хугацаагаар олгох үүрэгтэй болохыг зохицуулсан. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа буюу хууль бус эс үйлдэхүйн улмаас манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу олж авах эрх буюу эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх, тусгай зөвшөөрөл эзэмшигч болж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн дагуу ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК анх 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газраас зохион байгуулсан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим дугаар авах үйл ажиллагаанд оролцож, өргөдөл гаргасан байдаг. Эхний 120 компаниас 52 дугаар байранд шалгарсан бөгөөд өргөдлийн дугаар авсан. Тусгай зөвшөөрөлтэй талбайн солбицолд өргөдөл гаргасан. Үүнтэй холбоотой өргөдлийг хүлээн авч солбицолтой холбоотой зүйлсүүдийг ашигт малтмалын газраас хийсэн байдаг. Эхний байдлаар Баян сумын нутаг дэвсгэрийг хамарсан байдлаар гаргасан. Баян сумын нутаг дэвсгэрт холбогдох солбицол нь тусгай хэрэгцээнд байсан болохоор үүнийг “Б-А ” ХХК-ийн зүгээс солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээгээ багасгаад 2677.87 гектар талбайд өргөдөл гаргасан. Бусдын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаад байсан учраас боломжтой байна гээд Ашигт малтмалын газраас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6/4456 тоот мэдэгдлээр “Б-А ” ХХК 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олголоо гэсэн хариу өгсөн байдаг. 

Хариу өгснөөс хойш тусгай зөвшөөрлийг эзэмшихээр өргөдөл гаргасан “Б-А ” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээд эхний жилүүдэд 388.291.15 төгрөг, мөн тусгай зөвшөөрөл олгох эх үүсвэрийн 3 сая төгрөгийг тэр мэдэгдлийг авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тушаа гэсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр холбогдох данс руу шилжүүлж төлсөн байдаг. Төлснөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд юу гэж заасан бэ гэхээр /төлбөрийг төлснөөс хойш ажлын 3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгоно/ гэсэн байдаг. Гэтэл өргөдөл өгсөн өдрөөс хойш үнэт цаас дууссан байна гэдэг. Сүүлд нь болохоор тамга хураасан байна. Ийм байдлаар хойшлогдож явсан. Өгөхгүй гэсэн хариу шууд ирдэггүй. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзахад шинээр томилогдсон дарга Д.М би энэ талаар судлах болно гэсэн. Кадастрын хэлтсийн дээд шатны байгууллага болох Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан. Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2480 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Энэ хариуг авч, хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан. Яагаад тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байгаа вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т өргөдөл гаргагч этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуульд  заасан хугацаанд төлсөн тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ажлын 3 хоногт багтаан 3 жилийн хугацаатай олгодог үүрэгтэй. Хуульд заасан тодорхой үүрэг. Хуулиар хүлээсэн байгаа үүргийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус юм аа. Энэ хууль бус эс үйлдэхүй нь улмаас нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж байгаа. Тиймээс дараах тайлбарыг гаргаж байна. 

Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олж авах эрхийг олгосон. Хуульд заасны дагуу холбогдох шаардлагыг хангаж, эрхийг олж авчхаад байхад Кадастрын хэлтсийн эс үйлдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн байгаа эс үйлдэхүй байгаа. Энэ үйлдлийг таслан зогсоож, эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар эс үйлдэхүй нь хууль бус байх юм бол эрх, ашиг зөрчигдсөн хүнээс ялгаагүй зохих акт гаргахыг үүрэг бүхий захиргааны байгууллагад даалгана гэсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс буюу хуучин нэрээр Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй байгаа учраас хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй. Тийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрийн дагуу “Б-А ” ХХК-д олгох ёстой. 

Мөн хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас дээр “Б-А ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, бүх үйл баримтууд байна. Өргөдлөө эхэлж гарангуут Баян сум тусгай хэрэгцээнд авсан байгаа гэсэн учраас тэрийг нь хасаж, Баян сум дээр авахгүй, Архуст, Баян, Баянжаргалан сумдуудын гектар талбайн хэмжээг 3100 биш 2677 гектар талбай болгосон бөгөөд дотоод хяналтын хуудас дээр байгаа. Солбицолд өөрчлөлт хийснийг дахиж хүлээж авч, дахин шүүлт хийж, шүүлт хийхэд давхцалгүй байна, олгож болно гэсэн. Хавтаст хэрэгт уурхайн кадастрын зураг байгаа бөгөөд энэ зурагт бас тодорхой байгаа. Хариуцагчийн зүгээс давхцалтай байгаа учраас олгохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа боловч давхцал байхгүй гэдгийг хариуцагчийн  зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б-А ” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумдын нутаг Баян 888 нэртэй 3521.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн NE-26... дугаарт бүртгэсэн байна. 

Дээрхи компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6917 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Төв аймгийн Засаг дарга Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр саналын хуудсанд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дах хэсэгт заасан үндэслэлээр “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. 

Дээрх саналд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 “ бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”, 52 дугаар зүйлийн 52.2 Зуслан намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарч, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7 Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан тул “дэмжихгүй байна” гэжээ. 

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд Газар эзэмшигч ашиглагчийн тухай, 52 дугаар зүйлд Бэлчээр түүнийг зохистой ашиглах талаар тус тус хуульчилж өгсөн ба энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хориглох хуулийн заалт биш байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг “Аймаг нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна. 

Засаг даргын санал хуульд нийцээгүй тул Ашигт малтмалын  тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5  дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б-А ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. 

Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол батлагдан гарч кадастрын зураг зүйн системд бүртгэгдсэн ба “Б-А ” ХХК-ийн гаргасан NE-26... дугаар өргөдөлтэй давхцалтай тул олгох боломжгүй байна. 

Иймд “Б-А ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумдын нутаг Баян 888 нэртэй газар 3521.57 гектар талбайтай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээн авах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьж хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар саналаа өгөөч ээ гэж 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6917 тоотоор хүргүүлсэн байдаг. Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9 дүгээр саналаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, дэмжихгүй гэсэн байдаг. 

Дээрх саналыг нарийвчлан авч үзэх юм бол Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар бэлчээрт болон бэлчээрт бус цэг, хужирт бүхий газар, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 нь зуслан намаржаа хот айл бэлчээрийг ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны газрыг малаас чөлөөлөх, оруулахгүй байх талаар сум, дүүргийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргад үүрэг, чиглэл өгнө. Өвөлжөө, хаваржааны газрын тодорхой бэлчээрийг талхлалтаас хамгаалж, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүсийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан мал эмнэлгийн саналыг үндэслэн Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг, бүлгээр ашиглуулж болно гэсэн заалт, хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-т өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэд хот айл дундаа хамтаар эзэмшиж болно гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг Засаг даргаас ирүүлсэн байдаг. Засаг даргаас ирсэн саналыг нарийвчилж үзэх юм бол хуульд заасан санал биш байсан тул учраас Засаг даргын санал хуульд нийцээгүй байна гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг “Б-А ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байгаа. Шийдвэрлээд явж байх хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар 4 дүгээр тогтоол гарсан. Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу “Б-А ” ХХК-ийн гаргасан NE-26... дугаар өргөдөлтэй хэсэгчилсэн давхцалтай байсан учраас тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй болсон. 

Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг олгохыг Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А ” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “Б-А ” ХХК нь Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумдын нутаг Баян 888 нэртэй 3521.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан цахимаар өргөдөл /хх 41/ гаргажээ.

Тус өргөдлийг хариуцагч байгууллагаас 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч NE-026... /ХА01....-NE/ дугаарт бүртгэж, зураг зүйн шүүлт хийж /хх 42/, Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох бусад ажиллагааг хийжээ /хх 39-40/. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6917 дугаар албан бичиг /хх 35/-ээр “Төв аймгийн Засаг даргад хандан “Б-А ” ХХК-ийн өргөдөлд дурдсан солбицолд байрлах газруудад шүүлт хийж үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байгаа тул хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлэх” мэдэгдлийг хүргүүлжээ. 

Төв аймгийн Архуст сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  13 дугаар тогтоолд “Тус сумын жаргалант багийн нутаг дэвсгэрт хайгуулын лиценз эзэмших тухай ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй болохыг Б-А ХХК-ны удирдах зөвлөлд уламжилсугай” гэжээ. Мөн тус Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлд “... Ашигт малтмалын газрын 2015.09.07-ны өдрийн 6/6902 тоотод заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон дэмжих боломжгүй...” гэжээ.

Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 09  саналын хуудас / хх 36/-аар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр “Б-А ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн саналыг хариуцагчид ирүүлжээ. 

Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авсан тухай”  04 дүгээр тогтоол / хх 32/  гарсан байна. 

Үүний дараагаар нэхэмжлэгч “Б-А ” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/01 дугаар албан бичиг / хх 29/-ээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-026... /ХА01....-NE/ дугаарт бүртгэгдсэн Баян 888 нэртэй 3521.57 гектор талбайн Баян сумын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авсан тухай” Төв аймгийн Баян сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолын хавсралтаар батлагдсан солбицолд давхцаж байгаа тул давхцалтай талбайг хасч хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж, уг талбайн кадастрын зураг /хх 30/-ийг хавсаргажээ. 

Уг албан бичгийн дагуу хариуцагчаас солбилцолд өөрчлөлт оруулсныг бүртгэж, дахин шүүлт хийж /хх 31/, тусгай зөвшөөрөл олгох талаар тэмдэглэгээг өргөдлийн дотоод хяналтын хуудас /39-40/-д тэмдэглэжээ. 

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 555 дугаар шийдвэр / хх 28/-ийн Нэг-д зааснаар “Б-А ” ХХК-д NE-026... дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумын Баян 888 нэртэй 2677,87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6/4654 дугаар албан бичиг / хх 27/-ээр “Б-А ” ХХК-д  NE-026... дугаарт бүртгэгдсэн 2677.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн тул тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний төлбөрүүдийг холбогдох дансанд 10 хоногийн дотор тушаах талаар мэдэгдэл хүргүүлсэн. 

Уг мэдэгдлийн дагуу “Б-А ” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний төлбөр болон тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрүүдийг төлсөн байна / хх 10-11/.

“Б-А ” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/02 дугаар албан бичиг /хх 6/-ээр “2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №6/4654 дугаартай мэдэгдлийн дагуу хуульд заасан хугацаанд багтааж төлбөрөө төлсөн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй тул тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байна. 

Мөн “Б-А ” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №11/01 дугаар албан бичиг /хх 8/-ээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан боловч тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгаа талаар болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичигт хариу аваагүй талаар дурдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөх тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргажээ. 

Уг гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2480 дугаар албан бичиг / хх 9/-ээр “Б-А ” ХХК-д “...Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр бичгээр дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан нөхцөлийг хангахгүй буюу дэмжихгүй санал ирүүлсэн байх тул 2016 оны 09 дүгээр сарын 30, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн албан бичигт заасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. 

Үүний дараа нэхэмжлэгч компаниас энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнэхэд:

Нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан өргөдлийн талбай нь Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолд заасан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан солбилцолтой давхцалтай учир Төв аймгийн Засаг даргаас дэмжихгүй хариуг ирүүлсэн, үүнийг үндэслэн нэхэмжлэгчээс давхцалтай байгаа талбайг хасч хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгчийн давхцалтай байгаа талбайг хасч дахин гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэр гарч, шийдвэрийн талаар болон 388.291.15 төгрөгийг тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт төлөх, эрх олгох үйлчилгээний хөлсөнд 3.000.000 төгрөгийг төлөх мэдэгдлийг  2016 оны 08 дугаар сарын 02-нд хүргүүлсэн. Хариуцагчийн шаардсан төлбөрийг нэхэмжлэгч мэдэгдэл хүлээн авснаас хойш 9 дэх хоног дээрээ буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Ийнхүү төлбөрөө төлсөн  боловч хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч төлбөр төлсөн өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 18-н өдөр хүртэл гаргаж өгөөгүй, дээд шатны албан тушаалтан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар: 

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, уг өргөдөлд тавигдах шаардлага, өргөдлийг хариуцагч байгууллага хэрхэн хянан шийдвэрлэхтэй холбоотой журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлээр тус тус зохицуулжээ. 

Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан атлаа тусгай зөвшөөрлийг бичиж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж маргасан харин хариуцагчийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх бусад үйл ажиллагаатай маргаагүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заажээ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.6, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.” гэжээ. 

Дээр дурдсан хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэр гаргаж, нэхэмжлэгч эхний жилийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан 10 хоногт багтаан эхний жилийн  төлбөр болох 388.291.15 төгрөгийг төлсөн гэдэг нь тогтоогдож байхад хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй юм. 

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компани хуульд заасан төлбөрийг төлсөн байтал хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 өдөрт багтаан олгоогүй бөгөөд хуульд заасан үүргээ 3 сар гаруй хугацаанд /мэдэгдэл гарснаас хойш түүний дээд шатны байгууллагад гомдол гаргах хүртэл/ биелүүлээгүй байна. Хариуцагчийн хуульд заасан үүргээ биеүүлээгүй энэхүү эс үйлдэхүй нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасантай нийцэхгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн “Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолд заасан давхцалтай хэсгийг хасч үлдсэн талбайд тусгай зөвшөөрөл олгуулах” агуулга бүхий дахин гаргасан өргөдлийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, мэдэгдэл хүргүүлсэн. Гэсэн атлаа хариуцагч тайлбартаа /хх 22-23/ “Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол батлагдан гарч кадастрын зураг зүйн системд бүртгэгдсэн ба “Б-А ” ХХК-ийн гаргасан NE-26... дугаар өргөдөлтэй давхцалтай тул олгох боломжгүй байна.” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг бичиж олгох хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа нь үндэслэлгүй байна.

Дүгнэхэд нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгоогүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчаас зөрчсөн гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан  “Б-А ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А ” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ