Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 110/2018/0042/З |
Дугаар | 221/МА2019/0064 |
Огноо | 2019-01-31 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2019/0064
2019 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2019/0064 | Улаанбаатар хот |
Х.Т нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0071 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгаж, үлдсэн хэсэг болох Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Х.Т дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Х.Т миний нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох хэсгийг буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүхээс Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгасан мөртлөө Х.Т надад зэрэг дэв олгуулах хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс тооцсон явдлыг зөвшөөрөхгүй байна.
Учир нь би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа цалингийн болон зэрэг, дэв олгуулах асуудлыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох ёстой гэж гаргасан.
Анхан шатны шүүх Х.Т миний нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хэсгийг ханган зэрэг дэв олгуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлээгүй Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эс үйлдэхүй нь хууль бус байсныг тогтоосон мөртлөө төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан зэрэг, дэвийн бодит хохирлыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн олгуулахаар шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан үндсэн болон нэмэгдэл баталгааг эдлэх ёстой гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар “Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, 2/ зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах, 3/ Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа “Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах” шаардлагыг гэсэн 2 шаардлагыг хангаж, харин 3 дахь шаардлага болох “Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн Тогтоох хэсэгт гомдол гаргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Т-д нь 2007 оны 01 дүгээр сарын 02-ноос Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт үйлчилгээний албан тушаалд, 2016 оны 05 дугаар сарын 20-ноос хойш төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.2.5-д тус тус зааснаар ахлах түшмэлийн зэрэг дэв олгогдох шаардлагыг хангасан байна.
Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг үүрэг болгосон нь төрийн захиргааны албан хаагчид хуулиар олгосон баталгаа болох зэрэг дэв авах эрхийг хязгаарласан, энэ талаар шийдвэр гаргахыг хориглосон агуулгагүй байна гэж дүгнэн “зэрэг дэв олгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Т нь “...зэрэг дэв олгуулах санал гаргахыг аймгийн Төрийн албаны зөвлөлд, олгохыг аймгийн Засаг даргад даалгах тухай...” нэхэмжлэлийн шаардлагаа ...шүүх хуралдааны үеэр “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн олгоход болно” гэж зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцох ёстой гэж үзэж байна...” гэсэн нь анх шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй.
Нөгөө талаар анхан шатны шүүх “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны цалингийн зөрүү гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэг шийдвэрийн, нэг заалтад зөрүүтэй, эсрэг дүгнэлт хийж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зэрэг дэв олгуулах талаар санал гаргах болон зэрэг дэв олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө шүүх “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны цалингийн зөрүү гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдолтой байна.
Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР