Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 026

 

А.Жанарбекийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Ители овогт Анасигийн Жанарбекийн нэхэмжлэлтэй, 13 дугаар багт оршин суух Шыбарайгыр дүзик овогт Шаривын Түйгынд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самауат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сагсай, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Түйгынаас автомашины үнээс үлдсэн 1000000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би Ш.Түйгынд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Естима маркийн 3663 БӨТ улсын дугаартай суудлын автомашиныг 5500000 төгрөгөөр үнэлэн худалдсан ба үүнээс тухайн үед 4500000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 1.0 сая төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлж өгөхөөр баримт бичиж өгсөн боловч одоо болтол өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд Ш.Түйгынаас 1.0 сая төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Естима маркийн машиныг худалдан авч 4500000 төгрөгийн бэлнээр төлж, үлдсэн 1000000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн нь үнэн. Гэтэл машиныг аваад 7 хоногийн дараа Алтанцөгц сум руу явсан бөгөөд сумын төв рүү очоогүй байхад машин эвдэрсэн. Тухайн үед машины 2 батарей муудсан байсан бөгөөд машины кропонд зориулалтын бус тос хийснээс болж эвдэрсэн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргасан. Машиныг засаж хэвийн байдалд нь оруулахад одоогийн байдлаар 1310000 төгрөгийн засвар хийсэн боловч бүрэн засагдаагүй байна. Би А.Жанарбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Шыбарайгыр дүзик овогт Шаривын Түйгынаас Toyota estima маркийн 3663 БӨТ улсын дугаартай суудлын авто машины үнээс үлдсэн 1000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ители овогт Анасигийн Жанарбект олгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Түйгынаас 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Түйгынд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Хавтаст хэрэгт авагдсан дараах баримтаар уг автомашин эд хөрөнгийн доголдолтой байсан гэдэг нь нотлогдож байна. Үүнд: К.Телеубайн гарын баримтад Уг машины 30 ширхэг батерейг зориулалтын ачаалалтай тэстээр шалгахад 20 ширхэг батерей муу, өвлийн улиралд шаардлага хангахгүй, мөн 10 батерей нь муу гарсан дулааны улиралд явж болно, нийт 30000 төгрөг авсан гэж тайлбар, М.Тимурын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр приус машины 9 ширхэг батерей, нэг ширхэгийн нь 40000 төгрөгөөр Н.Сагсайд зарсан гэх тайлбар, Ж.Терланы 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Н.Сагсай надад Эстима маркийн машины цахилгаан мотор өгч явуулсан бөгөөд засварын мөнгөнд 450000 төгрөг, замын зардалд 40000 төгрөгийг би авсан нь үнэн гэж тайлбар, Е.Жанатханы Уг машиныг асааж шалгаж үзэхэд хурдны хайрцаг ажиллагаагүй болсон байв. Уг эвдрэл, гэмтэл нь хурдны хайрцагт зориулалтын бус тос хийснээр үүссэн байна. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт зориулалтын CVT маркын хурдны хайрцагт хийх тос хийж ажиллуулж үзэхэд хэвийн ажиллагаатай болсон гэх дүгнэлт зэрэг баримтуудаар уг автомашин нь эд хөрөнгийн доголдолтой гэдэг нь нотлогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 253.1, 253.2, 254.1 дахь заалтуудыг зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг үндэслэжээ. Энэхүү заалт нь хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан тул уг маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Нэгэнт анхан шатны шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Ш.Түйгын нь уг машиныг худалдаж авахдаа биет байдлын доголдолгүй гэдгийг нь шалгаж авсан болох нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ш.Түйгын нь машиныг эд хөрөнгийн доголдолгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч машины үнийн үлдсэн төлбөрийг барагдуулахаар гарын баримт үйлдэж өгсөн. Хариуцагч машиныг худалдаж авснаас хойш 4 сар өнгөрсөн байхад эд хөрөнгийн доголдлын талаар эрх бүхий байгууллагад хандаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан хуульд зааснаар үнэлж, маргааныг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч Ш.Түйгыны үйлдсэн гэх баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан судлахад, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан хэлцлээр худалдагч А.Жанарбекийн өмчлөлийн 36-63 БӨТ улсын дугаартай Естима маркийн суудлын автомашиныг худалдан авагч Ш.Түйгын нь 5500000 төгрөгөөр худалдан авахдаа 4500000 төгрөгийг төлсөн, харин үлдсэн 1000000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр хэлэлцэн тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Хулалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдаж авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч хариуцагч Ш.Түйгын нь худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн 1000000 төгрөгийг эд хөрөнгийн доголдолтой автомашин худалдаж авсан бөгөөд эвдрэлийг засварлахад нийт 1310000 төгрөгийн зардал гарсан учраас үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, хэргийн 23-35 дугаар талд авагдсан бичмэл баримт, гэрэл зураг, зарлагын баримт, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх маргааны үйл баримтад хамааралгүй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар баримтаар тогтоогдсон тохиолдолд худалдан авагч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т зааснаар уг доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас шүүхээс хариуцагчийн тайлбартай холбогдуулж энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ. Маргааны үйл баримтаас дүгнэвэл, худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд анх хэлцэл хийгдсэн үед бүрэн шилжүүлсэн бөгөөд гагцхүү худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 1000000 төгрөгийг хэлцэл хийгдсэнээс хойш 2 сарын дараа төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ. Худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээ байгуулагдмагц худалдан авагчид шилжсэн талаар талууд маргаагүй байна.

 

Харин, зээлээр худалдах-худалдан авах гэрээний хуульд заасан урьдчилсан нөхцлөөс үзвэл, худалдагч нь худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ байгуулагдмагц худалдан авагчид шилжүүлэх боломжтой боловч хуулиар ийм үүрэг хүлээдэггүй учраас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т эд хөрөнгийг шилжүүлэх гэж хуульчилжээ. Үүнээс гадна худалдан авагч нь үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх ба үнийг тодорхой хугацааны дараа бүрэн төлснөөр худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжих эсэх талаарх үйл баримт хэргээс тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч талын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан үндэслэлүүдийг удирдлага болгох ёстой байсан гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан учраас хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, хариуцагч Ш.Түйгынд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан гэж, 2 дахь заалтын 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар гэснийг 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК