Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 233

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, Унхан овгийн Дашзэвэгийн Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаад холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин 1379484 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхбаяр, хариуцагч Ц.Хоролмаа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тарагт сумын дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдсан. Ингээд миний бие нь Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч захирал Ц.Хоролмаа нь шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг ажилд авахгүй 2 сар чирэгдүүлж Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн албадан гүйцэтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Миний бие нь захирал Ц.Хоролмаагийн буруугаас болж ажилгүй байсан хугацааныхаа цалинг бүрэн авч чадаагүйд гомдолтой байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох ажлын өдрийн 53 хоногийн цалин болох 1379484 төгрөгийг захирал Ц.Хоролмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа орохоор тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж аваарай гэсэн. Би 7 хоногийн дотор авсан. Ц.Хоролмаа захирал авсныг нь мэдэхгүй байна. Би 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Ажлын хоногоор тооцоод 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 53 хоногийн цалин 1379484төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй сар гаруй алга болсон. Түүнээс хойш би 3 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Очиж уулзахаар орон тоо гарвал авна гэж хэлж байсан. Би уг нь ямар нэгэн орон тоо гарвал ажилд орно гэж шүүхэд хандаагүй өөрийн үндсэн орон тоонд ажилд орох гэж шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Ц.Хоролмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн дотуур байрны багш Дэшзэвэг овогтой Энхбаярын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралаар ажилдаа эгүүлэн томилох тухай шийдвэр нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын Шуудан холбооны ажилтан Бадамхорлоогоос ирүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш давж заалдах хугацаанд сургуулийн захирал миний бие Д.Энхбаярыг ажилд нь авахгүй гэж хэлээгүй. Урьд нь ажиллаж байсан Н.Цэрэнпагам нь бүр тушаалтай Д.Энхбаяр нь түр болон бүр тушаалтай учир аль алныг нь ажлын байраар хангах үүднээс дээд байгууллагад ажлаар хангах хүсэлтийг уламжилсан. Дээд байгууллагын шийдвэрийг хүлээж байгаад ажлын байраар хангана гэдгийг тайлбарлаж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Ариунжаргал ирж Д.Энхбаярыг ажилд нь албадан оруулахаар ирсэн. Захирал миний бие 2-ууланг нь ажлын байраар хангана, дээд байгууллагад орон тоо нэмэх хүсэлтийг тавьсан байгаа гэдгээ тайлбарласан. Тайлбарыг хүлээн аваад 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаа өгөөд тамгыг битүүмжлээд явсан. 2016 оны 03 дугаар сарын 04-нд Д.Энхбаярыг ажилдаа ор гэж бичиг хэргийн ажилтан Ч.Лхагвасүрэнгээр дуудуулсан боловч хөдөө байна гээд ирээгүй. Мөн 3 дугаар сарын 07-нд дуудуулсан боловч завгүй байна гээд ирээгүй. Захирал миний бие БСШУЯаманд 5 хоногийн сургалт семинарын ажлаар яваад 3 дугаар сарын 14-нд ирсэн. Сургалтанд явахаасаа өмнө 2 удаа ажилдаа ор гэж дуудуулсан боловч ирээгүй. 3 дугаар сарын 15-нд Д.Энхбаярыг дуудаж хөдөлмөрийн гэрээ болон ажилд орсон тушаал шийдвэрийг уншиж танилцуулсан. ШШГГазрын хүмүүс 03 дугаар сарын 16-нд тамга дарж хүчин төгөлдөр болж ажлаа хүлээж авсан. Д.Энхбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлаа хүлээж авахад нь ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгаварыг өгч гарын үсэг зуруулсан боловч ажилд орсноос хойш 14 хоногт ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх удирдамж батлуулаагүй, ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй, дотуур байрны сурагчидтай хамтарч ажиллаагүй, амьдрах, сурах орчин нөхцлийг бүрдүүлээгүй, ажиллаж байх хугацаандаа дотуур байрны сурагчидыг сурах хөгжих орчин болсон хүүхэд хөгжлийн танхимыг нэг ч удаа онгойлгож, хүүхдүүдийг оруулаагүй, хүлээн авсан ном тоглоом нь хүлээж авсан тавиур дээрээ өрөөстэй чигээрээ байж байсан, техник хэрэгслээ ч ажиллуулж мэдэхгүй цоожтой байсаар ажлын цагаар архидан согтуурч ажилдаа огт ирээгүй. Үүнийг технологийн багш М.Нарангэрэл гэрчлэх болно. Д.Энхбаяр нь ажлаа огт хийдэггүй, ажлын чадвар муу, тушаалтай л хүн бол цалинг гар хөдөлгөхгүйгээр хялбар аргаар авдаг гэсэн явуургүй бодлоор байгууллагаас бэлэн мөнгө авч сурсан, ухамсар дорой боловсролын байгууллагад тэр тусмаа дотуур байрын хүүхдийн орчинд ажиллах ёс зүйгүй хүн юм. Д.Энхбаяр нь ажил хийсэн нэр зүүж 10 хоног явж байгаад ажилд ороод удаагүй мөртлөө 2016 оны 09 дүгээр сарын 01 хүртэл чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан боловч захирал миний бие ажлын үр дүн гараагүй байхад чөлөө олгохгүй гэсэн боловч 14 хоногт хийсэн ажлын тайлан аваад ир гэхэд үг дуугүй гарч яваад багш Н.Баярдолнжингоор жижүүрт өгөөрэй гээд түлхүүрээ үлдээгээд яваад өгсөн байсан. Д.Энхбаяр нь одоог хүртэл ажилдаа ирээгүй байна. Нэг орон тоон дээр 2 хүн давхар цалинжуулж байгаа учир цалингийн фонд хүрэхгүй нийгмийн даатгалд өртэй явж байна. Ийм учраас Д.Энхбаярт цалинг нөхөн олгох боломжгүй байнаа. Харин 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа ажлын үр дүн, ажлын тайлан байхгүй, 2 өдөр ажлын цагаар архидан согтуурч ажилдаа огт ирээгүй зэрэг үйлдлүүдийг гаргасан учир 14 хоногийн цалинг буцаан төлүүлж өгнө үү. Энэ тайлбарыг захирлын дэргэдэх зөвлөл хамтран бичсэн гэжээ.

 

Хариуцагч Ц.Хоролмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан боловч би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрийг хүлээж авсан. Хүлээж авсан өдрөөс хойш давж заалдах 14 хоног өнгөрсний дараа шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, өөрт нь нөхцөл байдлыг ярьж хэлж ойлгуулаад ажлын байрыг зохицуулаад ажилдаа авъя, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэж байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээж авснаас хойш амралт, баяр ёслолын өдрүүдийг хасаад 21 хоног болж байгаа. Энэ 21 хоногийн мөнгийг 7, 8 дугаар сард хувааж өгөхөөр санал солилцсон боловч нэхэмжлэгч маань хүлээн зөвшөөрсөнгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээж авсан талаар баримтаа гаргаж өгсөн. Би Д.Энхбаярын шүүх хуралд эхнээс нь тайлбараа гаргасан байгаа. Би энэ тушаалыг гаргаагүй учраас шүүх хуралд оролцохгүй, хамт олноор нь тайлбараа гаргуулаад би өөрөө хуралд оролцохгүй гэж хэлээд шүүх хуралд оролцоогүй. Түүнээс хойш намайг шүүхийн шийдвэр гардаж ав гэж нэг ч удаа шүүхээс дуудаагүй. Д.Энхбаяр шүүхийн шийдвэр гарсан гэж нэг удаа орж ирж байсан. Шүүхийн шийдвэр гар дээр ирээгүй байна гэж Д.Энхбаярт тайлбарлаж хэлсэн. Д.Энхбаяр өөрийнхөө орон тоон дээр орж ирэх гэж байгаа боловч оронд нь ажиллаж байсан хүн бүр тушаалтай, Д.Энхбаяр бас бүр тушаалтай. Нөгөө хүн нь төрөөд ой хүрээгүй хүүхэдтэй хүн байсан болохоор халахад хүндрэлтэй байсан. Тийм учраас дээд газарт энэ хичээлийн жилийг дуустал энэ хоёрыг давхар цалинжуулаад ажиллуулах тухай хүсэлт тавьсан. Огт ажилд авахгүй гэж хэлээгүй. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна гэхдээ ийм, ийм учиртай байна гээд дээд газарт хүсэлт тавьсан байгаа гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч сая худлаа зүйл ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ирэхэд энэ хичээлийн жилийг дуустал энэ хоёрыг давхар цалинжуулаад ажиллуулах тухай хүсэлт дээд газарт тавьсан гэдгээ хэлээд 7 хоногийн хугацаа авсан. 7 хоногийн дараа Д.Энхбаярыг ажилд нь авсан гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаад холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 53 хоногоор тооцон  1379484 /нэг сая гурван зуун далан есөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолд зааснаар ТҮБД-3-1 цалингийн шатлал буюу 496912 төгрөгийн үндсэн цалинтай, Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу хөдөө орон нутагт ажилласаны 10 хувийн нэмэгдэлтэй 546603 төгрөгийн цалинтай болох нь Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн б/04 дугаар тушаалаар нотлогдож байгаа ба Д.Энхбаярын нэг өдрийн цалинг тооцохдоо нэг сарын цалинг нь нэг сарын дундаж ажлын хоног буюу 21,2-т хуваахад 25783 төгрөг /546603:21,2=25783/  байна.

            Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь ажлын 53 хоног ажилгүй байсан гэж нэхэмжлэл гаргахдаа түүнийг ажилд эргүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсон байна. Хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр гардаж авсан байх ба нэхэмжлэгч Д.Энхбаярын ажилгүй байсан хугацааны цалинг тоооцохдоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр буюу хариуцагч шийдвэрийг гардан авч, гомдол гаргах 14 хоногийн хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            2016 оны 02 дугаар сарын 05-нд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, 2016 оны 02 дугаар сарын 08-аас эхлэн нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалинг тооцвол нийт ажлын 26 хоногийн цалин буюу 670358 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. 2016 оны 02 дугаар сарын 08-аас 2016 оны 02 дугаар сарын 11-ийг хүртлэх ажлын 4 хоног, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу ажлын нэг хоног нь тус тус нийтээр амрах баярын өдөр байсан боловч эдгээр өдрүүд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нийтээр амрах баярын өдрүүд болох тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн Тухай Хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаагаас 670358 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 17990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37021 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү,Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА