| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00010/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 11
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 1824000110013 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * аймгийн * сумын * багийн * тоот хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Тд овогт М Б /регистрийн дугаар: */.
Шүүгдэгч М.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр * аймгийн * сумын * багийн * тоотод эхнэр Н.М жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зурагтын удирдлагаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М, гэрч Ш.Б, С.Б, Ц.Д, яллагдагч М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Б 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 182025 дугаартай шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Б 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, М.Б, Н. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Н.М жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар, гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ, эрсдлийн түвшингийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэхээр байх бөгөөд шүүгдэгч М.Б, хохирогч Н.М нар нь нөхөр, эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан:
- Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нөхөртэйгөө маргалдсан. 2 хоног гэртээ хоноогүй. Ээжийндээ хоночхоод гэртээ ирээд бага хүүхдээ авч явах гэсэн чинь манай нөхөр М.Б хүүхдээ өгч явуулахгүй гээд уурлаад над руу зурагтын удирдлага авч шидсэн нь дух руу оносон. Тэгээд гараараа шанаа руу цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.М бид 2 албан ёсны баталгаатай гэр бүл юм. Гэр бүл болоод 10 гаруй жил болж байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-“Тайжууд овогт М Б, Б овогт Н М нарыг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 83 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов.” гэсэн бичилт бүхий гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хохирогч Н.М нь жирэмсэн байсан, түүнийг нөхөр М.Б нь мэдэж байсан болох нь:
-Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед 27-28 орчим долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр одоо 8 орчим сартай жирэмсэн. Хэрэг гарах үед би жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Хохирогч Н.М нэрээр нээж олгосон: “2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эмчийн хяналтанд авсан, тэр үед 8-9 долоо хоногтой жирэмсэн байсан” гэсэн бичилт бүхий жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч М.Б нь хохирогч Н.Мартыг “харанхуй шөнө хүүхэд авч явах гэсэн” гэдэг шалтгаанаар зодсон үйл баримт нь:
-Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр намайг зурагтын удирдлагаар 2-3 удаа шидсэн, духан дээр цохисон. Мөн гараараа шанаа руу 1-2 удаа, хамар руу 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Н.М 3 удаа гараараа зүүн шанаа руу нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас,
-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр Н.М жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодсондоо гэмшиж байна. Миний буруу гэдгийг ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Шүүгдэгч М.Б нь хохирогч Н.М зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
-Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед миний толгой тархи өвдөөд байсан. Мөн нүд болон хамар орчимд хөхөрч хавдсан, дух шалбарч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.М зүүн хөмсөгний хажуу хэсэгт шалбарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,
-Шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182025 дугаартай: ”Н.М биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.” гэж заасан бөгөөд М.Б нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд хамаарах буюу өөрийн эхнэр Н.М бие махбодод халдаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул М.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хангалттай нотлогдож байна.
Иймд М.Б дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хуулийн дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичсэн, уг саналаа яллагдагчид танилцуулсан байх ба хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч М.Б холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий ч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, төлбөрийн чадвартай болох нь түүний эд хөрөнгийн талаарх мэдээлэл, хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 35-36, 48 дугаар хуудас/, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/, гэрч Ш.Б, Ц.Д нарын мэдүүлэг /ХХ-ийн 23, 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хөдөлмөр эрхэлсний орлогоосоо төлөх боломжтой гэж үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн” шударга ёсны зарчимд нийцүүлэх үүднээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлсний орлого нь тогтмол биш нөхцөлийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй юм.
Шүүгдэгч М.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Б хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн учир шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зурагтын удирдлага хэвийн ажиллагаатай гэсэн учир тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь үндэслэлтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Мийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан М.Б хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Н.Маас эд мөрийн баримтаар хураан авсан зурагтын удирдлагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан өгсүгэй.
6. Шүүгдэгч М.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН