Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2023/02178/И |
Дугаар | 210/МА2023/01916 |
Огноо | 2023-11-01 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2023/01916
2023 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2023/01916 |
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02783 дугаар шийдвэртэй,
“Н“ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр "Б” ХХК болон П.Энараас 350,771,968 төгрөгийг гаргуулж, “Ж" УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг "Н" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны -од байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилж үнэлгээ хийгээд 145,176,000 төгрөг гэж үнэлсэн байсан. Гэвч тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаад ердөө маргааш нь манай байгууллагын оффисыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 101,623,200 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.
Тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд тус үнэлгээг хийсэн аргачлал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд нийцээгүй байна.
Иймд “Нандин эрхэм” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны -од байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 145,176,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
1.4. Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шинжээч нь асуусан асуултын дагуу бүрэн дүүрэн, заасан хугацаанд хариулт өгөх ёстой. Хэргийн баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор үнэлгээг хийхийг шинжээчид даалгасан. Гэтэл тогтоолд заасан хугацааг хэтрүүлж үнэлгээг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байдаг.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00071 дугаар тогтоолоор “Б” ХХК, П.Энараас 350,771,968 төгрөгийг гаргуулж, “Ж” УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр төлөгч хуулийн этгээд, П.Энар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. “Н” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын - дугаартай, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга /15121/ гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны -од байрлах 41.7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан.
2.3. Төлбөр төлөгч нараас үнийн санал авахад бусад барьцаалагдсан хөрөнгөд үнийн саналаа өгсөн. Харин энэ хөрөнгийн тухайд үнийн санал өгөх боломжгүй, хөрөнгийн өмчлөгчөөс ав гэсэн тайлбарыг өгсөн. Өмчлөгчид үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг өгсөн ч заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилох хүсэлт ирүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийн шинжээч С.Цэвээнролом үнэлгээг тогтоосон.
2.4. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-184/7780, 4-184/7781, 4-184/7782 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.5. Объектыг үнэлэхэд хугацаа шаардлагатай байсан. Учир нь объектын м.кв зөрүүтэй гэдэг зүйл яригдсан тул улсын бүртгэлээс лавлагаа авч тогтоосноос хугацаа шаардагдсан.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Нандин эрхэм” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Үнэлгээний тайлан хуульд нийцээгүй тухайд: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын тогтоох хэсэгт 2-т “Шинжээч С.Цэвээнролом Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8-10, 35, 19 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай.” 3-т “Шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч С.Цэвээнроломд сануулсугай” гэх баримт хэрэгт авагдсан боловч шүүхээс Хөрөнгийн үнэлгээний тайлан хугацаандаа ирээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэхгүй гэсэн байна.
Тус шинжээч томилох тухай тогтоолд хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны дотор ирүүлэхийг даалгасан боловч шинжээч С.Цэвээнролом нь хуульд заасан хугацаа хэтрүүлж 04 дүгээр сарын 20-ны өдөр тайланг хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална" 4.1.5-д "Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх". Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Шинжилээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 10.4-д заасан этгээдийн саналыг харгалзан шинжилгээ хийх жишиг хугацаанд багтаан шинжилгээ хийх хугацааг тогтооно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “Шинжээч дараах үүрэг хүлээнэ”, 49.2.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах" гэж тус тус заасныг зөрчсөн тул хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн гэх нэхэмжлэгчийн зүгээс үзэх боломжгүй харин ч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болох Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэлийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.
Иймд үнэлгээчин С.Цэвээнроломын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2356713200174 дугаартай тайланг хуульд нийцээгүй болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.
5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас шинжээчийн тогтоолыг хугацаа хэтрүүлсэн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолд мөн оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлэхээр заасан байгаа. Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч үнэлэхээр очиход м.кв-ын зөрүү, үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы дугаар өөрчлөгдсөн байсан тул Улсын бүртгэлийн газраас тодруулах шаардлага үүссэн учраас 04 дүгээр сарын 20-ны өдөр тайлангаа ирүүлсэн. Үнэлгээг хуульд зааснаар 3 хоногийн дотор мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэж гарсан гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дүгээр тогтоолоор “Б” ХХК, П.Энараас 348,869,669 төгрөг гаргуулж “Ж” УТҮГ-т олгох, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй нэр бүхий хөрөнгөнүүдээс хангуулахаар шийдвэрлэжээ.
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22280491/07 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Н” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга /15121/ гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө 8 дугаар байр -од байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22280491/14 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч болох “Н” ХХК-аас үнийн санал ирүүлэх талаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-184/5787 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/302 тоот албан бичгээр барьцаа хөрөнгүүдэд шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн талуудыг үнийн санал дээр тохиролцоогүй гэж үзэж 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 тоот тогтоолоор “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилсон ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4.2. Шинжээчээс дээр дурдсан эд хөрөнгийг 145,176,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн талаар хэн аль нь гомдол гаргаагүй байна.
5. Шинжээч томилсон тогтоолд шинжээчид 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор үнэлгээний тайлангаа ирүүлэх талаар заасан, томилогдсон шинжээч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон боловч үнэлгээ гаргах хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан “үнэлгээ бодитой, үндэслэл бүхий байх” шаардлагад огт хамааралгүй юм.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА