Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/04636/И |
Дугаар | 210/МА2023/01926 |
Огноо | 2023-11-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/01926
2023 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2023/01926 |
Э.Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02795 дугаар шийдвэртэй,
Э.Хын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар захирамжаар Э.Хаас 212,405,290 төгрөг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар зарлажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу зарлаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “...дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна” гэж заасныг зөрчсөн.
1.2. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар тогтоол гаргаагүй, танилцуулаагүй, боломжит хугацаанд мэдэгдээгүй бөгөөд Э.Хын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байрны - тоот орон сууцыг тухайн байранд нь очиж битүүмжлэх ажиллагаа хийгээгүй байж, хураах тогтоол үйлдэж, үнэлгээ тогтоож, шууд дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус юм.
1.3. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр төлбөр төлөгчтэй утсаар ярьсан гэх боловч цайны цагаар буюу 12 цаг 40 минутад эхлээд 12 цаг 41 минутад дууссан гэж, 1 минутын хугацаанд утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байгаа учраас Э.Хт мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. “Мобиком корпораци” ХХК-аас дуудлага хийсэн эсэх талаар лавлагаа гаргуулах гэсэн боловч техникийн үйл ажиллагаатай холбоотой гаргаж өгөх боломжгүй гэсэн. Түүнчлэн Э.Хт мэдэгдэх хуудас очоогүй талаарх баримтыг “Монгол шуудан” ХК-аас гаргаж өгсөн. Иймд дуудлага худалдааны талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй.
1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасан. Гэвч анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй.
1.5. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээллэнэ” гэж заасан боловч шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар ажиллагаа явуулаагүй.
1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 64.3-т заасан ажиллагаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулж худалдан борлуулна. Энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг бууруулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргана” гэж заасан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Хын өмчлөлийн орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээнээс бага дүнгээр дуудлага худалдаанд оруулсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Э.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байрны - тоот орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар захирамжаар Э.Хаас 212,405,290 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Хын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 байр, - тоот хаягт байршилтай 131.3 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 тоот тогтоолоор хураасан.
2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр авагчаас барьцаа хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/18944 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийг 307,993,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн.
Төлбөр төлөгч Э.Хын оршин суух хаягаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19809 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/3 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Нэхэмжлэгч Э.Х 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 889 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 919 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
2.5. Төлбөр төлөгч Э.Хт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21613 тоот албан бичгээр мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус өөрийн холбоо барих утас болох - дугаарт нь мэдэгдэж, өөрийн биеэр ирж танилцахыг хэлэхэд “Маргааш очиж авах болно” гэснийг тэмдэглэсэн боловч ирж аваагүй тул түүний оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр, - тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Улмаар хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-155/22469 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон болохыг төлбөр төлөгч Э.Хын - дугаар залгаж мэдэгдэж, өөрийн биеэр ирж танилцахыг хэлэхэд “Өөрөө очиж авна” гэснийг тэмдэглэсэн боловч ирж аваагүй тул түүний оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Хын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02983 тоот шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 589 тоот магадлалаар хариуцагч Э.Хаас 210,425,015 төгрөг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хураасан.
3.3. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө нь 220,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдэд худалдан борлогдсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдааг зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл, тогтоолыг шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь үндэслэлтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын фэйсбүүк хуудас дээр албадан дуудлага худалдааны зарыг сар бүр мэдээллэдэг.
3.4. Э.Х нь мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатай зайлсхийж удаашруулж, үүнээс шалтгаалаад төлбөр барагдахгүй, төлбөр авагчид хохирол учирч байна. Ийм нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Э.Хын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр - тоот хаягт байрлах 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаагүй, албадан дуудлага худалдааны тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч хүргүүлдэг.
5.2. Албадан дуудлага худалдааны зарыг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээлэл, сошиал сэтгүүлд байршуулаагүй гэх нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хамгаалсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлэх ёстой байтал уг ажиллагаа хийгдээгүй. Мөн албадан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө тухайн дуудлага худалдааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх үүргээ гүйцэтгээгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд үндэслэлээ нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 589 дугаар магадлалаар Э.Хаас 210,425,015 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн, барьцааны зүйл болох Э.Хын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 12/1 дүгээр байрны - тоот хаягт байрлах, 131.3 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хурааж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
4.2. Шинжээч барьцаа хөрөнгийг 307,993,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00889 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна.
4.3. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дээр дурдсан орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 307,993,000 төгрөгийн 70 хувь буюу 215,595,100 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.
4.4. Дээрх тогтоолыг төлбөр төлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21613 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн талаар хариуцагч тал бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй гэж дүгнэнэ.
Түүнээс гадна мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар хариуцагч байгууллага нь тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан албадан дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулсан гэж дүгнэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА