Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч Г.М өмгөөлөгч Ш.Б,

Шүүгдэгч Ж.Б, Л.Б нарын өмгөөлөгч Л.М,

Шүүгдэгч Ж.Б, Л.Б, Г.М,

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Л.Б, Г.М нарт холбогдох 172400010008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч-1: Улсын иргэн,  төрсөн, 46 настай, эрэгтэй,  боловсролтой, авто тракторын слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ховогт Ж Б, /РД:/

Шүүгдэгч-2:  Улсын иргэн,  суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Л Б /РД:/

Шүүгдэгч-3: Улсын иргэн,  төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  шийтгүүлж байсан, Ховогт Г М /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Шүүгдэгч Ж.Б нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос нийт 11.839 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус модыг иргэн Л.Б худалдсан,

Шүүгдэгч Л.Б нь Ж.Б зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, дээрх модыг худалдан авч, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос ГАЗ-66 маркийн автомашинаар тээвэрлэсэн,       

Шүүгдэгч Г.М нь Ж.Б зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Л.Б захиалгаар 4 метрийн урттай 76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/ бэлтгэн, түүнд худалдаж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б нь Ж.Б зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, Ж.Б улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай  76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/-ыг худалдан авч, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос өөрийн эзэмшлийн 47-00 УБ улсын дугаартай ГАЗ-66 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын “Шургуултын өтөг” гэх газар хүртэл тээвэрлэсэн,      

Шүүгдэгч Г.М нь  Ж.Б зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч А.Э “...2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Л.Б мод ачаад өгөөч гэхээр нь Г.М ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас Ж.Б гэдэг хүн 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэсэн байсныг Л.Б, Г.М нартай хамт очиж ачаад Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Д гуайн хашаанд буулгасан. Л.Б надад уг модыг гоожинтой гэж хэлсэн. Мод бэлтгэсэн газар очиход Ж.Батчулуун ганцаараа байсан. Би Л.Б мод ачиж өгсний хөлсөнд 10,000 төгрөг авсан...” гэсэн /хх-ийн 43-р хуудас/  

гэрч Д.Д: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотоос ирэхэд манай хашаанд 40 ширхэг хэрэглээний мод буулгасан байсан.  Манаач н.Л асуухад Л.Б зүсүүлэх гээд буулгасан гэхээр нь надаас асуухгүй яасан юм бэ? гэхэд утас чинь холбогдохгүй байсан гэж хэлсэн. ...Манаачаас гоожинтой юм уу гэж асуухад гоожинтой гэж хэлсэн. Гэхдээ гоожинг хараагүй гэхээр нь зүсвэрийн талбайгаас холдуул гээд өөр газар хураалгасан. Л.Б надтай уулзаж тохирсон зүйлгүй, уг модыг хадгалаагүй...” гэсэн /хх-ийн 44-р хуудас/,

гэрч С.Э: “...Би Д.Д хөрөө раманд туслах ажилчнаар ажилладаг. 2017 оны 01 сарын дундуур Л.Б надтай уулзаад танай хөрөө рамны хашаанд миний 4 метрийн моднууд байгаа банз болгож зүсүүлмээр байна гэж байсан... ” гэсэн /хх-ийн 53-р хуудас/,

гэрч С.О “...2016 онд Ж.Б, Л.Б нарт хэрэглээний модны гоожин бичиж өгөөгүй. ...Би “Ёл гранд” ХХК-ний хөрөө рамны хашаанд байсан 40 ширхэг модыг хэмжиж, саалахад 6.129 метр куб болж байсан. Хатсан хуурай, ан цавтай дахин ургах чадваргүй 4 метрийн урттай шинэс моднууд байсан. Зарт багийн иргэн Л.Б гэдэг залуугийн мод гэж сонссон...” гэсэн /хх-ийн 50-р хуудас/

гэрч Б.Д “...2016 онд Ж.Б, Л.Бнар хэрэглээний модны гоожин аваагүй. Л.Б нь 2017 оны 01 дүгээр сард “Ёл гранд” ХХК-ний хашаанд 4 метрийн урттай 40 ширхэг модыг М эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинаар буулгасан байсныг байгаль хамгаалагч С.О хэмжүүлж саалуулахад 6.129 метр куб болсон. Л.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны үед 4 метрийн урттай 36 ширхэг модыг ГАЗ-66 маркийн автомашинаар тээвэрлэж өвөлжөөндөө буюу “Шургуултын өтөг” гэх газар буулгасан байхаар нь очиж үзсэн. Уг модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас бэлтгэсэн Ж.Б худалдаж авсан гэж хэлсэн. Зарт багийн нутаг “Өртөнтийн Нахиу” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа тул ойн нэгдүгээр мужид хамаарна ...” гэсэн /хх-ийн 51-р хуудас/

гэрч З.Ц “...Л.Б “Ш өтөг” гэх газарт буулгасан 36 ширхэг 4 метрийн уртаар тайрсан хуурай шинэс модыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очиж хэмжиж, саалахад 5.71 метр куб болж байсан. Л.Б нь уг модыг Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас бэлтгэсэн Ж.Б худалдан авч, ГАЗ-66 маркийн машинаар тээвэрлэсэн гэж хэлсэн. Л.Б нь 36 ширхэг 4 метрийн урттай модондоо гоожин аваагүй гэж хэлсэн. Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу”  гэх газар нь тусгай хамгаалалтай газар ойн 1 дүгээр мужид хамаарна ...” гэсэн /хх-ийн 52-р хуудас/

гэрч Н.Б “...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь 2000 оны Улсын Их хурлын 29 дүгээр тогтоолоор Тарвагатай нурууны 544600 га талбайг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Ж.Б мод бэлтгэсэн газрыг Ж.Б заалгаж очиж үзэхэд уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар мөн байсан ...” гэсэн /хх-ийн 56-р хуудас/

гэрч Б.Н: “...Завхан аймгийн Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Архангай аймгийн Цахир сумдыг хамарсан Тарвагатай нурууны 544600 га талбайг 2000 оны Улсын Их хурлын 29 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын 544600 га талбай дотор байдаг учир улсын тусгай хамгаалалттай газар мөн...” гэсэн /хх-ийн 57-р хуудас/

Шинжээч Б.Д: “...Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт очиж 76 ширхэг модыг үзэж, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын хамт тухайн модонд хэмжилт хийсэн тоолууртай харьцуулахад тохирч байсан. Ж.Б мод бэлтгэсэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах улсын тусгай хамгаалалттай газар нутаг байсан ...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 64-р хуудас/,

Хохирогч Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга М.Г: “...Л.Б, Ж.Б нар нь Зарт багийн нутаг Өртөнтийн Нахиу гэх газраас хууль бусаар бэлтгэсэн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээний төлбөрт нийт 3,835,836 төгрөг төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 230-р хуудас/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот “...Ж.Б нь Ойн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг, итгэлцүүр болох 2.9-р үржин бодоход 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 108,000 төгрөг болж байна. Нийт 11.839 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,278,612 төгрөг болж байна. ...Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өртөнтийн Нахиу” гэдэг газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/

Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот “...Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэдэг газар нь Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газарт хамрагддаг нь үнэн болно.” гэсэн албан тоот болон Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын эзэмшил талбайн зураг, Улсын их хурлын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 тоот тогтоолын хуулбар, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.Б мод бэлтгээд өгөөч гэхээр нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 19 ширхэг босоо мод унагаж, хуурай шатсан нийт 76 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэсэн. Модоо бэлтгэж дуусаад Л.Б мод бэлэн болсон гэж хэлсэн. Л.Б нийт 76 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэж, 1 ширхэгийг 5000 тооцож 380000 төгрөгөөр зарсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй, моторт хөрөө ашиглаж ганцаараа модыг бэлтгэсэн. Энэ талаар ******* мэдэж байсан. Хүүхэд оюутан болохоор мөнгөний хэрэг гарсан учраас мод бэлтгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 36 ширхэг хэрэглээний модыг ******* өөрийн эзэмшлийн ГАЗ-66 маркийн автомашинаар ганцаараа ирж ачаад явсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 40 ширхэг хэрэглээний модыг Л.Б нь Г.М ЗИЛ-131 маркийн машинаар ачаад явсан...” гэсэн,

Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сард Б.Б хэрэглээний мод бэлтгээд өгөөч гэж гуйсан. 2016 оны 11 дүгээр сард Ж.Б мод бэлэн болсон талаар утсаар хэлэхээр нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нариу” гэх газарт очиж 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг Ж.Б худалдаж авч А.Э, Г. нартай хамт Г.М эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинаар ачиж сумын төвд буулгасан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны үед Ж.Б 36 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг худалдан авч, “Өртөнтийн Нахиу” гэх газраас өөрийн эзэмшлийн ГАЗ-66 маркийн автомашинаар тээвэрлэж “Шургуултын өтөг” гэх газарт буюу өөрийн өвөлжөөндөө буулгасан. Ж.Б 1 ширхгийг нь 5,000 төгрөгөөр бодож нийт 380,000 төгрөгөөр 76 ширхэг мод худалдаж авсан. Ж.Б зохих эрхийн бичиг байхгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдэж байсан. Би зөвшөөрөл аваагүй атлаа Г.М, А.Э нарт эрхийн бичигтэй гэж хэлээд ачуулсан...” гэсэн,

Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны үед өөрийн эзэмшлийн бор ногоон өнгийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар 4 метрийн урттай 40 орчим модыг Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас ачиж, Завхан аймгийн Их-Уул сумын төвд байрлах Д.Д хашаанд буулгасан. Уг модыг Ж.Б, Л.Б, А.Э бид нар ачсан. Л.Б модыг зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн, гоожин бичиг баримт нь байгаа гэхээр нь тээвэрлэж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд нь хэрэг авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо  зөрүүгүйн дээр энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ...” гэж заасан байна.

Гэмт хэргийн хатгагч гэдгийг хэн нэг этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, өөрөөр хэлбэл түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлэх бөгөөд “...Ж.Б 4 метрийн урттай хэрэглээний мод хэрэгтэй байна бэлтгээд өгөөч, худалдаж авъя...” гэж гуйж, зөвшөөрөлгүйгээр Ж.Б мод бэлтгүүлж байгаа шүүгдэгч Л.Б үйлдлийг шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч *******ийн “...2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг Г.М эрхийн бичиг зөвшөөрөлтэй гэж хэлээд түүний эзэмшлийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж сумын төвд буулгасан...” гэсэн, шүүгдэгч Ж.Б “ ...жолооч Г.М нь ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг ачсан. Г. нь эрхийн бичиг, зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй...” гэсэн, шүүгдэгч Г. нь “...Л.Б зөвшөөрөлтэй гээд гуйгаад байсан болохоор зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 4 метрийн урттай 40 ширхэг модыг тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэх талаар шүүгдэгч Ж.Б, Л.Б нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч шүүгдэгч Л.Б захиалгаар Ж.Б улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос эрхийг бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 69-21 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж, тээвэрлэж байгаа шүүгдэгч Г.М үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Өөрөөр хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгийн в-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичгийг биедээ авч явахаар үүрэг болгож гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.М “...Л.Б зөвшөөрөлтэй гээд гуйгаад байсан болохоор зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 4 метрийн урттай 40 ширхэг модыг тээвэрлэсэн. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдэж байсан бол тээвэрлэж өгөхгүй байсан......” гэсэн мэдүүлгээр түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зөөж, тээвэрлэж байгаагаа мэдээгүй гэж үзэж хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б бусадтай бүлэглэн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, худалдсан, шүүгдэгч *******ийг бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бусадтай бүлэглэж зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод худалдан авч, тээвэрлэсэн, шүүгдэгч Г.М бусадтай бүлэглэж зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас ойн санд 1,278,612 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот “...Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг, итгэлцүүр болох 2.9-р үржин бодоход 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 108,000 төгрөг нийт 11.839 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,278,612 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Б, Л.Б нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 1,278,612 х 3 =3,835,836 төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б, Л.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байх бөгөөд тэдгээрт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байх бөгөөд тэдгээр нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Б нь 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, ...нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг улсын орлого болгож, уг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь  шүүгдэгч Л.Б “...уг тээврийн хэрэгслийг Г.Б 2016 оны 12 сард 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн, гэрч Г.Б нь “...ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслийг 1997 онд Завхан аймгийн Их-Уул сумын иргэнээс худалдаж авсан. 2007 онд хөдөлгүүр нь эвдрээд зогсчихсон байсан. 2016 оны 12 сард 1,500,000 төгрөгөөр Л.Б худалдсан, тооцоо бүрэн хийгдсэн. Л.Б эзэмшлийнх болсон...” гэсэн, гэрч Б.Ц “...2016 оны 12 дугаар сард Л.Б нь манай аав Б ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Уг машин улсын бүртгэлээс хасагдсан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн ЗИЛ-131 маркийн 69-21 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч шүүгдэгч Г.М болох нь “69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Г М” гэсэн 01212571 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч Г. “...ЗИЛ-131 маркийн 69-21 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн 47-00 УБ улсын дугаартай ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г. гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ж.Б хувьд ногдох хөрөнгөөс тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн үхэр, шүүгдэгч Л.Б хувьд ногдох хөрөнгөөс 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэ бүхий модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр 2 тооны 1,600,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, шүүгдэгч Г.М хувьд ногдох хөрөнгөөс Caosn, Rowsen маркийн 2 ширхэг нийт 900,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагч, прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Л Б бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Хулууд овогт Ж Б бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Хулууд овогт Г М бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ийг 2 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.Б, Г.М нарыг тус бүрийг 2 жил 4 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Л.Б, Г.М нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Б, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Б нь 2 хоног цагдан хоригдсон, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Батчулууны эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.Б, Л.Б, Г.М нарын гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг тус тус улсын орлого болгож, дээрх зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б хувьд ногдох хөрөнгөөс тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, шүүгдэгч Л.Б хувьд ногдох хөрөнгөөс 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэ бүхий модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр, 2 тооны 1,600,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, шүүгдэгч Л.М хувьд ногдох хөрөнгөөс 2 ширхэг Caosn, Rowsen маркийн 900,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагч, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Л.Б, Г.Мр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ