Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01927

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01927

 

Т.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/02702 дугаар шийдвэртэй,

 

Т.Оын нэхэмжлэлтэй,

Н.С, Ц.Г нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 933,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би С дүүргийн 4 дүгээр хороо, 28-3 тоотод оршин суудаг бөгөөд дээд давхрын 0-од оршин суугч Д.С, Ц.Г нарын гэрээс 2022 оны 01 дүгээр сараас 09 дүгээр cap хүртэл хугацаанд удаа дараа ус алдсанаас манайд 526,404 төгрөгийн хохирол учирсан.

Иймд тус 0-од оршин суугч Д.С, Ц.Г нараас ус алдаж учруулсан хохирол болох 526,404 төгрөг, “Вендо" ХХК-ийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг, нийт 614,404 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Дээд айлыг нүүж ирэхээс өмнө манайх гэртээ засвар хийлгэсэн байсан тул гал тогооны өрөөний таазанд учруулсан хохиролд 276,000 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулах хүсэлтэй байна.

1.3. Дээд айл болох 0-оос уг алдагдсан тухай баримт бүрдүүлэхэд бичиг баримтын зардалд нийт 43,500 төгрөг зарцуулсан тул нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 933,904 төгрөгийг хариуцагч Ц.Г, Д.С нараас нэхэмжилнэ.

1.4. Манай байр СӨХ байхгүй учир далд босоо шугамын засвар, үйлчилгээг тухайн айл өөрөө хариуцах ёстой.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манайх 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нүүж орсон. Өмнөх айл нь ванны өрөөнд гоо сайхны ширээ тавьсан, ус гоожсон учир ундааны сав тоссон байдалтай байсан учир 27-ны өдөр дуудлага өгсөн. Гэтэл засварчин ирээд танай байр асуудалтай, материалаа авчих гээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирээд алчуур хатаагчийг сольж өгсөн.

2.2. Доод айл ус алдсан талаар дуудлага өгөх болгонд манайд орж ирж шалгасан бөгөөд манайхаас ус алдаагүй байсан. 08 дугаар сарын 22-ны өдөр “далд шугамаа засуулая” гэж Б.Алтанзул инженерт хэлж байсан. Доод айлын тааз, эсхүл шалнаас нь ус гоожсон байж магадгүй. Хамтдаа засварлуулая, би материалыг нь аваад өгье гэхэд 03 тоотын Т.О зөвшөөрөөгүй учир би доошоо 20 см оруулаад далд шугамаа солиулсан. Уг нь ярилцаад шийдчих л асуудал. Ус гоожсон зүйл байхгүй, гоожсон бол засвар хийсэн хүмүүсээс нэхэмжпэх хэрэгтэй. Надаас болж ус алдаагүй, засвар хийхдээ слесарь жаахан ус алдсан байх.

2.3. Манайд тааз дэвсэх бага насны хүүхэд байхгүй, дуу чимээ гаргах болгонд доод айл паар нүдэж, цагдаад дуудлага өгдөг.

Энэ байрны өмчлөгч нь н.М бөгөөд Б.Мядагбадам нь миний эгч тул хүү маань түүнээс ипотекийн зээлээр худалдан авсан байр бөгөөд тухайн байрны өмчлөгч нь бид биш.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хөрш айлууд учир ярилцах хэрэгтэй байх. 02 дугаар сарын 04, 07, 04 дүгээр сарын 17-нд ил шугамнаас гоожоогүй, далд шугам цоорсон. Дахин 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Алтанзул инженер далд шугам гэж хэлсэн гэж нэхэмжпэгч Т.О тайлбарласан тул Ц.Г иргэний хувьд хариуцлага алдаагүй нь харагдаж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Т.Оын хариуцагч Ц.Г, Д.С нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 933,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэдийн төлөөлөгч Б.Батмөнх нь “Нэг доорын хөрш айлууд учир ярилцах хэрэгтэй байх. 2 дугаар сарын 04, 07, 4 дүгээр сарын 17-нд ил шугамнаас гоожоогүй, далд шугам цоорсон. Дахин 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Алтанзул инженер далд шугам гэж хэлсэн гэж нэхэмжлэгч Т.О ярив, Ц.Г иргэний хувьд хариуцлага алдаагүй нь харагдаж байна” гэж дүгнэснийг дурьдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар зөвхөн өмчлөгч нь учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх хэтэрхий нэг талыг барьж өрөөсгөлөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтанд хэрэглэж байгаа хүний буруугаас болж шугам сүлжээнээс үүдэж бусдад учруулсан гэм хорын хохирлыг тухайн орон сууцыг эзэмшиж байгаа этгээд барагдуулах үүрэгтэй.

5.2. Хариуцагч Ц.Г, Д.С нар нь 2021 оны 12 дугаар сард С дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 0-од нүүж ирсэн талаарх баримт буюу хариу тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн шүүхээс нэхэмжлэл гардуулсан баримтад өөрийн гэрийн хаягийг бичсэн байна. Хариуцагч Ц.Г нь хариу тайлбартаа С дүүрэг 4 дүгээр хороо, 28 дугаар байрны -ыг н.Одмаа гэдэг эрэгтэйгээс худалдаж аваад 2021 оны 12 дугаар сарын 30-нд байрандаа нүүж орсон талаараа бичсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2-т “...Энэ байрны өмчлөгч нь Д.С бид хоёр биш, н.Мийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, Б.Мядагбадам нь миний эгч тул хүү маань түүнээс ипотекийн зээлээр худалдаж авсан байр бөгөөд тухайн байрны өмчлөгч нь бид биш” гэх тайлбарыг хаанаас олж мэдэж бичсэн нь тодорхойгүй, шүүх хуралдааны үед Ц.Г нь ийм зүйл огт хэлээгүй.

Анхан шатны шүүх хэний, хэзээ өгсөн ямар хариу тайлбарыг үндэслэж энэхүү өгүүлбэрийг бичиж, Ц.Г, Д.С нарыг орон сууцны өмчлөгч биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Хариуцагч Ц.Ггийн хариу тайлбар авагдсан байх бөгөөд хариу тайлбартаа “...С дүүрэг 4 дүгээр хороо, 28 дугаар байрны -ыг Одмаа гэдэг эрэгтэйгээс худалдаж аваад 2021 оны 12 дугаар сарын 30-нд байрандаа нүүж орсон...”, хэргийн 62 дахь талд авагдсан Ц.Ггийн шүүхэд гаргасан хүсэлтэд “СБД, 4 дүгээр хороо, 28 дугаар байр, - оршин суугч” гэж тус тус бичсэн, мөн хэргийн 95-96 дахь талд авгадсан гэрээнд “СБД 4 хороо, 28 дугаар байрны -од оршин суугч -, Орон сууц ашиглалтын карт - гэх хүний нэр нь тухайн С дүүрэг 4 дүгээр хороо, 28 дугаар байрны - хаягт бүртгэлтэй өмчлөгч мэтээр бүртгэгдсэн байна. С дүүрэг, 4 дүгээр хороо, 28 дугаар байр -ын өмчлөгч хэн болохыг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч Т.О гаргаж өгөх боломжгүй бөгөөд тухайн хаягт хариуцагч Ц.Г, Д.С нар хүүхдүүдийн хамт оршин суудаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан талаараа мэдүүлдэг. Хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон лавлагаа авагдаагүй байхад шүүх Ц.Г, Д.С нарыг ямар үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг тогтоож байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Ц.Ггийн гаргасан тайлбарын агуулга: Манайхаас ус алдаагүй гэдгийг слесарь, инженерүүд баталж байсан учраас би манайхаас ус алдаагүй талаар Т.От хэлсэн. Орон сууцны тамгатай бичиг дээр завсар дундын шугам гэж бичсэн байгаа. Манайд байдаг шугамд засвар хийгээд бүгдийг нь ил гаргахад манайхаас ус алдаагүй байсан. Доод, дээд айлын таазны дундах шугамыг ухаад үзэхээр дээд тал хуурай, доод тал нь нойтон байсан учраас “завсар дундын шугам байна гэж үзээд, хоёулаа нийлж, янзлуулахаас өөр аргагүй юм байна” гэж Т.От хэлэхэд зөвшөөрөөгүй. Инженер сүүлд засвар хийх явцад ус алдсан гэх дүгнэлт өгсөн.

Нэхэмжлэгч уг байрны өмчлөгчөөр н.М, Б.Мядагбадам гэж хүн байдаг юм байна гэхээр нь би ипотекийн зээлээр худалдаж авсан талаар шүүх хуралдаан дээр хэлсэн. Надад одоо бүх баримтууд нь байна. Би н.Мээс 05 дугаар сард уг байрыг худалдаж авсан. Өмчлөгч нь мөн байсан ч гэсэн ус алдаагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс дүгнээд гаргачихсан. Монгол Улсын зөвлөх инженер Б.Алтанзул хэлэхдээ “завсар дундын шугам нь шүүрчихсэн байна, айлууд их ус хэрэглэх үед гэнэт тээглээд, онгойгоод байна” гэж хэлсэн. Би шугамаа солихдоо танайх руу 30-40 см оруулаад хийгээд өгье гэхэд Т.О өөрөө зөвшөөрөөгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав. 

 

2. Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Д.С, Ц.Г нарт холбогдуулан гэм хорын хохиролд 933,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч С дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны - орон сууцны өмчлөгчид биш бөгөөд дундын шугамны заадаснаас ус алдсан учраас хариуцахгүй гэх агуулгаар татгалзаж маргажээ. 

 

3. Маргааны зүйл болох С дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны - орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд уг орон сууцнаас ус алдах байдлаар бусдад гэм хор учруулсан эсэхтэй холбоотой маргаан нь эд хөрөнгөө өмчлөгч бусдад гэм хор учруулахгүйгээр өмчлөх эрхтэй холбоотойгоор дүгнэгдэх учиртай. Ус алдсан гэх орон сууцны өмчлөгч улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдох тул холбогдох баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ёстойг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Түүнээс гадна талуудын тайлбараас дүгнэвэл ус алдсан гэх усны шугам нь орон сууцны өмчлөгчийн өмчлөлд хамаарах эсэх, эсхүл өөр бусад этгээдийн ашиглалт, хамгаалалтад хамаарах эсэхийг тодруулах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбар болох хариуцагч тал ил шугамыг далдалсан гэж, хариуцагч тал далд шугам гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа тохиолдолд аль нь болох талаар тогтоож маргааныг шийдвэрлэх буюу маргааны үйл баримтыг тогтоогоогүй байна.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчим дээр үндэслэгдэн явагдах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүргийг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд хамааруулан зохицуулжээ. Иймд шүүгч энэ ажиллагааг явуулахдаа нотолгооны хуваарилалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах учиртай. Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагыг зохицуулаагүй тохиолдолд хэргийн оролцогчид процессийн хуулийг тайлбарлах, сануулах, чиглүүлэх үүргийг шүүгч хүлээнэ. Энэ нь талуудын зарчим, мэтгэлцэх зарчим, тэгш эрхийн зарчмыг зөрчихгүй болно. 

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/02702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА