| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00036/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 17
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Ё.Т,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Т холбогдох эрүүгийн 1824000080012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ё.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Дээд цэцүүхийн “Арван нүүр” гэх газрын ойгоос нийт 1.329 м3 хар мод /шинэс/ бэлтгэж, ойн санд 111.669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Дээд цэцүүхийн “Арван нүүр” гэх газрын ойгоос 7 ширхэг нийт 1.329 м3 хар модыг Г.Б эзэмшлийн улаан өнгийн моторт хөрөөгөөр хөрөөдөж /шинэс/ бэлтгэн, ойн санд 111.669 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч М.Г “...Иргэн Ё.Т нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгаад шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд учруулсан хохирлыг иргэн Ё.Т нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Н “...Тухайн үед Р.Г, Ц.Н, И.Г нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Арван нүүр гэх газраас Архангай аймгийн Цахир сумын иргэн Ё.Т гэх хүн зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг байгаль хамгаалагч и.Г, Р.Г нар илрүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг
Гэрч Р.Г “...Би 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Н, байгаль хамгаалагч Ц.Н, И.Ганбат нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Арван нүүр гэх газрын ойд Ё.Т гэх хүн мод бэлтгэж байсан. Тухайн үед 2 ширхэг босоо мод унагасан, бусад мод нь газарт унасан мод байсан. Ё.Т нь ямар нэгэн гоожин бичиг баримт байхгүй байсан. Ё.Т нь ногоон өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд машинд мод ачаагүй байсан...” гэх мэдүүлэг
Гэрч И.Г “...Би 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Н, байгаль хамгаалагч Ц.Н, Р.Г нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Арван нүүр гэх газрын ойд Ё.Т гэх хүн мод бэлтгэж байсан. Тухайн үед 2 ширхэг босоо мод унагасан, бусад унаанги мод байсан. Ё.Т нь ямар нэгэн гоожин бичиг баримт байхгүй байсан. Ё.Т нь моднуудыг Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөгөөр унагасан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч С.О “...2018 он гарсаар сумын хурлаас тогтоол гараагүй учир одоогоор модонд гоожин эрхийн бичиг олгоогүй байгаа...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Б “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Арван нүүр гэх газраас Б, М нарын хамт галын мод бэлтгэж байтал Ё.Т ах өөрийн хар хөх өнгийн Портер маркийн машинтай ирээд мод бэлтгэх гэсэн юм гээд Бааваа, Мэндээ нарыг авч үлдсэн. Тэгээд Ё.Т ах байгаль хамгаалагч нарт баригдсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Л.П “...Ё.Т мод чирээд өгөөч гээд гуйсан. Мэндээ ах бид хоёр уул өөд өгсөөд араас нь явж байтал Ё.Т ахын машин дээр өөр нэг машинтай хүмүүс ирсэн. Тэр машинаас 4 хүн бууж ирээд бид хоёрыг “та хоёр энд юу хийж байгаа юм. Энд ямар хүмүүс мод бэлтгэж байгаа юм” гэж асуусан тэгэхээр нь “Ё.Т байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
Г.А “...Ё.Т мод чирээд өгөөч гээд гуйсан. П бид хоёр уул өгсөөд араас нь явж байтал Ё.Т ахын машин дээр өөр нэг машинтай хүмүүс ирсэн. Тэр машинаас 4 хүн бууж ирээд бид хоёрыг “та хоёр энд юу хийж байгаа юм. Энд ямар хүмүүс мод бэлтгэж байгаа юм” гэж асуусан тэгэхээр нь “Ё.Т байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн:
1. Иргэн Ё.Т ойгоос бэлтгэсэн мод нь тууш метр урттай хэрэглээний мод байна.
2. Тухайн мод нь тууш метр урттай хэрэглээний мод.
3. Уг 7 ширхэг мод нь нийт 1.3294 м3 түймэрт шатсан хуурай мод байна.
4. Мод бэлтгэсэн Дээд цэцүүхийн Арван нүүрийн ар гэх газар нь ойн сангийн 1-р мужид хамаарна.
5. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 60000 төгрөг байна.
6. Ё.Т тээвэрлэсэн мод нь: БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60000 төгрөг, илтгэлцүүр болох 1.4-ээр үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 84000 төгрөг байна. Нийт 1.3294 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 111669 төгрөг болж байна.
7. Уг модыг хугацааны хувьд 1 сард бэлтгэсэн байна гэсэн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 20 дугаартай тодорхойлолт, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын эзэмшил талбайн зураг, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг битүүмжилсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Ё.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Дээд Цэцүүхийн “Арван нүүр” гэх газрын ойгоос 7 ширхэг нийт 1,329 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 111.669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Г, гэрч Б.Н, Р.Г, С.О, Ё.Т, Л.П, Г.А нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ё.Т гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ё.Т зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх ойн сан бүхий газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн Арван нүүр гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7 ширхэг нийт 1.329 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 111.669 төгрөгийн хохирол учруулсан нь хууль бусаар ойгоос мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ё.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ё.Т улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ё.Т “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дээд цэцүүхийн арван нүүр гэх газраас 2 босоо мод, унасан 5 мод тайрч, нийт 7 ширхэг мод бэлтгэсэн юм. Тухайн үед надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Би тухайн моднуудыг тээвэрлээгүй. Миний мод бэлтгэсэн хөрөө Г.Б гэдэг хүний хөрөө байгаа юм. Би түр авч хэрэглэж байсан. Ойн санд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна ...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.Т нь хууль бусаар бэлтгэсэн 1.329 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 111.669 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, ойн санд учруулсан хохирол 336000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ё.Т20-17 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар мод тээвэрлээгүй болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул автомашиныг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Ё.Т буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан моторт хөрөөг шүүгдэгч Ё.Т өмчлөлийн хөрөө биш болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Миний мод бэлтгэсэн хөрөө Г.Б гэдэг хүний хөрөө байгаа юм. Би түр авч хэргэлж байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээ болох 90.000 төгрөгийг Ё.Т гаргуулж төрийн санд оруулж мөн гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг 1,329 м3 түлээний шинэс модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ё.Тулсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ё,Т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ё.Т 20-17 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/10 дугаартай Прокурорын тогтоол, 01 дугаартай мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тууш метрийн урттай, 7 ширхэг 1,329 м3 хэрэглээний шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улаан цагаан өнгийн моторт хөрөөний үнэ болох 90.000 /ерэн мянга/ төгрөгийг шүүгдэгч Ё.Т гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ