| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00002/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 22
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.С,
Шинжээч эмч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Н.О
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н О холбогдох эрүүгийн 1724000580003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын тамгын газарт галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Ховгийн Н О /РД:ИВ83/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.О нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эргэх хөдөлгөөн хийх явцдаа мод мөргөж, тухайн автомашинд сууж явсан зорчигч Д.Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Н.О нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Б сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь:
Хохирогч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Ч.Э, гэрч Л.А нарын “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед ...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөчихсөн...” гэсэн,
гэрч Ч.М: “...Н.О Төөнтийн давааны цаанаас машинтайгаа өгсөх гэж байхад Л.Амаржаргал, Д.Ц, Ч.Э гурав түүний машины кабинд суусан. ...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад, машины хойд талаараа мод мөргөсөн байсан...” гэсэн
Гэрч Б.Б: “...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлгүүд болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ж2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай “Жолооч Н.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна. Жолооч Н.О нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн” гэсэн дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Ц: “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөснөөс болж миний хүзүүний үений сэртэн яс хугарсан байсан. Би Завхан аймагт болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед надад ил харагдах гэмтэл байгаагүй боловч миний хүзүү толгой их өвдөж зовиуртай байсан...” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Ч.Э: “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Н.О нь Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөхөд би ухаан алдчихсан байсан. Ухаан ороход сумын төвийн хажууд явж байсан. Тухайн үед надад ил гэмтэл байгаагүй боловч Завхан аймагт хүзүү толгойн рентген зураг авуулахад тархинд хаван үүссэн, гаморын хөндийд шингэн үүссэн, хүзүүний мурийлт зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний арын лордоз тэгширсэн байна гэж байсан...” гэсэн,
Гэрч Л.А: “...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөхөд Ч.Э эгч ухаан алдчихсан, Д.Ц эгч хүзүү толгой их өвдөж байна гэж байсан. Тэдгээрт ил харагдах гэмтэл байхгүй байсан. Н.О ах бид хоёрын биед ямар нэг гэмтэл, зовиур байхгүй байсан...” гэсэн,
Гэрч Ч.М: “...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад мод мөргөхөд Ч.Э эгч ухаан алдчихсан, гэхдээ биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Д.Ц эгч хүзүү толгой их өвдөж байна гэж байсан...” гэсэн
Гэрч Б.Б: “...Н.О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөөд Ч.Э ухаангүй байна үзээд өгөөч гэж Ч.Мхэлсэн. Тухайн үед Ч.Э биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Д.Ц хүзүү хөшөөд их өвдөж байна гэж байсан. Тэр орой нь эмнэлэгт хэвтүүлээд маргааш нь аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 172336 дугаартай “...Д.Цн биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой хүзүүний нугаламын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Ц биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Сэргэлэнбаярын шүүх хуралдаанд гаргасан “...Хохирогч Д.Ц хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэн хугарсан байсан. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл байсан учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан. Дүгнэлтийг хохирогчийн биед үзлэг хийж, мөн компьютер томографийн шинжилгээ болон өвчний түүхийг үндэслэж гаргасан. Хохирогчийн биед үзлэг хийхэд хохирогч одоо ч гэсэн хүзүүгээр хүндүүрлэж өвдөж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг, “...Д.Ц хүзүүний нугаламууд мурийлтгүй, С6-р нугаламын ар сэртэн суурь хэсгээрээ болон нугасны нүх дайрч хугарсан...” гэсэн хүзүүний ясны компьютер томографийн шинжилгээ, иргэний эрүүл мэндийн дэвтэрт авагдсан мэдээлэл зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.О “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Төөнтийн давааны шороон замыг янзалж дуусаад явах гэтэл Л.А, Ч.Э, Д.Ц нар миний машины кабинд суусан. Би Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөхөд Ч.Эрдэнэсувд ухаан алдсан, Д.Ц хүзүү өвдөөд байна гэж байсан, Тэдэнд ил харагдах гэмтэл байгаагүй. Л.А бид хоёрын биед ямар нэг гэмтэл зовиур байхгүй байсан. Батсайхан эмчийг дуудаж тэднийг үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.О холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.О нь 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Д.Ц хүндэвтэр гэмтэл учирсан байх тул түүний үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Н.Оюунбаатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч Н.Оюунбаатар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ
Шүүгдэгч Н.Оюунбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын “Н.Оюунбаатар нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүний хувьд ногдох хөрөнгө болох “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүх хуралдаанд улсын яллагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 3 ширхэг CD диск, иргэний эрүүл мэндийн дэвтэр, 7 хуудас бүхий эмнэлгийн бичиг баримт, 7 ширхэг рентген зураг зэргийг хохирогч *******, 2 ширхэг CD диск, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 3 ширхэг рентген зураг зэргийг иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэсувд нар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатар нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Оюунбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох “DAYUN” маркын улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 ширхэг CD диск, иргэний эрүүл мэндийн дэвтэр, 7 хуудас бүхий эмнэлгийн бичиг баримт, 7 ширхэг рентген зургийг хохирогч *******, 2 ширхэг CD диск, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 3 ширхэг рентген зургийг иргэний нэхэмжлэгч ******* тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Н.Гүнчинсүрэнд даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ