Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 239

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 12-1-02 тоотод оршин суух, Тайж овгийн Дашдоржийн Ганболд, Жов овгийн Сурмаахоролын Эрдэнэсүрэн нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг болох 11172977 төгрөг болон нотариатын зардал 6500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкыг төлөөлж Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нар нь тус банкны Өвөрхангайн салбараас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/18715 тоот зээлийн гэрээ байгуулан 12800000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 166 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дэх заалтанд заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10557577,02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 593478,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүийн төлбөр 15344,80 төгрөг нийт 11172977 төгрөг, нотариатын төлбөр 6500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэхэмжилж байгаа 11172977 төгрөг, нотариатын төлбөр 6500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна цаашид хуваарийн дагуу хугацаандаа төлөх болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк нь “Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11172977 төгрөг болон нотариатын зардал 6500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нар нь зээлийн гэрээний үүрэг болох 11172977 төгрөг болон нотариатын зардал 6500 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банк “Зээлийн гэрээний үүрэг болох 11172977 төгрөг болон нотариатын зардал 6500 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыгхариуцагч Д.Ганболд, С.Эрдэнэсүрэн нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 96858 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас  96858төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193716 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

                                   

                                      ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА