| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00024/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 28
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,
Улсын яллагч Б.Г,
Хохирогч У.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Б.А,
Нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1824000200020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт багт оршин суух, шийтгүүлж байсан Б.А /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч У.Э албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэн заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Х, Д.С, Д, Н.Н нарын хамт 750 граммын “Алтантүрүү” нэртэй, 500 граммын “Ерөөл” нэртэй архи уусан. ...С.Э хамт машинаа асаагаад хөдөлтөл цагдаа ирсэн. Цагдаа У.Э ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, эрүүл хүнээр жолоодуул гэж хэлж байсныг санаж байна. Үүнээс хойш юу хийж хаагуур явснаа санахгүй байна. Ухаан ороход цагдаагийн өрөөнд гавтай сууж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
Хохирогч У.Э нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед цэцэрлэгийн гаднаас Б.А нь “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явахаар нь зогсоох гэж 2-3 удаа дуут дохио ажиллуулсан боловч зогсохгүй явахаар нь гүйцэт түрүүлж очоод зогсоход Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэхэд Б.А “...яачаад байгаа юм. Би хүн хүргэж өгөх гэж байгаа” гээд эсэргүүцэхээр нь цуг яваа эрүүл хүнд “машиныг гэрт нь хүргэж өг” гээд Б.А гарыг нь гавлаж тээврийн хэрэгсэлд суулгаад Тосонцэнгэл сум оруулж баривчлуулна гээд авч явахад Б.А “чи чаддаг юм бол Тосонцэнгэл сум оруулж баривчлаач” гээд хэл амаар доромжлоод байсан. Энэ бүгдийн талаар өөрийн утсандаа бичлэг хийсэн. Баянхайрхан сумаас гараад жаахан явж байтал Б.А архи нь гараад гайгүй болчих шиг болохоор буцаж эргээд сумын төв орж хашааных нь үүдэнд буулгах гэхэд буухгүй миний 5 адуу алга болсон байна. Энэ талаар цагдаа дээр чинь очиж өргөдөл бичиж өгнө гээд байхаар нь цагдаагийн хэсэг дээр авчрахад өргөдөл бичнэ гэж сууж байгаад зарсан хүнээс үнийг нь асууж ирнэ гээд гарсан. ...Би 22 цаг 40 минутын үед сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ирээд автомашинаа байрлуулаад гарахад хойд зүгээс хүн ирж байгаа чимээ гарахаар нь гар чийдэн тусгахад Б.А ганцаараа ирж байсан. Би харьж амар гэж хэлэхэд Б.А нь “пизда минь чамайг буудаж ална” гээд яваад өгсөн. Би цагдаагийн хэсгийн байрны хойд талын хашаанд ороод бие засаж байтал хашаанд хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь эргээд харахад “пизда минь хөдлөх юм бол буудаж ална шүү” гэхээр нь гар чийдэнгийн гэрэл тусгахад Б.А миний урдаас урт буу мөрлөөд бууны амыг миний нүүр хэсэг рүү шагайсан зогсож байхаар нь би зүүн гараараа бууны гол төмөрнөөс барьж холдуулаад буунаас татахад Б.А газарт унасан. Би ноцолдож байгаад бууны замгийг салгаж, баруун гарыг нь гавласан...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч У.Э албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч У.Э мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед цэцэрлэгийн гаднаас Б.А нь “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явахаар нь зогсоох гэж 2-3 удаа дуут дохио ажиллуулсан боловч зогсохгүй явахаар нь гүйцэт түрүүлж очоод зогсоход Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэхэд Б.А “...яачаад байгаа юм. Би хүн хүргэж өгөх гэж байгаа” гээд эсэргүүцэхээр нь цуг яваа эрүүл хүнд “машиныг гэрт нь хүргэж өг” гээд Б.А гарыг нь гавлаж тээврийн хэрэгсэлд суулгаад Тосонцэнгэл сум оруулж баривчлуулна гээд авч явахад Б.А “чи чаддаг юм бол Тосонцэнгэл сум оруулж баривчлаач” гээд хэл амаар доромжлоод байсан. Энэ бүгдийн талаар өөрийн утсандаа бичлэг хийсэн. Баянхайрхан сумаас гараад жаахан явж байтал Б.А архи нь гараад гайгүй болчих шиг болохоор буцаж эргээд сумын төв орж хашааных нь үүдэнд буулгах гэхэд буухгүй миний 5 адуу алга болсон байна. Энэ талаар цагдаа дээр чинь очиж өргөдөл бичиж өгнө гээд байхаар нь цагдаагийн хэсэг дээр авчрахад өргөдөл бичнэ гэж сууж байгаад зарсан хүнээс үнийг нь асууж ирнэ гээд гарсан. ...Би 22 цаг 40 минутын үед сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ирээд автомашинаа байрлуулаад гарахад хойд зүгээс хүн ирж байгаа чимээ гарахаар нь гар чийдэн тусгахад Б.А ганцаараа ирж байсан. Би харьж амар гэж хэлэхэд Б.А нь “пизда минь чамайг буудаж ална” гээд яваад өгсөн. Би цагдаагийн хэсгийн байрны хойд талын хашаанд ороод бие засаж байтал хашаанд хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь эргээд харахад “пизда минь хөдлөх юм бол буудаж ална шүү” гэхээр нь гар чийдэнгийн гэрэл тусгахад Б.А миний урдаас урт буу мөрлөөд бууны амыг миний нүүр хэсэг рүү шагайсан зогсож байхаар нь би зүүн гараараа бууны гол төмөрнөөс барьж холдуулаад буунаас татахад Б.А газарт унасан. Би ноцолдож байгаад бууны замгийг салгаж, баруун гарыг нь гавласан...” гэсэн
Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 22 цаг өнгөрч байхад У.Эрхэмбаяр цагдаа Б.А яв гэхэд Б.А “чамайг буудаж ална” гэж хэлж байгаа чимээ сонсогдсон. Тэр үед цагдаа манай ажлын байр луу гэрэл тусгаж намайг харчихаад Б.А чиний хэлж байгаа үгийн энд хүн сонсож байна шүү гэж байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн хэсгийн хойд хашаанд хүмүүсийн дуу гараад байсан..” гэсэн,
гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед хэсгийн төлөөлөгч утсаар яриад “хурдан цагдаагийн хэсэг рүү очоодох, У.Э ганцаараа байгаа” гэхээр нь очтол У.Э хашаан дотор Б.А баруун гарт нь гав зүүчихсэн, зүүн гарыг нь гавлах гээд ноцолдож байхаар нь би туслаж зүүн гарыг гавлуулаад цагдаагийн хэсэг руу оруулсан. Б.А нь галт зэвсгээр У.Э ална гэж заналхийлсэн гэж байсан..” гэсэн,
гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 40 минут өнгөрч байхад Б.А машинаа жолоодоод явж байхад цагдаа машинтайгаа ирээд зогсоосон. У.Э цагдаа Б.А согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлэхэд Б.А урдаас нь эсэргүүцэж, маргалдахаар нь түүнийг машинаас буулгахад У.Э цагдааг заамдаад авсан. У.Э цагдаагийн энгэрээс заамдаад тавихгүй болохоор нь би гарыг нь салгахад цагдаа У.Э нь цагдаагийн машинд суулгасан. У.Э цагдаа намайг машиныг хашаанд нь аваачиж тавь гэсэн...” гэсэн
гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Б.А 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс авахаар ирэхдээ архи уусан бололтой үнэртэж байсан. 19 цагийн үед Б.А гэрээсээ машинаа унаад гарсан. Б.А адуундаа явах гэсэн чинь цагдаа явуулсангүй, цагдаатай очиж уулзмаар байна гэхээр нь явуулахгүй гэсэн. ...Гэрт байсан буу, 6 ширхэг сумны хамт аваад би адуугаа олохгүй бол өөрийгөө буудна гэж хэлээд явсан. Би санаа зовоод араас нь дагаад явж байтал цагдаа У.Э таарсан юм билээ. Хашаан дотор У.Э цагдаа Б.А, буу нь хажууд байхаар нь буу аваад явсан. Буунд 6 ширхэг сум нь байсан..” гэсэн,
гэрч Д.С Н.Н нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Б.А гэрт ороход хасаа харваж байсан. Бид нар 500 граммын 1 шил архи, 750 граммын 1 шил архи уусан. Бид 15 цагийн үед гараад явсан..” гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 201840028 тоот “шинжилгээнд хүргүүлж ирсэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Иргэн Б.А биеэс авсан цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20180024 тоот “...шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хэвийн ажиллагаатай, буудлага үйлдэх боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн гохыг дарахгүйгээр буунаас салгах боломжгүй байна. Галт зэвсгийг хэзээ буудлага үйлдсэн болохыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хохирогч У.Э нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч болох нь Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаартай “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон ...Яруу сумын цагдаа, цагдаагийн ахлагч У.Эрхэмбаярыг Баянхайрхан сумын цагдаагаар томилсугай...” гэсэн тушаалын хуулбар, А-0007237 дугаартай У Э цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, У.Э төрийн албан хаагчийн анкет, Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/53 дугаартай “...Хэсгийн цагдаа ахлагч У.Э нь тус суманд үүрэг гүйцэтгэдэг нь үнэн...” гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.А хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч У.Эалбан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “ТОЗ-801” маркийн бууг хэрэглэн “...пизда минь хөдлөх юм бол буудаж ална шүү” гэж заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж галт зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зөв байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, ...нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЗ-801” маркийн буу нь түүний өмчлөлийнх бус болох нь гэрч Д.Ч “ТОЗ-801 маркийн ангийн зориулалттай галт зэвсгийг М.Н гэдэг хүнээс 2004-2005 онд 150000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед 70000 төгрөгийг өгөөгүй учраас бичиг баримтыг албан ёсоор шилжүүлж аваагүй...” гэсэн, гэрч М.Н “...ТОЗ-801 маркийн 14834 гол төмөр замгийн дугаартай галт зэвсгийг Ч гэдэг хүнд 2002 үед зарсан...” гэсэн, шүүгдэгч Б.А “...ТОЗ-801 маркийн буу нь манай нагац ах Ч буу...” гэсэн мэдүүлгүүд болон “ТОЗ-801 маркийн гол төмөр, замгийн дугаар 14834 гэсэн дугаартай буу эзэмшигч Мичидийн Н” гэсэн буу эзэмшигчийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЗ-801” маркийн бууг эзэмшигч буюу өмлөгчид нь буцаан олгож, түүний үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн 6 ширхэг сумыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогч болон бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 7,500,000 төгрөгийн үнэ бүхий 66-32 ЗАН улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрдэг овогт Б А хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.А хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.А 3 жилийн хугацаанд зан үйлээ засах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А нь 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.А иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, 6 ширхэг сумыг улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЗ-801” маркийн бууг эзэмшигч Д.Ч буцаан олгож, бууны үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.А гаргуулж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгч Б.Азсайханы хувьд ногдох хөрөнгө болох 7,500,000 төгрөгийн үнэ бүхий 66-32 ЗАН улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ