| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/00084/И |
| Дугаар | 210/МА2023/01956 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2023/01956
2023 11 10 210/МА2023/01956
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэртэй,
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
А.Гд холбогдох,
Гэрээний үүрэгт 183,373,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “Т” ХХК нь А.Гтэй 2020 оны 06 дугаар сарын 23-ны өөр FF-17 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу манай компаниар дамжуулан автомашин тээвэрлүүлж, Лексус /Lexus/ RX270 загварын автомашин 2 ширхэг, БиЭмДаблью /BMW/ X1 загварын автомашин 1 ширхэг, Мерседес Бенз /Mercedes Benz/ B class загварын автомашин 1 ширхэг, Лексус /Lexus/ RX450Н загварын автомашин 1 ширхэг, нийт 5 ширхэг автомашины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг манай компанийн зээлээр төлүүлсэн.
а. Лексус /Lexus/ RX270 загварын, арлын - дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 673,600 иен, түүний 6 сарын хүү 113,164.8 иен буюу нийт 786,764.8 иен, түүнийг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 19,991,694 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,562,516 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,692 төгрөг, нийт 13,505,019 төгрөг,
б. Лексус /Lexus/ RX270 загварын, арлын - дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 649,600 иен, түүний 6 сарын хүү 109,132.8 иен буюу нийт 758,732.8 иен, түүнийг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 19,279,400 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,308,165 төгрөг, түүний 6 сарын хүү 1,899,772 төгрөг, нийт 13,207,937 төгрөг,
в. Лексус /Lexus/ RX450H загварын, арлын - дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 723,100 иен, түүний 6 сарын хүү 121,480.8 иен буюу нийт 844,580.8 иен, түүнийг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 21,460,798 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,510,067 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,691 төгрөг,
г. БиЭмДаблью /BMW/ X1 загварын, арлын - дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 343,500 иен, түүний 6 сарын хүү 57,708 иен буюу нийт 401,208 иен, түүнийг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 10,194,695 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 9,559,622 төгрөг, түүний 6 сарын хүү 1,606,017 төгрөг.
1.2. Иймд хариуцагчаас 4 автомашины үндсэн зээлд 104,665,188 төгрөг, хүүд 17,583,751 төгрөг, алдангид 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “Т” ХХК-тай хийсэн гэрээг би анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Тээврийн үйлчилгээний нөхцөлд тээвэрлэлтийн хугацааг 45 хоног гэж заасан боловч ачаа 45 хоногт ирдэггүй. Ялангуяа 2021, 2022 онд Ковид гарсантай холбоотой бидний ачуулсан контейнерыг 7-8 сарын хугацаанд тээвэрлэж гэрээний үүргээ зөрчсөн.
2.2. Гэрээгээр автомашины урьдчилгааг би төлөөд үлдэгдлийг нь “Т” ХХК төлөхөөр тохироод Монгол Улсад хамтдаа авчирдаг бөгөөд автомашинууд “Т” ХХК-ийн захирлын нэр дээр орж ирдэг.
Контейнер болон автомашинууд хугацаандаа ирээгүйгээс эцсийн худалдан авагч нараас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй тул япон компани руу тус автомашины төлбөрүүдийг төлөөгүй. Үүнээс үүдэн япон компаниудаас надад ойролцоогоор нэг автомашинаас 40 - 60 мянган иенийн торгууль бодогдсон.
2.3. “Т” ХХК-ийн тээвэр нь автомашины овор, жингээс шалтгаалан 600-900 ам.доллар байдаг. Гэтэл “Т” ХХК Хятад улсад автомашин саатсантай холбоотой А.Г надаас нэг автомашинаас 1800-2500 ам.доллар авсан.
Ямар автомашиныг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн, ямар хугацаанд авчрах, хэзээ ирсэн талаарх мэдээллийг нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байгаа. Бүх автомашин “Т” ХХК-ийн нэр дээр ирсэн, гаалийн бүрдүүлэлт хийсэн, ачиж тээвэрлэсэн, бүх үйл ажиллагааг нь эрхэлсэн бөгөөд автомашин худалдан авч байгаа дуудлага худалдааны систем, Японд болдог дуудлага худалдаа “Т” ХХК-ийн захирлын нэр дээр байдаг тул бүх мэдээлэл “Т” ХХК-аас гарах ёстой байдаг.
2.4. Эдгээр автомашинууд хугацаандаа ирээгүй, 7-8 сар гацсантай холбоотой би маш их алдагдал хүлээсэн. Тодруулбал, Япон дахь талбайн торгуулийг би төлсөн, автомашин ирээгүй удаад үлдэх төлбөрөө авч чадаагүйн улмаас япон компаниуд миний захиалсан автомашинуудыг өөр хүмүүст санал болгоод зарсан учраас би эцсийн худалдан авагч буюу захиалагч нартай хийсэн гэрээний дагуу зарим хүмүүст маш их алданги бодож өгсөн. Хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний дагуу ч хүү, алданги төлөх үүрэг хүлээгээгүй.
2.5. Зээлийн гэрээ надтай байгуулаагүй эргэн төлөгдөх нөхцөл огт хувиараа үүсгээгүй. Валютын зээл Монгол Улсад хориотой бөгөөд нэхэмжлэгч компани зээл олгох тусгай зөвшөөрөлгүй. Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.
2.6. Энэ машинуудын үндсэн төлбөр нь гарсан учраас би төлнө гэдгээ нэхэмжлэгч компанид удаа дараа мэдэгдсэн, харин хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ггээс 104,665,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ггээс 681,276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хүү, алдангийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч А.Гтэй 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, тус гэрээний 1.13-т “Сарын хүү 2,8%”, 1.15-д “Хариуцагч автомашин борлуулснаас хойш 1 хоногийн дотор тухайн автомашины төлбөрийг барагдуулах ёстой. 2 дахь хоногоос эхлэн биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно” гэж талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Мөн гэрээний 1.14-т “Зээлээр худалдан авалтын хугацаа: 6 сар буюу 180 хоногийн хугацаанд худалдан авалтын зээлийг хаана” гэж зээлээр төлөх төлбөрийн хугацааг заасан.
Хүү, алданги харилцан тохиролцсон гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад хүү, алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн харилцаа, эсхүл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран талууд хүү, алдангийг тодорхой тогтоож, гэрээгээр тохирсон нь илэрхий бөгөөд, хүү, алданги тохирсон талаар хүчин төгөлдөр гэрээг шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүх гэрээний харилцааг өөрөөр дүгнэсэн боловч талуудын хүү тохирсон хэлцэл хүчин төгөлдөр байгааг анхаарч үзээгүй.
Мөн худалдан авах гэрээнд ч талууд алдангийг бичгээр тохирсон бол алданги авах эрхтэй байхад шүүх алдангийг мөн хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
Иймд гэрээний төрлийг шүүх хэрхэн тодорхойлсоноос үл хамааран гэрээнд оролцогч талууд хүү, алдангийг харилцан бичгээр тохирсон, хүү тохирсон талаар гэрээний зүйл заалт буюу тухайн хүү, алданги тохирсон хэсэг хүчинтэй хэвээр байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцааг худалдан авах гэрээ гэж Иргэний хууль буруу хэрэглэсэн тухайд:
“Т” ХХК нь хариуцагч А.Гд автомашины үнийг төлөхөөс өмнө автомашиныг эзэмшил өмчлөлд нь шилжүүлсэн, автомашины үлдсэн төлбөрийг тодорхой хугацаанд төлөх, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг төлөхдөө тодорхой хувиар хүү авахаар тохирсон. Хариуцагч А.Г нь автомашиныг цааш гуравдагч этгээдэд худалдан борлуулсан атлаа автомашины төлбөрийг нэхэмжлэгчид өнөөг хүртэл төлөөгүй хохироосоор байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө шилжүүлж буй байдал, хүү тохирсон байдал зэрэг нь худалдан авах гэрээ биш, зээлээр худалдан авах гэрээ гэж үзэхээр байхад худалдан авах гэрээ гэж хууль буруу хэрэглэсэн.
4.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн тухайд:
Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4г-д “Хэргийн 28, 33-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно" гэж буруу дүгнэжээ. Учир нь хэргийн 28-р талд авагдсан гадаад гүйлгээний баримт нь тус хэргийн 29-р талд, 33-р талд авагдсан гадаад гүйлгээний баримт нь 34-р талд тус тус баталгаат орчуулгын газраар монгол хэл рүү орчуулагдсан, тамга тэмдэгтэй, нотлох баримтын шаардлага хангагдсан хэлбэрээр байхад шүүх нотлох баримтыг шинжлэн судлахдаа орхигдуулж буруу дүгнэлт гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэргийн агуулгаас харвал тээвэрлэн авчрах, зээл олгох харилцаа үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тухайн автомашиныг худалдан авах, үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх харилцаа байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар эд зүйлийн өмчлөлийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбоотой харилцаа биш, буцаан төлөх нөхцөлтэй мөнгөн дүнгээр зээл олгож байгаа харилцаа юм. Гэтэл “Т” ХХК нь тус зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд биш юм. Хуулийн этгээд өөрсдийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуульд заасан байдаг. Тус агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс сөрөг нэхэмжлэл биш, хариу тайлбар гэж үзэж хүлээн авахаас татгалзсан. Хүчин төгөлдөр бус хэлцэл байвал эрх үүрэг үүсэхгүй. Иймд талуудын хооронд тохирсон хүү, алдангийн асуудал яригдахгүй. Шүүхээс хууль хэрэглээний хувьд буруу дүгнэсэн болох хэдий ч агуулгын хувьд зөв дүгнэсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч А.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 104,665,188 төгрөг, хүүд 17,583,751 төгрөг, алдангид 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрч маргажээ.
3.1.“Т” ХХК болон А.Г нар 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр А.Г нь Япон улсын автомашины дуудлага худалдаанд оролцож, автомашин худалдан авах, урьдчилгаа 30 хувийг төлөх, “Т” ХХК үлдэгдэл 70 хувийн төлбөр болон гаалийн бүрдүүлэлттэй холбоотой төлбөрийг тус тус А.Ггийн өмнөөс төлж, уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр түүнд зээлэх, зээлийн хүүг сарын 2,8 хувиар тооцож төлөх талаар харилцан тохиролцсон байна.
3.2.Түүнчлэн талууд дээрх гэрээгээр гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт хийх талаар тохиролцсон байх бөгөөд тэд техникийн хувьд нэг баримт дээр хэд хэдэн гэрээний харилцааг үүсгэжээ. Уг харилцааг тус тусад нь дүгнэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд зээлийн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хариуцагч А.Ггийн өмнөөс Японы талаас автомашин худалдан авахтай холбоотой зарим буюу 70 хувийн автомашины үнийг “Т” ХХК төлөх, уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр А.Г нь “Т” ХХК-аас зээл авч, автомашиныг өөрийн нэрийн өмнөөс худалдан борлуулсан өдрөөс зээлийн хүү төлөхөөр тохиролцсон байгааг харгалзан үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
3.3.Харин анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэг гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Өөрөөр хэлбэл, А.Г болон “Т” ХХК нэгдэж автомашиныг Японы талаас худалдаж авсан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин А.Г нь “Т” ХХК-аар зуучлуулан Японы талаас автомашин худалдан авч, өөрт нь автомашины үнийг бүрэн төлөх боломжгүйгээс зарим хэсгийг “Т” ХХК-аар төлүүлж байгаа нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний 70 хувийн үнийг гуравдагч этгээдээр Японы талд төлүүлсэн гэж дүгнэхээр байна.
3.4. Гаалийн бүрдүүлбэрт автомашины эзэмшигчээр “Т” ХХК-ийг нэрлэн зааж гаалийн төлбөр төлсөн байдлыг үндэслэн А.Г болон “Т” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй юм.
4. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас хариуцагч А.Гд зээл олгосон нь тусгай зөвшөөрөл шаардагдахгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
5. Гэрээний дагуу “Т” ХХК-аас А.Ггийн 4 автомашины үнэд болон гаалийн төлбөрт нийт 104,665,188 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.
6.1. Гэрээний 1.13, 1.14, 1.15 дахь хэсэгт зааснаас дүгнэвэл зээлийн гэрээний нөхцөлийг талууд сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, автомашиныг эцсийн харилцагч руу борлуулсан өдрөөс хойш 1 хоногийн дотор тухайн автомашины төлбөрийг барагдуулах, 2 дахь хоногоос эхлэн биелүүлээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6.2. Талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, А.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 181,535,196 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсчээ.
Хариуцагч А.Г дээрх үүргээ гүйцэтгээгүй, тооцоо нийлсэн актад алдангийн талаар тусгаагүй тул талуудын хооронд үүссэн маргааныг уг тохиролцооны хүрээнд шийдвэрлэж, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг 181,535,196 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ггээс 181,535,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,838,212 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 681,276 ...” гэснийг “...1,065,626...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,492 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА