Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02010

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02010

 

С.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02751 дугаар шийдвэртэй,

 

С.Эийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Эт холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн 947 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 447 дугаартай тогтоол гарсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр С.Эээс 257,011,188 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.  

1.2. Барьцаанд байгаа миний - дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, - байрны -, 133 м.кв талбай орон сууцыг 440,230,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2022 оны 4-151/21917 дугаартай мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн.

1.3. Тухайн орон сууцанд үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит байдлыг харгалзан үзээгүй үнэлгээ хийсэн болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-151/21917 дугаартай мэдэгдлээр танилцуулсан бодит бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр өдрийн 29-ний өдрийн 947 дугаар магадлалаар С.Э, У.С нараас 258,454,194 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч С.Э, У.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан У.Сийн өмчлөлийн, - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, - байрны -, 133 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжпэн, хураасан.

2.3. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, төлбөр авагчаас хураагдсан эд хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, орон сууцны зах зээлийн үнэлгээг 440,230,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилж иргэн С.Э, У.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан У.Сийн өмчлөлийн, - дугаартай Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж - байрны - 133 м.кв талбай орон сууцыг 440,230,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан.

Дээрх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд цэвэр агаарт байршилтай зах зээлийн эрэлт ихтэй бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа орон сууц байхад олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлсэн байгааг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна.

Мөн уг шүүх хуралдаанд тус үл хөдлөхүүдэд үнэлгээ хийсэн үнэлгээний шинжээчийг оруулах хүсэлтэй өгсөн ч уг эрхийг маань хангаж өгөөгүйг анхаарч авч үзнэ үү!,

Шүүх бүрэлдэхүүн хэргийг бүрэн хянаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш Ш 2023/02751 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмж лэгч С. Эийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00483 дугаар шийдвэрээр С.Эээс 244,123,511 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 947 дугаар магадалаар С.Эээс 257,011,188 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00447 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж У.Сийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, - байр, - хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 133 м.кв талбайтай, дөрвөн өрөө, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хураасан, талууд энэ ажиллагаанд маргаагүй.

3.2. Хариуцагч байгууллага нь үнийн санал дээр талуудыг тохиролцуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч С.Э болон барьцаа хөрөнгийн өмчлөгч У.С нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны зах зээлийн үнэлгээг 665,000,000 төгрөгөөр тогтоох санал ирүүлснийг төлбөр авагч “Голомт банк” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төвийн” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг томилсон байна. Эдгээр ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүзйлийн 55.2.2-т заасанд нийцжээ.

3.3. Шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж хариуцагч байгууллагад ирүүлсэн бөгөөд барьцаа хөрөнгийг 440,230,000 төгрөгөөр үнэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Төлбөр төлөгч С.Эт үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-151/21917 дугаар албан бичгээр мэдэгдсэн, тэрээр үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор гаргасан, шүүх гомдлыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь зөв болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн бодит байдлыг харгалзан үзээгүй, хэт бага үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

6. Анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд үнэлгээчин Ж.Уртнасан гэрчээр оролцсон байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оруулах хүсэлийг хангаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА