Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2016/00218/И |
Дугаар | 212/МА2016/00027 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 212/МА2016/00027
Р.Еийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Ш овогт Ры Еийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгч Р.Е, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагчийн төлөөлөгч И.У, түүний өмгөөлөгч А.С, С.Н, орчуулагч Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Угийн 14 дүгээр тушаалаар тус сумын 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар томилогдсон. 2013 онд уг орон тоонд бүтэн жил ажиллаж, 2014 онд 1 дүгээр сард Казакстан улсад байгаа аавын бие өвдсөн учир чөлөө авч Казакстан улс руу явсан. Намайг Казакстан улсад аавыгаа сахиж байхад И.У утсаар холбогдож 2 дугаар сард амралтыг чинь өгье яаралгүй ир гэж хэлж, ирэхэд амралтын мөнгийг гаргаж өгсөн. Үүний дараа намайг янз бүрийн шалтаг тоочиж ажилд аваагүй. Мөн гэр цэцэрлэгт 2 сар гаруй ажиллуулаад дахиж ажилд аваагүй. Намайг ажилдаа орохоор очиход 2015 оны 6, 7, 8, 9 дүгээр сард гэр цэцэрлэгт ажиллуулсан. Би 9 дүгээр сард ажиллаагүй боловч өөр ажилд авна гэж цалин гаргаж өгсөн. Намайг ажилдаа орохоор очиход хүлээж бай авах гэж байна гэж олон удаа хуурч хуучин миний ажиллаж байсан орон тоонд өөрийн хамсаатан болох Амангүл гэгчийг ажиллуулж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, алдаа гаргаж байгаагүй ба намайг ажлаас гарснаас хойш 6 хүнийг ажилд авч тэдэнд давуу байдал олгон намайг хохироосоор байна. И.У энэ хугацаанд надтай хийсэн хөдөлмөрийн гэрээг одоо өгнө, дараа нь өгнө гэж хуурсаар мөн адил өгөөгүй болно. Иймд Р.Е намайг Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: 2012 онд тус хүүхдийн цэцэрлэгт бүлэг нэмэгдсэн учраас Ры Еийг анх тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот тушаалаар туслах багшийн ажилд авч ажиллуулж байсан минь үнэн. 2012 оны байдлаар тус суманд ганц хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаад аймгийн Засаг даргын шийдвэрээр тус хүүхдийн цэцэрлэг хуваагдаж хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг болон хүүхдийн 2 дугаар цэцэрлэг гэж хоёр хуваагдсан. Миний бие хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон юм. Р.Еийг шинээр байгуулагдсан хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийнх нь дагуу түүнийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед Р.Е хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт ажилд орж чадаагүй байсан. Би Р.Еийн гаргасан хүсэлтийн дагуу, мөн түүний ажилгүй үлдсэн байдлыг нь харгалзан үзэж түүнийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тушаалаар 190 хоногийн гэр цэцэрлэгийн туслах багшаар үргэлжлүүлэн ажиллуулсан юм. Р.Еийн хувийн сахилга баттай холбогдуулан эцэг эхчүүдээс гомдол ирүүлж, ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр ажлын байрыг 5 хоногоор орхиж явж зөрчил гаргасан учир түүнд хариуцлага хүлээлгэж байсан. Тус цэцэрлэгийн 2014 оны төсөв батлагдсанаар гэр цэцэрлэгийн тухайн жилийн санхүүжилт багасаж тодруулбал 190 хоногтой байсан гэр цэцэрлэгийн санхүүжилт багасаж 72 хоногт шилжсэн. Улмаар аймгийн Боловсролын газраас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоот албан бичгээр нэмж ирүүлсэн зөвлөмжийн дагуу гэр цэцэрлэгийг ээлжийн бүлгийн адил жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 72 хоногоор ажиллуулж, урьд нь ажиллаж байсан хүмүүстэй түр гэрээ байгуулан ажиллуулж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Р.Еийн хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд цалин хөлсөө цаг тухайд нь авч байсан болно. Иймд Р.Еийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт Ры Еийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Еийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Еийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхой байхад шүүх хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь Х.Еийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан тухай хэд хэдэн тушаал гаргасан бөгөөд уг тушаалуудаа нэхэмжлэгчид гардуулж өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн ажлын байрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид ажлын байрыг нь цомхотгосон талаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан нь ажил олгогчийн буруутай ажиллагаа юм. Ажил олгогч цомхотголд орсон ажилтантай тохиролцсоны үндсэн дээр түүнийг өөр адил чанарын ажилд томилох үүрэгтэй боловч уг үүргээ зөрчиж шинээр 2 хүн ажилд авч ажиллуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Р.Еийг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж гэр цэцэрлэгчийн туслах багшаар ажиллуулсан гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр үгүйсгээгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн журнал, 2012 оны цалингийн цэс, Нийгмийн даатгалын 8 дугаар маягт зэрэг баримтуудаар нотлогдож байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Р.Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тушаалаар Р.Еийг тус цэцэрлэгийн туслах багшаар томилж, улмаар тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-т зааснаар туслах багш Р.Етэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн түүнийг тус сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн мэдэлд шилжүүлсэн байна.
1. Хариуцагч тал ажилтны гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтан Р.Е нь ажил олгогчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29 дүгээр тушаалыг хүлээж авсан талаар үйл баримт тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ажилтан ... шийдвэрийг хүлээн авсан гэдгийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан ажил олгогчийн үүрэгтэй холбон тайлбарлах бөгөөд ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлсэн тухайгаа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхэд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.
Иймээс Р.Ед хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн тухай шийдвэрийг ажил олгогчоос гардуулсан, ажилтан хүлээж авсан эсэх нь тогтоогдоогүй тул гомдол гаргагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан, маргааны үйл баримтад хамааралгүй бичмэл баримтуудыг үндэслэн Р.Е нь Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн гэр цэцэрлэгт туслах багшаар 190, 72 хоног буюу улирлын байдалтай ажиллаж байсан нь нотлогдож байгаа тул ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн ... гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг хүлээж авсан нь нотлогдоогүй тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр тухайн байгууллагад өөр ажил, албан тушаал эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үйл баримтыг тогтоохгүй юм.
2. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-т заасан ажилтан санаачилсан гэсэн үндэслэлийг баримталсан боловч ажилтны сайн дурын үндсэн дээр, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь баримтаар нотлоогүй байна. Иймээс ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29 дүгээр тушаалаар ажилтан Р.Етэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн, өөр байгууллагад шилжүүлсэн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан зохицуулалтад нийцээгүй, Р.Еийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул гомдлыг хангаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Р.Е болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Ш овогт Ры Еийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтын дурдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Р.Е болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Р.Е болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК