Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

     Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат,

    Э.Буянжаргал нарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт холбогдох 201625021293 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Энхбаярын Ууганбаяр, 1994 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3-41 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 13 дугаар байрны 11-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: АЯ94052210/

 

2. Жолооч овгийн Эрдэнэбуянгийн Зоригт, 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Помпын операторч мэргэжилтэй, “Наран Бетон” ХХК-д операторч ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Тээвэрчидийн 12 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ89052237/

 

3. Боржигон овгийн Амарсанаагийн Ганбат, 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Автомашины мотор засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эмэг эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг хайлааст гудамжны 199 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот”-ын 1-249 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: М394040812/

 

4. Жолооч овгийн Эрдэнэбуянгийн Буянжаргал, 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ХААИС-ийн 1-2 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 7-3-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ93103131/

 

Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө, 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 429 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Вьетнам засвар”-ын газарт ажиллаж байсан Вьетнам Улсын иргэн Нгүень Ба Тань /Nguyen Ва Thang/, Нгүень Ван Дуонг /Nguyen Van Duong/, Ле Тань Бинь /Le Thanh Binh/ нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, Нгүень Ба Таний биед хөнгөн гэмтэл учруулан бэлнээр 880,000 төгрөг, “I phone-5”, “I phone-5s”, “Nokia” загварын гар утаснууд, мөнгөн гинж, бугуйвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан. Гэтэл “Hyundai Sonata-5” загварын, 06-68 УНЯ улсын дугаартай автомашин нь иргэн Н.Эрдэнэбаярын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх бөгөөд хэзээ энэ хүний дээр шилжсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаарх ажиллагааг орхигдуулсан. Уг автомашины зах зээлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй. Түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлгээр “Hyundai Sonata-5” загварын, 06-68 УНЯ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Э.Буянжаргалын тээврийн хэрэгсэл гэж мэдүүлсэн байхад энэ талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй байна. Хэрэв шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хулгайн тээврийн хэрэгсэл ашигласан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйлээр зүйлчлэгдэх тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.

Мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа явуулсан боловч зөвхөн 4 шүүгдэгч нарын зургаар уг ажиллагааг явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсэгт “Таньж олуулахын өмнө танигдах гэж байгаа этгээдийг бусад хүмүүсийн дотор дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ Э.Буянжаргалын эзэмшилд байсан “Hyundai Sonata-5” загварын, 06-68 УНЯ улсын дугаартай автомашиныг унаж очоод, хэргийн газраас гараад тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан байдаг. Мөрдөн байцаалтын явцад хэргийн газраас зугтаахад ашигласан тээврийн хэрэгслийн талаар мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжаргал шалгахдаа “сэжигтнээр Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат нараас авсан мэдүүлэгт “Hyundai Sonata-5, 6” загварын автомашин байсан, Э.Буянжаргал янз янзын машин сольж унаад байдаг тул марк дугаарыг нь мэдэхгүй байгаа талаар мэдүүлдэг. /1-р хх-92, 112, 170/, Сэжигтэн Э.Буянжаргал “бид миний эзэмшилд байсан “Sonata-6” загварын саарал өнгийн 06-68 гэсэн... Уг “Sonata-6” загварын автомашин миний автомашин байсан. Би уг автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр техникийн захаас 4,300,000 төгрөгөөр нэг хүнээс худалдан авч байсан. Тэр хүнээс нь итгэмжлэл хийлгэж аваад унаж байсан юм. Одоо уг автомашин надад байхгүй. Би техникийн зах дээр уг автомашиныг нэг хүнд итгэмжлэхээр, худалдан авах гэрээ байгуулаад 4,800,000 төгрөгөөр зарсан. Би хуучин эвдрэл гэмтэлтэй автомашин аваад янзалж, засаад буцаагаад үнэтэй болгож зардаг. 06-68 гэсэн дугаартай байсан байх. Серийн нь санахгүй байна...” гэж мэдүүлсэн. /1-р хх-179/

Шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарын нэр дээр тээврийн хэрэгслийн лавлагаа авахад тэдний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байгаагүй болох нь Автотээврийн газрын лавлагаагаар нотлогдсон байна. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Автотээврийн үндэсний төвд албан тоот хүргүүлж, Э.Буянжаргалын унаж байгаад зарсан гэх машины лавлагааг авахдаа 40-66 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Үүнийг хяналтын прокурор хэргийг хянаж явцдаа илрүүлж 06-68 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг авахад Н.Эрдэнэбаяр гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Иймд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл хэрэглэсэн гэж яллаагүй тул автомашины үнэлгээг гаргаж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 9 сарын хугацаанд шүүгдэгч, хохирогч нар бие биеэ сайн таньдаг болсон. Шүүгдэгч хохирогчтой уулзсан учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж явагдсан таньж олуулах ажиллагааг засч дахин таньж олуулах ажиллагаа хийхэд ач холбогдолгүй, боломжгүй болсон. Шүүх байцаан шийтгэх хууль зөрчиж авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

     ХЯНАВАЛ:

 

Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг олж тогтоон, зах зээлийн үнэлгээг хийлгэх ажиллагааг орхигдуулсан гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолын холбогдох заалт үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж тодорхой заасан байх тул уг хуулийн зүйл, хэсгийг шүүхэд хэрэгжүүлэх бүх боломжийг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хангах үүрэгтэй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудад хамаарна.

 

Харин таньж олуулах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн  боловч хохирогч, яллагдагч нар бие биеэ таньдаг болсон учраас одоо уг зөрчлийг арилгах боломжгүй гэж прокурор үзсэн нь үндэслэлтэй байх тул эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “... таньж олуулах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул уг зөрчлийг арилгах...” гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээс дээрх үндэслэлээр бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

 

                               ШҮҮГЧИД                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН