Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 7-р баг Эрчим хорооллын 11-15 тоотод оршин суух Угтаагийн Туул /РД:АИ68051604/-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

                        Нэхэмжлэгч У.Туул,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрдэнэцогтын Болормаагаас 20 тооны хургыг нэг бүрийг нь 50 000 төгрөгөөр тооцож нийт 1 000 000 төгрөгөөр худалдан авах хэлцлийг 2015 оны 2-р сарын 13-ны өдөр байгуулсан. Уг 20 тооны хургыг Болормаа надад 2015 оны 6-р сард өгөхөөр тохиролцсон. Би 20 тооны хурганы үнэ болох 1 000 000 төгрөгийг 2015 оны 2-р сарын 16-ны өдөр Э.Болормаад бэлэн тоолж хүлээлгэн өгсөн. Энэ тухай хэлцлээ нотариатаар гэрчлүүлсэн. Би Болормаагаас хурга авах талаар олон удаа утсаар ярьж шаардсан боловч өгөхгүй, сүүлдээ утсаа ч авахгүй байна. Э.Болормаагийн аав Эрдэнэцогт, нөхөр Бат-Өлзий нартай утсаар ярихаар одоо удахгүй өгнө гэж ярьсаар байгаад өдийг хүрлээ. Э.Болормаа нь надаас 1 000 000 төгрөг авах үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 44-11 тоотод оршин суудаг байсан. Одоо Болормаагийн оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч У.Туул нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Болормааг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, У.Туул, Э.Болормаа нарын 1 000 000 төгрөг хүлээлцсэн тухай нотариатаар батлуулсан баримт, гэрч С.Сувд-Эрдэнийн ... У.Туул нь 2015 оны битүүний урд өдөр Э.Болормаад Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах Арвай төвийн 2 давхарт мал авах мөнгө болох 1 000 000 төгрөг өгсөн. Тухайн үед би У.Туултай хамт байсан ... гэх мэдүүлэг зэргээр Э.Болормаа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

            Э.Болормаа нь албан ёсны хаяг болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 40-1 тоотод оршин суухгүй байгаа болох нь Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн Эрдэнэцогтын Болормаагийн иргэний үнэмлэхний лавлагаа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн засаг даргын ... Э.Болормаа нь дээрх хаягт оршин сууж байсан боловч одоо энэ хаягт байхгүй байгаа нь үнэн болно ... гэсэн 2016 оны 4-р сарын 13-ны өдрийн №256 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад боржгин овогтой Эрдэнэцогтын Болормаа /РД:АГ80091127/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хиад боржгин Эрдэнэцогтын Болормаа /РД:АГ80091127/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Болормааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаяг, ажлын газрын хаяг, байршлыг тогтоохыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ