| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/00873/И |
| Дугаар | 210/МА2023/02011 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/02011
| 2023 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/02011 |
“У” ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02770 дугаар шийдвэртэй,
“У” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
“Д” ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг - УНЕ улсын дугаартай машин дээр экскаватор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдэн хэргийн газраас явсан байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэсгээс олж илрүүлэн “Д” ХХК-ийн жолооч Ч.Тын үйлдлийн улмаас хохирол учирсан гэдгийг тогтоож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна.
Иймд Ч.Тын ажил олгогч болох “Д” ХХК-аас өндрийн хязгаарлалтын шонг эвдэлсний хохирол болох 20,113,355 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор манай байгууллагын дүрмийг баталсан. Тухайн дүрэмд “У нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн” гэж заасан. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга түүнээс эрх олгогдсон этгээд байна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/273 тоот захирамжаар манай байгууллагад нийслэлийн замын засвар, арчлалт гүйцэтгэл бүх асуудлыг засварлаж хариуцах эрхийг олгосон. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 дугаартай гэрээг байгуулан ажилласан. Гэрээний дагуу авто замд учирсан хохирлыг засахад гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.
Мөн төсвийг урьдчилаад замын тэмдэг, тэмдэглэгээ, бусад байгууламж ийм байна гээд гаргачихсан, үүнийг нь баталсан байдаг бөгөөд бид энэ төсвийн дагуу л завсар үйлчилгээг буюу байгууламжийг хийдэг болно. Эвдэлсэн өндрийн хязгаарын шонг бид өөрсдийн зардлаар засварлаж, хэвийн ажиллагаатай болгосон тул хариуцагч “Д” ХХК-аас хохирлыг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага түүнийхээ үндэслэлийг нотолсон баримтуудаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.2. Манай компанийн жолооч Ч.Тын буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан, энэ талаар маргахгүй. Эрх бүхий албан тушаалтны шийтгэх хуудсаар 300,000 төгрөгөөр торгуулсан.
2.3. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн дүрэмд “Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцна” гэсэн байна. Арчлалтыг хариуцна гэсэн болохоос уг шон нь нэхэмжлэгчийн өмч биш юм. Нийслэлийн Засаг даргаас олгосон эрх шилжүүлэх гэрээ нь 4,454,700,000 төгрөгөөр Улаанбаатар хотын хэмжээнд гарсан зам засварын ажлыг хийж гүйцэтгээд санхүүжилтээ авна гэсэн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн зам засварын арчлалт, хамгаалалтыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу нийслэлээс санхүүжилтээ авна. Гэтэл тухайн гарсан зардлаа өөрөөсөө гаргасан гээд нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Тын шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө “Д” ХХК-ийн эзэмшлийн - УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ажил үүргээ гүйцэтгэж Нисэхийн Чингисийн хүрээ орчимоос экскеватор ачаад хонхорын чиглэлд явж байхдаа Хийморийн овооны өндөрийн хязгаарын шонг мөргөж гэмтээсэн гэх зам тээврийн осолд холбогдож дуудагдсан. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл өгсүүр газар хүч алдан цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тухайн үед экскеваторын оператор хамт цуг явах байсан боловч яваагүй. Мөн миний бие “Төв аймгийн нутгаар явъя” гэхэд постны мөнгө болон замын хөдөлгөөний мөнгө олгоогүй тул уулын замаар явах болсон. Энэ авто замын аваар осолд ямар ч холбоогүй болно.
4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас гэм хорын хохиролд 20,113,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 258,517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгчээс гарган өгсөн 20,113,355 төгрөгийн үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Энэхүү зардал нь нэхэмжлэгчээс бүрэн бодитой гарсан эсэх нь тодорхойгүй, анхан шатны санхүүгийн баримтыг нэхэмжлэгчээс гарган өгөөгүй, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар батлаагүй, өндрийн хязгаарын шонг засварлахад биш, шинээр шон хийхэд гарах үнэлгээ байхад нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.2. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Учир нь нэхэмжлэгч байгууллагын дүрмийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тус шонгийн хууль ёсны өмчлөгч биш, зөвхөн арчлалт, хамгаалат засвар үйлчилгээ хийх эрх бүхий этгээд байна.
5.3. Мөн хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр хохирогчоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын инженер мэргэжилтэй Б.Жаргалдүүрэн тогтоогдож, мэдүүлэг, тайлбар өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед хохирогчоор тогтоогдоогүй.
5.4. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “дүрмээр хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 20,113,355 төгрөгийн өөрийн зардлаар эвдэлсэн өндрийн хязгаарын шонг шинэчлэн байршуулсан нь үнэн болно” гэсэн албан бичгээр шаардах эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байдаг.
Нэхэмжлэгч байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Улаанбаатар хотын хэмжээнд гарсан зам засварын ажлыг хийж гүйцэтгээд нийслэлээс санхүүжилтээ авах юм. Нэхэмжлэгч шинээр тэмдэг тэмдэглэгээ, өндрийн хязгаарын шонг хийж гүйцэтгэсэн бол улсын өмчид бүртгүүлэх ажлыг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болгосон байдаг. Нийслэлийн Засаг даргаас олгосон эрх шилжүүлэх гэрээгээр тодорхой нотлогддог.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. “Д” ХХК-ийн жолооч Ч.Т 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө 24 цагийн үед “Д” ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн - УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр экскаватор ачиж тээвэрлэн явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж заасныг зөрчиж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын замын Хийморь овооны хажууд байрлах өндрийн хязгаарын шонг мөргөж, эвдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон.
4. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-аас эвдэрсэн өндрийн хязгаарын шонг засварласан эсхүл шинээр дахин барьсан, ийнхүү энэ ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гарсан эрх бүхий этгээдийн шийдвэр, бодит зардал хаанаас гарсан тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ бодитоор тогтоогдоогүй, энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.
5. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/273 дугаар захирамжид “... төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардалгатай 4,454,700,000 төгрөгийг 2021 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал”-аас холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ... хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгасугай” гэжээ.
Иймд өндрийн хязгаарын шонгийн өмчлөгч бөгөөд эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажилладаг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,517 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА