Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 101/2023/04829/И |
Дугаар | 210/МА2023/01971 |
Огноо | 2023-11-13 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/01971
2023 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2023/01971
|
Д.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03864 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Би иргэн Г.Б-ээс авсан зээлээ төлж чадаагүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01998 дугаар захирамжаар 39,800,000 төгрөгийг миний эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Доод салхит ** дугаар гудамжны **тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 421 м.кв газрыг НШШГГ-аас хийлгэсэн үнэлгээгээр нийт 51,880,930 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байна.
1.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд 60,000,000 төгрөгөөр худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөөр байгаагаас гадна дахин 20,000,000 төгрөгөөр өргөтгөл барьсан, мөн засмал замын дэргэд орших тул одоогийн зах зээлийн доод үнэлгээ 80,000,000 төгрөг орчим байхад хэт доогуур үнэлэн ердийн хөрөнгөтэй адилтган өөрийн онцлог бодит үнэлгээг зөв тогтоогоогүй нь миний эрхийг ноцтой зөрчөөд байна.
Иймд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Доод салхит ** дугаар гудамжны *** тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 421 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 51,880,930 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэрээр Д.Т-аас 39,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,950 төгрөг, нийт 40,156,950 төгрөгийг гаргуулж Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21380980 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Т-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулж, биелүүлэхийг мэдэгдсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр төлөх талаар санал санаачлага гаргаагүй.
Тиймээс түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Доод салхит ** дугаар гудамжны *** тоотод байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах Г-220201**** дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 1864331989**** дугаартай газрын хамт "ЮКИ ББСБ" ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулах хүсэлтийг барьцаалагчид хүргүүлэхэд зээлийн үлдэгдэл 24,198,444 төгрөгийг барагдуулаагүй тул хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн албан бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус газарт ирүүлсэн.
2.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21380980/06 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21380980/07 тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Г.Б шинжээч томилох хүсэлт гаргаж, өмчлөгч Д.Т-т 2023 оны 4-186/02221, 4-186/2656 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөх тухай мэдэгдсэн боловч үнийн санал өгөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/42 дугаар тогтоолоор шинжээч томилж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 51,880,930 төгрөгөөр үнэлсэн тайлан ирүүлсэн. Уг тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4-186/3453, 4-186/3454 тоот албан бичгээр мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 36,316,661 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах талаар 4-186/4206, 4-186/4308 тоот албан бичгээр мэдэгдсэн.
2.3. Анхны албадан дуудлага худалдаагаар анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах талаар 4-186/6237, 4-186/6238 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр авагч Г.Б-ээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаанд оруулахыг хойшлуулах хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр гаргасан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Төлбөр авагч Г.Б-ээс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төлбөр төлөгчийн хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул албадан дуудлага худалдаа 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах талаар 4-186/12687, 4-186/12688 тоот албан бичгээр мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32023/17197 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Доод салхит ** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах газар өмчлөх эрхийн Г-220201**** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1864331989**** дугаартай, *** м.кв талбайтай гэр бүл хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/17197 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянаи шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчин гагцхүү нэг талын байр сууринд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.
4.2. Шүүх хуралд шинжээч М.Б оролцсон бөгөөд давж заалдах гомдол гаргасан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг бичгээр гаргаагүй, хэрэгт хавсаргаагүй нь шинжээч М.Б гэрчийн мэдүүлэг өгсөн эсэх тодорхойгүй, нэхэмжлэгч талыг хэргийн материалтай бүрэн танилцах эрхийг зөрчсөн байна. Дээрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг шууд зөрчиж байна.
4.3. Маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012258 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Доод салхит, ** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй атал анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдэхэд хөдөө байна гэх тайлбарыг өгсөн бөгөөд түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаж, хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.
5.2. Шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан шийдвэрийг уншсан бол тодорхой байгаа. Нэхэмжлэгч Б.Т шинжээч томилсон тогтоол, үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад цаг тухайд нь гомдол гаргаж байгаагүй. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцдоггүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү
2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаартай, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Доод салхит ** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 1864331989**** дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 51,880,930 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргасан байна.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/01998 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 39,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 356,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан хувийн сууц, газрыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.
3.1. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Д.Т-аас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй, төлбөр авагч Г.Батхүү шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
3.2. Шинжээч Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б нь Сангийн сайдаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан байна. Шинжээчээр томилогдсон Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, одоо 80,000,000 орчим төгрөгийн үнэ ханштай... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, хэргийн материалтай бүрэн танилцуулаагүй, шүүх хуралданы тэмдэглэл хугацаандаа гараагүйгээс шинжээч Б.Б мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
5.1. Нэхэмжлэгч Д.Т-ыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх талаар шүүгчийн туслах лавлахад Би мартчихсан байна. Одоо Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байна гэх хариу өгснөөс /хэргийн 184 дүгээр тал/ үзэхэд нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хариуцагчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
5.2. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүх хуралдаанд шинжээч Б.Б мэдүүлэг өгсөн болох тогтоогдож байх тул шинжээч мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй нь нотолгооны хэрэгсэл болж чадахгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
5.3. Нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материал танилцуулсан /хэргийн 168 дугаар тал/, түүнээс хойш нэмэлт нотлох баримт талуудын хэн аль нь гаргаагүй байх тул нэхэмжлэгч талыг хэргийн материалтай бүрэн танилцуулах эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Түүнчлэн, хэргийн материалтай танилцах эсэх нь зохигчдод хуулиар олгосон эрх учраас уг эрхээ эдлэхэд нь шүүхийн зүгээс саад болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03864 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БЯМБАСҮРЭН