Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 32

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.У, Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Б.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Н.Лхамсүрэн,

Хохирогч А.Ц,

Гэрч С.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, Г.Мөнхбат, Т.Багахүү,

Шүүгдэгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 17.8 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Уд холбогдох эрүүгийн 1824000010004 хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, УХ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* байрлах Эрүүл мэндийн төвийн эд хөрөнгөнд хохирол учруулж, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар ТОЗ-8 маркийн галт зэвсэг ашиглан тус эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн цонхоор 8 удаа буудаж хохирогч А.Цийг алахыг завдсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Цийг байнга буюу 2013 онд жирэмсэн байхад нь, 2012, 2015, 2016 онуудад бие махбодид нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Хохирогч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бага хүүхэдтэйгээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр******* хэвтэн хүүхдээ эмчлүүлж байхад нөхөр Д.У 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд уулзсан. 2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Д.У жижүүрээр намайг уулзъя гэж дуудуулахаар нь хүүхэд тариа хийлгэж байна гэж хэлүүлсэн. Гэтэл Д.У манай тасагт орж ирээд Л.М, Г.Б ах нартай юм яриад сууж байсан. Тэгээд хүүхдээ үнэсээд хэсэг зогсож байснаа намайг гаргаад өг гэхээр нь би гараагүй юм. Учир нь өдөр надтай утсаар яриад “...чамайг ална...” гээд байсан болохоор гадаа гаргаад зодох байх гэж бодоод гараагүй. Тэгээд намайг утсаа өг гэхээр нь би утсаа өгөөгүй, надаас утас авах гээд булаацалдаад намайг орноос унагаагаад цээжин дээр дарсан байхад сувилагч орж ирж гэрэл асаагаад Уг гаргаж явуулсан. Манай тасагт Д.У, Ш.Г, С.У, В.О, Л.М нар сууж байхад цонхоор буудсан. Бид нар бүгдээрээ коридорт гарсан, түүнээс хойш 7-8 удаа буудсан. Тэгээд Д.У гаднаас орж ирээд намайг хайгаад ална гээд байсан. Угаалгын өрөөнд Д.У, манай охин бид гурав нуугдаад байж байсан чинь Д.У орж ирээд Д.Уыг гар гээд хөөгөөд гаргасан. Миний толгойг байшингийн хана руу 5 удаа, өөрийнхөө өвдөг рүү 2 удаа мөргүүлээд шат руу чирээд байхаар нь шатны хажуу талын төмөрнөөс бариад суусан чинь миний үсийг зулгаагаад гартаа хутга барьчихсан байсан. Би хутганаас нь нэг гараараа бариад нөгөө гараараа бууг нь холдуулан барьсан, буугаа надруу чиглүүлсэн байсан. Энэ үед цагдаа ирж У-н гараас бууг нь авч унагахаар нь би 2 давхарын шатнаас нэг давхрын шатруу унагаасан. Д.У намайг хардаад байдаг. ...элдвээр хараагаад зоддог юм. Тэгээд би тусдаа амьдарч байгаа. Д.У миний толгой, шанаа руу гараараа цохидог. 1 удаа халуун тогооны залгуураар гуя, нуруу, гар, хөлийн булчин руу ороолгож зоддог байсан. Мөн нэг удаа зодуулахад миний зүүн талын нүд хөхөрч байсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө их сандарч бас уурлаж бухимдсан байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Хүүхдүүд маань аавыгаа санаад, нэхээд хэцүү байна. Уг нь У хүн алах хүн биш юм. Уурлаж бухимдсан, архи уусан болохоороо ийм үйлдэл хийсэн байх. Иймд ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

 

 

Гэрч С.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагаас 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг хүртэл Завхан аймгийн******* сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 22 цаг 55 минутын үед хаалганы хонх дуугарахаар нь очиход Д.У эхнэр А.Цтай уулзъя гэсэн, би хэлье гээд дээшээ гарсан. А.Цид танай нөхөр ирчихсэн уулзъя гэж байна гэж хэлсэн чинь хүүхэддээ тариа хийлгүүлж байна гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Удаанжаргал гэдэг хүүхдээр У-д танай эхнэр хүүхдийнхээ тариаг хийлгэж байна гээд хэлчих гээд явуулсан. Тэгээд би өвчтөнүүдэд тариа хийж байхад У 2 давхарт гарч ирээд У-н хэвтэж байсан тасаг руу орсон, намайг 4-5 минутын дараа ороход У хүүхдээ тэврээд үнсэж байсан, би “...хүмүүс амраг чи ч гэсэн харьж амар...” гэж хэлчхээд гарсан. ...Сувилагчийн постон дээр очоод юмаа бичиж байтал А.Ц орилсон, плат руу нь ортол гэрлээ унтраачихсан байхаар нь ороод гэрлийг нь асаасан чинь Д.У эхнэр А.Цийг шалан дээр дээш нь харуулаад унагаачихсан, цээжин дээр нь 2 гараараа дарчихсан байсан. Би Д.Уг А.Цаас салгасан тэгээд Д.У намайг уучлаарай, олон нийтийн газар ингэсэнд гээд гараад явсан тэгэхээр нь би дотор, гадна хаалгануудыг түгжчихээд А.Цийн хэвтэж байсан плат руу орсон, намайг ороход тэнд В.О,.Ганчимэг, А.Ц, Л.М, Д.У нар сууж байтал цонхны эсрэг талын хананаас цагаан юм цацарсан. Тэгэхээр нь би цонх руу юм шидээд хагалчихлаа гэж бодоод доошоо суутал дахин буудахаар нь бид нар тус өрөөнөөс коридорт гарсан, удаагүй түгжээтэй байсан хаалгыг Д.У онгойлгоод орж ирэхдээ 1 гартаа буу, нөгөө гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тэнд байсан өвчтөнүүд гарч зугтах нь зугтаад нуугдах нь нуугдчихсан. Би жижүүрийн өрөөний хаалганы хажууд нуугдаад зогсож байтал Д.У миний хажуугаар өнгөрч угаалгын өрөөнд нуугдаж байсан А.Ц, Д.У хоёр луу очиж А.Цийг гаргаж ирсэн. ...Д.У А.Цийг чирээд гарах шатны зүг явж байхад цагдаа орж ирсэн. А.Цийн 1 талынх нь гарны алга хэсгийн эрхий хуруу долоовор хуруу хоёрын хооронд өнгөцхөн зүсэгдсэн байсан. ...Д.У архи үнэртүүлчихсэн байсан. Д.У 00 цаг өнгөрч байхад гарч яваад эмнэлгийн зүүн хойд зүгээс буудсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хэрэг гардаг өдрийн орой 18 цагийн үед Д.Угийн ээж Хорлоо над руу утасдаж “Д.У дэлгүүрээс архи ундаа хоёр авч гарсан байна. Ц, Н хоёрыг олон хүнтэй айл бараадуулаач” гэж ярьсан. Тэгэхээр нь Хорлоод эмнэлгээс өөр олон хүн амьтантай эмч, сувилагч нартай газар байхгүй тэндээ байж байг гэж хэлсэн. Тэгээд 23-24-нд шилжих шөнө хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна А.Ц руу утасдахад Д.Уг эмнэлэг дотор ороод ирчихсэн байна, би энд 1 өрөөнд нуугдаад сууж байна” гэж хэлсэн. ...Хорлоо надруу утасдаж Д.У эмнэлэг дотор буу тавиад бөөн юм болж байна гэсэн. Д.У миний охиныг өмнө нь зодож байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө манай эрүүл мэндийн төвийн цонх руу олон удаа буудаж эд хөрөнгөнд хохирол учруулсан асуудал болсон юм. 1 ширхэг вакуум цонх, сувилагчийн постны нүүрний хавтан, өдрийн гэрэл, хаалганы шил, ажилчдын амрах өрөөний хаалга зэрэг эд зүйлс эвдсэн. Байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө эмнэлэгт хэвтэж байсан юм. Хэрэг гардаг шөнө Д.У эхнэр А.Цтайгаа уулзахаар 23 цагийн үед эмнэлэг дээр ирээд эхнэрээ дуудуулсан. ...Би доошоо уруудаж Д.Уд танай эхнэр хүүхдийнхээ тариаг хийлгэж байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Д.У ороод ирсэн. Унтах гээд орондоо ороод 5 минут болж байхад А.Ц орилсон. Тэгэхээр нь сувилагч С.У бид хоёр зэрэг өрөө рүү нь гүйж ороход гэрэлгүй байхаар нь сувилагч гэрлийг нь асаасан чинь Д.У Цийг шалан дээр дээш нь харуулчихсан цээжин дээр нь дарчихсан байсан. ...Тэгээд сувилагч С.У, О, Л.М ах, Б ах, Г бид нар Цийн өрөөнд орж юу болов гээд сууж байтал пас гэх чимээ гарсан чинь цонх руу хүн буудчихлаа гээд бид нар бүгдээрээ тэр өрөөнөөс мөлхөж гарсан. Тэгээд коридорт сууж байхад Цийн хэвтэж байсан өрөөний цонхруу буудаад байсан. Д.У нэг гартаа буу барьчихсан нөгөө гартаа хутга барьчихсан орж ирээд та нарыг бүгдийг чинь ална шүү өрөөндөө ор гэсэн. ...А.Цтай түүний хүүхэд бид 3 угаалгын өрөөнд нуугдчихсан байсан.. угаалгын өрөөнөөс Д.У ах А.Цийн үснээс чирээд шатруу очоод шатан дээр зууралдаж байтал цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн тарианы өмнө Д.У эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Намайг унтаж байхад жижүүр охин орж ирээд цонхоор хүн буудчихлаа гээд Нямсүрэн бид хоёрыг дуудахаар нь Н бид хоёр дээд давхарт гарахад хүмүүс бүгд коридорт гарчихсан байсан. Юу болсон талаар асуухад М гуай цонх руу буудчихлаа гэсэн. Тэгтэл дахиад 3-4 удаа буу дуугарсан. Тэгээд буун дуу гарахаа больсноос хойш 5-6 минутын дараа Д.У гаднаас эмнэлэг рүү орж ирээд 2 давхарт гарч ирсэн. Д.У зүүн гартаа калибр буюу тоз-8 маркийн буу, баруун гартаа нилээн томхон хутга барьчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч В.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017

оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн тариагаа хийлгэчхээд өрөөндөө ороод унтаж байхад жижүүр охин “...цонхоор буудчихлаа та 2 хүрээд ирээч...” гээд Г.Б бид хоёрыг дуудахаар дээд давхарт гарсан. Г.Б бид хоёрыг дээд давхарт гарахад хүмүүс доошоо суугаарай буудаж байна шүү гэхээр нь би доошоо суусан. Д.Уг ороод ирлээ гэхээр нь би сувилагчийн хажуу талын өрөөнд нуугдсан. ...цагдаа нар ирээд Д.Уг барьж аваад явчихлаа гэхээр нь би гарч ирсэн. Би 1 удаа буун дуу гарахыг сонссон...” гэх мэдүүлэг,

Гэрч В.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн тарианы өмнө Д.У эмнэлэг дээр ирчихсэн эхнэрийнхээ өрөөнд орж байсан юм. Тариагаа хийлгэж дуусчхаад өрөөндөө байж байтал А.Ц орилсон. ...А.Ц Д.Уг миний хоолойг боогоод гэж яриад байж байтал цонхоор буудаад эхэлсэн. Тэгэхээр нь тэндээс зугтаагаад коридорт шалан дээр хэвтээд нуугдаж байхад олон удаа буудсан, хэд буудсаныг мэдэхгүй. Тэгээд байж байтал Д.У орж ирээд эхнэрийнхээ өрөө рүү явахаар нь би зөрөөд гарч зугтаасан. Д.У буу, хутга 2 барьчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө 01 цагийн үед дуудлагаар Завхан аймгийн******* сумын эрүүл мэндийн төвд очсон. ...Эмнэлэгт ороход Д.У хоёр давхрын шатан дээр цааш харсан байдалтай эхнэр А.Цийн үснээс нь атгаж, хутга тулгасан зогсож байсан юм. ...Д.У ОХУ-д үйлдвэрлэсэн тоз-8 маркийн буу, урт хар чинжаал хутга барьсан байсан. Эмнэлгийн цонхон дээр 8 нүх гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

 

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 00 цаг 54 минутад Эрүүл мэндийн төвийн сувилагч С.У утсаар “манай эмнэлгийн 2 давхрын цонхоор хүн буудаад байна” гэсэн дуудлагын дагуу очсон. ...Эмнэлэг рүү ороход Д.У эмнэлгийн хоёр давхрын шатан дээр эхнэр А.Цийн үснээс атгаад хоолойд нь хутга тулгачихсан байсан. Би араас нь сэмхэн хутгатай гарыг нь атгаж аваад нөгөө гараараа бууг нь барьж гараас нь салгаж, гавласан...” гэх мэдүүлэг,

 

 

Гэрч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эмнэлэгт, хүүхдийн тасагт хэвтсэн, тэнд Ц гэдэг хүүхэн хүүхэдтэйгээ хамт хэвтэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 23 цагийн үед Д.У орж ирээд хууч хөөрсөн. Манай өрөөнд байхдаа хүүхдээ эрхлүүлээд үнэсээд л байсан. Тэгж байснаа гэрэл унтраачхаад жаахан байж байсан чинь А.Ц орилох чимээ гарсан. Гаднаас сувилагч орж ирээд гэрэл асаасан чинь Д.У эхнэр А.Цийг шалан дээр дээш нь харуулчихсан цээжин дээр нь гараараа дарчихсан байсан, сувилагч Д.Уг яв гээд явуулсан. ...удалгүй цонх руу буудаад эхэлсэн. Би орноосоо урагшаа унаад өрөөнөөс мөлхөөд гараад урд том өрөөний орон доогуур нуугдсан. ...А.Ц миний орны дээд талд зогссон, миний орны хөлд Ш.Г суусан, хаалганы наад талд Д.У, М.О нар хана налаад зогсож байсан, А.Цийн орон дээр сувилагч С.У сууж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Д.У дэлгүүрт орж ирээд 0.5 граммын “Хар чингис” нэртэй архи нэгийг аваад явсан. Би Д.Угийн ээж Хорлоо эгчийн дэлгүүрт худалдагч хийж байгаа болохоор нэг архи өгөөч гэхээр нь зээлээр өгч явуулсан...” гэх мэдүүлэг,

 

 

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Д.У манай дэлгүүрт орж ирээд “дүү нь муухай хэрэг хийчихлээ та сонссон уу” гэж асуухаар нь сонссон гэж хэлсэн. ...Д.У дэлгүүрээс гарч явахдаа “Арай дутуу дуулчихлаа” гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сард Завхан аймгийн******* сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхад цонх хагарлаа гэж байтал буун дуу гараад эмнэлгээс гарсан. ...Тухайн үед би Л.М, А.Ц нарын орны хөлд хаалганы хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

 

Шүүгдэгч Д.Угийн “...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн******* суманд ирсэн. 22 цагийн орчимд эмнэлэг дээр очиж Л.М гэх хүнтэй юм ярьж байгаад эхнэр А.Цийг гаргаад өгөөч гэсэн чинь эхнэр гар утсаа нуугаад байсан. ..Би гар утсыг нь авах гээд авч чадаагүй. Эмнэлгээс гараад гэртээ очоод буу аваад А.Цийг айлгах зорилгоор өрөө рүү нь буудсан. Би холоос буудсан болохоор сум өрөө рүү нь орж байгааг мэдээгүй. Тэгээд ойртоод өрөөний гэрэл рүү нь буудсан боловч оноогүй. Би нийт 8 удаа буудсан. Эмнэлгийн хашааны арын хаалган дээрээс 6, хашаан дотор орж 2 удаа буудсан. Хашааны хаалган дээрээс буудахад цонх хагарч байгаа нь надад мэдэгдээгүй. Би айлгах гэж амаараа ална гэж сүрдүүлсэн болохоос хүн алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Эхнэр утсан дээрээ юу нуугаад надад утсаа үзүүлэхгүй байгааг мэдэх гэсэн юм. Би эхнэр хүүхдэдээ маш их хайртай. Тэд нартайгаа хамт байхгүй болохоор надад үнэхээр хэцүү байдаг. Тэр өдөр эхнэрээсээ гуйгаад цаашид хамт амьдрах талаараа ярилцах гэж очсон юм. Гэтэл архи уусан уурласан байдлаасаа болоод ийм болчимгүй хэрэг хийсэн байна. Би эхнэрээ айлгаж байгаад утсан дээрээ юу нуугаад байгааг мэдэх гэсэн юм. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. ” гэх мэдүүлэг,

 

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2018400010 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Угийн биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна.

  1. Д.Угийн биеэс авсан цусанд 1,8 промилл спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 201810002 дугаартай:

 

“1. ОХУ-д 1964 онд үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 4447, замагны дугаар 3314 дугаартай 5.6 мм калибр буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг хонгионууд нь ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 4447, замагны дугаар 3314 дугаартай 5.6 мм калибртай буугаар буудагдсан байна...

  1. Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг хонгио нь төмрийн дугаар 4447, замагны дугаар 3314 дугаартай, 5.6 мм калибртай буугаар буудагдсан байна.” гэх дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 201800015 дугаартай:

 

“А. Иргэн А.Цийн биед зүүн гарын сарвууны дотор талд зулгаралт гэмтэл учирсан байна.

Б. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 201810001 дугаартай:

 

“1. Шинжилгээнд ирүүлсэн 112х104.5 см хэмжээтэй шахмал хавтанд зүсэгдэлт үүссэн байна.

 

  1. Уг шахмал хавтангийн цэнхэр өнгөтэй талаасаа хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
  2. Хавтанд үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно” гэх дүгнэлтүүд,

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02

дугаар сарын 09-ний өдрийн 181004 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн хаалган дээр гэмтэл үүссэн байна.

  1. Уг гэмтэл нь хатуу хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэгдэж, хөшигдөж үүссэн зүсэгдэлт, хугарал байна.
  2. Хаалган дээр үүссэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт,

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181006 дугаартай:

 

“1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 5.6 мм калибртай ТОЗ-8 маркийн галт зэвсэг байна.

  1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хуучнаар “Зөвлөлт холбоот улс”-д 1964 онд ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5.6 мм калибртай ТОЗ-8 маркийн галт зэвсэг байна.” гэх дүгнэлт,

 

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол,

2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Эрүүл мэндийн төвийн гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С.Уийн мэдүүлгийг газар дээр нь дахин шалгасан тэмдэглэл, гэрч С.Уийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн буу, 9 ширхэг хонгио, 8 ширхэг хошуу, 1 ширхэг хутга, 1 ширхэг цэнхэр өнгийн хавтан зэргийг үзүүлж таниулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8, 17.8 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 22-23 цагийн орчимд ******* байрлах Эрүүл мэндийн төв буюу эмнэлэгт хүүхдийнхээ хамт хэвтэн эмчлүүлж байсан эхнэр А.Цтай очиж уулзан, гар утсаа үзүүлэхгүй нуулаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гар утсыг нь авахаар булаацалдаж, улмаар 01 цагийн үед тус эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн цонхруу гадна талаас нь ТОЗ-8 маркийн галт зэвсгээр 8 удаа буудаж, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар хохирогч А.Цийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь:

 

шинжлэн судлагдсан хохирогч А.Цийн “... намайг ална гээд байсан болохоор би гараагүй. Манай тасагт Д.У, Ш.Г, С.У, В.О, Л.М нар сууж байхад цонхоор 7-8 удаа буудсан. Д.У гаднаас орж ирээд намайг чирч гаргаад миний толгойг байшингийн хана руу 5 удаа, өөрийнхөө өвдөг рүү 2 удаа мөргүүлсэн. Тэгээд шат руу чирээд би шатны хажуу талын төмөрнөөс бариад суусан чинь миний үсийг зулгаагаад гартаа хутга барьчихсан байсан. Би хутганаас нь нэг гараараа бариад нөгөө гараараа бууг нь холдуулан барьсан, буугаа надруу чиглүүлсэн байсан..., гэсэн

 

Гэрчүүд болох С.Уийн... Д.У эхнэр А.Цийг шалан дээр дээш нь харуулаад унагаачихсан, цээжин дээр нь 2 гараараа дарчихсан байсан. “...В.О, Ганчимэг, А.Ц, Л.М, Д.У нар сууж байтал цонхны эсрэг талын хананаас цагаан юм цацарсан...” дахиад буудаад байсан, олон удаа буудсан. Д.У 1 гартаа буу, нөгөө гартаа хутга барьчихсан орж ирсэн...” гэсэн

Х.Дгийн “...Х надруу утасдаж Д.У эмнэлэг дотор буу тавиад бөөн юм болж байна гэсэн...” гэсэн

 

Т.А-н “... Б.У нь эрүүл мэндийн төвийн цонх руу олон удаа

буудаж эд хөрөнгөд хохирол учруулсан...” гэсэн, гэрч Д.Уын “...С.У, О, Л.М ах, Б ах, Г бид нар Цийн өрөөнд байтал пас гэх чимээ гарсан чинь цонх руу хүн буудчихлаа гээд бид нар бүгдээрээ тэр өрөөнөөс мөлхөж гарсан. Д.У нэг гартаа буу барьчихсан нөгөө гартаа хутга барьчихсан орж ирээд та нарыг бүгдийг чинь ална шүү өрөөндөө ор гэсэн, Д.У ах А.Цийн үснээс чирээд шатруу очоод шатан дээр зууралдаж байтал цагдаа орж ирсэн...” гэсэн

 

  • .Б “...3-4 удаа буу дуугарсан. Тэгээд буун дуу гарахаа больсноос хойш 5-6 минутын дараа Д.У гаднаас зүүн гартаа калибр буу, баруун гартаа хутга барьчихсан орж ирж байсан...” гэсэн,

В.Н “...хүмүүс доошоо суугаарай буудаж байна шүү гэхээр нь би доошоо суусан, 1 удаа буун дуу гарахыг сонссон...” гэсэн,

В.Оийн “... цонхоор буудаад эхэлсэн, тэгэхээр нь зугтаагаад коридорт шалан дээр хэвтээд нуугдаж байхад олон удаа буудсан, Д.У буу, хутга 2 барьчихсан байсан...” гэсэн,

 

С.Дгийн “... Д.У хоёр давхрын шатан дээр цааш харсан байдалтай эхнэр А.Цийн үснээс нь атгаж, хутга тулгасан зогсож байсан юм. ...гэсэн

С.Б-н “... Д.У А.Цийн үснээс атгаад хоолойд нь хутга тулгачихсан байсан. Би хутгатай гарыг нь атгаж аваад нөгөө гараараа бууг нь барьж гараас нь салгаж, гавласан...” гэсэн

Л.Мийн “... орилох чимээ гарсан. Сувилагч орж ирээд гэрэл асаасан чинь Д.У эхнэр А.Цийг шалан дээр дээш нь харуулчихсан цээжин дээр нь гараараа дарчихсан байсан,...удалгүй цонх руу буудаад эхэлсэн. Гэсэн,

 

Г.Г-н “... цонх хагарлаа гэж байтал буун дуу гарсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч У нь Завхан аймгийн******* сумын Эрүүл мэндийн төв буюу эмнэлэгт олон хүн хэвтэн эмчлүүлж байгаа, мөн ажилтнууд нь ажиллаж байгаа, эхнэр А.Ц хүүхдийнхээ хамт хэвтэн эмчлүүлдэг өрөөнд хүмүүс байгаа гэдгийг мэдсээр байж олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар хүнийг алахад шууд чиглэсэн үйлдлээ санаатай хийж тус төвийн цонхруу 8 удаа буудсан, улмаар хутга, буу барьж эрүүл мэндийн төврүү орж хохирогчийг гадагшаа авч гарахаар шатруу чирсэн үйлдлүүд нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Уг олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар хохирогч А.Цийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Уд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга, олон удаагийн үйлдлээр хүч хэрэглэж хүчирхийлэл үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Д.У нь хохирогч А.Цийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийг байнга үйлдэж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Уг хохирогч А.Цийг байнга буюу 2013 онд жирэмсэн байхад нь, 2012, 2015 онд бие махбодид нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдоогүй байна

 

Энэ талаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үнэлж дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.У нь хохирогч Цийг 2012, 2013, 2015 онуудад зодсон талаар:

гэрч Ц.Амгалангийн “... 2012 оны намар анх удаа У Цийг зодсон, би эхнэр Д хамт ирээд, охин Ц бид нар Цийг*******ээс Арцсуурьт байдаг гэртээ авчирсан...” “ ...тухайн үед хамт амьдардаггүй болохоор яг зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг,

гэрч А.Ц-н “... 2012 оны намар Цийг У зодлоо гээд манай аав ээж 2 хилээс, би Тэс сумаас******* суманд ирээд Цийг Арцсуурьт хүргэж өгсөн. Тэр үед У Цийг хардаад дарамтлаад зодсон байсан..” “... 2013 оны хавар 2-4 сарын хооронд надруу утасдаад У-д зодуулаад дутуу төрчихлөө гэж ярьж байсан...”, 2015 оны намар бас зодсон гээд би дүү О-н хамт аавынд хүргэж өгч байсан...” “...тухайн үед хамт байгаагүй болохоор яг зодож байхыг нь хараагүй, манай дүү өөрөө намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.О-н “... 2016 оны намар манай дүү Ц манай эгч Ц-рүү “... У зодлоо гэж утсаар ярьсан гээд манай эгч бид 2 Цийг Арцсуурь хил дээр байдаг манай аавынд хүргэж өгсөн...” гэж тус тус мэдүүлж байх боловч дээрх мэдүүлгүүдэд агуулагдаж байгаа мэдээллүүд нь дамжмал, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, хохирогч энэ талаар мэдүүлэг өгөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоос тодруулан асуухад Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэсэн байна.

Мөн 2012, 2013, 2015 онд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчлаагүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх тул шүүгдэгчийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Харин тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн”-ийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх бөгөөд Д.У нь тухайн үед А.Цийг байнга зодож тарчлаадаг байсан болон ямар гэмтэл учруулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Уг 2017 оны 12 дугаар сарын 23-24 нд шилжих шөнө ******* байрлах Эрүүл мэндийн төвийн хүүхдийн өрөөний цонх болон гэрлийн шилийг, мөн доод давхрын хаалганы шилийг хагалж, сувилагчийн постны нүүр хэсгийн хавтанг хутгаар цөмлөж тус төвийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 301.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн******* сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн өрөөний цонх болон гэрлийн шилийг хагалсан үйлдэл нь шүүгдэгч Д.У нь эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн цонхруу гадна талаас нь ТОЗ-8 маркийн галт зэвсгээр 8 удаа буудаж, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар эхнэр А.Цийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдах явцад учруулсан хохирол байна. Харин доод давхрын хаалганы шилийг хагалж, сувилагчийн постны нүүр хэсгийн хавтанг хутгаар цөмлөж тус төвийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 120.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу

  1. 000 төгрөгнөөс дээш хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан байх бөгөөд хохирогчид учруулсан 120.000 төгрөний хохирол нь хуульд заасан бага хэмжээнд хүрэхгүй байх тул шүүгдэгч Д.Уг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Уд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

  1. 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Уг олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар хохирогч А.Цийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид

учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч Д.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 189 хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг улсын төсөвт шилжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 9 ширхэг хонгио, 8 ширхэг хошуу, 1 ширхэг хутга, 1 ширхэг цэнхэр өнгийн хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Угийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Д.Уг олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Д.Уг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Уд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Угийн цагдан хоригдсон 189 /нэг уун наян ес/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.
  1. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг улсын төсөвт шилжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 9 ширхэг хонгио, 8 ширхэг хошуу, 1 ширхэг хутга, 1 ширхэг цэнхэр өнгийн хавтанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧИД                                                        Д.НЯМ

  

Б.УРТНАСАН