Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 34

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

 

Шүүгдэгч Х.О,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

 

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Од холбогдох эрүүгийн 1824000250024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн ажилгүй, З******* оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутгаас иргэн Д.Ж адуунаас Ц.Т эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгний, Д.Ж эзэмшлийн 8 тооны адууг хулгайлж 4.000.000 төгрөгний, Б.О эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгний, П.Б эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 1.050.000 төгрөгний хохирол, нийт бусдын 16 тооны адууг хулгайлж, хохирогч нарт 7.250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстэй гэх газар бэлчээрт байсан иргэн

Д.Ж адуунаас Ц.Т 4 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгний, Д.Жы 8 тооны адууг хулгайлж 4.000.000 төгрөгний, Б.О 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгний, П.Б 3 тооны адууг хулгайлж 1.050.000 төгрөгний хохирол, нийт бусдын 16 тооны адууг хулгайлж, хохирогч нарт 7.250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Жы “...2018 оны 03 сарын 01-ний үед Рашаант багийн Гүр элстэй гэх газар бэлчээрт байсан миний өөрийн хэдэн адуу, манай хүргэн П.Б, Ц.Т нарын 16 тооны адуу хулгайд алдагдсан. Миний өөрийн 8 тооны адуу байсан ба зөв талын гуян дээрээ Ш үсгэн тамгатай шарга азарга, тамгагүй хүрэн гүү, унагатай жижиг хүрэн гүү, хас тамгатай хонгор даага, хас тамгатай хээр

шүдлэн байдас, хас тамгатай хүрэн шүдлэн байдас, хүрэн шүдлэн үрээ, П.Б 3 тооны адуу, халтар гүү тамгагүй, халтар даага тамгагүй, хээр байдас хас тамгатай. Ц.Т 4 тооны адуу, тамгагүй цавьдар гүү, тамгагүй хээр алаг гүү, тамгагүй хар хүрэн гүү, тамгагүй бор хээр даага, мөн Ц.Т адуунд тавьсан бор хээр гүү буруу талын гуяндаа үс нь халцарсан тамга нь мэдэгдэхгүй адуунууд байсан.

 

...Архангай аймгийн Цахир сумаас Х.О, М нар тууж ирээд Рашаант багийн Гүр элстэй гэх газар 2018 оны 04 сарын 08-ны өдөр 16 тооны адууг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 24-25, 122-123-р хуудас/

 

  • Хохирогч Ц.Т “...П.Б, Д.Ж бид нарын нийлсэн 16 тооны адуу алдагдсан. Миний өөрийн цавьдар гүү, тамгагүй хээр алаг гүү, тамгагүй хар хүрэн гүү, тамгагүй бор хээр даага. Архангай аймгийн Цахир сумаас Х.О, М нар тууж ирээд Рашаант багийн Гүр элстэй гэх газар 2018 оны 04 сарын 08-ны өдөр 16 тооны адууг Д.Жд хүлээлгэн өгсөн. Д.Жы 2 азарга адуутай учраас ямар зүсмийн хэдэн тооны адуу шарга азаргатай адуунд байсан талаар мэдэхгүй. ...Хулгайд адуугаа алдаад олж авсны дараа Б.О ирээд өөрийнхөө эзэмшлийн гүүг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 29-30, 124-125-р хуудас /

 

  • Хохирогч П.Б “...2018 оны 03 сарын 01-ний үед Рашаант багийн Гүр элстэй гэх газар бэлчээрт байсан манай өөрийн болон Д.Ж, Ц.Т нарын 16 тооны адуу алдагдсан. Тухайн үед адууг манай эхнэр Д.Гүрмаа, манай хүү Нямсамбуу нар харж байсан. Тэгээд бид нар адуугаа хайгаад Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Жаргал сумуудын нутгаар яваад олоогүй. Тэгсэн О гэх нөхөр Архангай аймгийн Цахир суманд тууж аваачсан байсныг би өөрөө очиж хүлээн авсан. Миний өөрийн 3 тооны адуу байсан. Халтар гүү, халтар даага, халтар байдас бүгд тамгагүй. Архангай аймгийн Цахир сумаас Оын төрсөн ах М тууж ирээд Рашаант багийн Гүр элстэй гэх газар 2018 оны 04 сарын 08-ны өдөр 16 тооны адууг Д.Ж бид хоёрт хүлээлгэн өгсөн. ...Би Д.Жы эзэмшлийн шарга азарга, алаг гүү хоёрыг нь алдагдсаныг мэдэж байна. Бусад бараан зүсмийн адуунуудыг бол мэдэхгүй байна. Д.Жы эзэмшлийн шарга азаргатай адуунд Б.О гэх хүний халтар ч гэмээр, бор хээр ч гэмээр нэг гүү байсан...” гэсэн мэдүүлэг,

 

/ХХ-ийн 33-34, 126-127-р хуудас/

 

  • Хохирогч Б.О “...2018 оны 04 сарын сүүлээр Тосонцэнгэл сумын Рашаант багийн Т-н адуунд тавьсан бор хээр зүсмийн гүүгээ авах гээд очтол тэднийх адуугаа хулгайд алдаад олж авахад нь миний гүү дотор нь явж байгаад буцаж ирсэн байсан. Миний өөрийн бор хээр зүсмийн им тамгагүй, нас гүйцсэн гүү хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 38-р хуудас/

 

  • Гэрч Н-н “...2018 оны 02 сарын 25-ны өдөр манайхтай айл өвөлжиж байгаа О Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант баг руу ах дүү нартаа золгоно гээд явсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ганцаараа явган ирсэн. Маргааш өглөө нь би аргамжаатай морио авчрах гээд явтал хэсэг бараан, ганц алагтай адуу байсан. Гэртээ ирээд юун адуу авчирсан талаар асуутал манай ах дүү нарын адуунд миний адуу байдаг юм, би адуугаа салгаад авчирлаа гэж ярьсан. Адуугаа энд байлгаж байгаад манай нутгийн Идэрхангай гэдэг залуутай авчирсан адуунаасаа хүрэн гүү, өөрийн адуунаасаа хүрэн даага тус бүрийг өгөөд бор зүсмийн азарга авсан. Намайг гэртээ байж байтал Цахир сумын сургуульд хамт сурч байсан Бөхбаяр надруу залгаад адуугаа сурсан. Тэгээд би тод алаг адуутай бараан саарал зүсмийн адуу манай энд байна гэхэд 2018 оны 03 сарын 28-ны шөнө ирж үзээд манай адуу мөн байна гэж буцаад 2018 оны 03 сарын 30-ны өдөр цагдаа нартай ирсэн. О нь 16 тооны адуу тууж ирэхдээ ганцаараа ирсэн...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 40-41-р хуудас/

 

Гэрч Л.А-н “...Би 2018 оны 03 сарын 02-ны өдөр 18 цагийн үед Тэрхийн голын цаана үхэртээ явж байхад манай зуслангийн арын голын мөсөн дээр азарга унасан байсан. Би босгоод гэртээ хөтөлж ирэхэд 21 цаг болж байсан. Ирээд 2, 3 хоног тэжээл өвс өгөөд овоо тэнхрээд манай адуутай хамт байгаа. Шарга зүсмийн зөв талын гуяндаа Ш үсгэн тамгатай азарга байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 42-43-р хуудас/

 

Гэрч А.И-н “...2018 онд би Архангай аймгийн Тэрхэд отор хийж өвөлжиж байгаад хавар ирэхдээ танилцаад азарга үрээ сураад байхаар нь би адуунаасаа бор зүсмийн хас тамгатай азарга үрээ өгөөд оронд нь адуунаас нь цавьдар гүү, хүрэн унага /ногооны даага/-аар солилцохоор ярилцсан. Наймаагаа шууд хийхээр болж гүү, унага хоёроо ачаад ирсэн. О 2018 оны 03 сарын 23-ны үед азаргаа авахаар болоод хоёр талаасаа Тэрх Ужиг хоёрын залгаа Доод даваанд уулзаад өгсөн. Би Оаас гүү, унага хоёроо 2018 оны 03 сарын 20-нд авсан. Би Оаас цавьдар гүү, хүрэн даага авахдаа М гэдэг залуутай хамт очсон. ...үзэж харсан адуу нь хүрэн хонгор, хээр, алаг зүсмийн 10 гаруй адуу байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 44-45-р хуудас/

 

Гэрч Д.Г-н “... 2018 оны 03 сарын 01-ний үед Рашаант багийн Гүр элстэй гэх газраас манай хүргэн Ц.Т, манай дүү Д.Ж нарын 16 тооны адуу алдагдсан. Зөв талын гуян дээрээ Ш үсгэн тамгатай шарга азарга, хүрэн гүү унагатай тамгагүй, жижиг хүрэн гүү, тамгагүй хонгор даага хас тамгатай, хээр шүдлэн байдас хас тамгатай, хүрэн шүдлэн байдас хас тамгатай, хүрэн шүдлэн үрээ хас тамгатай, бор хээр гүү буруу талын гуяндаа саран тамгатай, тамгагүй цавьдар гүү, тамгагүй хээр алаг гүү, тамгагүй хар хүрэн гүү, тамгагүй бор хээр даага зэргийг Рашаант багийн Гүрийн өвөлжөө гэх газар би өөрийн хүүхэд Н хамт харж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 02 сарын 27, 28-ны үеэр харахад Гүр элстэй голын захад байсан. Тэгээд 2018 оны 03 сарын 01-нээс хойш харагдахгүй алга болсон байсан. Адуу хулгайд алдагдаад ирсний дараа Б.О гэх хүн миний нэг тооны халтар зүсмийн гүү байх ёстой гээд ирээд адуун дотроос халтар зүсмийн нас гүйцсэн гүүгээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 46, 104-р хуудас/

 

Гэрч Б.М-н “...И бид хоёр Я ахын Портер маркийн автомашиныг гуйж би бариад аргал ачаад Тэрх өөд өгсөөд явж байтал О гэх залуу мотоциклтой эхнэр хүүхдийнхээ хамт Тэрх өөд өгсөж явна гээд явж байсан. Уулзаж хоорондоо хууч хөөрч байгаад И, О нар азарганы наймаа хийхээр болсон. Тэрх өөд өгсөөд ачиж явсан аргалаа Ихэрийн аманд айлын өвөлжөөн дээр буулгаад буцахдаа хоосон явж байхаар наймаа хийсэн адуугаа ачихаар болоод Дээд цагаан толгой гэх газар байсан Оынд очиж И азаргаа зараад авч байгаа гээд цавьдар гүү, хүрэн даага хоёр ачиж авч явсан. Тухайн үед энэ адуунуудыг ачихад Оын хотонд Н.О гэх залуу эхнэрийнхээ хамт, мөн Оын эхнэр байсан. Тэгээд тэр хоёр адууг Хан-Уул багийн Давааны ам гэх газарт байдаг И-н гэрийн гадна буулгаж өгсөн. ...О гэх залуу адууны наймаа хийж, адуу зарж байхдаа энэ адуунууд манай адуу байгаа юм, азарга байхгүй болчихоод азарга олж тавих гэж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 59-60-р хуудас/

 

Гэрч А.-н “...Яг хэзээ, хаанаас, хэдэн адуу авчирсан талаар мэдээгүй. Манай өөрийн хэдэн малыг Х.О харж байсан юм. Намайг тэднийд очиж ямаагаа самнаж байхад цагдаа нар ирээд Х.Оыг адуу хулгай хийсэн байна гэж хэлсэн. Х.О надад адуу хулгай хийсэн талаараа яриагүй, дараа нь адууг эзэнд нь хүлээлгэж өгөх гээд Архангай аймгийн Цахир сумруу цуг явсан юм. 2018 оны 4 сарын 08-ны өдөр Х.О, түүний төрсөн ах Б бид гурав цуг явж адуунуудыг хүлээлгэн өгсөн. Тэр адуу нь Ш үсгэн тамгатай шарга азаргатай нийт 16 тооны адуу байсан. Цавьдар гүүг азаргаар сольсон байсныг сольж авсан, мөн азарга нь тухайн адуу байсан уулын амны хажуу талд өөр айлын адуунд байхаар нь авсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 48-49-р хуудас/

 

Гэрч Ц.Н-н “...2017 оны 10 сарын 15-нд цэргээс халагдаж ирснээсээ хойш Д.Ж, П.Б нарын 2 азарга, 60 орчим тооны адууг маллаж байгаа. Шарга азаргатай, хээр алаг гүүтэй 16 тооны адуу алдагдсан. Би бусад адууны зүс, им тамгыг сайн мэдэхгүй, уг адууг алсаас байгаа эсэхийг нь хардаг. Ж ах өөрөө ирж адуугаа зүс, тоогоор нь бүртгэдэг байсан. Намайг хонинд явсан хойгуур хулгайд алдагдсан адуугаа олоод авчирсан байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 105, 131-р хуудас/

 

Яллагдагч Х.Он “...2018 оны 02 сарын сүүлээр буюу 27, 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстэй гэх газарт би морьтойгоо явж байхад 16 тооны адуу байхаар нь адуунуудыг Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг Цагаан толгой гэх газар хүртэл тууж маллаж байтал 2018 оны 03 сарын 28-ны үед Б ах ирээд чи яахаараа манай адууг хулгайлдаг юм бэ гээд 2 цагдаагийн хамт ирсэн. Би 16 тооны адууг ганцаараа халтар зүсмийн им тамгагүй морьтой явж байгаад хулгайлаад Архангай аймгийн Цахир суманд тууж очсон. Цавьдар зүсмийн им тамгагүй гүүг нь хөх бор зүсмийн азаргаар Архангай аймгийн Цахир сумын А.И гэдэг хүнээс сольж азарга тавьсан байснаа буцаагаад сольсон. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Цахир хүртэл адууг морьтой тууж байгаад азарга нь эцчихээр нь Хөх нуурын доод талд азаргыг нь орхичихоод бусад адууг нь тууж явсан. Би өөр ямар нэгэн адууг зарж үрээгүй, бусад нь тоо ёсоороо байсан. Шарга азарга, хээр алаг гүү, хүрэн гүү /том/, хонгор гүү, бор хээр гүү, халтар гүү, бор хээр гүү /жижиг/ цавьдар гүү, хүрэн гүү /жижиг/, халтар гүү, хонгор даага, хээр даага, бор хээр даага, хүрэн байдас, 2 тооны бор хээр байдас, нийт 16 тооны адуу байсан...”

гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 81-82, 98-99, 128-129-р хуудас/

 

Адуу хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, /ХХ-ийн 4-5-р хуудас/ адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /ХХ-ийн 110-112-р хуудас/ Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын дүгнэлт /ХХ-ийн 136-138-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстэй гэх газарт бэлчээрт байсан иргэн

  • .Ж адуунаас Ц.Т 4 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгний, Д.Жы 8 тооны адууг хулгайлж 4.000.000 төгрөгний, Б.О 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгний, П.Б 3 тооны адууг хулгайлж 1.050.000 төгрөгний хохирол, нийт бусдын 16 тооны адууг хулгайлж, хохирогч нарт 7.250.000 төгрөгний хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Х.Оыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Х.Од холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруу, сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Бөхбаярын “... Оаас бензин тосны мөнгө 280.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 18-нд авлаа. Одоо миний зүгээс хохирол гомдолгүй ...” гэх / хх-н 163 дугаар хуудас/ хохирогч Б.О “... О нь миний даагыг төлж өгч чадахгүй, уучлалт хүссэн учраас миний бие гомдол саналгүй, энэ хүний ялыг нь хөнгөлж өгөхийг хүсье ...” гэх, /хх-н 178 дугаар хуудас/, хохирогч Д.Жы “... миний 16 тооны адууг Х.О хулгайлан авч буцааж бүрэн тоогоор нь өгсөн, хохирлыг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-н 16 дугаар хуудас/, “... Миний бие Д.Д нь 2018 оны 8 сарын 16-нд эм хонь 1 ширхэг, 100.000 төгрөг авсан...” / хх-н 161 дүгээр хуудас/ гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас ирүүлсэн хүсэлтүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...хорих  ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно ..” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй байхаар тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Ог бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Ог 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Х.Ог энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/15

дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.ОТГОНХИШИГ