Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 35

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

 

Шүүгдэгч Б.О,

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, З******* оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ИВ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг Гозгор Чулуутын ар гэх газар аргамжаатай байсан иргэн Ц.Гийн 1 тооны хурдан удмын адуу хулгайлж 2.500.000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Баян-Өндөр гэх газраас иргэн П.Дын 1 тооны адуу хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, нийт бусдын 2 тооны адуу хулгайлж иргэдэд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг Гозгор Чулуутын ар гэх газар аргамжаатай байсан Ц.Гийн 1 тооны хурдан удмын адуу хулгайлж 2.500.000

 

төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Баян-Өндөр гэх газраас иргэн П.Дын 1 тооны адуу хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, нийт бусдын 2 тооны адуу хулгайлж хохирогч нарт 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: Хохирогч Ц.А: “...2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг Гозгор Чулуутын ар гэх газар би өөрийн уядаг хул морио аргамжсан байсан. Тэгээд 11-ний өдөр морио авах гээд очиход морь алга болчихсон байсан, аргамжаатайгаа тавигдаад яваад өгсөн юм байх гэж бодоод хайгаад олоогүй. 2018 оны 5 дугаар сарын дундуур манай сумын Ч.Б гэдэг залуу над руу утсаар яриад чиний алдсан гээд надад захиад байсан морь чинь Нөмрөг суманд нэг айлын адуунд байх шиг байна, чи ирээд үзээч гэхээр нь би З.Бын хамт нөгөө адуунд очиж үзэхэд миний алдсан адуу мөн байсан. Тэр адуу Нөмрөг сумын Ё гэдэг айлын адуу гэхээр нь Ё гэдэг хүнтэй очиж уулзсан. Ё гуай “... 2017 оны 10 дугаар сард манай адуунд нийлчихсэн байсан, Н.Н гэдэг залуу тэдний гадаа байж байгаад надтай хамт явсан. З.Бт энэ морийг 2017 оны 10 дугаар сард манай гадаа О гэдэг залуу унаж ирээд тавиад явуулсан гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр би миний морийг О хулгайлсан гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

 

Хохирогч П.Дын: “... Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Устын Баян-Өндөр гэх газар манайх өнгөрсөн өвөл өвөлжөөн дээрээ өвөлжиж байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой өвөлжөөнийхөө арын энгэрт хул зүсмийн морио аргамжчихаад 24-ний өглөө босоод морио авах гэсэн аргамжаа нь үлдээд ногттойгоо алга болчихсон байсан. Тэгээд Р бид хоёр тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь өөрийн хүргэн Баясгаланг дуудсан. Морь аргамжсан газарт цастай байсан бөгөөд газар ямар нэг хүний мөр эд зүйл байхгүй байсан. Гэхдээ морьтой хүн ирээд мориноосоо буулгүй аргамжаа ногт хоёрын холбоос зангилааг тайлаад аваад явсан бололтой морины мөр байсан. Би миний морийг хулгайлсан хүнтэй уулзсан. Нөмрөг сумын Хайрхан багийн Б.О гэдэг залуу байна лээ. Б.О надад 800.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан... “ гэх мэдүүлэг.

 

Гэрч Ч.Бийн: “...Би 2018 оны 5 дугаар сарын дундуур он сарыг нь сайн санахгүй байна. Нөмрөг сумын Баянзүрх багийн нутагт малдаа явж байсан Нөмрөг сумын Ё гэдэг айлын залуу /нэрийг нь мэдэхгүй/ адуугаа тууж ирээд манай гадаа нэг морь барьж авсан юм. Тухайн үед манайх Баянхайрхан сумын Асгат багийн цоохор толгой гэх газар байсан юм. Тэгсэн адуун дотор манай сумын Ц.Гийн алдсан гээд өвөл надад зүс тамгаар нь хэлээд байсан морь байж байсан. Тэгээд би Ц.Г рүү утсаар ярьж морь чинь энд айлын адуунд байна ирж үз гэж хэлсэн. Тэгээд Г ирж адуунд морио үзээд мөн байна гээд морио авсан. Зөв гуяндаа ширээтэй дором тамгатай, духан дээрээ дугуй сартай нас гүйцсэн бүдүүн цагаан хул морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

 

Гэрч З.Бын: “...2018 оны 5 дугаар сарын дундуур яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Би Асгат сумын төвд Ц.Гийн гэрт очсон Ц.Г миний 2017 оны намар алдсан адууны сураг гараад байна хамт яваад ирэх үү гэхээр нь би тэгье гээд бид хоёр Ц.Гийн мотоциклтой хамт Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт нэг адуунд очиж үзсэн. Ц.Г миний алдсан морь мөн байна гээд нэг хул адууг заасан. Тэгээд нөгөө адууны эзнийг нь хайж нэг айлд очсон адууны эзэн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Ё гэдэг хүн байсан. Тэгээд Г өөрийнхөө морины талаар асуухад Ё гуай 2017 оны 10 дугаар сарын дундуур манай адуунд өөрөө нийлсэн байсан гэж хэлсэн. Г бид хоёр нөгөө морийг барьж авч ирсэн. Г бид хоёрыг Ёгийн гадаа морины талаар асуух гэж очих үед надад Н.Г гэдэг залуу тэр морийг 2017 оны 10 дугаар сард манайд Б.О гэдэг залуу унаж ирээд хоёр хонуулаад тавиад явуулсан морь мөн байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

Гэрч Ёгийн: “... Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн төвд эмнэлэгт биеэ үзүүлж байж байгаад 2017 оны 10 дугаар сарын эхээр гэртээ ирчхээд өөрийнхөө адууг бөөгнүүлсэн, манай адуун дотор нэг цагаан хул зүсмийн туранхай морь нийлчихсэн байсан. Тэгэхээр нь би хэний морь юм бол ирж авах байх гээд хараад байсан. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр манайд Асгат сумын Г гэдэг залуу ирээд миний морь танай адуунд байна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 24-р хуудас/

 

Гэрч Л.М. “... 2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна манайх Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутагт Элст булаг гэх газар намаржиж байсан хэдний өдрийг нь санахгүй байна, нэг өглөө Б.О цагаан хул морь уначихсан ирсэн. Тэгээд манай гадаа нөгөө морио жаахан аргамжиж идүүлж байгаад аргамжаа хазаарыг нь аваад сул тавиад явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

 

Гэрч М.Б: “... Хул зүсмийн нас гүйцсэн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай духан дээрээ дугуй цагаан сартай морь байгаа юм. Тухайн морь дааган насандаа 2 түрүүлж 2 айрагдаж байсан. Мөн жижиг баяруудад бас айрагдаж байсан хурдан морь байгаа юм. Хул морины талаар нутгийн морь уядаг иргэд мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

 

Гэрч Н.Гын: “... 2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна манайх Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Элст булаг гэх газар ганц гэрээрээ байсан. Манайд Б.О нэг цагаан хул зүсмийн морь уначихсан ганцаараа ирсэн тэгээд манай гадаа нөгөө хул морио жаахан аргамжиж идүүлж байгаад аргамжаанаас нь мултлаад сул тавиад явуулчихсан. Тухайн үед Б.О хүний морь байгаа юм сул тавиад явуулчихаар гүйгээд очих байх гэж байсан. Морийг нэг муу эвдэрхий шахуу монгол эмээлээр эмээллэчихсэн. Толгойдоо суран жолоотой суран хазаартай, цагаан өнгийн бөөрөнхийлж сүлжсэн мяндсан аргамжаатай аргамжааны нэг үзүүрт төмөр эргүүлэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

 

Гэрч Д.Рын: “... Би өнгөрсөн 2017 оны өвөл П.Д гуайнд мал харж байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 18 цаг өнгөрч байхад тэдний хонинд унадаг хул морийг Баянхайрхан сумын Устын Баян-Өндөр гэх газар өвөлжөөний ар талын энгэрт аргамжсан юм. Тэгээд 24-ний өглөө 09 цагийн үед аргамжсан морио авах гээд очсон аргамжааг нь үлдээгээд ногттой морь алга болчихсон байсан. Тэгээд эргэж ирээд Д гуайд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/

 

Гэрч Ч.Дын: “... 2017 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна он сарыг нь сайн санахгүй байна, намайг Нөмрөг сумын төвд гэртээ байж байхад гаднаас Б.О орж ирээд намайг адуу худалдаж авах уу гэхээр нь би ямар насны адуу юм гэсэн. Тэгсэн бүдүүн морь гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн 400.000 төгрөгөөр зарна гэхээр нь би авъя гэж хэлсэн. Б.О надад адуу авчирч өгнө гээд л гараад явсан. Тэгээд хоёр хоногийн дараа харанхуй болчихсон байсан О нөгөө морио гаргаад ирлээ авах уу гэсэн. Тэгээд би авна гээд гэрээсээ гараад ирсэн Монх буюу Бгийн машинтай махаа ачаад ирсэн байсан. Тэгээд л би адууны махыг буулгаж авсан нэлээд тарган мах байсан. Мах өгөхдөө адууны дотор гэдэс байхгүй болохоор нь гэдэс нь байхгүй юм байна шүү дээ чанаж идэхэд гэдэс гол шүү дээ гэхэд О гэдэсийг нь хаячихсан байна гэсэн. Тэгээд би гэдэс байхгүй юм чинь 300.000 төгрөгөөр авна гэсэн тэг гээд нөгөө адууны махыг 300.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

 

Гэрч Г.Бгийн. “... 2017 оны 12 дугаар сарын сүүлээр намайг Нөмрөг сумын төвд гэртээ байж байсан нэг өглөө 10 цагийн үед Б.О гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд намайг та нэг морь аваадхаач гэхээр нь юун морь юм бэ гэж асуусан, миний өөрийн морь байгаа юм аа, би Асгат сум унаж яваад ирсэн эцчихээд байгаа юм. Хот явах гээд мөнгөний хэрэг болоод байна зарчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь би манайх адуу мал авах боломж байхгүй байна өөр хүнээс асуу гэсэн. Тэгсэн манайхаас гараад явсан, маргааш өглөөгүүр нь манайд орж ирээд нөгөө морио гаргаж хүнд өгөхөөр болчихлоо та гаргалцаад өгөөч гэхээр нь би надад ямар ч зав алга, чи өөр хүн олж гарга гэсэн танаас өөр хүн олдохгүй байна та л адууг гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэр адуу чинь хаана байгаа юм гэсэн Баян-Улааны хөшөөтийн өвөлжөөн дээр байгаа гэсэн. Би ямар учиртай өвөлжөөн дээр байлгаад байгаа юм гэсэн, тийм юм байхгүй миний өөрийн морь байгаа юм найдвартай та зүгээр л надад машинаараа ачаад оруулаад өгчих би өөрөө адуугаа гаргаж байя гэхээр нь чи тэгвэл гаргаж бай би нэг завдаа араас чинь очоод ачаад өгье гэсэн. Тэгээд би 14 цаг өнгөрч байхад араас нь Баян-Улааны өвөлжөөн дээр яваад очсон дөнгөж адуугаа унагаагаад алчихсан ганцаараа байж байсан. Тэгээд би адуунаас хамжиж янзлаад 18 цагийн үед Нөмрөг сумын төвд орж ирсэн. Хул зүсмийн хур дэлтэй нас гүйцсэн тарган морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/

 

Гэрч*******: “... 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө хадам аав

 

П.Д утсаар яриад манай аргамжаатай байсан морь өнгөрсөн шөнө алга болчихсон байна чи нэг хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд нөгөө морь аргамжсан газар нь

 

очиход гадастай аргамжаа нь үлдээд морь нь алга болчихсон байсан. Тэгээд морийг тэр хавиар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ц.Гэд олгосон өргөмжлөлийн хуулбарууд, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 6-8-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодитой байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

 

 

Шүүгдэгч Б.Оын дээрх үйлдэлд Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч

 

  • .Г, П.Д нарт нийт 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Мөн шүүгдэгч Б.Оын “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Асгат сумын төвд орой Билгүүн гэдэг найзтайгаа таарсан юм. Тэгээд бид хоёр 2 Сэрүүн нэртэй пиво хувааж уучхаад нөгөө найзыгаа гэрт нь хүргэж өгчхөөд би тухайн үедээ пиво уугаад согтчихсон болохоор Нөмрөг сумын төв оръё гэж бодоод унаа хайгаад олдохгүй байхаар нь Асгат сумын төвөөс гараад зам дагаад алхаж байсан, Гозгор чулуутын ард нэг морь аргамжчихсан байхаар нь нөгөө морийг нь би явган алхаж очоод аргамжаа хазаартай нь унаад явсан. Тэгээд Нөмрөг сумын Дархан-Уул багийн Элст булагт намаржиж байсан Ганбаатар ахынд өглөө үүр цайж байхад очсон. Нөгөө морийг аргамжиж жаахан идүүлж байгаад сул тавиад явуулсан, морийг адуундаа гүйгээд очих байх гэж бодсон. Цагаан хул зүсмийн духан дээрээ дугуй цагаан сартай хур дэлтэй туранхайвтар нас гүйцсэн морь байсан. Тамга нь мэдэгдэхгүй байсан. Аргамжаа нь цагаан өнгийн бөөрөнхийлж сүлжсэн, мяндсан нэг талын үзүүртэй төмөр эргүүлэгтэй аргамжаа байсан. Хазаар нь энгийн дан суран төмөр амгайвчтай байсан. 2017 оны 12

 

дугаар сарын 23-ны өдөр би Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Ар хүйш гэдэг газар С ахын хонийг тэдний хүүхэд П гэдэг сэтгэцийн өвчтэй залуугийн хамт харж байсан юм. Тэгээд тэр өдөр хонио хотлуулчхаад 21 цагийн үед Асгат сумын төв орсон, 22 цагийн үед буцаад явах замдаа Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Устын Баян-Өндөр гэх газрын ард аргамжаатай байсан морийг аргамжаа ногтны цулбуур хоёрын зангилааг тайлаад хөтлөөд явсан. Тэгээд нөгөө унаж явсан морио айлын гадаа аргамжчихаад нөгөө Баян-Өндрийг араас авсан морио унаад Нөмрөг рүү явсан. Тэгээд шөнөдөө Нөмрөг суманд ирээд Нөмрөг сумын төвийн цаана 1 километр орчим зайд Баян-Улааны Хөшөөтийн эзэнгүй өвөлжөөн дээр морио уячхаад Нөмрөг сумын төв рүү явган алхаад 24-ний өглөө 10 цагийн үед Б ахынд очсон. Тэгээд Б ахыг морь худалдаж авах уу гэхэд авахгүй гэсэн. Тэгэхлээр нь тэдний гэрээс гараад Д ахынд орж уулзаад морь худалдаж авах уу гэхэд ямар морь юм хэдээр зарах юм гэхээр нь бүдүүн морь 400.000 төгрөгөөр зарна гэсэн авъя гэсэн. Тэгээд морио гаргах гэсэн гаргалцах хүн олдохгүй би 2 хоног Нөмрөг суманд хоноод 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б ах дээр очоод та морь гаргалцаад, машинаараа ачаад оруулалцаад өгөөч өөр хүн алга гэсэн Б ах надад үнэндээ зав муу байна чи яах вэ гаргаж бай би нэг завдаа машинтайгаа явж очоод сумын төв оруулаад өгье гэсэн. Тэгээд би ганцаараа нөгөө морин дээр очоод унагаагаад өвчөөд байж байсан Б ах 15 цагийн үед машинтайгаа ирсэн. Тэгээд надтай хамжиж нөгөө адууг янзлалцаад адууны махыг машин дээр ачаад Д ахын гадаа ирэхэд гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд би Д ахыг дуудаад адуугаа гаргаад ирлээ гэж хэлээд махыг нь буулгаж өгсөн гэдэс нь хааччихсан юм бэ гэхээр нь хаячихсан гэсэн чанаж идэхэд гэдэс чухал шүүдээ гэхээр нь 300.000 төгрөгөөр адууны махаа өгчихсөн юм. Хул зүсмийн хур дэлтэй нэлээд тарган нас гүйцсэн морь байсан. Надад мөнгөний хэрэг гараад тухайн морийг хулгайлчихсан юм ...” гэж мэдүүлж байгаа нь Ц.Г, П.Д нарыг 2 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Гийн “..Нөмрөг сумын иргэн Б.О нь миний морь хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч, намайг ямар нэгэн хохирол гомдолгүй болгосон...” гэх, хохирогч А.Дын “...одоо надад О холбоотой гомдол санал байхгүй...” гэх хүсэлтүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

 

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах

 

байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суран хазаар, мяндсан аргамжаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.Оын хувьд ногдох хөрөнгө болох халтар зүсмийн зөв талын гуя дээр дором тамгатай нас гүйцсэн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Оыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батбаярын Оыг 240 цагийн хугацаагаар нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Батбаярын Оад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний албанд эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр эргүүлэгтэй суран хазаар, цагаан өнгийн мяндсан аргамжаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох халтар зүсмийн зөв талын гуя дээр дором тамгатай нас гүйцсэн морийг битүүмжилсэн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од

 

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.ОТГОНХИШИГ