Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01383

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01383

 

 

Б... ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2023/00232 дугаар шийдвэртэй,

Б....ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Ш.И.т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,019,139 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70, 71 суурийн давхрыг түрээслэгч Ш.И...

1.а. Дулаан түгээсэн үйлчилгээний хөлс 3,050,129.28 төгрөг,

1.б. Тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,509.7 төгрөг,

1.в. Нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 4,019,139 төгрөгийн гаргуулна.

1.1. Хариуцагч нь подвалын суурийн давхрыг ашигладаг атлаа мөнгөө төлөхгүй байна.

Суурийн давхарт ямар нэгэн нэмэлт секц дулаан тавьсан аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах юм бол м.кв-аар бодогддог. Одоо 525,15 буюу м.кв-аар бодож, үүнийг өндрөөр нь үржүүлээд дахиад 1,260-аар бодно. Өвлийн улиралдаа гаднах температураас хамаараад 130, дулааны улиралд 70 гэсэн горим барьж суурийн давхрыг халаадаг.

Үйл ажиллагаа явуулах энгийн нөхцөл бүрдэж байгаа тул манайх дулааны төлбөрөө авна. Дулааныхаа шугамыг бүрэн дулаалсан, дулаан алдагдал байхгүй, актаар нотлогдсон тохиолдолд дулааны төлбөр авахгүй. Уг гарааш нь дулааны алдагдалтай байгаа нь нотлогдож байгаа. Халаалтын зөрүүгээр гараашийг халааж байгаа бөгөөд хариуцагч үүнд итгэхгүй халаахгүй гэсэн ойлголттой байдаг.

Бид нарт болон мэргэжлийн байгууллагад итгэхгүй байгаа учир хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд халааж байна гэх дүгнэлт гаргасан. Учир нь А... ХХК-аас энэ хүн түрээслээд үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээний халаалтаас ашиг олж байгаа. Ашиг олж байгаа бол өөрөөс нь тодорхой хэмжээний зарлага гарна гэдгийг мэдэх ёстой. Өөрөө ирээд гэрээгээ хийх ёстой болов ч хийгээгүй. Тэгсэн атлаа тус хэрэгслүүрийг ашиглаад ашиг олсон байдаг.

1.2.Нэг ч удаа мэдэгдээгүй, нэхэмжлэх ирэхэд нь л мэдэж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өмнөх жилүүдийн төлбөрийг А.... ХХК маргаангүйгээр төлдөг байсан. Өнгөрөгч 2022 оноос Ш.Ижилбаярт төлбөр гарсныг удаа дараа хэлсэн. А.... ХХК-тай гэрээ дуусгавар болоод Ш.И...тай гэрээ хийе гэсэн боловч гэрээ хийгээгүй учраас аргагүй эрхэнд 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ус сувгийн хувьд нэхэмжлэл ирсэн хугацаанд мэдсэн, урьд нь ямар нэг байдлаар гэрээ байгуулъя гэж нэг ч хүн ирж байгаагүй. Над руу утсаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Дулаан усны чиглэлээр надтай хамтран ажиллах гэрээ контракт байхгүй. Ямар тоолуур ямар үндэслэлээр тийм төлбөр нэхээд байгааг ойлгохгүй байна, Тийм ч утгаараа шинжээч томилох хүсэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтээр дулаан авахгүй байгаа гэж тусгагдсан

2.2. Тэр суурийн давхарт байгаа технологийн шугам хэрвээ миний харьяаллынх юм бол би дулаалах ёстой байсан байх, миний харьяаллынх биш, хэвтээ шугамыг ус суваг хариуцдаг, босоо шугамыг орон сууцны СӨХ хариуцдаг.

Тэр тараалтын шугамаас нь салбарлаж ямар нэгэн хоолой шугам татаагүй, тэр шугам бол надад огт хамааралгүй шугам юм. Би зөвхөн гараашид үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж ажиллуулж байсан. Дулаан авч байна гэж үзэхгүй байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д... овогт Ш...ийн И...аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,052,629 төгрөгийг гаргуулж Б.... ААТҮГ-т олгож, алданги 966,509 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б...ААТҮГ нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.И...аас улсын тэмдэгтийн хураамжид 63,792 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч талаас дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн Аж ахуйн харилцааны дүрмийн 2.5 дах заалтаа зөрчсөн. Аж ахуйн харилцаа үүсээгүй, хамтын гэрээ байхгүй, хөндлөнгийн шинжээч халаалт авсанд тооцохгүй гэж дүгнэсэн байхад, нэхэмжлэгчид давуу байдал бий болгож шийдвэрлэсэн.

2022 оны 01 дүгээр сараас тухайн гараашийн давхрын дулааны төлбөр тооцоо гарч байгаа эсэхийг хариуцсан байцаагч, байгууллагын төлөөллөөс тухайн жилд нэг удаа ч мэдэгдэж байгаагүй бөгөөд хамтран ажиллах гэрээ дулаан тогтоосон хэвийн горимоо тогтоох хэмжих тоолуур, мэргэжлийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт акт байхгүй.

4.2. Миний эзэмшлийн 71-р байрны подвалд /регистр, усан агаар халаагч/ дулаан дамжуулах зорилготой шугам хоолойноос салбарлуулж дулааны шугам хоолой паар сэгц нэгийг ч татаагүй.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралт Аж ахуйн харилцааны зааснаар,

5.3.10. Орон сууцны барилгын подвалд халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч/ суурилагдсан тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол эзлэхүүнээр тооцно.

5.3.1. Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно.

5.3.6. Халаах хэрэгсэлгүй боловч бусад халаах хэрэгсэл бүхий өрөө, тасалгааны дулаан солилцоогоор халж хэвийн үйл ажиллагаа явуулах орчин бүрдсэн аж ахуйн уйл ажиллагаа явуулж буй барилгын халаалтыг эзлэхүүнээр, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгын халаалтыг талбайгаар тооцно.

5.3.11.Барилгын подвалд халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч хэвийн ажиллаж байгаа/ суурилагдсан авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны эрчим хүчний төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцох ба халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг халаах хэрэгсэл бүхий зоорийн давхрын нийт талбайн 50%-иар тооцно. 5.3.13. Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /"Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй.

5.3.14. Нийтийн авто зогсоол эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн зогсоолын болон дундын эзэмшлийн өөрт ногдох хэсгийн халаалтын төлбөрийг тооцохгүй хариуцна.

Дээрх заалтуудаас нэг ч зүйлээр зөрчил үүсгээгүй бөгөөд халаах зорилгоор суурилагдсан /регистр, усан агаар халаагч/ байхгүй юм.

Агаар солилцоо болон бусад битүү орчинд хуримтлагдсан дулааныг дулаан авч байгаа мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү журмын 2.6. Хангагч хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаан буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ. Тус шинжээчийн дүгнэлт анхан шатны шүүхийн удаашралттай процессуудаас болж урин хаврын 4 дүгээр сард хийгдсэн. Эд өвлийн хүйтэн 11,12,1,2 саруудад тус подвалын хэсэг нийтээрээ (-) градустай хонодог бөгөөд 4 дүгээр сар шөнө дөө (-) градустай хонодог.

Энэхүү журмын 3.1. Хангагч нь хэрэглэгчийг аж ахуй гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан дулаанаар найдвартай хангана. Мөн шинжээчийн дүгнэлтээр дулаан авсанд тооцохгүй, бусад ижил гараашуудад харьцуулан дүгнэлт гарсаар байтал уг төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг гарааш руу чиглэгдсэн халаах хэрэгсэл нэгээхэн ч байхгүй ба зөвхөн технологийн тараалтын шугам байгаа болно.

Энэхүү журмын 5.3.13 Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /"То төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй.

6.1. Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүч зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хяналт тавина. Уг дүрмийн дагуу хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулж, хяналт тавиулж үйлдүүлэн дамжуулах хоолойн дулаан тусгаарлалыг хийлгэх хүсэлттэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б....ААТҮГ нь хариуцагч Ш.И....т холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70, 71 дүгээр байрны суурийн давхарт дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129 төгрөг тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,510 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 4,019,139 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Хариуцагч Ш.И.... нь дээрх 70, 71 дүгээр байрны суурийн давхрыг түрээсэлдэг талаар зохигч тайлбарласан.

2.б. Талуудын хооронд дулаанаар хангах талаар бичгээр байгуулагдсан гэрээгүй байна.

2.в. Анхан шатны шүүхээс алданги гэх 966,509 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3.Талууд уг зоорийн давхарт дулаан хэрэглэсэн эсэх, дулааны төлбөрийг хэн төлөх, хэрхэн ямар аргачлалаар дулааны хэмжээг тооцсон зэрэгт маргаантай байна.

Мөн хариуцагч Ш.И.... нь нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн нэмэлт халаалтын секц тавиагүй, халаалт авдаггүй гэж, нэхэмжлэгч нь Суурын давхрыг халаадаг, үйл ажиллагаа явуулах энгийн нөхцөл бүрдэж байгаа гэж маргажээ.

Мөн суурийн давхарт явж байгаа шугам хоолой суурийн давхарт зориулагдсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Хэрэгт Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70, 71 дүгээр байрны суурийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ авагдаагүй байхад уг хөрөнгийг хэний өмчлөлийнх болох, хэн дулааныг хариуцан төлөх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь өөрийн өмчийг эзэмшилдээ байлгах, захиран зарцуулах, өмчтэй холбоотой зардлыг шийдвэрлэх юм.

Хэрэв дээрх 70, 71 дүгээр байрны суурийн давхрыг хариуцагч Ш.Ижилбаяр түрээсэлж хөлсөлдөг бол талууд ашиглалтын зардал, нэмэлт зардлыг хэрхэн тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дах хэсэгт орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг нь дундын өмчлөлийн зүйл байхаар, уг зүйлтэй холбоотой зардлыг сууц өмчлөгчид хариуцахаар заасан. Маргаан бүхий шугам нь Сууц өмчлөгчдийн холбооны шугам гэж хариуцагч тайлбарласан.

Уг шугам болон зоорийн давхрын өмчлөгч хэн болох үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 70, 71 дүгээр байрны суурийн давхрын дулааны зардлыг орон сууцны нийт сууцны тоонд хуваан төлдөг эсэх асуудлыг тодруулах мөн шаардлагатай.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан.., дулааны хэвийн горимоо тодорхойлох, хэмжих тоолуур, мэргэжлийн улсын байцаагчийн дүгнэлт авагдаагүй, 71-р байрны зоорийн давхарт регистр, усан агаар халаагч дулаан дамжуулах зорилготой шугам хоолойноос салбарлуулж дулааны шугам хоолой паар сэгц татсан эсэх, Аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар дулааныг хэрхэн тооцсон аргачлал тодорхойгүй гэх гомдол үндэслэлтэй. Иргэний эрх зүйн зарчмаар хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хэрэв хариуцагч тодорхой дулаан хэрэглэсэн бол уг дулааны хэмжээ,тооцсон аргачлал зэргийг тогтоох нь зүйтэй.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2023/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,792 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД