| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00039/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 41
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Бн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Б.Ц,
Нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн 1824000670048 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овогт Б Ц /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын 03-05 тоотод байрлах иргэн Р.Э хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, Г.Д эзэмшлийн 40 кг ааруулыг хулгайлж, түүнд 400,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй адилхан учир мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын 03-05 тоот хүн байнга амьдрах зориулалттай Р.Э байшингийн цонхоор нэвтэрч, хохирогч Г.Д 40 килограмм ааруулыг хулгайлж, түүнд 400,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Р.Э утсаар залгаад манай гэрт байсан танай ууттай ааруул байхгүй болсон байна гэсэн. Р.Э байшингийн хойд талын өрөөнд хадгалж байсан миний зун бэлтгэсэн ааруул алга болсон байсан. Би ааруулаа элсэн чихрийн цагаан өнгийн уутанд хийсэн байсан. Уг уутанд 40 килограмм ааруул лав байсан. Надад нийт 400,000 төгрөгний хохирол учирсан. Б.Ц аав миний нөхрийн данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим эхнэр Г.Д сумын төврүү явсан. Эхнэр утсаар сумын төвд Р.Э гэрт байсан ааруул хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Хулгайд алдсан ааруул нь дугуй хэлбэртэй, гоожуулж хийсэн чихэртэй ааруул байсан. Уг ааруулыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Р.Э өгч явуулж байсан. Р.Э байшингийн баруун талд байдаг вакум цонхны порчикоор орсон байсан гэж манай эхнэр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр Ц.А хамт сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай байшингийн баруун талд байдаг вакум цонхны порчик онгойчихсон, цонхны хөшиг жаахан нээгдчихсэн хойд талын жижиг өрөөний хойд талын хананд түшүүлээд тавьсан байсан Г.Д гэх эмэгтэйн хийж боловсруулсан 50 килограммын элсэн чихрийн ууттай ааруул алга болсон байсан. Ааруулыг бүтээсэн ягаан өнгийн дээлийг шалан дээр шидчихсэн байсан. Би Г.Д утсаар ааруул хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Уг ааруулыг хөдөөнөөс 2018 оны 08 дугаар сарын 12-13-нд үед би өөрийн машинтайгаа авчраад жижиг өрөөндөө тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай байшингийн баруун талд байдаг вакум цонхны порчик онгойчихсон, цонхны хөшиг жаахан нээгдчихсэн хойд талын жижиг өрөөний хойд талын хананд түшүүлээд тавьсан байсан Г.Д гэх эмэгтэйн хийж боловсруулсан 50 килограммын элсэн чихрийн ууттай ааруул алга болсон байсан. Ааруулыг бүтээсэн ягаан өнгийн дээлийг шалан дээр шидчихсэн байсан. Уг ааруулыг хөдөөнөөс 2018 оны 08 дугаар сарын 12-13-нд үед манай нөхөр машинтайгаа авчраад жижиг өрөөндөө тавьсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 22-нд хөдөөнөөс гэртээ ирээд 17 цагт буцаж явахад ууттай ааруул манай гэрт байсан. Уг ааруул нь чихэртэй, дундаа нүхтэй, цөрмөн ааруул байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед харанхуй болсон байхад Б.Ц нь “Их-Овоо” хүнсний дэлгүүрт 100-н хөх торонд чихэртэй ааруул хийчихсэн орж ирээд зармаар байна гэхээр нь би “Ээжийн чинь зун авсан идээ юу” гэхэд тийм гэхээр нь худалдаж авсан. Тортой ааруул 8 кг болохоор нь 1 килограммыг 8,500 төгрөгөөр бодож нийт 68,000 төгрөгөөр Б.Ц худалдаж авсан. Б.Ц нь 68,000 төгрөгийн хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой харанхуй болсон байхад “Их-Овоо” хүнсний дэлгүүрт эхнэр Т.У хамт байж байтал Б.Ц 100-н хөх торонд чихэртэй ааруул хийчихсэн барьж орж ирээд зармаар байна гээд манай эхнэр Т.У уулзсан. Манай эхнэр тэр ааруулыг худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсныг болон хэдэн кг байсныг мэдэхгүй. Тэр ааруул нь дугуй дундаа нүхтэй гоожуулж хийсэн цагаан өнгийн чихэртэй ааруул байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 22, 23-ны үе байх ******* гэх хүүхэд манай “Элбэг” нэртэй хүнсний дэлгүүрээс 4-5 ширхэг 100 хөх тор худалдаж авсан байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 17-р хуудас/, болон 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн “Шинэ хийцтэй, чихэртэй ааруул 40 кг, 1 кг нь 10,000 төгрөг, нийт үнэ 400,000 төгрөг” гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, хураан авсан үеийн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ц: “...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын 03-05 тоот байшингийн баруун талын вакум цонхны порчикоор орж, 50 килограммын цагаан өнгийн элсэн чихрийн ууттай ааруулыг хулгайлж авсан. Ааруулаа тэр айлын зүүн талын хашаанд оруулаад 5 ширхэг торонд хийгээд нойлд тавьсан. Тэр орой С.Т дэлгүүрт нэг тортой ааруулыг худалдаж 68,000 төгрөг авсан...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Ц холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокурор шүүгдэгч Б.Ц холбогдох эрүүгийн 1824000670048 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгож хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна
Шүүгдэгч Б.Ц хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авч байгаа үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүний үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Тиймээс шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй болох нь тэдгээрийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б. нь өсвөр насны хүн буюу 18 насанд хүрээгүй болох нь түүний “******* ******* овогт ******* *******, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ИЗ00” гэсэн иргэний үнэмлэхний хуулбар, “******* ******* овогт Б Ц, эрэгтэй, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Их-Уул суманд төрснийг иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2000 оны 11 дүгээр сарын 24-нд бүртгэж төрсний гэрчилгээ олгов...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгайлан зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг дахин багасгаж, түүний эдлэх ялыг оногдуулах боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасан байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт Б Ц хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ц 1 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ц оногдуулсан 1 жилийн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны Б.Ц 6 сарын хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Ц зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болохыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шүүхийг шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ