Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01443

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01443

 

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01569 дугаар шийдвэртэй,

Т.М-ын нэхэмжлэлтэй, Т... ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Нийслэл хүрээ гудамж, "......" хотхоны .. давхарт байрлах ... зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Т.М нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т... ХХК-тай автомашины зогсоолын захиалгын гэрээ байгуулсан. Миний хувьд "......" хотхоны .. блокийн .. давхрын ... өрөө байрны захиалагч юм. Дээрх гэрээний дагуу тус байрны .. давхарт байрлах ... зогсоолыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 9,000,000,

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус төлж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Гэрээний 5.1-д "Гүйцэтгэгч нь автомашины зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, холбогдох чанар, стандартад нийцүүлэн барьж гэрээний 2.2-д заасан хугацаанд улсын комисст хүлээлгэн өгнө" гэж, 12.1-д "... автомашины зогсоол ашиглалтад орж, төлбөр тооцоог дуусаж талууд акт үйлдэн хүлээлцэж, гэрээний үүрэг биелэгдсэнээр дуусгавар болно гэж тус тус заасан.

1.2. Хариуцагчаас төлбөрийг төлсөн тул удаа дараа акт үйлдэж хүлээлгэж өгөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг өгөхийг шаардахад ... зогсоол биш өөр зогсоол санал болгосон. Т... ХХК-тай ойлголцолд хүрэхийг хичээсэн боловч миний захиалсан тус зогсоолыг өгөх сонирхол байхгүй байна. Шалтгааныг нь мэдэхгүй байна. Гэвч миний хувьд тус зогсоолыг захиалах, сонгох шалтгаан байсан билээ. Тиймээс уг зогсоолыг өөр зогсоолоор солих сонирхол байхгүй бөгөөд гэрээгээр тохиролцсон зогсоолын өмчлөгч болохыг хүсэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал нь худалдан авагч үүргээ биелүүлсэн тохиолдолд эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна. Т... ХХК нь тус үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагчаас ... дугаар авто зогсоолын өмчлөх эрх гаргахад шаардлагатай баримт бичгийг Т.М-т шилжүүлэхийг даалгаж, тус авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Т... ХХК нь Т.М-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ГЖ-ТВProВ.... тоот автомашины зогсоол захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ...... төслийн нэгдсэн гараашийн .. давхрын ... дугаар авто зогсоолыг захиалсан. Гэрээ байгуулах үед тухайн гараашийн барилга угсралтын ажил явагдаж байсан бөгөөд тухайн авто зогсоолын төлөвлөлт эцэслэгдээгүй байсан.

2.2. 2022 оны 11 дүгээр сард орон сууцны хотхоны оршин суугчдын тоо, нягтралыг харгалзан ил зогсоолд тавих автомашины тоог бууруулж, хотхон доторх болон хотхоны ойр орчмын урсгал хөдөлгөөнийг бууруулах хэрэгцээ, шаардлагын улмаас 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэгдсэн гараашийн .. давхрын байршлын зургийг өөрчилж, зарим зогсоолын байршлыг өөрчилж, зарим байршилд зогсоол нэмсэн. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн худалдан авсан ... тоот авто зогсоолын ард 2 зогсоол нэмэгдсэн ба тухайн зогсоолуудыг худалдсан. 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын 5.6 дахь хэсэгт зааснаар орон сууцны хорооллын байр, оршин суугчид, автомашин эзэмшигчдийн тоо, нягтралыг 5-10 байрны дунд 50-аас 100 автомашины зогсоолыг төлөвлөж байгуулна гэж заасан. Мөн ердийн үед хэрэглэгчдийн эрэлтийг хүргэлцэхүйц хангах зогсоолын талбайтай байхаар зохицуулсан байдаг. Түүнчлэн тус стандартын 7.3 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийн дэргэд зогсоолын талбай хүрэлцэхгүй тохиолдолд ойролцоох газарт зогсоолыг нэмж төлөвлөж, байгуулж болох ба нэмэлт зогсоолын байрлал, хүрэх хөдөлгөөний чиглэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой тэмдгээр зааж, харагдахуйц газар байрлуулна гэж заасан. Дээрх өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн захиалсан зогсоолын хойно нэмж нэг ширхэг зогсоолыг гаргасан ба энэ нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 418 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Авто зогсоол /БНбД 21-05-10/-ын 5.25-д заасан авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбайн хамгийн бага хэмжээ буюу зогсоолын байрны урт -5,0 метр, өргөн -2,3 метр байх шаардлагыг хангаж байгаа болно.

Барилгын ажлын хувьд барилга байгууламжийн ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орох тохиолдлууд байдаг. Өөрөөр хэлбэл, барилгын бүх үйл явц, ажилбаруудыг анхан шатны зургийн дагуу бүрэн гүйцэтгэх боломжгүй байдаг бөгөөд архитектур төлөвлөлт, инженерчлэл талаас тодорхой сайжруулалтын шийдэл, нөхцөл байдлын хэрэгцээ, шаардлагын үүднээс өөрчлөлт ороод явдаг. Авто зогсоолын зураг төсөлд өөрчлөлт орж, нэхэмжлэгчид тус зогсоолыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон үйл баримт нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэх үндэслэлд хамаарна.

Компанийн зүгээс өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх үүднээс нэхэмжлэгчид зураг өөрчлөгдсөн нөхцөл байдлын талаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд авто зогсоолын чанарыг алдагдуулахгүйгээр өөр байршилд авто зогсоол санал болгож, мөн нэмж нэг авто зогсоол хөнгөлөлттэй үнээр худалдан авах зэрэг саналуудыг гаргасан боловч хүлээн аваагүй.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар буюу бид гэрээнээс татгалзаж байгаа болно. Иймд ..... хотхоны .. давхрын ... тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрх гаргахад шаардлагатай баримт бичгийг Т.М-т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Т.М-ыг Нийслэлийн ..... дүүрэг, .. дугаар хороо, ..... гудамж, ......... хотхоны нэгдсэн гараашийн .. давхрын ... дугаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ...... ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т... ХХК-аас 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.М-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр захиалагчтай байгуулсан бөгөөд тэр үед авто зогсоолын төлөвлөлт нь анхны зураг төслийн дагуу байсан. Т... ХХК нь 2022 оны 11 дүгээр сард "Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага" MNS 5342:2007 стандартад нийцсэн 5.6 дахь хэсэгт "... 5-10 байрны дунд 50-аас дээш 100 автомашиныг төлөвлөж байгуулна", 7.3 дах хэсэгт "барилга байгууламжийн дэргэд зогсоолын талбай хүрэлцэхгүй тохиолдолд ойролцоох газарт зогсоолыг нэмж төлөвлөж, байгуулж болох ба нэмэлт зогсоолын байрлал, хүрэх хөдөлгөөний чиглэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой тэмдгээр зааж, харагдахуйц газар байрлуулна" гэж тус тус заасан. Мөн авто зогсоолын анхны зураг төсөлд өөрчлөлт оруулахдаа Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6 дах заалтад "барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах" гэж заасны дагуу зураг төсөл зохиогчид энэ талаар саналаа танилцуулж, баталгаажуулсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн анх захиалсан авто зогсоолын талбайн хэмжээнд ямар нэг өөрчлөлт ороогүй, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 418 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Авто зогсоол" /БНбД 21-05-10/-ийн 5.25-т заасан авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбайн хэмжээ буюу зогсоолын байрны урт-5.0 м, өргөн-2.3 м байх шаардлагыг хангасан.

4.2. Машины зогсоолын байршлын хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж болохыг анхнаасаа мэдэх боломжтой байсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт "Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй", 220.2 дах хэсэгт "Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасан ба авто зогсоолын зураг төсөлд өөрчлөлт орсон үйл баримт нь нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох дээрх зохицуулалтад хамаарна.

Анхны зураг төслийг 2020 онд боловсруулж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий байгууллагаар магадлал хийгдсэн ба бид анхны зураг төслийн төлөвлөлтөд үндэслэн нэхэмжлэгчид авто зогсоолыг борлуулсан. Гэвч барилга угсралт, заслын ажил хийгдэж дуусах шатанд буюу 2022 оны сүүлч үеэс орон сууцын хотхонд амьдрах нийт оршин суугчдын ашиг сонирхлын үүднээс орон сууцын хотхоны ойр орчмын урсгал хөдөлгөөнийг бууруулах, оршин суугчдад зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэнтэй холбоотойгоор нэмж төлөвлөх боломжтой авто зогсоолын байршлуудад зогсоол нэмж, мөн нялх хүүхэдтэй тэрэг, унадаг дугуй оруулж гаргах болон эмнэлгийн үйлчилгээ авахад төвөгшилтэй байсныг шийдэх зорилгоор зарим зогсоолын байршлуудыг өөрчилсөн. Эдгээр нөхцөл байдлууд нь талуудын хүсэл зоригоос шууд үл хамаарах хожим үүссэн объектив нөхцөл байдал бөгөөд үүнтэй холбоотой эрсдэлийг хариуцагчид дангаар хариуцуулах нь гэрээний тэгш байдлын зарчимд нийцэхгүй, нөгөө талаас хотхоны нийт оршин суугчдын ашиг сонирхол хөндөгдөнө.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт "Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй" гэж заасан ба нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн тохиолдолд талууд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх хамгийн бага боломжит арга хэмжээг авах үүрэгтэй. Компанийн зүгээс гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх үүднээс нэхэмжлэгчид зураг өөрчлөгдсөн нөхцөл байдлын талаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж, авто зогсоолын чанарыг алдагдуулахгүйгээр орон сууцтай нь хамгийн ойр, өөр байршилд авто зогсоол санал болгох, нэмж гаргасан зогсоолыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах зэрэг саналуудыг удаа дараа тавьж байсан боловч нэхэмжлэгч гэрээг нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу зөвшөөрөөгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч төлбөрөө төлсөн. Хариуцагч төлбөр төлсний дараагаар үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл объектыг хүлээлгэн өгөөгүй. Одоо автомашины зогсоолд хуульч нь өөрөө машинаа тавьж, зогсоолыг ашигладаг. Тийм учраас хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Т... ХХК-д холбогдуулан ..... дүүргийн .. дугаар хороо, ....... хотхоны . .давхрын ... дугаар авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Т.М нь Т... ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ТВProВ.... тоот Автомашины зогсоол захиалгын гэрээг байгуулж, ..... дүүргийн .. дугаар хороо, ...... гудамж, ......... хотхоны нэгдсэн гараашийн .. давхрын ... дугаар авто зогсоолыг 35,000,000 төгрөгөөр захиалж, төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулжээ. /хх4-7/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

2.б. Талуудын гэрээний 3.4-т захиалагч нь автомашины зогсоолын төлбөр болон гэрээнд заасан нэмэлт төлбөрийг бүрэн төлөх хүртэл тухайн автомашины зогсоолын албан ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байна гэж, 4.4-т захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, гүйцэтгэгч нь автомашины зогсоолыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчтэй автомашины зогсоол хүлээлцэх акт байгуулж, өөрийн эзэмшилд хүлээн авах эрхтэй гэж тус тус заасан.

2.в. Нэхэмжлэгч Т.М нь ... авто зогсоолын үнийг бүрэн төлсөн үйл баримт талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогджээ.

 

3. Зохигч эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэгдээгүй байгаа талаар тайлбарласан.

3.а. Хариуцагч Т... ХХК-аас ...орон сууцны хотхоны оршин суугчдын тоо, нягтралыг харгалзан ил зогсоолд тавих автомашины тоог бууруулж, хотхон доторх болон хотхоны ойр орчмын урсгал хөдөлгөөнийг бууруулах хэрэгцээ, шаардлагын улмаас зураг төсөл өөрчлөгдсөн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авто зогсоолын чанарыг алдагдуулахгүйгээр өөр байршилд авто зогсоол санал болгоход нэхэмжлэгч хүлээж аваагүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж маргасан.

Анхан шатны шүүхээс талуудын тайлбар, зургийн өөрчлөлт баталгаажуулалт , .. давхрын нэгдсэн гараашийн шалны тэмдэг тэмдэглэгээний байршлын зураг зэргийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон автомашины зогсоолын байрлал нь хойд талын хана хэсэгт шахаж байрласан, биет байдлаараа байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-дэх хэсэгт заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлд дээрх үйл баримтыг хамааруулах үндэслэлгүй, зогсоол биет байдлаараа байгаа, гэрээ хэрэгжих боломжтой.

Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нөхцөл байдал өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзсан гэж хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч талаас гаргасан улсын бүртгэлд бүртгүүлсэн зураг төслийн дагуу ..... дүүргийн .. дугаар хороо, ..... гудамж, ...... хотхоны нэгдсэн гараашийн .. давхрын ... дугаар авто зогсоол анх захиалсан байрлалдаа, биет байдлаараа байгаа учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД