Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2-р баг, 5-36 дугаар байр 33 тоотод оршин суух Батаагийн Батболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий Архангай аймаг дахь салбарт холбогдох

Гэм хорын хохирол 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Батболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зоригмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 5-36 дугаар байрны 33 тоотод оршин суугч иргэн Б.Батболд миний бие 2016 ны 2-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хот руу гэр бүлээрээ явж, 2016 оны 2-р сарын 15-ны өдөр гэртээ буцан ирэхэд цахилгаан салгасны улмаас хөргөгчинд байсан үхрийн мах, хүүхдийн нэмэлт тэжээл, хоол хүнсний материал бүгд муудаж, ногоорч өмхийрсөн байдалтай байсан. Тэр дор нь “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий деспетчерт мэдэгдсэн. Гэрт хүнгүй байх үед цахилгаан тасалснаа огт мэдэгдэхгүйгээр олон хонож, хамаг хүнсний хэрэглэл муудаж, гэрийн бүх эд зүйлд үнэр нь шингэж, хүн байх аргагүй болсон байсан. Энэ явдлаас үүдэн эхнэр хүүхдүүд өвчин, эмгэг хүрч болзошгүй байна. Уг байдлаас болж эд хөрөнгийн болон сэтгэл санааны гүн хохирол надад учирч байна. Иймд тус компаниас эд материалын хохирол болох 200 000 төгрөг нэхэмжилж байна.

Манай хүүхэд тухайн үед 6 сартай, хөхөөр хооллодоггүй, хүүхдийн нэмэлт хоолоор хооллодог байсан. Хүүхдийн нэмэлт хоол нь бүгд муудчихсан байсан. Хүүхдээ зөндөө олон удаа эмнэлэгт үзүүлж, толгойг нь бариулсан. Эмч нараас асуусан чинь муудсан юмны үнэрээс болоод бөөлжиж, гүйлгэсэн байж магадгүй гэж байсан.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас цахилгаан их хэрэглэснээс болж, цахилгааны хэлбэлзэл гараад тасарсан байх гэдэг. Би энэ асуудлаас болж сэтгэл санаагаараа маш их хохирч байна. Гомдолтой байна.

Алдаа оноогоо хэлээд надаас уучлалт гуйсан бол болох л байсан байх.  Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Би эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна. Дараа нь ийм асуудал гаргах юм бол би Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж бодож байгаа. Хүн эрхээ хамгаалах ёстой. Би гомдолтой байна гэв.

Хариуцагч “Эрдэнэт-булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2016 оны 5-р сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Батболд нь 2016 оны 1-р сарын гэрлийн мөнгийг хугацаандаа төлж барагдуулсан байсан, 2-р сарын гэрлийн мөнгө төлөх хугацаа болоогүй байхад ... айлын гэрэл очоод салгаад байна гэсэн ойлголт байхгүй. Батболдын нэхэмжлэл үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зоригмаа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Батболдынх 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би 2-р сарын 5-ны өдөр тоолуурын заалт авахад Б.Батболдынх гэрэлтэй байсан. Төлбөрөө төлсөн айлуудын цахилгааныг салгана гэсэн ойлголт байхгүй. Айлуудад цахилгааны хэлбэлзэл гараад тасарсан тохиолдол байдаг. Эднийх тухайн үед гэртээ байхгүй байсан учраас л цаг тухайд нь дуудлага өгөөгүй байсан гэв.

           

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий Архангай аймаг дахь салбараас гэм хорын хохирол 200 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчид хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан эсэх асуудал дээр талууд маргасан болно.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг боловч “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий Архангай аймаг дахь салбарын ямар цаг хугацаанд хийгдсэн ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт, шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

                        Түүнчлэн нэхэмжлэгч гэм хорын хохиролд 200 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч өөрт учирсан гэж буй эд хөрөнгийн хохирлын хэмжээг баримтаар нотолж чадаагүй.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгч Х.Сайнтуяа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

 

                        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий Архангай аймаг дахь салбараас 200 000 төгрөг гаргуулах тухай Б.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                       

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Т.БАДРАХ

 

                              ШҮҮГЧИД                                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                          Д.БЯМБАСҮРЭН