| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00041/э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 43
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.
Хохирогч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ц.Б
Нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт Ц Б холбогдох 1824000000049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овогт ******* *******. /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Н гэрт Д.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Б өмнө нь манай эгч Б тугалын хашааныхаа хажууд дарамталж, дээрэлхээд байх шиг харагдсан. Дараа өдөр нь Д.Б хамт Б.Н гэрт жаахан ууж байгаад Б.Н Ч.Д нартай маргалдаж байтал Д.Б орж ирээд цагдаа дуудна гэхээр нь түүний дээлний захаас нь барьж аваад гараараа нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Н гэрт Д.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 22 цагийн үед Б.Н гэрт ороход Ц.Б, Б.Н, Ч.Н, Б.Н, З.Б, Б.Б, Ч.Д нар байсан. ...Б.Найдансүрэнгийнд Ц.Б, Ч.Н, Ч.Д нарын хамт 5 литр монгол архи хувааж уусан. Тэгтэл Б.Н Ч.Д руу хандаж “танай охин янхан, банзал, миний гараар дамжсан” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоход Ч.Д Б.Н лүү пивор сав аваад шидтэл оноогүй. Гэтэл Б.Н босож ирээд Ч.Д толгойн хэсэгт 3-4 удаа цохихоор нь би “болиоч” гэтэл Б.Н галын хайч аваад Ч.Д толгойн тус газарт 2-3 удаа цохиход Ч.Д толгойноос цус гарсан. Би цагдаа дуудна гээд утас руу явах гэтэл Ц.Б “Чи миний доголон эгчийг дарамталж, хөөж явуулсан” гээд намайг татаж унагаагаад миний толгойн хэсэгт гараараа 3-4 удаа цохиход би ухаан алдсан. Сэргэхэд цагдаагийнхан, эмнэлгийнхэн ирээд намайг түргэний машинаар эмнэлэг дээр авч ирсэн. Миний зүүн нүдний дээд талд 5 оёдол тавьсан, баруун нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой манайд Ц.Б, Б.Н, Ч.Д, Д.Б нар орж ирсэн. Тэгээд 5 литрийн савтай архи ууцгаасан. Тэгтэл Б.Н Ч.Д руу “танай хүүхдүүд янхан, миний гараар орсон” гэж хэл амаар доромжлоход тэр хоёр муудалцсан. Ч. ууж байсан монгол архины савыг Б.Нямсүрэн лүү шидтэл оноогүй. Б.Н нь Ч.Д толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн галын хайчаар толгой руу 2-3 удаа цохиход Ч.Д толгойноос цус гарсан. Д.Б цагдаа дуудах гэтэл Ц.Б Д.Б татаж унагаагаад “Миний доголон эгчийг хөөж явуулсан” гээд толгойн тус газар нь гараараа 4-5 удаа цохиход Д.Б духнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой Б.Нд байж байтал Ц.Б, Б.Н, Ч.Д нар 5 литрийн савтай монгол архи барьж орж ирсэн. Д аягалаад байж байтал Д.Бат-Эрдэнэ орж ирсэн. Ц.Б, Б.Н, Ч.Д, Д.Б нар архи уусан би амсаад өгсөн. Гэтэл Б.Н Ч.Д руу “Танай охидуудыг байранд би бүгдийг эдэлсэн, янхан” гээд хэл амаар доромжлоод салавч өгөөд орилоход Ч.Д наад үгээ эрүүл дээрээ хэл гээд байсан. Ч.Д тэсэхээ байгаад ууж байсан архины пивор савыг Б.Н лүү шидэхэд оноогүй. Б.Н босож ирээд Ч.Д толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн галын хайчаар толгойн зулайн хэсэгт цохисон. Д.Б босож ирээд цагдаа дуудах гээд утас руу явтал Ц.Б Д.Б татаж унагаагаад толгойн хэсэгт гараараа 5-6 удаа цохиход духнаас нь цус гарч эхэлсэн...” гэсэн /хх-ийн 10-11-р хуудас/ мэдүүлгүүд болон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 182112 тоот “...Д.Бн биед гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 6-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн хөмсөгний дээр шарх, баруун нүдний зовхи болон шанааны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, духны баруун дээд хэсэг, баруун хацар, эрүү зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Б биед учирсан зүүн хөмсөгний дээрх шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна
Шүүгдэгч Ц.Б “....Д.Б өмнө нь манай эгч Б тугалын хашааныхаа хажууд дарамталж, дээрэлхээд байх шиг харагдсан. Дараа өдөр нь Б.Нн гэрт архи ууж байтал Б.Н Ч.Д нар маргалдахад Д.Б орж ирээд цагдаа дуудна гэхээр нь түүний дээлний захаас нь барьж аваад гараараа нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон...” гэсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Б “Миний эгчийг дарамталж, дээрэлхлээ..” гэсэн шалтгаанаар хохирогч Д.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохисон үйлдэл, хохирогч Д.Б зүүн хөмсөгний дээрх шарх гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой, мөн хохирогчийг гараараа цохисон санаатай, гэм буруутай үйлдлээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгч Ц.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 2 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт Ц Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 1 тооны үхэр, 1 тооны адуу, нийт 2 тооны бод мал битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ