| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2022/03956/И |
| Дугаар | 210/МА2023/01445 |
| Огноо | 2023-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/01445
| 2023 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2023/01445 |
С.Энхболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02457 дугаар шийдвэртэй,
С.Энхболдын нэхэмжлэлтэй, М.Чулуун-Эрдэнэд холбогдох,
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 16 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, тус сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхболд, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Л.Нинжбат, хариуцагч М.Чулуун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. С. Энхболд нь Г.Сүхбаатараас 2015 оны 05 дугаар сарын 13-ний өдөр БЗД-ийн 7-р хороо, 15-р хороолол 30-р байр, 16 тоот дахь 4 өрөө, 54 метр квадрат Ү-2204006677 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг урьдчилгаа 30 хувь төлж, Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч банкны зээл сард төлөх хэмжээ 730,000 орчим төгрөг төлөх шаардлагатай тул өөрийн хамаатны дүү болох М.Чулуун-Эрдэнийг амьдарч байх хугацаандаа нэг сард ногдох зээлийн төлөлтийг төлөх нөхцөлтэйгөөр амаар тохиролцож, өөрийн орон сууцдаа амьдруулсан.
1.2. Гэвч М.Чулуун-Эрдэнэ нь амьдарч байх хугацааны байрны төлбөрийг байнга нэхүүлэх, хугацаа хожимдуулах зэргээр хэсэг хугацаанд төлж байсан ба сүүлд Ковидын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан банкны зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн зээлийг хойшлуулах талаар Засгийн Газраас хэрэгжүүлсэн зээлийн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтэд миний бие хамрагдан өнөөдрийг хүртэл 28,000 орчим төгрөгийн даатгалын төлбөрийн төлөлтийг хийлгэх замаар олон сар өөрийн байрандаа амьдруулсан. Гэтэл С.Энхболд надад санхүүгийн хүндрэл үүсэн өөрийн орон сууцаа худалдах гэтэл М.Чулуун-Эрдэнэ орон сууцыг минь чөлөөлж өгөхгүй өөрийн эзэмшил мэт дураараа хандаж намайг нэвтрүүлэхгүй дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашиглах замаар /амьдарч/ өмчлөх эрхийг ноцтой зөрчиж хохироосоор өнөөдрийг хүрсэн.
М.Чулуун-Эрдэнээс БЗД- ийн 7-р хороо, 15-р хороолол, 30-р байр, 16 тоот дахь 4 өрөө 54 метр квадрат сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Уг сууцны анхны эзэмшигч нь манай хамаатан болох О.Од гэж хүн байсан. Дараа нь миний эцгийн төрсөн ах болох Г.Сүхбаатар гэж хүнд зарсан. Тухайн үед Г.Сүхбат нь банкны зээлээр авах шаардлага гарч, зээл авахдаа хүү С.Энхболдын нэр дээр зээл авсан бөгөөд өөрт нь авч өгсөн, өөрөө мөнгө төлж авсан байр биш юм. Урьдчилгаа 37,200,000 төгрөгийг өөрөө төлсөн мэтээр худал мэдүүлж залилангийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул урьдчилгаа төлсөн тухайн мөнгөө буцаагаад авсан. С.Энхболд, талийгаач ах Г.Сүхбат болон компанийн тухайн үеийн дансны хуулгыг шалгуулмаар байна. Талийгаач уг орон сууцыг зээлээр авахдаа хүүгийнхээ нэр дээр авсан болохоос захиран зарцуулах 100 хувь эзэмших эрх нь Г.Сүхбат ахад байсан. Энэ бүхнийг талийгаач ахын төрсөн ах Г.Сүхбаатар, Г.Ганбилэг нар болон бусад ах дүү нар бүгд мэдэж байгаа мөн гэрчлэх болно. Талийгаач ах 2015 онд н.Дэлгэрмөрөн эгч рүү ярьж энэ байрыг авах уу зээлийг нь цааш төлөөд явж чадах уу гэж асуусан гэсэн. Н.Дэлгэрмөрөн эгч зээлтэй учир авч чадахгүй гээд аваагүйг нотолно. Тухайн он буюу 2015 онд намайг энэ байранд амьдар гэж хэлээд би өдийг хүртэл амьдарч байна. 2020 онд над руу талийгаач ах залгаж дуудаад дүүгийнхээ хүүхдүүдэд тус болж энэ байраа өгч байна, шилжүүлж аваад зээлийг нь төлөөд аваарай гэж хэлж байсан. Уг байрыг Г.Сүхбаатар ах худалдаж авч 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг авсан. Би энэ байранд талийгаач ахын хэлснээр л амьдарч зээлийг үргэлжлүүлэн хийж байснаас биш С.Энхболдтой ямар нэг гэрээ хэлцэл хийж байгаагүй. Зээлийн төлбөр, орон сууцны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн. Ингээд 2021 онд Г.Сүхбат ах маань бурхан болж тэрхүү аман гэрээ хэрэгжиж амжилгүй үгүйсгэгдэж, С.Энхболд шилжүүлэхгүй миний байр, миний өмч хэмээн маргаан үүсгэн хүндрэл учруулсан учир тухайн үеэс эхлэн зээлийг төлөөгүй. С.Энхболдын өмчлөх эрхэнд санаатай халдсан зүйлгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгч С.Энхболдын аав Г.Сүхбат нь миний аав н.Мөнхбатын төрсөн ах бөгөөд бид төрсөн ах, дүүгийн хүүхдүүд юм. Тус байрны анхны эзэмшигч нь О.Од гэж хүн байсан. Дараагийн эзэмшигч нь миний аавын төрсөн ах болох Г.Сүхбаатар гэж хүн эзэмшиж байгаад 2015 оны 05 дугаар сард дүү Г.Сүхбатад зарсан бөгөөд Г.Сүхбат ах орон сууцыг хүү болох С.Энхболдын нэр дээр, Голомт банкны хувийн зээлээр авснаас хойш М.Чулуун-Эрдэнэ миний бие гэр бүлийн хамт амьдарч байна.
Энэхүү асуудлыг Г.Сүхбат ах амьд ахуйдаа зохицуулж байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сард талийгаач ах Г.Сүхбат нь биднийг дуудаж уулзаад, "дүүгийнхээ хүүхдүүдэд тус болж энэ байраа өгч байна, шилжүүлж аваад зээлээ үргэлжлүүлж төлөөд яваарай" гэж хэлсэн. Гэвч С.Энхболд нь ямар нэг байдлаар шалтаг хэлж, зайлсхийсээр албан ёсны баримт үйлдэж чадахгүй явж байтал 2021 онд Сүхбат ах маань нас барж, байр шилжих асуудал аман хэлцэл байдлаар үлдсэн. Төрсөн ах, дүүгийн хүүхдүүд учир С.Энхболдод итгэж найдаж байсан нь миний алдаа болсон. С.Энхболд нь энэ орон сууцад амьдарч байгаагүй, амьдрах шаардлага ч байгаагүй. Учир нь С.Энхболд өөрөө тусдаа орон сууцтай байсан. Одоо ч тэр орон сууцдаа амьдарч байгаа бөгөөд өөрийн байраа банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, зээл аваад, зээлээ төлж чадахгүйд хүрч, байраа хураалгах дээрээ тулж, аргагүй эрхэнд надтай булаацалдаж, шүүхэд хандсан.
Голомт банктай хийсэн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3Г1505103233 тоот Орон сууцны зээлийн гэрээ нь С.Энхболдын нэрээр хийгдсэн боловч М.Чулуун-Эрдэнэ миний бие 2015 оноос хойш тус байранд амьдарч, сар бүрийн байрны урсгал зардал болон банкны зээлийг төлсөөр ирсэн. Үүнийг С.Энхболд нь үгүйсгэж, маргадаггүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл үндэслэлээ тодорхойлж, тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/18558 дугаартай, Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамжид ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэсэнтэй нийцүүлсэн болно. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/Ш32022/18558 дугаартай, Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжид ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр" нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй" гэжээ.
М.Чулуун-Эрдэнэнийг Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байр, 16 тоот, улсын бүртгэлийн Ү-2204006677 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000417618 тоот гэрчилгээтэй, 54 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Өмчлөгч нь С.Энхболд өөрөө юм. Хүний өмчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шударгаар эзэмшинэ гэх асуудал байхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 16 тоот орон сууцнаас хариуцагч М.Чулуун-Эрдэнийг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 16 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч М.Чулуун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 777,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Чулуун-Эрдэнээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Энхболдод олгож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч урьдчилсан нөхцөлийн тухайд энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байхаар, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлээр зохицуулагдах эзэмшигч этгээд байхаар хуульчилсан байна. М.Чулуун-Эрдэнэ нь С.Энхболдын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шууд хариуцагчаар оролцох субъект биш.
6.2. Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдах авах гэрээ" болон үл хөдлөх эд хөрөнгийн 000417618 тоот гэрчилгээнээс үзэхэд Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30-р байр, 16 тоот орон сууцны өмчлөгч нь боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь төрсөн ах, дүүгийн хүүхдүүд учир тус байрыг С.Энхболдын нэр дээр авснаас С.Энхболд нь өөрөө амьдарч байгаагүй. Харин М.Чулуун-Эрдэнэ нь 2015 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. С.Энхболдын эдийн засгийн байдлаас шалтгаалж ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн учир М.Чулуун-Эрдэнэд зээлээ шилжүүлж, төлж дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцсон гэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаан тогтоогдсон. Hөrөө талаар нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагч нь тухайн байранд амьдарч байхад "хариуцагч нь хууль бусаар амьдарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад".... М.Чулуун-Эрдэнэ нь маргаан бүхий орон сууцанд өмчлөгч С.Энхболдын зөвшөөрснөөр түүнтэй байгуулсан тодорхой хэлцэл, хүсэл зоригийн дагуу тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй..." гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Энхболд нь "өмчлөх эрх" нь зөрчигдсөн гэдгээ хэдийнээс мэдсэн, "шаардах эрх" нь хэзээ үүссэн бэ? гэдгээ нотлоогүй. С.Энхболд нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл цаг хугацаанд зөрчигдсөн эрхээ хэзээ мэдэж, хэзээ шүүхэд хандах болсон нь эргэлзээтэй, үүнийгээ нотолж чадаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч М.Чулуун-Эрдэнэ нь нэхэмжлэгч С.Энхболдын өмчлөлийн орон сууцанд орж суучихаад гарахгүй байгаагаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх байдлаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. М.Чулуун-Эрдэнэ нь маргаан бүхий орон сууцанд өмчлөгч С.Энхболдын зөвшөөрснөөр түүнтэй байгуулсан тодорхой хэлцэл, хүсэл зоригийн дагуу тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй
М.Чулуун-Эрдэнийг орон сууц чөлөөлөхийг шаардахад хариуцагч чөлөөлөхөөс татгалзсан мөчөөс эхлэн М.Чулуун-Эрдэнэ уг хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч М.Чулуун-Эрдэнэд холбогдуулан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 16 тоот сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Хэргийн үйл баримт шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.
2.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч С.Энхболд нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 16 тоот орон сууцыг 124,000,000 төгрөгөөр Г.Сүхбаатараас худалдан авч, урьдчилгаа 37,200,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 86,800,000 төгрөгийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан баримт авагдсан.
Мөн 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ1505103233 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2204006677 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх 4-11/
2.б. Хариуцагч М.Чулуун-Эрдэнэ уг сууцанд сууж байгаа үйл баримтад маргаагүй.
3. Хариуцагч нь ...тус орон сууцыг эцгийн маань ах талийгаач Г.Сүхбат банкны зээлээр авах шаардлага гарч, хүү С.Энхболдын нэр дээр зээлээр авсан, намайг тус орон сууцны зээлийг төлөөд цаашдаа сууцыг ав гэсэн гэж маргаж байна.
Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг харьцуулан судалж сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.
М.Чулуун-Эрдэнэ нь маргаан бүхий орон сууцанд өмчлөгч С.Энхболдын зөвшөөрснөөр түр сууж байсан, өмчлөгчийн шаардсанаар чөлөөлөх үүрэгтэй боловч энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа үйл баримт тогтоогдсон.
Өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн хөрөнгийн хувьд урьдчилсан гэрээг ч хүртэл бичгээр байгуулах үүрэгтэй. Хариуцагч нь маргааны зүйл болох сууцыг худалдан авахаар тохиролцсон гэх гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй.
4. Давж заалдах гомдлын талаар.
4.а. Хариуцагч нь сууцыг худалдан авах урьдчилсан тохиролцоотой байсан, үнийг төлж байсан гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлтэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн зээлээр авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө шилжихээр зохицуулсан. Дээр дурдсанаар энэ талын баримт хэрэгт авагдаагүй, төрсөн ах дүүгийн хүүхдүүд гэх үндэслэл нь хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулахгүй байх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэхээр заасныг зөв гэж үзнэ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ш.ОЮУНХАНД