Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00280/и |
Дугаар | 299 |
Огноо | 2016-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2-р баг, Засаг даргын Тамгын газрын байранд байрлах “Өрнөх” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн 39-р байрны 502 тоотод оршин суух Арслан цохио овогт Лхамхүүгийн Аварзэд /РД:АЮ60092318/-д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөр 126 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагч Л.Аварзэд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхамхүү овогтой Аварзэд нь “Өрнөх” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 ны 5-р сарын 21-ний өдрийн тогтоолын 4-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт, 148 дугаар зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж “Өрнөх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн завсар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийн хураамжийг 2014 оны 5 сар төлөөгүйгээс 30 000 төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72 000 төгрөг, 2016 ны 4 сар төлөөгүйгээс 24 000 төгрөг нийт 126 000 төгрөгийн өртэй байна. Иймд Аварзэдээс 126 000 төгрөгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Аварзэд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэбулган сумын 2-р багийн 29 дүгээр орон сууцны 35 тоот дахь 2 өрөө орон сууц миний өмчлөлд байдаг нь үнэн. Миний бие байрныхаа халаалт гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, хог хаягдлын мөнгийг хэрэглээнийнхээ дагуу СӨХ-тэй биш бусад үйлчилгээний байгууллагатай гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулж үйлчлүүлж ирсэн.
Харин СӨХ байгуулах хурлыг сонсоогүй, “СӨХ”-ны дүрэм, журамтай одоо болтол танилцаагүй, удирдах зөвлөлд нь ямар хүмүүс сонгогдсон хаана ажиллаж байдгийг ч мэдэхгүй. СӨХ гэдэг байгууллагаас надтай уулзсан, дүрэм журмаа танилцуулж гарын үсэг зуруулсан, сарын төлбөр хураамжийг хэдэн төгрөгөөр тогтоосон, юунд зарцуулахаар төлөвлөсөн тухай мэдээлсэн зүйл огт байхгүй болно. СӨХ гэж байгууллага юу хийдгийг мэдэхгүй.
СӨХ нь 2014, 2015 онуудад ямар нэгэн ажил хийгээгүй болно. Байр шинэ тутам ашиглалтад орсон тул засвар үйлчилгээндээ ямар нэгэн хөрөнгө зарцуулах үндэслэл байхгүй юм.
СӨХ үнэхээр ажил хийсэн бол дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” СӨХ нь хариуцагч Л.Аварзэдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөр 126 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний төлбөрийн талаар өмнө нь мэдэгдээгүй, мөн СӨХ нь байрны засвар, үйлчилгээг хийдэггүй учир нэхэмжилж буй 126 000 төгрөгийг төлөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус төлнө” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.6-д “Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулах” болохыг заасан.
Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн “Гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоолоор СӨХ-д бүртгэлтэй орон сууцны айл өрхүүдээс авах сарын хураамжийг 6 000 төгрөгөөр тогтоосон байна.
Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “дундын өмчлөлийн завсар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх” болохыг заасан байх бөгөөд хуулийн энэ шаардлагын дагуу дундын өмчлөлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тодорхойлсон баримтаа нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл нарийвчилсан зохицуулалт бүхий хуулийн хэм хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Өрнөх СӨХ-нд бүртгэлтэй орон сууцны өрхүүдээс хураамж авч байгаагаа нэхэмжлэгч нотлоогүй байна.
Түүнчлэн хариуцагчийн төлбөр төлж байсан, төлбөр төлөөгүй зэрэг асуудлыг нотлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж чадаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
Хэргийг шийдвэрлэхэд зохих харьяаллын дагуу Өрнөх СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолын эрх зүйн үндэслэлд шүүхээс үнэлэлт өгөөгүй болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Л.Аварзэдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал 126 000 төгрөг гаргуулах тухай “Өрнөх” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ