| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00048/э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 49
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгч Д.Л,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт ДнЛ холбогдох эрүүгийн 1824000000057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар , У овогт Д Л
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт байрлах иргэн Б.С гэрт С.О маргалдаж, гараараа толгойн тус газарт нь цохиж, орны толгой мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Л нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг адилхан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан байгаа...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт байрлах Б.С гэрт хохирогч С.О маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, орны толгой мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.С гэрт ороход Д.Л согтуу сууж байхаар нь эртхэн харьж амар, бид нар унтаж амрах гэсэн юм гэхэд Д.Л намайг “жингэр, гуйлгачин” гэхээр нь “чи хэзээ намайг жингэртэж, гуйлгачилж явахыг харсан юм” гэтэл барьж аваад толгой тархигүй нүдэж, үсдэж орны толгой хэд хэд мөргүүлээд муу гичийг гүйцээгээд хаячихъя гэхэд Д болиоч гэтэл миний үснээс чирч гадаа гараад хашааны хаалгаар зугтаасан. ...Надад эмчилгээний мөнгө 300,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөг өгсөн, одоо надад ямар нэг гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ унтаж байхад Д.Л согтуу орж ирсэн. Д.Л нь манай бэр С.О ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй, Д.Л нь С.О үснээс зулгаасан. ...С.О Тэлмэн сумын эмнэлэгт нэг хоног хэвтээд Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төвд очиж 5 хоног эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Л ах манай гэрт согтуу орж ирсэн. Удалгүй манай бэр эгч С.О орж ирээд Д.Л ахыг одоо харьж амраач, бид нар унтаж амармаар байна гэтэл явж л байна ш дээ гичий минь гэж хэлээд тэр хоёр маргалдаж Д.Л ах С.О эгчийг үсдэж аваад зодоод орны толгой мөргүүлээд байсан. ...С.О эгч Тосонцэнгэл сум руу эгчдээ хэлтэл эгч нь ирээд Тосонцэнгэлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай эхнэр Д.О манай эгч Б.С гэрт Д.Л зодсон байсан учраас би цагдаад хандсан. С.О надад хэлэхдээ Д.Л харьж амар гэснээс болоод зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед ажил дээрээ байж байтал С.О нь хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн. С.О хийсэн хэсэгчилсэн үзлэгээр толгойн чамархайн хэсэгт зүүн талдаа хавдсан, тэр хэсгийнх нь үс бага зэрэг зулгарсан байсан. Түүнд өвчин намдаах эмчилгээ хийсэн. Тэр шөнө эмчилгээ хийлгэж хоноод маргааш нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явсан...” гэсэн /хх-ийн 12-р хуудас/ мэдүүлгүүд болон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182126 дугаартай “...С.О биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.О биед учирсан гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/, С.О эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, Завхан аймгийн Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Б.М, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Б.Гг нарын үзлэг хийсэн тодорхойлолтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Л холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Б.Л холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна
Шүүгдэгч Д.Л “...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.С гэрт байж байхад С.О нь орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь уурлаад түүнийг цохиж, орны толгой мөргүүлсэн...” гэсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Л хохирогч С.О маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, орны толгой мөргүүлсэн үйлдэл, хохирогч С.О эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол буюу гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Д.Л дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.Л үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Л нь хохирогчид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/39 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Лхагвабаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/39 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ